Энэ сарын 22-нд шинийн нэгний өдөр Төв аймгийн Лүн сум руу согтуугаар автомашин жолоодож явсан “Дөлгөөн нуур” ХХК-ний захирал Ч.Батсүх осол гаргаж зургаан хүн гэмтээжээ. Тэрээр “Hummer” маркийн 00-63 УБМ автомашинаараа “Honda Fit” маркийн 06-90 УНМ маркийн автомашинтай мөргөлдөж, автомашинд зорчиж явсан 1-10 насны хоёр хүүхэд, дөрвөн том хүнийг хүнд гэмтээн ГССҮТ-д хүргэсэн байна. Ослын улмаас нэг настай хүүхдийн хөл хугарч, арван настай охины эрүү хугарч нүдний ухархайн яс нь цуурч, үүдэн шүднүүд нь цөмөрсөн, баруун талын хоёр хавирга хугаралтай, түнх мултралтай ГССҮТ-д хүргэгдсэн аж. "Honda Fit" маркийн машины зорчигчид Төв аймгийн Лүн сумаас Эрдэнэ-Сант сум руу золголт хийхээр явж байсан бол “Дөлгөөн нуур” ХХК-ний захирал Ч.Батсүх нь Улаанбаатар хотоос согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодон Лүн сум руу явж байжээ. Хохирогчдын ар гэрийнхэн “Ч.Батсүх захирал замын хөдөлгөөний дүрэм зөрчин согтуугаар урсгал сөрж автомашин жолоодон орж ирсэн” гэжээ. Харин цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоохдоо "Honda Fit" маркийн 06-90 УНМ маркийн машины жолооч Ж-ыг бас буруутай гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гарсан учир хохирогчид Ч.Батсүх захирлыг томоохон компанийн захирал учраас цагдаагийн ажилтнуудад нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаа аж. Гэвч Ч.Батсүх захирал нь хохирогчидтойгоо уулзалгүй эмчилгээ хийлгэхээр хоёр хоногийн өмнө гадаад руу гарсан байна.
Б.Чимэг