
Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Мөн бодисыг шинжлүүлэхээр Гаалийн төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр өгсөн, шинжилгээний хариу гарсны дараа мансууруулах бодис мөн эсэхийг, цуснаас нь авсан шинжилгээний дүн гарсны эцэст мансуурсан эсэхийг тогтооно. Бодисыг тогтоох хүртэл түүнийг хилээр гарахыг хориглосон гэсэн юм.
Хэргийн мөрөөр “Палас” зочид буудлаас лавлалаа. Тус буудлын зохион байгуулагч “Манай буудалд хэн нэгнийг саатуулж, шалгасан зүйл байхгүй. Тиймээс бид ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгөв.
Харин “Суруга” корпорациас тодруулахад “Гадуур цацагдаад байгаа мэдээлэл бол худлаа. Хэн нэгний гүтгэлэг явагдаад байна. Захирал өглөө ажилдаа ирээд ажлаа хийгээд явж байна. Хэн ямар зорилгоор гадуур ийм мэдээлэл тараасныг олох хэрэгтэй” гэв.
Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Хан-Уул дүүрэгт шалгагдаж байгаа гэсэн мэдээллийн дагуу тус дүүргээс тодрууллаа. Тийм зүйл байхгүй. Түүнийг хорьж, саатуулсан зүйл ч байхгүй. Тэрээр буудалласан буудалдаа байрлаж байгаа гэсэн мэдээлэл байна” гэлээ.
Гэвч албан бус эх сурвалжийн мэдээлснээр "Түүний байрлаж байсан буудлын орон доороос хар тамхи гарч ирсэн байна. Түүнээс байцаалт авах гэсэн боловч өмгөөлөгчтэй байцаалт өгнө хэмээн цааргалсан аж. Харин түүнд хар тамхи аваачиж өгсөн 30-37 насны М,Г гэх хоёр монгол залууг саатуулан, тэднээс байцаалт авч эхэлсэн. Цагдаагийн байгууллага болон тус газрын эзэд энэ хэргийг ихэд нууцалж байгаа" гэв.
“Суруга Монгол” компани 2003 оноос хойш Хан-Уул дүүрэгт “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй орон сууцны хороолол барьж буй билээ. Мөн орон сууцны хэд хэдэн томоохон хороолол барьсан аж.
Б.Чимэг