-
2017 оны 4 сарын 07
Санкт-Петербургийн орон сууцны байранд тавьсан тэсрэх төхөөрөмжийг мэргэжилтнүүд аюулгүй болгон устгасан тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 07
“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум найм дахь жилдээ маргааш буюу 4 сарын 8‐нд “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвийн хүрээнд “Бидэнд шийдэл байна” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Форумаар залуу эмэгтэйчүүд Монгол Улсад хэрэгжиж ирсэн “хүн амаа өсгөх бодлого” нь залуу эмэгтэйчүүд төдийгүй залуу гэр бүл, цаашилбал Монгол Улсын нийт хүн амын амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг хүний эрх, жендэрийн тэгш эрх , нийгмийн шударга ёс, ардчиллын зарчимд суурилан задлан шинжлэх ба тодорхой тохиолдол, бодлого, хууль тогтоомжийг хэлэлцэн , дүн шинжилгээ хийж , бодлого гаргагчдад санал , зөвлөмж бүхий БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ хүргүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн форумын нэг онцлог нь 11 аймаг , гурван дүүргийн Залуучууд хөгжлийн төвүүдэд урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, орон нутгийн залуу эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа аймаг, дүүрэг, суманд залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлтийг нэгдсэн форум дээр танилцуулан, бодлого гаргагчдад уламжлах зорилготой. 2010 оноос эхлэн Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу Мартын 8‐ныг тохиолдуулан өөрсдийн ирээдүй ямар байх нь өнөөдөр хэр идэвхтэй, санаачилгатай, оролцоотой байхаас нь шууд хамаарна гэдэг итгэл үнэмшилтэй залуу эмэгтэйчүүдийн санаачилгын хүрээнд, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой форум”‐ыг жил бүр зохион байгуулж ирсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Улаанбаатар 14201, ш/х ‐418, Монгол Улс Вэбсайт: www.monfemnet.org и‐мэйл хаяг: info@monfemnet.org , ywvforum@gmail.com , monfemnetzz@gmail.com Утас/ факс: 70110355, 8800‐5542, 9918‐2121
-
2017 оны 4 сарын 07
Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна. Тус газраас таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж.
-
2017 оны 4 сарын 07
Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
-
2017 оны 4 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигиар Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, харилцаа холбоо зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медиалаар шагнах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Ө.Тамирт “Алтан гадас” одонг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Ө.Тамир нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад гараад байна.
Тэрбээр “Эрүүлийг хамгаалах албанд 24 жил ажилласан. Анагаахын сургуулийг төгсөөд Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг, Яаралтай мэс заслын тасагт ажиллаж байсан. Мөн Уушгины эмгэг судлалын төв, Цалин хөлсний хороо зэрэг төрийн байгууллагад ажиллаж явлаа. Өнөөдөр миний энэ өчүүхэн хөдөлмөрийг үнэлж төрийн одонгоор шагнаж байгаа явдал бол эзэрхийлэх засаглалаас эдүүгээг хүртэл миний ээж, аав, эмээ, өвөө өвөг дээдсийн төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсны илрэл юм. Өндөр төрийнхөө сүлдэнд залбирч, өглөө бүр цайныхаа дээжийг өргөж явах болно. Та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 07
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.07/ хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 64.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Тэрээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан ”Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан танилцуулсан билээ гэж дурдав.
Эдийн засаг уналттай гарч, ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд хүрсэн. Төсвийн алдагдлын хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 18 хувьд хүрч, уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүсэв. Гадаад валютын цэвэр нөөц үгүй болж, олон улсын зах зээлд гаргасан бондуудыг хуваарийн дагуу төлөх чадваргүй болсон. Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг давж, санхүүгийн зах зээл дээр зээл олголт тасалдахад хүрч, улмаар дунд хугацаанд өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарсан зэрэг хүнд нөхцөлд байна.
