-
2017 оны 1 сарын 02
Турк Улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт нэгдүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан.
-
2017 оны 1 сарын 02
2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 10 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
СХД-ийн нутаг Ханын материалын зам, Тоосгоны 24 б тоотын хашаа гэрийг H.Avante XD маркийн авто машины жолооч М нь мөргөж гэрт байсан 04 настай эмэгтэй Э, Е1 настай эмэгтэй М нарыг гэмтээсэн.
Орон нутагт:Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс 276 км-т төвийн шороон замд Уаз-22069 маркийн авто машины жолооч Э нь улсын дугааргүй Мустанг маркийн П жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 22 настай эрэгтэй П-ийн амь нас хохирсон.
Өнгөрсөн жил буюу 2015 оны 12 сарын 31, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 498 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байсан юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил хэмээн зарласан. Үүнтэй уялдуулж нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулах аж. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг.
Энэ жилийн бүтгэлийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Нийслэлийн Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд тусгаар тогтносон улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой чухал бүртгэл гэж үзэх хэрэгтэй. 18-50 насны бүхий л эрчүүдийг цэргийн алба хааж үүргээ биелүүлэх боломжийг хангаж өгөх, бэлтгэл ажлаа хангахын тулд энэхүү бүртгэл явагдаж байгаа. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөөд байна. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана” хэмээлээ.
Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар цэргийн тоо бүртгэлийн ажлын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг энэ үеэр хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
-
2017 оны 1 сарын 02
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудаараа мэдээлэл хийлээ.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.
Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюулд өртөж угаартсан 1 хүнд эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалав.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас томилогдсон Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдийн пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавьж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсний үр дүнд эрүүл мэндээрээ хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дээрхи хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослын нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Утаа хүчрэгдэхээ байсны үндсэн НЭГ шалтгаан бол нийслэлд маань хүн амын хэт бөөгнөрөл бий болж, ачаалал хэрээс хэтэрсэн үзэгдэл. Үүний гайгаар УТАА төдий биш, ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ЦАХИЛГААН, ЦЭВЭР УС болон ДУЛААНЫ хүрэлцээгүй байдал, АЖИЛГҮЙДЭЛ гэх мэт олон сөрөг дагавар бий. Угаас энэ Дөрвөн уулын дундах зай маань хязгаартай, хоёр саяас хол илүү хүн суурьших боломж багатай.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шинэ оны А/01 тоот захирамжаа өнөөдөр гаргалаа. Уг захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ жилийг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлажээ.
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг мөн захирамжаар баталжээ. Төлөвлөгөөнд иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусгаж танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод /2016.12.28/-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна. Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн болно. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентийн тухай, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиудаар оюуны өмчид халдсан, оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага, түүнтэй холбогдох бусад харилцааг тодорхой хэмжээнд зохицуулсан боловч оюуны өмчийн зөрчилтэй холбогдох хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгох, зохиогч, бүтээл туурвигчийн шинэ санаачилга, бүтээлч эрэлхийллийг бий болгох, цаашид оюуны өмчийн зөрчлийг бууруулах замаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийг шударга өрсөлдөөнөөр хангаж, эрх, үүргийг тодорхой болгох, оюуны өмч зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд авах арга хэмжээг тодруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.
Тус хуулийн төслийг боловсруулахдаа Япон, Исланд, Ирланд, Канад, Өмнөд Солонгос, Польш, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Энэтхэг, Герман, АНУ, Гүрж зэрэг өргөн нэвтрүүлгийн чиглэлээр бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс орнуудын туршлагыг судалсан бөгөөд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан өргөн нэвтрүүлгийн харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Мөн тэрбээр өнгөрөгч 2016 онд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулсан дүнгийн тухай танилцуулга хийж, “Өнгөрсөн онд 24 удаа Шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, нийт 205 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Цаг үеийн ажил, үйлчилгээний талаар 49, шийдвэрийн хэрэгжилт, сахилга хариуцлагын талаар 35, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаар 58, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тохижилтын талаар 63 үүрэг даалгавар өгөгдсөнөөс хэрэгжилт 91 хувьтай гарсан байна” гэв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Улаанбаатар хотын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн хоногуудад өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэглэлд шилжин ажилласан. Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9641 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн өдрүүдтэй харьцуулах 58.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газар нийтийн хэв журам сахиулан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1064 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж ажилласан. Мөн баярын өдрүүдэд болсон “Монгол төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх”, “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүн зэрэг 19 удаагийн арга хэмжээний үед цагдаагийн 828 алба хаагч хэв журам сахиулж хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн” гэлээ.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4347 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй 1606 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 112 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 841 зөрчил илрүүлсэн байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.
НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр шинэ оны эхний 10 хоногт хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 145 удаагийн дуудлага ирснээс объектын гал түймрийн 130 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагатай байлаа. Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд гарсан томоохон хэмжээний гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа” гэв.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2017 оныг бид “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон” зарлаж байна. Энэ жил бүхэлдээ ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх жил болж байна” гээд 2017 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээгээр хэрэгжих ажлуудын задаргааг энэ долоо хоногт багтаан Бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх, 2017 онд улс, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк нь байгаль орчинд ээлтэй байх эрхэм зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа. Зорилгодоо хүрэхэд төлөвлөн хийж байгаа ажлуудын нэг нь цэвэрлэгдсэн усыг эргүүлэн ашиглах явдал юм.
Паркийн газар доорхи инженерийн шугам сүлжээ нь хонгилын системтэй, хонгилын системд цэвэрлэгдсэн усыг буцаан ашиглах шугам төлөвлөн “Элста” ХХК-аар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн дуусах шатандаа явж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгээр зохион байгуулсан “Стандартчилал, чанарын баталгаажуулалт” сэдэвт 45 хоногийн сургалтанд мэргэжилтнээ хамруулсан аж.
Монгол улсын стандартад цэвэрлэгдсэн усны стандарт боловсруулагдсан боловч цэвэрлэгдээд гарсан усыг юунд ашиглах нь тодорхой бус байгаа тул дээрхи стандартыг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэхээр 2017 оны зорилгодоо тусгаж, Стандартчилал хэмжил зүйн төвд захиалгаа хүргүүлсэн байна.
Мөн Бүгд Найрамдах Энэтхэг улс болон Азийн зарим орнуудын туршлагаар цэвэрлэх байгууламжаас гарах усыг байгальд нийлүүлэхээс өмнө загас үржүүлж, усны чанарыг хянахын тулд ерөнхий төлөвлөгөөндөө цэвэрлэх байгууламжаас гарах хэсэгт цөөрөм төлөвлөсөн байна гэж Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн паркаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдан тогтоол баталж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн билээ.
-
2017 оны 1 сарын 02
Шинэ оны эхний өдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн гурван амаржих газар нийт шинээр 23 хүүхэд мэндэлжээ.
-
2017 оны 1 сарын 02
Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд дөрөв хоног амарсан.
-
2017 оны 1 сарын 02
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын асуудал болон бусад асуудлаар яг одоо хуралдаж байна.
-
2017 оны 1 сарын 02
АН-ын шинэчилсэн бүртгэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ноос орон даяар эхэлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 02
УИХ-аас өнгөрсөн 2016 онд өргөн баригдсан хэд хэдэн шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн хэрэгжсэн хуулиудыг танилцуулж байна.
-
2017 оны 1 сарын 02
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/308 дугаар тушаал, мөн үүрэг хүргүүлэх тухай 2016 оны 1/2553 дугаар албан бичгийг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нар тушаал, шийдвэр гарган бие бүрэлдэхүүнд баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангах, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, анги байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх талаар тодорхой үүрэг даалгавар өгч ажилласан байна.
Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2017” шинэ жилийн цэнгүүнд зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл явуулахад нийт 124 албан хаагч, гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын 7 авто машинтайгаар хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлыг хангуулан, арга хэмжээний үеэр аврах, гал унтраах томилгоот бүлгүүдийг ажиллуулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилласан.
Баяр, амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд бичил уурхайд агааргүйдсэн, ногооны зооринд угаартсан, цасанд болон мөсөнд цөмөрсөн, ахуйн осолд орсон 15 иргэнийг авран эмнэлгийн анхны тусламж үзүүлж, осолдсон 4 хүний цогцсыг гарган эмнэлэг, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгөв.
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийтдээ объектын 26 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Үүнд:
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 18 тоотод 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан гал түймэрт иргэн Х (72 настай, эмэгтэй), Б (58 настай, эрэгтэй), Ц (6 настай, эрэгтэй) нар угаартсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүлүүд болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллалаа.
Энэ хугацаанд аврах, шуурхай албаны болон гал унтраах нийт 967 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 2188 албан хаагч (давхардсан тоогоор) жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэсэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Мөнгөтийн Ар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км/, иргэн Б, автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч, суусан тухай дуудлагыг 2016.12.31-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
-
2017 оны 1 сарын 02
Тавантолгойн гэрээг үзэглэх асуудал өнгөрсөн оны сүүлээр дэгдэж, дуулиан тарисан. Засгийн газраас Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулж удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ч үүнийг эсэргүүцэх гишүүд болоод нам эвслүүд олон байгаа юм. Монголыг 100 жил тэжээх ордыг маш муу хувилбараар өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн байдлаар гэрээг үзэглэх гэж байгаа тухай дуулиан ч хөвөрч байгаа юм. Харин эрх баригчид Тавантолгойн гэрээг монголд ашигтай хувилбараар хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа бол Ардчилсан намаас хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, МАН-ынхан тавантолгойн гэрээг Ч.Сайханбилэг нарын оруулж ирсэн гэрээний хувилбараас ч муу байдлаар хийх гэж байгааг мэдэгдсэн. Түүнчлэн Тавантолгойн гэрээг үзэглэх бол ард түмнээс асуух ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний талаарх намуудын эсрэг, тэсрэг байр суурийг ”24 VS 24” буландаа онцолж байна.