-
2016 оны 12 сарын 26
Хүн болгон, байгууллага болгон шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд аврагч залуус маань асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулах сайхан санаачлага гаргажээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн дэслэгч Н.Идэр захирагчтай хоёрдугаар салааны залуус шинэ жилийн үдэшлэгт оролцох зардлаараа “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын 51 хүүхдийг баярлуулсан байна. Тус асрамжийн газар нь Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байрладаг аж.
12-26 идэр-1
Дэслэгч Н.Идэрийн хувьд өнгөрсөн жил гэр бүлээрээ хүүхдүүдэд хувцас, тоглоом, ном, дэвтэр авч өгч баярлуулж байжээ. Харин энэ жил ажлынхандаа өөрийн санаачилсан сайн үйлсээ дуулгаснаар залуусын дэмжлэгийг авч, 12 албан хаагч хамтран ийнхүү хүүхдүүдийг баярлуулсан байна. Аврагч залуусын энэхүү санаачлагыг тус хорооны дэлгүүрийн хамт олон бас дэмжиж, бэлгээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн гэнэ.
12-26 идэр
Сайхан үйлсийг санаачлан, хүүхдүүдэд сэтгэлийн бэлгээ илгээсэн аврагч залуустаа баярлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтэд хүргэж буй “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэд судлаачдын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.
“Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” бүтээлийн тухай
Уг бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ы судалгааг шинэ шатанд гаргахад судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох юм.
Монгол туургатны язгуур эх түүх, үндэсний хэл бичиг, ардын билиг зүй, эртний утга зохиол, монгол хүмүүний ёс заншлын их нэвтэрхий толь бичиг, уламжлалт оюуны соёлын хосгүй гайхамшигт туурвил болох “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, эл сурвалж таван тивд түгэн тархжээ. Эдүгээ вьетнам, румын хэлээр орчуулж байгаа аж. Энэ баримтаас харахад “Монголын нууц товчоо” хэмээх монгол туургатны оюуны нандин сурвалж монголчуудаар овоглосон дэлхийн бүтээл болсон байна. Бас комикс цуврал, брайль үсэг, жүжиг хэлбэрээр ч олны хүртээл болжээ.
2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд “Монголын нууц товчооны каталоги” сэдэвт төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд “Дэлхийд түгсэн МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” хэмээх энэхүү бүтээлийг хэвлүүлжээ. Уг номыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран бүтээжээ. Төслийн удирдагчаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар ажилласан. Эл бүтээл эдүгээ дэлхий дахинд гарсан “Монголын нууц товчоо”-ны холбогдолтой бие даасан номын товч танилцуулга төдийгүй уг сурвалж дэлхий дахинаа түгэн тархсаныг батлан харуулах бодит баримтын цоморлог юм. Тус цоморлогт “Монголын нууц товчоо”-ны судалгааны бүтээл, орчуулга хөрвүүлэг, хялбаршуулсан номыг аль болох давхардуулахгүй оруулжээ. Ялангуяа гадаадад хэвлэгдсэн бүтээлийг бүрэн хамруулахыг чухалчилсан байна.
Номын тайлбарыг кирил, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, зарим бүтээлийн галиг, хөрвүүлэг, орчуулгын онцлогийг тодорхой харуулах үүднээс “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлийг үлгэр болгон хавсаргажээ. Мөн уг сурвалж бичгийн холбогдолтой марк, тэмдгийг шигтгэн оруулсан байна.
“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн тухай
“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн онцлог нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч булан бүрээс тус толийн толгой үгийг бүтээх боломжтой болж байгаа тул хүн бүр эх түүхээ бүтээхэд хувь нэмрээ оруулах, эцэг өвгөдөөс мэдсэн мэдлэгээ үлдээх боломж бүрэн нээлттэй боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийг сүүлийн жил гаруй хугацаанд хийж дуусгасан байна. Төслийн гүйцэтгэгч багийн ахлагчаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор С.Чулуун ажилласан юм.
Тус төсөл нь агуулгын хувьд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх 800 мянган жилийн Монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтэнүүд, түүхийн үйл явдал, үйл явцыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын үндсэн суурь судалгаанд үндэслэн, олон хэлний сурвалж эх хэрэглэгдэхүүн, архивын баримт, аман түүхийн мэдээлэл ашиглаж шинжлэх ухааны судалгааг үндэслэн олон нийтэд түүхийг цогцоор нь, үнэн зөв ойлголт өгөх, эх түүхийн мэдлэгийг өргөжүүлэх, түүхийн судалгааг өргөн олонд хүртээмжтэй байлгах үүднээс хийгдсэн байна. Монголын түүхийн цахим тайлбар толь нь түүхийн судалгааны хамгийн сүүлийн үеийн болон хамгийн бодитой судалсан эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн болно. Түүнээс гадна Монголын түүхийн аливаа асуудлыг судлахад монголын байр суурь, монголын судалгааны чиг хандлагыг зөв харахад томоохон түлхэц өгөх ажил болжээ.