Иймд нэгдүгээрт, эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгийн суурь бүтцээ засах зайлшгүй шаардлага үүслээ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
ОУВС-ын ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг Б.Чойжилсүрэн сайд дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Х.Баделхан, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Д.Сумьяабазар, Ө.Энхтүвшин Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, З.Нарантуяа нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д ноогдох алдагдлыг 2017 онд 9,9 гэж байсныг 10.6 хувь, 2018 онд 7.5 гэж байсныг 9,5 хувь, 2019 онд 5.5 гэж байсныг 6.9 хувь гэж, 2020 онд алдагдалгүй гэж байсныг 5.1 хувь, 2023 оноос 2.0 хувиас илүүгүй алдагдалтай эсхүл алдагдалгүй” гэж өөрчлөхөөр тусгагдсан байв. Мөн “Төсвийн тогтворжуулалтын санийн хөрөнгө нь ДНБ-ий таван хувиас доошгүй байна, энэ нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана гэснийг хүчингүй болгохоор” тусгажээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуулаа. Гишүүдийн хувьд төсвийн алдагдлыг нэмж байгаагийн шалтгааныг сонирхохын зэрэгцээ ОУВС, Засгийн газрын төслийн алдагдлыг тооцсон тоо, хэмжээ зөрүүтэй байгааг илүүтэй тодруулж байв.
Сангийн сайд Б. Чойжилсүрэн, ОУВС өмнөх туршлагаасаа харахад улс орны эдийн засаг, санхүү хүнд байгаа үед төсвийн алдагдлыг багасгахаар эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь анзаарагдсан гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, зардлаа хасах нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэж зөвлөсний дагуу бид төсвийн алдагдлыг ингэж тооцож, оруулж ирсэн.
Харин Засгийн газар, ОУВС-ийн хувьд төсвийн алдагдлыг тооцох аргачлал өөр байдаг учир тооны хувьд зөрүүтэй гарсан. ОУВС-ийн аргачлалаар тооцох гэхээр олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан. Иймд хоёр тал зөвшилцөн манай аргачлалаар тооцсон тоо, хэмжээг барихаар тохирсон.
Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 он хүртэл түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэрэг болохвий гэдгийг анхааруулж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан төслийн долоод заасан “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртлэх хугацаанд санхүүжилтыг түр хойшлуулах” гэснийг эргэн харж, байнгын хороо энэ заалтыг хэрэгжилттэй нэг бүрчлэн танилцаж, засч сайжруулах хэрэгтэй” гэж санал хэлж байв.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангйин 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Загсийн газрын тусгай сангийн тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын гурван төслийг нэг бүрээр нь хэлэлцлээ. Хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хууль, тогтоолд өөрчлөлт оруулсан төсөлд засч, сайжруулах зүйл багагүй байгааг гишүүдийн олонхи нь хэлж байлаа.
Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Цэргийн албан хаагчийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд батлагдсан тоог хэвээр үлдээх саналаа хэлж байв. Гишүүдийн хувьд дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өссөн эерэг үзүүлэлт гарч байхад эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээг 3.0 хувь гэж батлачихаад өнөөдөр -0,2 хувь гэж бууруулж баталж болохгүй. Алдагдлыг нэмнэ гэдэг зээл нэмэгдэж, өр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд нэгэнтээ баталсан төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцлийн тоог өөрчлөхгүй байх талаар хэлэлцүүлгийн үеэр нухацтай хэлэлцэхийг анхааруулж байлаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар ба Олон Улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар энэ удаагийн Засгийн газрын мэдээллийг бэлтгэн та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт олон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байна.
Тухайлбал, Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 1970 онд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд 1991 онд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2000 онд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд 2015 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 25 жил, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажилласны 15 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улс эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулах, эдийн засгийн институцийн үндэс суурийг бий болгохын зэрэгцээ эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болон институци, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх техникийн тусламж авах үүд хаалга нээгдсэн юм.
Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг тус бүрээр нь авч үзвэл:
НЭГ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш Олон улсын валютын сантай хамтран макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн Стэнд-бай хөтөлбөр, ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зэрэг 5 хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 195.7 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашиглажээ.Үүнд Стэнд-бай хөтөлбөрийг 1991, 2009 он, Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилжээ.
Тэгвэл бидний хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байна.
Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэж, хамтран ажиллах нөхцөл боломж илүү нээлттэй болж байгааг дурдах нь зүйтэй.
Засгийн газар Олон улсын валютын сангаас санхүү, эдийн засаг, төсвийн чиглэлээр техник туслалцааны арга хэмжээнүүдийг авч байсны зэрэгцээ тус сангийн Дүрмийн дөрөвдүгээр зүйлд заасны дагуу жил бүр Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх Ажлын хэсэгтэй тогтмол хамтран ажилласаар ирсэн болно.
