Хавтгайрсан халамжийн бодлого буюу 21 000 төгрөгийн дараалал энэ жилээс татарч, хоёрдугаар үе шатандаа орно. Өнөөдрийн 21 мянган төгрөгний халамжийн бодлого сонгуультай хамт дуусна. Долдугаар сарын нэгнээс 130 мянган өрхөд сар бүр 40 000 төгрөг олгох дараагийн хөтөлбөр эхлэх аж. Энд багтсан 130 мянган өрхийг 2010 оноос хойш судалсан бөгөөд өрхийн орлого багатай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өрхийн хэрэглээ нь бага гэх мэт өрхийг хамруулна.

Сар бүр олгох 40 мянгыг дундаж гэр бүлийн тоогоор гаргасан бөгөөд 1-2 хүүхэдтэй, өрх толгойлсон ээжид 13.3 мянган төгрөг оногдоно гэсэн үг. Эсвэл ам бүл 8-уулаа амьдардаг ядуу өрхийн гишүүн бүрт сардаа 5000 төгрөг оногдох аж. Ийнхүү 130 мянган өрхийн иргэн бүрт харилцан адилгүй халамжийн мөнгө очсоноор хавтгайрсан 21 000-аас хавьгүй бага байх нь тодорхой болжээ.
2012 оны сүүлийн хагас жилд хэрэгжих уг хөтөлбөрт зориулж улсын төсөвт 31 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хэрэв гэр бүлийн гишүүн нь тэтгэвэр, тэтгэмж авдаг байлаа ч өрхийн хэрэглээ, амьжиргаанаас доогуур түвшинд байдаг бол “халамжлуулах” гэнэ. Учир нь хамгийн шалгуур нь амьжиргааны түвшин, хэрэглээний байдал юм.