Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг АН-ын бүлэг өчигдөр олон асуудал хэлэлцсэнээс хоёр нь анхаарал татаж байна.

Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг АН-ын бүлэг өчигдөр олон асуудал хэлэлцсэнээс хоёр нь анхаарал татаж байна. АН-ынхан УИХ-ын сонгуулийн хуулийн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байхаар байр сууриа нэгтгэжээ. Учир нь АН-ынхан анхнаасаа 28 хүнийг гулсдагаар хийх сонирхолтой байсан бол МАН-ынхан эсрэг байр суурийг баримталж байсан юм. Энэ хоёр намын зөрчилтэй байр суурийг Үндсэн хуулийн цэц хагалж, МАН-ын талд шийдвэр гаргасан. Тиймээс АН-ынхан энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Учир нь АН-ынхан боловсон хүчин муутай учир 28 жагсаалтанд шилдэгүүдээ жагсаахаар 48 тойрогт нэр дэвшүүлэх хүнгүй болчих гээд байсан аж. Эсрэгээрээ 48 тойрогт шилдэгүүдээ дэвшүүлэхэд жагсаалтын 28-д бичигдсэн хүмүүсийг нь хараад ард түмэн намд нь саналаа өгөхгүй байх хандлага байгаа юм. Ийм зовлонтой нүүр тулсан учир АН Үндсэн хуулийн цэцэд дахин хандахаар болжээ.
АН-ын бүлгээр хэлэлцсэн өөр нэг чухал асуудал нь Ухаа худгийг Таван толгойн ордоос салган “Энержи ресурс” ХХК-д өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Тиймээс уг асуудлыг нэг бүрчлэн сайн шалгах ажлын хэсгийг байгуулахаар болсон байна. Ухаа худаг нь Таван толгойн орд газрын дөрвөн хувийг эзэлдэг бөгөөд хууль бусаар “Энержи ресурс”-т өгсөн бол ерөнхий сайдтай хариуцлага тооцно гэсэн дүгнэлт хийжээ. "Хэрэв хууль бусаар өгсөн гэж үзвэл хариуцлага хүлээх хүн нь одоогийн ерөнхий сайд С.Батболд биш С.Баяр билээ. Одоо С.Баяртай хариуцлага тооцох субьект нэгэнт биш болсон. Мөн “Энержи ресурс”-ын гол хувьцаа эзэмшигчдийн нэг нь АН-ын нөлөө бүхий эрхэм УИХ-ын дэд дарга Г.Батхүү юм. Өнгөрсөн оны “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн шагналаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олгож, удирдлагуудынх нь энгэрийг мялаахаа мартаагүй юм. Ийм хэмжээний сүлжээ үүсгэсэн “Энержи ресурс”-ын талаар АН сайн шалгалт хийнэ гэдэг эргэлзээтэй" гэж эх сурвалж мэдээлэв.