ХОЁР. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны группийн байгууллагуудтай төсөв, макро эдийн засаг, засаглал, удирдлагын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 1991-2016 он хүртэл санхүү, хөдөө аж ахуй, нийгэм, эрчим хүч, уул уурхай, хөдөлмөр эрхлэлт, худалдааны салбаруудад нийт 136 төсөл, арга хэмжээний 837 орчим сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.
Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт үндэслэн шийдвэрлэдэг бөгөөд баримт бичгийг Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд дөрөв жил тутам шинэчлэн тохирдог. Энэ хүрээнд Засгийн газар 2017-2019 онд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 160.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөж байна.
ГУРАВ. Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 1991 онд элсэн орсноос хойш нийт 1.6 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авч, зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны 260 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн багцаас хэрэгжүүлэх төслүүдийг Дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд ирэх дөрөв жилд бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоод байна.
ДӨРӨВ. Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсноор тус банкны шугамаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оролцох, техник туслалцаа авах, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, санал оруулах, Зүүн Европ болон шинээр тусгаар тогтносон улс fорнуудтай хамтран Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.
Тус банк манай хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр идэвхитэй ажиллаж, нийт 1.4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны эх үүсвэрийг олгосноос гадна Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци болон бусад олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгойн далд уурхайн төсөлд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Мөн гадаад валютын ханшийн эрсдэлийг багасгах зорилгоор манай аж ахуйн нэгжүүдэд төгрөгийн санхүүжилт олгох, дотоодын санхүүгийн зах зээлийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
ТАВ. Монгол Улс 2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орнуудын нэг болсон бөгөөд тус банктай хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг судлаж байна.
ЗУРГАА. Монгол Улс 1970 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсноос хойш өнөөдрийн байдлаар тус банкны дүрмийн сангийн 0.49 хувийг эзэмшиж байна. Цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тус банк болон Хөгжлийн банк хооронд байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 50.0 сая еврогийн зээлийг 7 жилийн хугацаатай олгох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн.
ДОЛОО. Монгол Улсын Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банкуудтай нягт хамтран ажилласны үндсэн дээр Засгийн газрын дөрөв үнэт цаас, Засгийн газрын баталгаатай гурав үнэт цаасыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь хувийн секторын гадаад зах зээл рүү нэвтрэх, санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө босгоход томоохон түлхэц болж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монгол Улсын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана гэж Засгийн газар үзэж байна.
Өнөөдрийн байдлаар гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дотоодын 8 банкинд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байгаа бол тусгай шалгууруудыг хангасан, олон улсад нэр хүнд бүхий таван гадаадын банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм.
Засгийн газар цаашид Төлөөлөгчийн газрыг дэмжиж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хөгжлийн хамтын ажиллагааг эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалтын мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил рүү түлхүү чиглүүлэн өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 07
МХЕГ-аас “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд төмөр замын өртөөнүүдэд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг УБТЗ-тай хамтран зохион байгууллаа.
Сургалтын гол зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд өгөх, зөвлөн туслах, эрсдэлээс урьчилан сэргийлэхэд чиглэж буй. Энэ хүрээнд “Хүнсний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчин”, “Хүнсний тухай хуулиудыг дагаж гарсан дүрэм журам”, “Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахад тавигдах шаардлага”, “Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”, “Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим”, “Органик хүнсний тухай хууль” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлээ. Мөн худалдаа үйлчилгээний байгууллага хэрхэн дотоод хяналтаа сайжруулах вэ, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадлыг яаж нэвтрүүлэх тухай зөвлөмжийг өгч, “Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийн талаар танилцуулав.
Хяналт шалгалтын явцад гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдах зөрчил их байгааг улсын байцаагчид онцолсон. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарч, хууль, дүрэм зөвлөмжийг мөрдөж ажиллахыг сануулсан юм.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан эхлэж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбоотойгоор сөрөг хүчин болох АН-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байгаа юм.
-
2017 оны 4 сарын 07
“ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2017.04.06 Улаанбаатар хот
Замын цагдаагийн албанаас жил бүрийн 4 дүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон өнгөрүүлдэг.
