u Өнгөрсөн онд анхан шатны шүүхүүд 10517 хүнд холбогдох 6776 эрүүгийн хэрэг хүлээн авчээ. Үүнээс 825 хүнд холбогдох 448 эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Мөн 25 хүнд холбогдох 13 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 302 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 8210 хүнд холбогдох 5877 хэргийг таслан шийдвэрлэсэн аж.
Мөн хүнийг санаатай алах хэрэгт 269, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах хэрэгт 294, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэгт 2227, танхайрах хэрэгт 1327, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэгт 437, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэгт 888, албан тушаалын хэрэгт 33, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх хэрэгт 54 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.
Энэ нь өнгөрсөн оныхоос бусдыг санаатай алсан гэмт хэрэг 0,8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 11,2, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 12,1, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 38,6 хувиар буурсан бол, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 3,8, танхайрах гэмт хэрэг 6,9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15,2, албан тушаалын гэмт хэрэг 37,5 хувиар тус тус өсчээ.
Ял шийтгүүлэгчдийн дотор насанд хүрээгүй хүн 542, эмэгтэйчүүд 724, гадаадын харьяат 27 байжээ. Мөн урьд ял шийтгүүлсэн 1460, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1465, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1704, ажил сургуульгүй хүмүүс 5493 байгаа аж.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 13 тэрбум 855 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 589 хүний амь хохирч, 2562 хүний биед гэмтэл учирчээ.
Түүнчлэн хорих ялаар 6357, торгох ялаар 271, албадан ажил хийлгэх ялаар 476, баривчлах ялаар 1023, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр 73 хүн тус тус шийтгүүлсэн байна.
Ял шийтгүүлэгчдийн 77.4 хувьд хорих, 5.8 хувьд албадан ажил хийлгэх, 12.5 хувьд баривчлах, насанд хүрээгүй 73 этгээдэд буюу 0,9 хувьд нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан аж. Мөн 3.3 хувь буюу 271 хүнийг 2 тэрбум 483 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. 2781 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь хорих ял шийтгүүлэгчдийн 43,7 хувь нь болж байна.
Хорих ялыг биечлэн эдлүүлсэн ба баривчлах ялаар шийтгүүлсэн хүн 3804 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 46,3 хувийг эзэлж байна.
Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг 402 хүнд хэрэглэж 103,1 сая төгрөг гаргуулсны дээр, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг 628 хүнд нэмэгдэл ялын чанартайгаар оногдуулжээ.
Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 2781 хүний 70,1 хувийг жирийн, 28,0 хувийг чанга, 1,6 хувийг онцгой дэглэмд, гянданд 0,3 хувийг ял эдлүүлэхээр тогтоожээ.
Б.Чимэг