
Уг хэрэг намжаагүй байтал дахин нэг иргэн БНСУ-д саатуулагдлаа. БНСУ-ын Кёнгбук, Андунг дахь цагдаагийн газраас Moнгол иргэнээ залилан ихээхэн хэмжээний мөнгө авсан Монгол улсын иргэн А-г саатуулсан байна.
Тэрээр Улаанбаатар хотод шинээр баригдаж буй өндөр орон сууцнуудад хятадад үйлдвэрлэсэн гал тогооны өрөөны угаалтуур нийлүүлж , ихээхэн хэмжээний мөнгө олох боломжтой хэмээн Солонгос улсад ажилладаг нэгэн танилдаа итгүүлсэн байна. Улмаар бизнесийн урьдчилгаа болгож 30 сая воныг залилан авчээ. Түүнчлэн бизнесийн зөвшөөрлийн мөнгө, хахуульд өгөх мөнгө зэрэг нэмэлт мөнгө авч, нийт дөрвөн удаагийн үйлдлээр 34 сая 200 мянган вон залилсан аж.
Түүнийг энэ сарын 7-ны өдөр Солонгос улсын Кимпогийн нисэх онгоцны буудлаар дамжин орж ирээд байхад нь баривчилсан байна.
Тэрээр өмнө нь мөн адил нэгэн танилаасаа 5 сая вон залилан авч буцааж өгөөгүй боловч шүүн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шалтгаанаар уг хэрэг хаагдаж байсан удаатай юм байна.
Тиймээс түүнийг Солонгос улсад байнга ирж очиж байхдаа уг аргаар олон иргэний мөнгийг залилсан байж болзошгүй хэмээн хэргийн хохирогчдыг олж илрүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Б.Чимэг