Энэхүү арга хэмжээний зорилго нь “Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх”-д оршдог.
Энэ жил 4 дэх жилдээ 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг Эрх чөлөөний талбай дээр зохион байгуулах гэж байна.
Сүүлийн 6 жилийн /2010-2016/ зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн 6 анги үгүй болж, 142 ангийн сурагчид ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртсэн дүн мэдээ харагдаж байна.
Эдгээрийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.
2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Үүнээс үзвэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй, буруу тээвэрлэдэг, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг, харин нийслэлийн хэмжээнд хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох, сургууль, цэцэрлэгийн зам орчин нь стандартын дагуу тохижуулагдаагүй түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дууриалал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдийн хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюул, ослоос хамгаалах хэрэгслийг Хэрэглээ болгон хэрэглэж хэвших, хүүхэддээ замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Хамгийн чухал нь таны хүүхэд муу сурлаа гээд үхэхгүй, харин замын хөдөлгөөнд буруу оролцсоноороо амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй гэдгийг байнга санаарай.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
-
2017 оны 4 сарын 07
Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойрны газраас улс төрчид, эрхтэн дархтан, бизнес эрхлэгчид хумсалсаар өнөөдрийг хүрчээ. Сургуулийнхаа барилгын газраас өөр газарт байхгүй сургууль олон болж байна. Гэтэл цөөхөн үлдсэн хэдэн сургуулийн газарт шунах сэтгэлтэн олон болжээ. Үүний тод жишээ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургууль. Тус сургуулийн 900 метр квадрат газрыг 2015 онд Нийслэлийн засаг даргын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байдаг. Гэтэл энэхүү шийдвэр нь газрын тухай хууль болон бусад хууль журмыг зөрчсөн болохыг Нийслэлийн засаг дараг С.Батболд анхааралдаа авч цуцлаад байна. Учир нь төрийн байгууллага хоорондоо газар шилжүүлэх боломжгүй юм байна. 29-р сургуулийн дээрх газар дээр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс баригдана гэж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ үүний цаана орон сууцны барилга баригдах зураг төсөл хийгдсэн байжээ. Иймээс л Нийслэлийн засаг дарга С.Батболд уг хууль бус шийдвэрийг цуцалсан гэж албаныхан мэдэгдээд байгаа. 29-р сургуулийн газрын зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас хураан авч эргүүлэн сургуулийн захиргаанд өгсөн. Энэ мэтээр сургуулийн газартай холбоотой хууль зөрчсөн маргааныг эцэслэн шийдвэрлэх Шударга ёс бүлгэмийнхэн өнөөдөр албаныханд хандлаа.
Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайханы мэдэгдэж байгаагаар бол яг дээрх 29-р сургуулийн газартай ижилхэн маргаан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өрнөж байна. Тус дүүргийн нутагт байрлах 38-р сургуулийн газраас 1700 метр квадрат газрыг нь тухайн үеийн дүүргийн засаг дарга Д.Оросоо дүүргийн засаг даргын тамгын газарт шилжүүлэн авсан байдаг. 38-р сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургуулийн барилгыг барих ажил үргэлжилж байгаа билээ. Гэтэл сургуулийнх нь газраас дүүргийн тамгын газар авч нутгийн захиргааны байшин барина гэж зүтгэсэн байдаг. Энэ талаар тус сургуулийн багш, ажилчид олон удаагийн эсэргүүцэл илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Иймээс энэ асуудлыг одоогийн Нийслэлийн удирдлага анхааралдаа авч ажиллахыг Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан хэвлэлийн бага хурлаараа мэдэгдлээ.
Ер нь хүүхдийн нэр барьж газар булаах оролдлогыг өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын нэр бүхий улс төрчид олон удаа хийж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордон барина гэж хэлээд газар авчихдаг. Тэгсэн хирнээ өнөөх газар дээрээ өөр зориулалтыг барилга барьдаг буруу жишиг бий. Тухайлбал Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хүүхдийн ордны хажуу талын байшинг бариулсан. Түүний энэхүү Ардчиллын өргөө гэсэн хаяг наачхаад байгаа байшин нь нэгэн төрийн бус байгууллагын нэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж авсан газар. Өнөөдөр тус барилга дотор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэтгэж байгаа байгууллага алга. Тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм алга. Хүүхдийн нэрээр газар булаадаг, түүгээрээ бизнес хийдэг Ардчилсан намын нэр бүхий нөхөдтэй хатуу хариуцлага тооцох цаг болсон гэж шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан мэдэгдлээ.
