
Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн талаар иргэн П.Одгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Б.Цогтгэрэл нараас МУ-ын үндсэн хуулийн цэцэд гомдол иржээ. Иргэдээс ирсэн гомдлыг МУ-ын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвням хянан үзээд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Үүнд:
1. Нэгдүгээр зүйлийн 2-д заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 2. Гуравдугаар зүйлийн 1-д заасан “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”
3. 14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”,
4. 16 дугаар зүйлийн 9-д заасан “МУ-ын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”,
5. 21 дүгээр зүйлийн 2-д заасан “УИХ-ын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн тул маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх үүргийг Үндсэн хуулийн цэцийн нарийн бичгийн дарга Н.Болортунгалагт даалгасан байна.
Тун удахгүй цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг их суудлын хуралдаанаар хэлэлцэж хүчингүй болгох нь тодорхой боллоо. Хэрвээ ингэх аваас сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор өөрчлөхийг хориглосон тул ирэх сонгууль хуучин сонгуулийн хуулиар явагдах болох юм.
Б.Чимэг