Тус тольд эхний удаад нийт 999 толгой үгийг багтаасан бөгөөд урьд өмнө ийм том хэмжээний монголын түүхийн толь бичиг Монгол улсад ч, дэлхийн улс орнуудад ч гарч байгаагүй болно. Уг толь нь анх удаагаа орчин үеийн монгол үсгээс гадна хуучин монгол бичиг, аудио хэлбэрээр хийгдэж байгаа нь хэн бүхэнд илүү сонирхолтой болох бөгөөд хамрах хүрээг өргөжүүлсэн байна.
Тус түүхийн тольд нийтдээ 2000 гаруй гэрэл зураг, түүхийн баримт, эх сурвалжийг багтаасан бөгөөд 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших эх сурвалж, ном, өгүүлэлийн нэрсийг бас багтаажээ. Уг төсөл нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнд түшиглэн тасралтгүй үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 5000 толгой үгийг бүтээхээр зорьж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн, эх хэл, соёл, түүхийн чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга; хэрэгжлүүлсэн төсөл, хөтөлбөр:
Олон улсын монголч эрдэмтний X, XI их хурлыг дэмжин холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан.
”Монгол судлалыг дэмжих сан” байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн.
”Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг гаргасан.
Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтсон.
Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтдийн эрхэлсэн Монголын түүхийн цуврал зохиол: ” А.Амарын ”Монголын товч түүх” тэргүүтэй “Монгол эх түүх” 7 ботийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын “Монгол хэлний их тайлбар толь” төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачдын, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
Рашид-Ад-Диний “Шаштирын чуулган” бүтээлийг монгол хэлээр орчуулан гаргах ажлыг дэмжиж ажилласан.
Хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан. Уран дархны урлагийг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайханы ”Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; ”Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл; ”Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат киног бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн хүү, туульч А.Балдандорж, нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, цуурч Б.Наранбат нарын монгол тууль, цуурын уламжлалыг үргэжлүүлж буй хичээл зүтгэлийг дэмжиж, үндэсний соёлын өвийг дэлгэрүүлэх зорилгоор “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлсэн.
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Эх хэл, түүх, соёлоо судлах хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гаргасан.
-
2016 оны 12 сарын 26
Монголын зэс корпораци Орхон аймгийн хүүхдийн төлөөх газруудад бэлэг, 10 сая төгрөгийн хандив өглөө
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Монголын зэс корпорацийн удирдлагууд Орхон аймгийн бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулж, баярын үйл ажиллагаанд нь оролцлоо. Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар тус төвийн хүүхдүүдийн амьдрал байдалтай танилцаж, авъяас билэг, сурлага хөдөлмөрөөрөө манлайлагчдыг магтан урамшуулсан юм. Хэдийгээр эцэг эхээсээ өнчирч хоцорсон ч багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчдын хайр аламжинд өсч, хэнээс ч дутахгүй яваа эдгээр хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байгаад талархлаа илэрхийллээ.
М.Мөнхбаатарын яриа
“Энэрэл” төвд өнөөдрийн байдлаар 39 хүүхэд сурч хүмүүжиж, амьдарч байна. Мөн сурган хүмүүжүүлэгч, багш, тогооч, жолооч гээд нийт 20 орчим хүн ажилладаг. Анх 1992 онд долоон хүүхэд хоёр ажилтантай байгуулагдаж байсан “Энэрэл” төвөөс нийтдээ 500 гаруй хүүхэд сурч төлөвшин, амьдралд хөл тавьсан байна. Тэдгээрээс гадаад дотоодын их дээд сургууль, МСҮТ-д 27 хүүхэд суралцаж төгссөн ажээ. Сонирхуулахад Эрдэнэтийн “Энэрэл”-ээр овоглосон нэг ч хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нь энэ төвийн үйл ажиллагаанд тавьсан сайн дүн гэлтэй.
Шинэ жилийн цэнгүүний үеэр тус төвийн авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо сонирхуулж, хөгжөөнт тоглоомоор өрсөлдөн, нэг өдрийг баяр баяслаар дүүрэн өнгөрүүллөө.
