Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баатаржав: Аав минь М.Цэвэндорж начны цолонд хүрээрэй гээд хул даага бэлэглэсэн нь санаанаас гардаггүй юм

2025-7-02
0
ЖИРГЭХ

Монголоо гэх гэгээн зөн хүн бүрийн сэрэхүйд нар, хуртай хамт бууж, наадам айлссан энэ өдрүүдэд Увс аймгийн Тэс сумын уугуул, Ардын багш, гавьяат дасгалжуулагч, Улсын начин Дамирангийн Баатаржавыг зочны хойморт урьсан юм. Д.Баатаржав гуай Үндэсний бөхөөс гадна их спортын талбарт олон зуун шавь бэлтгэж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан эрхэм хүмүүн билээ. 


-Та сайхан зусаж байна уу?

-Сайхаан, та сайхан зусаж байна уу. 

-Ямар ч хүнийг төрж өссөн нутаг ус нь дагаж, нөмөрлөж явдаг гэдэг. Таны унасан нутаг, удам судар,  аав, ээжийн  талаар энэ  ярилцлагаа эхлүүлье?

-Би 1941 онд Увсын Тэс сумын нутаг Шүүт гэдэг газар аав Д.Дамиран, ээж Н.Гээпилийн ууган хүү болон мэндэлсэн. Эцэг, эхээс хоёул, дүү Д.Цэцэгмаа аймгийн арслан Балдоржийн гэргий юм. Манайх тэмээн жороо, хонин жороо, хурдан хээр гэж гурван хурдан хүлэгтэй, аав тэднийхээ уяа сойлгыг сайхан тааруулж, хурдан морины уралдаан болох сургаар хусуур, сойзоо биеэсэ салгадаггүй хүн байлаа. Өнөөх гурван хүлэг нь хошуу нутагтаа цуутай, бидэнд мөн ч олон айраг амсуулсан даа. Манай нутгийнхан морь, бөхөд туйлын дуртай, энэ өв соёлыг төдийгөөс өдийг хүртэл  дээдэлж яваа ард түмэн. Харин ах нь Тэс нутгийн хөл гишгэх аргагүй тэсгим халуун элс, Нарийны голын ширгэнд цаг наргүй барилдаж, өвлийн жавар тачигнасан хүйтнийг ч ажралгүй зав л гарвал ноцолдож өслөө.    

-Та хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-Манай суманд барилдаан элбэг тохионо. 1953 онд Тэс сумын бага сургуулийг төгсдөг жилээ Майнбаярын барилдаанд түрүүлэхдээ одоогийн аймгийн заан Магсарын Сүхээг сүүлийн даваад унагасан нь миний албан ёсны анхны барилдаан юм. Ингэж 12 настайдаа түрүү бөхийн шагнал гэж гурван метр шар дурдангаар шагнуулж, ээж минь түүгээр моодонд ид нэвтэрч байсан шарваа гэх өмд урлаж өгсөн. Би малд мордохдоо өнөөх өмдөө өмсөхөөр унаж явсан морь үргээд улам хурдална. Бас л гоё шүү.  

-Таны бөх болох мөрөөдөл энэ үеэс улам лавширсан биз?

-Анхны барилдаандаа түрүүлж урам авсан. Гэхдээ бөхийн удамтай болохоор бөх болохоо Майнбаярын барилдаанд түрүүлэхээс өмнө шийдсэн байсан. Өвөг аав маань “Зурамны зургаан улаан бух” гэж нэршсэн бөхийн удмынх. Эндээс улсын начин Д.Жавзанжамъян, Ц.Лхамаа, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн аав аймгийн хурц арслан М.Баттогтох, аймгийн арслан Цэрэнгомбо, аймгийн заан М.Одов, Н.Гомбо нарыг нэрлэж болно. Хэрэв Б.Чойжилсүрэн бөхөөр тууштай хичээллэсэн бол улсын зааны энтэй бөх болох байсан юм шүү. Манай удмаас эр, эмгүй бөх төрж байна. Охидоос сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга Я.Дулмаа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Буянхишиг, самбо, жүдо бөхийн ОУХМ, Ази тивийн аварга, н.Алтай гээд хүмүүс бас бий. 

-Ингэхэд та яагаад сумын цол авч чадаагүй юм?

