Ардчиллын
партизанууд буухиалан үг хэлсэн МоАХ-ны хурал олон хүний нүүрийг шарж, түүнээс
ч олон хүний сэтгэлийг онгойлгов. Сүүлийн хэдэн сар орлоо, гарлаа, саллаа,
нийллээ гэсэн эрх ашгийн нүүдэл дунд улс төрийн тогоо улайсч байлаа. Ардчилал
гэсэн үгийг тооноо болгосон АН-ынхан ч шаггүй наймаачин гэдгээ үзүүлж байна.
Хууль батлахаасаа өмнө энэ саналыг авна, тэгвэл тэр саналыг хасна гэж АН, МАН
хоёр тохиролцоо хийдэг нь улам бүр улаан цайм болж байна. Энэ үед МАН-ыг ч,
АН-ыг ч шүүмжилж чадсан нь МоАХ байлаа. АН-ын ҮЗХ-ны хурал дээр намын даргаа
шүүмжилж чадсан Х.Баттулгыг Н.Алтанхуягийн суудлыг авахын тулд ингэв гэсэн хар
төрж байсан ч тэрбээр намын дарга болох санаагүй гэдгээ ил тод хэлсэн. Тэрбээр
өчигдөр МоАХ-ны хурал дээр “Харамсалтай нь бусармаг
үйл ажиллагаанд МоАХ-ны санаачлагаар үүсгэн байгуулагдсан Ардчилсан намын удирдлага хутгалдаж,
ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэж, ард түмний эрх ашгийг хөсөр хаялаа” гэсэн
ширүүхэн хэрнээ хүн бүхний хүсч байсан үгийг хэлчих шиг болсон. Сүүлдээ аль
намын бодлого нь мэдэгдэхгүй болж, улаан, цэнхэр өнгө нь хутгалдан зэгэлдэх
болсныг хуралд оролцогчид ч хэлж байв.
Бие биедээ хяналт тавьж, шүүмжилж байх ёстой байтал ханцуй дотроо гар барилцан, хаалганы цаана тэврэлдсэн МАН, АН хоёрын хуурамч нөхөрлөл замбараагаа алдаж байсан. Ялангуяа АН Засгийн газраас гарч сөрөг хүчний байрандаа очсоны хувьд МАН-ыг хазаарлах ёстой ч өөрт оногдох хувийг ахиухан болгохын тулд зүтгээд байгаа нь анх ардчилсан хувьсгалыг амьдралаараа дэнчин тавьж байж хийсэн партизануудыг тэсэшгүй байдалд хүргэснийг хурлын индэр дээрх хурц үгс гэрчилж байна. Шүүмжлэл дунд “Хонх” хамтлагийн “Албан тасалгааны цонхоор” дуу МоАХ-ны дөрөвдүгээр Их хурлын индэр дээр алга ташилттай хамт цуурайтсан юм. Арын дэлгэцээр нь монголын нийгмийн бүх л болж бүтэхгүй зүйлийг дүрсээр үзүүлэв. Архидалт, ядуурал, байгалийн сүйрэл. Харин тэр дунд зарим эрхмүүдийн зураг ээлжлэн гарч байлаа. Н.Баганбанди, С.Батболд, Ү.Хүрэлсүх, С.Баяр, Д.Зоригт, Х.Бадамжунай, Д.Хаянхярваа нарын зураг. Энэ юуг өгүүлнэ вэ? Монголыг архидалт, ядуурал, байгалийн сүйрэлд хүргэсэн хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэж тэднийг цоллов уу? Олон жил олонхи байж чухал шийдвэрийг “шидэт дохиур”-аар гаргаж байсан МАН, сонгууль болохоос өмнө эрх мэдэл, мөнгө хуваалцах хүсэлтэй АН-ын зарим эрхмүүдэд сануулга болсон мессеж бус уу? Энэ мэтээр үргэлжлүүлж, шийдвэр гаргагчидаа өөрчлөхгүй бол дахиад дөрвөн жилийг хоосон амлалт горьдож суун өнгөрөөх болж байна. Тиймээс МоАХ-ны дэвшүүлсэн “сонгуулийн аргаар хувьсгал” хийе гэсэн нь чухам л цаг үеийн захиалга мэт.
Б.Баяр