Үүний дараа Монголын зэс корпорацийн удирдлагууд Эрдэнэт хот дахь Саажилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус төвд нийт 25 хүүхэд хүмүүждэг бөгөөд ердөө тавхан багш ажилтан хариуцдаг нь асрамж шаардлагатай эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамж, хамгаалалтын наад захын шаардлага хангахааргүй хэт жижиг байранд, агаар, орон зайн хомсдолтой орчинд эдгээр хүүхдүүд хүмүүждэг юм байна. Байгууллагын зүгээс өргөтгөл хийлгэхээр зураг төслөө гаргаж, 150 сая төгрөг шаардлагатай гэдгээ холбогдох байгууллагад мэдэгдсэн боловч шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөлгүй өдий хүрчээ. Харин Монголын зэс корпорацийнхан байрны өргөтгөлд зориулж 10 сая төгрөгийн хандив өргөөд, ирэх жилд багтаан асуудлыг шийдвэрлэж өгөхөө амлалаа.
Хайр халамж, анхаарал хамгийн их хэрэгтэй байгаа эдгээр хүүхдүүдийн сурч хүмүүжих орчинд ийнхүү дэмжлэг үзүүлсэн нь Монголын зэс корпорацийн ирээдүйд дэвшүүлсэн таван зорилтын чухал хэсэг болсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын нэгэн жишээ юм. Эрдэнэт үйлдвэр үндэсний компани болсноор иргэдийн нийгмийн асуудалд энэ мэтчилэн анхаарал хандуулж, шийдвэрлэх ажлууд ар араасаа хөврөх биз ээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
-
2016 оны 12 сарын 26
Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.
Барилдаанд 224 бөх хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын харцага Н.Түвшинбаяр, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Улсын начин Б.Амарзаяа нар шалгарсан байна.
-
2016 оны 12 сарын 26
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийнд гал гарч, гэр нь шатсан тул Замын цагдаагийн албанаас дээрх алба хаагчдаа дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглууллаа. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 26
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлыг талааралаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ. АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дөрвөн хувь эрсдэлтэй. Үүний хоёр хувь нь төрийн өмчийн компаниудад олгосон зээл эзлэж байна гэсэн юм. Мөн Төрийн банкны асуудлаар МАН-ынхан улс төржиж байна гэв.
-
2016 оны 12 сарын 26
Сүүлийн хоёр жилийн хугацаанд ББСБ-уудын тоо 250 дахин өссөн хэдий ч зээлийн чанар 20 хувь муудсан үзүүлэлт гарчээ.
-
2016 оны 12 сарын 26
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх дөрөвдэхь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хурлын эхэнд нотлох баримтуудыг шинжилсэн бол дөнгөж сая дуусч шүүмжлэлийн шатандаа орлоо. Харин үүний дараа шүүгдэгч нар үгээ хэлнэ.
-
2016 оны 12 сарын 26
Хилийн боомтуудын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тэнд ажиллаж, амьдарч буй иргэд төр засгийн байгууллагуудад тавьсаар ирсэн.
Тэгвэл Гашуун сухайтын боомтын байгаль орчин, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна.
Ажлын хэсгийнхэн Боомтоор гарч байгаа авто тээврийн хэрэгслээс тодорхой хураамж авч тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ингэхдээ эрх зүйн хэм хэмжээг гажуудуулалгүй хэрэгжүүлэх хэрэгтэйг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
-
2016 оны 12 сарын 26
Улаанбаатар хотын утааны эсрэг нэгдсэн эцэг эхчүүд яг одоо Сүхбаатарын талбайд жагсаж байна.
-
2016 оны 12 сарын 26
Туул голын сав газар нутагшуулсан 38 минж 2014 онд зургаа, 2015 онд долоо, 2016 онд 13 нийт 26 үр төл гаргаж жилийн эцэст 64 минжтэй болжээ. Энэ нь хоёр жилийн дотор хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 оноос тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд минж нутагшуулах санаачлагыг гаргаж, төсөл хэрэгжүүлсэн билээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо Гачуурт тосгоны нутаг Туул голын ай сав газар Германы Баваар мужаас долоон хос 14 толгой, ОХУ-аас 12 хос буюу 24, нийт 38 минжийг нутагшуулснаар минж үржүүлгийн төсөл албан ёсоор эхэлж байжээ.