-16 настайдаа сумынхаа наадмын их шөвөгт буюу сумын начин цолны даваад унасан ч үсний машинаар шагнуулж байлаа. Тухайн нийгэмд үсний машин ховор тул том шагнал авлаа гээд бөөн хөөр баяр, өөрийгөө “том бөх” болсон шиг санаж билээ. Тэр барилдаанд аймгийн арслан Ч.Арслан түрүүлж, Ч.Дамдин үзүүрлэж, би түрүү бөхөд унасан. Удалгүй Увс аймгийн баяр наадмын их шөвөгт “Улаан гуталт” улсын начин М.Цэрэндорж ах намайг гурван бөхөөс амлан би давж, дараа нь аймгийн арслан М.Норовт унаж би аймгийн заан болсон. Сумын цол горилж явсан балчир хүү аймгийн цолыг шууд авахаар хэр баярлах нь ойлгомжтой биз.  

-Аймгийн наадмын түрүү булаалдах даваанд аймгийн арслан М.Норов гуайг яагаад ч дийлэхээргүй байв уу? 

-Тавын даваанд улсын заан Д.Бумбаярын төрөл, цэргийн арслан В.Юнэрэнтэй тунаж, түүнд хүчтэй тонгоруулаад хөл бэртсэн. Тэр том биетэй хүн, улсын арслан Ж.Хайдавыг хүртэл давж явсан бөх. Тэгээд М.Норов гуайтай түрүү булаалдах гэтэл шагай хавдаад савхин гуталд хөл багтдаггүй, нутгийн нэгэн ахмад бөх өмсөж явсан гутлаа надад өмсүүлж, “зоригтой барилдаарай, заавал түрүүлээрэй” гэж захисан ч би тэр наадамд түрүүлж чадаагүй. Гэхдээ хэний ч танихгүй хүү шууд аймгийн заан болж, шагналд нь цай, дээлийн ногоон минчүү, 50 төгрөгөөр шагнуулсан нь надад өмнө нь аваагүй хамгийн том бэлэг байлаа. Орой нь аав хөл ихтэй найр хийж, аймгийн заан цолны төлөө хүч үзсэн “Улаан гуталт” М.Цэрэндорж ахыг хоймор эзлүүлэн суулгасан нь надад нэгийг бодогдуулж, бөх хүнийг дээдлэх дээдлэл ямар онцгой үзэгдэл болохыг тэр үед ухаарлаа. Монголоос өөр оронд бөхийг бидэн шиг ингэж дээдлэхгүй л болов уу. Тэгэхэд найрын хойморт суусан аав минь “Миний хүү М.Цэрэндорж начны цолонд хүрээрэй” гээд хул даага бэлэглэсэн нь санаанаас огт гардаггүй юм. 

-Аймгийнхаа наадамд дахин үзүүрлэсэн тухайд?

-1965 онд М.Цэрэндорж ах намайг дахин амласан, би дахин давсан ч бас л түрүүлээгүй. Түрүүлж чадаагүйдээ сэтгэл гонсгор харьсан. Гэхдээ тэр жил аймгийн арслан цолтой 10 орчим бөх зодоглосон Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээнд би түрүүлж, Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцох эрхээр шагнууллаа.Аав минь зээрд мориндоо намайг сундлаад аймгийн нисэх буудал руу хүргэж, би тэндээс Ховд руу ногоон онгоцоор нисэж, Ховдоосоо Улаанбаатар руу цагаан онгоцоор хүрч ирлээ. Энэ мөчөөс миний бөхийн хаалга нэг мөсөн нээгдсэн. Спортын төв ордны дөрөвдүгээр давхрын буудлын өрөөнд амарч байтал Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, П.Дагвасүрэн, Г.Дэмүүл, “Тэмээ өргөдөг” хэмээх Б.Жамъяндорж нарын хүнгэнэлдсэн дуу ойртлоо. Гараад хартал нуль булчин, шөрмөс болсон том хүмүүс, тэднийг хараад сүрдлээ. Маргааш тэдэнтэй яаж барилдана даа, миний оронд М.Цэрэндорж ах барилдсан бол арай илүү үзэх байж хэмээн нэг л жийрхэнгүй янзтай, тэдэнтэй өрсөлдөх бодол толгойд ер буусангүй. Оюун бодлоо удирдан чиглүүлж сураагүй нь тэр байхгүй юу. 

-Тэгээд айж барилдсаар байгаад 17 давсан хэрэг үү?

-Ер нь аз түшсэн байх. Дээр нь аав минь хаа холоос хүүгээ сундлан нисэх буудал хүргэж өгснийг бодохоор хичээл зүтгэл гаргахаас өөр аргагүй. Энэ бодол миний сэтгэл зүйг их хурцалсан. Тэгээд 17 даваад зогсохгүй уран барилдааны шагнал хүртээд нутаг буцах нүүртэй болсон доо. 

