Өнөөдөр 12.00 цагаас МАХН-ын төв байр Цагаан ордны үүдэнд Монголоо аврах хандивт нэгдье үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо. Нээлтийн ёслолд МАХН-ын ЕНБД Н.Удвал, НБД Л.Цог болон МАХН-ын гишүүд дэмжигч нийт 200 гаруй хүн оролцлоо. Хандивын аяныг нээж МАХН-ын ЕНБД Н.Удвал хэлсэн үгэндээ “Эх орондоо шинэ төрийг урлан бүтээхээр МАХН зорьж байгаа билээ. МАХН олгиархиуд шиг төсвийн мөнгөнөөс санхүүждэг биш харин ард түмэн гишүүд дэмжигчдээсээ санхүүждэг нам гэдгээ харуулахаар энэ аяныг эхлүүлээд байна. Монголоо аврах хандивт нэгдье үндэсний аяныг эхлүүлсэн гол зорилго нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийг ард түмэндээ сурталчлан таниулах, мөн ирэх сонгуулиас өмнө хийх ажлуудынхаа санхүүгийн эх үүсвэрийг босгох юм. Бид аян хэрэгжих нэг сарын хугацаанд Монголынхоо бүх гишүүд дэмжигчид мөн гадаадын орнуудад суугаа гишүүдэдээ захидал илгээж хандивын аянд нэгдэхийг уриална” гэв. Үүний дараа МАХН-ын гишүүд дэмжигчид үгээ хэлцгээлээ. Монголоо аврах хандивт нэгдэхийг хүссэн хэн бүхэнд “Хаан банк”-ны 5111042075 данс нээлттэй байх юм байна.
Б.Чимэг