-
2016 оны 12 сарын 26
Улсын Филармониос зохион байгуулдаг шинэ жилийн баярт зориулсан хамгийн олон уран бүтээлчдын баг бүрэлдэхүүнтэй “Snow MeLody” тоглолт 2016 оны 12-р сарын 23-нд Соёлын төв өргөөнд II дахь жилдээ үзэгч, сонсогчдынхоо нижгэнэсэн алга ташилт, баярын уур амьсгал, сэтгэл хөдлөлийн дунд амжилттай тоглогдлоо.
Тус тоглолтод урилгаар Хөдөлмөрийн баатар, АЖ Б.Зангад “Сүлд модны наадам” уран бүтээлээ дуулж, Зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа өөрийн “Хайрласан сэтгэл” дуугаа Морин хуур чуулгын “Ятгын квартет”-тэй дуулсан нь үзэгч, сонсогчдодоо барьсан нэг том бэлэг байлаа. Мөн улсын Филармонийн нэгдсэн найрал хөгжмийн шинэ жилийн дууны цоморлиг бүтээлүүдүүд нь тоглолтын чимэг, гол онцлог болж байлаа. Ийнхүү улсын Филармонийн уран бүтээлчдийн авьяас чадвар, сэтгэл шингэсэн шинэ жилийн тоглолт үзэгч, сонсогчдодоо хүрч үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
-
2016 оны 12 сарын 26
Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ
-
2016 оны 12 сарын 26
Өмнө нь “Өргөө амаржих газар”, ”Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “СХД-ийн Эрүүл мэндийн төв”, “ХУД-ийн Эрүүл мэндийн төв”-үүдийн хүлээлгийн танхим, үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан билээ.
-
2016 оны 12 сарын 26
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейгээс “МОНГОЛ УЛСЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА” үзэсгэлэн, үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын музей, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран оролцож байгаа юм.
Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бол тэртээ 105 жилийн өмнө Монголчууд Манж чин гүрнээс тусгаарлаж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд залж нийт даяар хөл хөөр болж байсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ. Эл тэмдэглэлт өдөрт Богд хааны ордон музейн зүгээс ач холбогдол өгч жил бүр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж түүхэн гавьяаг сурталчлан таниулдаг уламжлалтай.
Тус өдөр эх орныхоо түүх, соёлыг дээдлэн хайрлагч, түүхч судлаачид, үндэсний үзэлт сэхээтнүүд, үзэгч олон музейд хүрэлцэн ирж түүхэн гавьяаг дурсан санадаг юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд, Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг дэлгэхээс гадна урьд өмнө нийтлэгдэн дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургуудыг ч анх удаа дэлгэн үзүүлэх гэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Түүнчлэн гэрэл зурагт дүрслэгдсэн Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцас, эд хэрэглэлээс ч мөн тус үзэсгэлэнд дэлгэж үзүүлэх юм.
Мөн үйл ажиллагааны хөтөлбөрт хаан хатны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа явагдах ба үргэлжлүүлэн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан урьд өмнө судлагдаж олон нийтийн хүртээлд хүрч байгаагүй Богд хааны нэгэн намтрыг анх удаагаа цугларсан хүмүүст танилцуулж лекц унших гэж буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог арга хэмжээ болох юм.
Үйл ажиллагааны төгсгөлд “Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” гэсэн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хэлэлцүүлгийг ШУА-ын ОУХХүрээлэнгийн эрдэмтэн Монгол улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан хөтлөн явуулах юм.