-Эндээс бөхийн хүрээнийхэнд анх танигдаж эхэлсэн байх нь. Энэ барилдаанд та том цолтнуудаас хэн хэнийг давсан бэ?

-Б.Жамъяндорж, Т.Зундуй, Ч.Адъяа, Д.Сэрээтэр тэргүүтнийг яг даваад байтал намхан шар залуу хүрч ирээд өөрийгөө Ч.Дамдиншарав гэж танилцууллаа. Яагаав, Олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Дамдииншарав... “Биеийн тамирын дээд сургуульд танаас шалгалт авахгүйгээр шууд оруулья” гэнэ. Надаас сургалтын төлбөр ч авахгүй юм байна. Ч.Дамдиншарав тухайн үед ид мандан бадарч явсан үе нь. Намайг дээд сургуульд хөтөлж оруулсан буянтай хүн шүү. Чөлөөт бөхийн анхны УАШТ-ээс IV байр эзэлж, шигшээ багт яг орох шахаж байтал Ч.Машбат багш намайг самбо руу хөтөлж, эндээс миний чөлөөт бөхийн зам салсан хэрэг. 

-Таны аймгийн арслан цол хүртсэн барилдааны баримтыг хайгаад олсонгүй?

-Түрүүн би үндэсний бөхийн УАШТ-д орсон гэж ярьсан даа. Тэр барилдаанд амжилттай оролцлоо, уран барилдааны шагналтай ирлээ, нутаг усныхаа нэрийг улс даяар гаргалаа гээд манай аймгийн дарга, аймгийн эмнэлгийн дарга, бас нэг хүн байсныг санахгүй байна, тэд надад аймгийн арслан цолыг бэлэглэчихсэн. Одоо л дэмжээд өгвөл энэ хүү улсын цолонд хүрнэ гэж ярьж байхыг сонссон. 

-Улсын начин болох гэж бас уджээ? 

-Тийм ээ. 1968 оны Улсын баяр наадмаар анх удаа барилдаад дөрөв давсанаас эхэлье. Биеийн тамирын дээд сургуульд хамт сурч байсан Ц.Лхамаа, Т.Намдаг бид гурав Тэрэлжид чөлөөт бөхийн бэлтгэлд гараад байсан Х.Баянмөнх, Т.Артаг нарыгаа бараадаад хэд хоног хамт бэлтгэл хийгээд тун давгүй болоод наадамд гарсан. Олон хүнд судлагдаагүй болохоор “Битүү морь” хэмээн хашир бөхчүүд эхэндээ бол намайг амлаагүй. Ингэж аятайхан гурав давж, дөрвийн даваанд улсын арслан П.Дагвасүрэнгийн ард нь гараад давж, дараа нь улсын арслан Г.Дэмүүлийг давах дөхөөд унасан даа. Улсын наадамд анх зодоглосон жилээ дөрөв давангуут бөхийн ертөнцөд жинхэнэ утгаараа танигдаж, тухайн үеийн сонингийн арын нүүрэнд “Битүү хүчтэн” гэх авторыг надад хаяглав. Би Улсын баяр наадамд таван удаа дөрөв давсан болохоор таны удаан хүлээлгэж начин болсон гэж асуух нь аргагүй. За тэгээд Хандгайтад олимпын бэлтгэлд нэлээн олон хүн цугларсан, надтай чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, жүдо бөхийн баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. Тэгсэн Б.Буядаа, Ш.Самдан бид гурвыг Япон руу олон улсын тэмцээнд явуулах гээд сойж байтал Япон дахь Элчин сайд Москва руу явж таараад бид хэдийн тэмцээнд орох өнгөрлөө. Тэгээд наадамд барилдахаар шийдэж, наадам эхлэхэд ердөө найм хоног үлдээд байхад би 8-9 кг жин хассан хүн зодоглосон. Тэгсэн чЧ.Лундаагаар дөрөв давж, тавын даваанд улсын заан У.Пүрэвээд унасан болохоор чамлахааргүй барилдсан байгаа биз.  

-Тэгвэл улсын начин болсон тухайд?

-Монгол Улсын заан “Өмсдөг” хэмээх Ц.Дамдиндорж заанаар дөрөв давж, дархан аварга Б.Түвдэндоржоор Монгол Улсын начин цол хүртэж, зургаагийн даваанд дархан аварга Д.Дамдинд өвдөг шороодсон. 