-
2017 оны 4 сарын 07
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” гурав дах өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээ” сэдвээр голлон явагдаж байгаа бөгөөд оролцогчид багт хуваагдан Сендайн мониторингийн хэрэгжилтэд Азийн улс орнууд болон түншүүдийн оролцоо, санал хүсэлтийг авахад оршиж байна.
-
2017 оны 4 сарын 07
НМХГ-аас зөрчилтэй барилгуудыг зарлалаа
-
2017 оны 4 сарын 07
уулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл
-
2017 оны 4 сарын 07
Төрийн өмчийн компани бол бирж дээр хувьцаа гаргаагүй л болохоос бүх монголчуудын, олон нийтийн компани
-
2017 оны 4 сарын 07
Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос гуравдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Өнгөрсөн сарын чансааг гаргахад Яшар Догугийн нэрэмжит ОУТ, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, Унгарын Сомбатхэйд болсон 23 хүртэлх насны ЕАШТ-ийг харгалзаж үзсэн юм. Өмнөх сарын чансаанд багтсан манай улсын эрэгтэй хоёр, эмэгтэй найм, нийт 10 тамирчин ахисан ч үгүй, буусан ч үгүй байрандаа баттай зогссоор байна. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран зургаад, 74 кг-д гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат 17, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 20, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг гурав, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 15, 63 кг-д гавьяат тамирчин Соронзонбодын Батцэцэг 11, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 10, ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг 16, 75 кг-д спортын мастер Ган-Очирын Уртнасан 18 дугаар байрт бичигджээ.
-
2017 оны 4 сарын 07
Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны ДЦГ-ын орчны бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад өнгөрсөн сарын 31-нд ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нийт 900 орчим га талбай шатсан байна.
-
2017 оны 4 сарын 07
Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтаж судлаачид болон их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Энэ удаагийн уралдаанд судлаачид болон их, дээд сургуулийн багш нар “Газрын харилцааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр, их дээд сургуулийн оюутнууд “Хөрсний бохирдол, газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр оролцох юм.
Эссэ, илтгэлд тавигдах шаардлага:
-Өгөгдсөн сэдвийн хүрээнд одоогийн байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тандан судалсан байх,
-Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хувилбаруудыг дэвшүүлсэн байх
-Гадаад орны туршлага, хууль тогтоомжийг судлан харьцуулалт хийсэн байх
-Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой хувилбарыг сонгон дэвшүүлсэн байх
-Дэвшүүлж буй саналын нийгэм, эдийн засаг, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг тооцсон байх
-Ашигласан ном, зохиол бүтээл,, судалгааны эх сурвалжийг тодорхой дурдсан байх
-Эссэ, илтгэл нь 8-аас доошгүй хуудастай байх ба компьютерийн Word программыг ашиглан Arial фонтын 12 хэмжээгээр, мөр хооронд 1.5-ын зайтайгаар бичигдсэн байх
-Илтгэлийн цаасан дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичиж ирүүлэх
-Илтгэлийг файл хэлбэрээр CD-нд хуулж, бичмэлийн хамтаар ирүүлнэ.
Уралдаанд оролцох эссэ, илтгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 12 цаг хүртэл Засгийн газрын XII байр, ГЗБГЗЗГ-ын 105 тоот өрөөнд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 51-260785 дугаараас авч болно.
Нийт албан хаагчид болон салбарын эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
-
2017 оны 4 сарын 07
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Мөн дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар нэг сарын өмнө мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулахыг албан ёсоор дүүргийн уяачдын холбоонд даалгав.
Дашрамд 2015 онд дүүрэгт болсон хурдан морины уралдаанд хүүхэд унаж, эрүүл мэндээрээ хохирсон гашуун сургамж бий. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг хувьд ийнхүү хаврын уралдааныг хорьж, хүүхдийн эрхийг бүх талаар дээдэлж ажиллахыг шат шатны удирдлагуудад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сануулав гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.