-
2016 оны 12 сарын 26
Нийслэл хотын хөгжлийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, аж ахуйн салбараас 27 хүнийг тодрууллаа. Ингэхдээ тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой ажиллаж, онцгой амжилт гаргасан, шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотын иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, хамт олондоо нэр хүндтэй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа. Нийслэлийн 2016 оны Хөдөлмөрийн аваргаар дараах иргэд шалгарлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НЗДТГ-ын Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах нэгжийн ахлах байцаагч Ц.Жаргалмаа
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын ХУД-ийн криминалистикийн шинжилгээний тасгийн мэргэшсэн шинжээч П.Мөнхтогтох
НОБГ-ын Аврах ангийн Эрэн хайх салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч А.Бямбадорж
ХУД дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, ахлах ахлагч Ж.Энхтүвшин
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн архитектор П.Энхбаатар
СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн багш Ө.Сарантуяа
БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн арга зүйч Х.Саруул
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Оюунбат
Хүрээ амаржих газрын эх баригч Я.Мядагмаа
“Энэрэл” эмнэлгийн Сувилахуйн албаны дарга З.Энхтуяа
БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Батхүрэл
ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ
“Автобус нэгдэл” ХХК-ийн хүн тээврийн жолооч М.Пүрэвдорж
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын машин механизмын оператор Ц.Ганбаатар
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ц.Энхжарантай
Улаанбаатар хотын “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн гэрлийн мастер Б.Зундуй
Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч Ц.Цогтбаатар
“Туяарах” гоо сайхны салоны захирал Б.Сувдмаа
“Монголын шинэ тосгон” хөдөлгөөний тэргүүн К.Марина
itoim.mn сайтын Ерөнхий редактор Г.Улсболд
“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Засварын нэгдсэн албаны насосчин, засварчин П.Очирбат
“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны засварчин Д.Түмэнжаргал
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч М.Дашдаваа
“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
“Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэнд
-
2016 оны 12 сарын 26
Монгол Улс 2014 онд дундаас дээш орлоготой орны тоонд багтсан боловч 2015 онд дундаас доогуур орлоготой орны ангилалд шилжээд байгаа талаар Үндэсний Статистикийн Хорооноос онцолсон байна. Үндэсний Статистикийн Хорооны тооцоолсноор 2015 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр, мөн Дэлхийн банкны атласын аргаар тооцсоноор 4177 ам.долларт хүрсэн байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийн төсөөллөөр Монгол Улс нь дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд орохоор зорьсон байдаг. Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2014 оны байдлаар 34.7 хувь байгаа нь нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор Монгол Улстай төстэй Армен, Шри Ланка улсынхаас 6.1 болон 4.1 пунктээр их байна. Харин дэлхийн дунджаас 7.1 пунктээр их байгаа ажээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцийг бүс нутгаар авч үзвэл, Хойд Америкийн орнууд, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон Европ, Төв Азийн улсуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 65-аас илүү хувь нь үйлчилгээний салбарт ногдож байна. Монгол Улсын хувьд ч үйлчилгээний салбарын цар хүрээ үйлдвэрлэлийнхээс хурдацтай нэмэгдэж, 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50.5 хувь, 2015 онд 51.1 хувь болжээ.
Хэдий тийм боловч Монгол Улсын өрсөлдөх чадвар cүүлийн дөрвөн жил харьцангуй тогтвортой буюу өрсөлдөх чадварын индекс 3.7-3.9 хооронд байсан ба 93-107 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Үүнд макро эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн хөгжил, инноваци, бизнесийн шинэ санаа зэргийн үзүүлэлт тааруу байгаа нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Монгол Улсад бизнес хийхэд тулгардаг гол асуудлуудад Засгийн газрын хүнд суртал, гадаад валютын зохицуулалт, ажиллах хүчний чадвар муу, инфляцын түвшин, бодлогын тогтвортой бус байдал зэрэг нь голлох таван хүчин зүйлд орсон байна. Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээг 17 мянга 500 ам.долларт хүргэх, хүний хөгжлийн үзүүлэлтээр эхний 70-д багтах, өрсөлдөх чадварын индексээр эхний 70-д багтах, ядуурлын бүх төрлийг эцэс болгох, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 улсын нэг болох зорилтыг дэвшүүлсэн юм.
-
2016 оны 12 сарын 26
Монгол улсын гавьяат тамирчин,уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа.
Тэрбээр өнөө өглөө буюу УБ-ын цагаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 цаг 57 минутад Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/ оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа цэнгүүлжээ. Чили улсын цагаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьжээ.
Өндөрийн салхи ихтэй байсан байна. Одоо оргилоос бууж High camp буюу өндөрийн бааз дээр бууж ирээд буй бөгөөд удахгүй доошлох болно гэж танилцууллаа.Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа
-
2016 оны 12 сарын 26
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригийн 22.00 цагт түр завсарласан билээ. Харин өнөөдөр тус шүүх хурал 10:00 цагт эхэлж, үргэлжилэн явагдаж байна.
Өнөөдрийн шүүх хуралд хэргийн нотлох баримтыг шинжлэх ажиллагаа үргэлжлэн явагдах аж. Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг бүрэн шинжилж дуусаагүй учраас ийнхүү энэ долоо хоногт үргэлжлүүлэхээр болжээ.
Эдгээр өдрүүдэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаж, шинжээчдийн дүгнэлтийг сонсож аж. Мөн шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт хуулийн дагуу нууцын зэрэглэлтэй явагдана.
-
2016 оны 12 сарын 26
Утааны эсрэг ээж, аавуудын холбооны санаачлагаар утааны эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон. Уг жагсаал энэ өдрийн 12.00 цагаас 14.00 цагийн хоооронд Сүхбаатарын талбайд болно.