-Тэгэхэд Б.Түвдэндорж аварга харих тал руугаа орчихсон үе байв уу?

-Б.Түвдэндорж аваргыг Спортын төв ордны заалны зохион байгуулагч хийж байхад нь танилцаж байлаа. Зан сайтай, их сайхан хүн. Намайг улсын наадамд олон удаа дөрөв давсан, самбо, жүдогоор овоо барилдах хүү гээд амласан юм билээ. Аварга барилдааны эхэн үед “Намайг амласанд баярлах хэрэггүй. Би чамтай байдаг хүчээ гарган барилдана. Давбал чиний аз, унавал чиний хохь” гээд л үзлээ. Аваргын нас дээр гарсан болохоос биш тэнхээ нь хариагүй байсныг тэгэхэд мэдэрсэн. Ингээд начин болж олон хүний сэтгэлийг дэвтээсэн дээ. Нутгаас баярын мэндчилгээ гэж төө хэртээ захидал шуудангаар илгээсэн байсныг хожим олж уншсан. Нутагт очиход таних, танихгүй олон хүн манайд цуглараад баяр хүргээд халуун хошуутай мал бэлэглэж байлаа. 

-Та “Увсын долоон хар”-ын нэг. Начин болсноос тань хойш энэ нэршил гарсан уу?

-Х.Баянмөнх авч болох бүх алдарыг хүртэж, хүрч болох бүх цолонд хүрсэн буянтай хүн. Олон залуусыг бөхийн замд хөтөлсөн. Ийм хүн ховор төрнө өө. Харин Ж.Хайдав бол самбо, жүдогоор олон жил барилдсан манай нутгийн бас л цуутай хүчтэн. Өсөх идэр начин Т.Артаг олимпоос медаль хүртсэн домогт тамирчин. Улсын начин Д.Солоон бол Төмөр замын цагдаагийн байгууллагад он удаан жил ажиллаж байх явцдаа хятадуудыг нутаг буцаах ажиллагааны үеэр биедээ шивүүлсэн нь нас барах шалтгаан болсон байж магадгүй. Бараг байлдаан болсон шиг байгаа юм. Нас барахынхаа өмнө энэ шивүүлсэн зүйлээс болж нас барах байх гэж хэлсэн удаатай. Ц.Лхамаа бол зааны энтэй начин. Баруун таван аймагт бол хэсэгтээ л ноёлсон хүн. Харин Б.Намжим бол их аатай. Бидний “Долоон хар”-аас улсын цол аваагүй нь тэр маань юм шүү дээ. Хэнээс ч айхгүй барилдана, том зүрхтэй эр. “Увсын долоон хар”-аас Хөдөлмөрийн баатар нэг, Ардын багш нэг, гавьяат гурав төрлөө. Т.Солоон бол эх оронч хүн, бусад нь олон улсын хэмжээний мастер цолтой. “Увсын долоон хар”-аас амьд сэрүүн нь морь жилтэй Х.Баянмөнх, Ж.Хайдав, тэгээд би байна. 

-Та зургаа Б.Намжимыгаа улсын цолонд хүргэж болоогүй юм уу?

–Бид хэд энэ талаар ярьсан. Нутгаа гэх сэтгэл байлгүй яах вэ. Өөрөө гуйж авахгүй, гуядаж авна гээд тас зөрүүдлэсэн юм. Тэр ч бас сайхан зан чанар шүү. Хэлж ярих нь аатай, барилдах нь бас аатай л даа. 

-Гэтэл та улсын арслан М.Мөнгөн, улсын начин Д.Нэгдэл нарыг дэмжсэн байх юм?

-Тэр үнэн. 1973 оны Улсын баяр наадмын тавын даваанд М.Мөнгөн, Д.Хадбаатар, О.Пүрэв гурваас М.Мөнгөнийг авч улсын цолонд хүргэсэн. Хэрэв “Морьт” О.Пүрэвээг авсан бол начин цолоо батлах байлаа. М.Мөнгөнийг бол шахалтаар аваад унасан, цолны даваанд нутгийн бөхтэйгөө яс барилдах бас хэцүү л юм билээ. 

-Хэний шахалтаар М.Мөнгөн арсланг амласан бэ?

-Ер нь тал талаас шахсан. Би О.Пүрэвээг амламаар байна, арай гэж дөрөв давлаа шүү дээ гэж хэлж хүртэл үзсэн. Тавын даваа эхлэчихсэн, ганцхан намайг хүлээгээд байтал хэсэг бөх хүрч ирээд М.Мөнгөнийг авчихгүй юм уу гэж хэлээд засуул өөд явлаа. Наадмын өмнө жин их хассан болохоор олигтой барилдах тамиргүй, сүүлдээ М.Мөнгөнтэй үнэн хүчээ гаргаж барилдаад ч дийлээгүй. 

-Та уг нь Д.Хадбаатар аваргыг авч болох байсан?

-Би Д.Хадбаатарын хойно нь гараад ч унагахгүй. Хадааг түрүүлдэг жил түүнтэй дөрвийн даваанд хоёр цаг ноцолдоод  унасан даа. Ард нь гарсан, бас хөлийг нь аваад ч даваагүй. Мөн наадмын дөрвийн даваанд би Д.Нэгдэлийн гарыг амрааж, тавын даваанд Ө.Эрдэнэ-Очир түүнийг начин болгосон. Ах нь нутгархах дургүй, хэн сайн байна түүнийг дэмждэг. Гурвын даваанд хэд хэдэн залуусын гарыг амраахдаа нутаг, ус харж байгаагүй юм. Бөхийн хүрээнийхэн мэднэ ээ.  

-Ө.Тулгаа зааныг дэмжих гээд чадаагүй гэдэг?

-Тийм ээ. Тавын даваанд ам авдаг начин ховор байлаа шүү дээ. Тавын давааны өмнө Ө.Тулгааг амлах тохироотой байв. Ам авах хэсгээс захдуухан зогсож байтал Ө.Тулгаа над руу дөхөж ирэхээр нь надаас хол бай, цаадуул чинь хар авчихлаа гээд загнатал удалгүй Ж.Мөнхбат аварга С.Цэрэн аваргад хэлээд намайг амлуулж, Ө.Тулгаа бид хоёрын төлөвлөгөөг нураасан юм. 

-Та аварга цолтой хэдэн бөхтэй барилдсан бэ?

-Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар аваргатай барилдаж, харин Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням нартай барилдаагүй. Тухайн үед Үндэсний шигшээ багийн тамирчныг үндэсний бөхөөр төдийлөн барилдуулдаггүй, бэртэнэ гээд зарим наадмыг өнжүүлдэг байв.  

-Үндэсний бөхийн өнөөгийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Үндэсний бөх хөгжиж байна. Одоогийн бөхчүүд хар ажил хийхгүй барилдаж болно. Бидний үеийнхэн Сангийн аж ахуй, тариа хураалт гэхчлэн хийхгүй ажил, оролцохгүй арга хэмжээ гэж байгаагүй. Өнөөгийн үндэсний бөх бол мэргэжлийн төвшинд хүрч, бөхчүүдийн хоол хүнс спорт тал руугаа хөгжиж байна. Маш сайн хэрэг. Өөрөө л хичээвэл  бөх барилдаад хангалуун амьдрах боломж бүрджээ.  

-Энэ жилийн наадмаар хэнийг түрүүлнэ гэж харж байна?

-Наадмын түрүү бөхийг тааварлах хэцүү байна. Өнгөрсөн жил Н.Батсуурь аваргыг түрүүлнэ гэж олонх нь таамаглаагүй байх. Гэтэл яав. Н.Батсуурь аварга толгой сайтай, том довонд барилдах одтой болохоо харууллаа.Энэ жил Н.Батсуурь дээд даваанд гарах байх. Бас О.Хангай, Б.Орхонбаяр, Б.Бат-Өлзий нарын хийморь өөдөө байвал тэднийг хэн унагахыг тааж мэдэшгүй.    

-Ингэхэд та чөлөөт бөхөөр ямар амжилт үзүүлсэн бэ?

-Би чөлөөт бөхөөр ердөө хоёр жил хичээллээд, Хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, УАШТ-д хоёр удаа IV байрт орохдоо Д.Сэрээтэр, Т.Артаг, Б.Санжаа ygjm  ялагдсан. Тэгээд самбо бөхийн шигшээ багт ирэхэд Ч.Өвгөнхүү, Л.Сосорбарам, Д.Галдандавга, Л.Рэнцэндорж, Б.Дөшчулуун нар бэлтгэл сургуулилтаа хийж байв. Би гадны тэмцээнд таван тамирчныг ялж, самбо бөхийн спортын мастер цолыг анх хүртсэн. Энэ үедээ үндэсний бөхөө орхиогүй. Самбо, жүдо бөхөөр бол 71 кг-ын жинд намайг долоон жил уясан юм. Хөл нүцгэн барилддаг гээд анхандаа жүдогоор барилдахаас ичнэ. Олимпын наадамд очоод эмэгтэй хүн бөх барилдахыг хараад мэл гайхаж, цэл хөхөрсөн. Тэгээд Монголд эмэгтэй бөхийг хөгжүүлж болох юм гээд 1977 онд Спортын төв ордонд хэдэн охиныг нууцаар бөх барилдуулж, бэлтгэл хийлгэлээ. Тэгсэн хотын намын хорооноос утсаар залгаж, охидыг нууцаар бөх барилдууллаа гэж зэмлэв. Тэр үед охидууд барилдах дуртай гэж жигтэйхэн. Түүнээс хойш Ч.Машбат багш “Боржигон”, би “Харцага”, Б.Буядаа “Мяндас”  клуб байгуулан хувиасаа мөнгө гаргаж, Улаанбаатарт хотын аварга шалгаруулах тэмцээн, Орхон аймагт УАШТ зохион байгуулсан. 1974 онд самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч болж, самбо бөхийн ДАШТ-ээс Х.Баянмөнх алт, би мөнгөн медаль хүртсэн. Нэг ёсондоо би дархан аварга Х.Баянмөнхийн самбо бөхийн дасгалжуулагч юм. 

-Эмэгтэй хүн барилдуулахад хэн дургүйцэж байв?

-Манайхан дотроосоо матсан. Нэрийг нь хэлээд яах вэ. Дэлхийд хөгжсөн мундаг спортыг Монголд дөнгөж хөгжүүлж байхад тогтоол шийдвэр гараагүй гэх шалтгаанаар өргөх бичиг энэ тэр болсон. Их сонин байгаа биз. 

-Таны бэлтгэсэн шавь нараас амжилт гаргаж, алдрын оргилд хүрсэн ямар бөхчүүд байна?

-Хөдөлмөрийн баатар хоёр, Ардын багш дөрөв, гавьяат цолтон 20, ОУХМ 32, спортын мастер 52, олон улсын шүүгч хоёр төрөн гарсан байна. Би үндэсний бөхтэй холбогдоод 73, самбо бөхтэй 54, жүдо бөхтэй 52 жил холбогдлоо. Одоо бол Чингэлтэй дүүргийн спортын хороонд зөвлөх дасгалжуулагч хийж байна. 

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Та сайхан наадаарай. 

-Эцэст нь амьдралын жаргал, зовлонгийн бүх цаг үед багана мэт болж явсан хань С.Ичинхорлоодоо баярлаж явдгаа хэлье.  

Д.ЖАВХЛАН 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
Жүдогийн УАШТ-д зодоглох магадлал өндөртэй ҮНДЭСНИЙ бөхчүүд
ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
“Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.91.44)
    Б.Буядаадаа 5 даваанд унаж Баатаржавыг начин болгосон түүхтэй
    2025 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДЭЗЧУ: Ганд тэсвэрлэх байдлыг олон улсын хэмжээнд нэмэгдүүлнэ
    5 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан тойргийнхоо иргэдтэй уулзаж санал, байр суурийг нь сонслоо
    5 цаг 53 мин
  • Израил улс НҮБ-ын эсрэг дайн зарлав уу?
    6 цаг 24 мин
  • Шинэ Зеландын Хойд аралд үргэлжилсэн их хэмжээний аадар борооны улмаас 100 тонн жинтэй аварга чулуу нуржээ
    6 цаг 58 мин
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 4 мин
  • Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
    7 цаг 29 мин
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
    8 цаг 37 мин
  • АН-ын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ
    9 цаг 0 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
    9 цаг 9 мин
  • Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
    9 цаг 45 мин
  • Жүдогийн УАШТ-д зодоглох магадлал өндөртэй ҮНДЭСНИЙ бөхчүүд
    9 цаг 51 мин
  • Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ
    9 цаг 56 мин
  • ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
    10 цаг 26 мин
  • Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу?
    11 цаг 43 мин
  • Зун аялал жуулчлал дээд цэгтээ хүрнэ, учир нь COP 17 Монголд болно...
    11 цаг 52 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
    12 цаг 11 мин
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
    12 цаг 13 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА
    12 цаг 27 мин
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
    13 цаг 17 мин
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгын сумдын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
    Өчигдөр 18 цаг 20 мин
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Угаарын хийд 119 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
24 баримт
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК