Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

17 18 19 20 21 22 23
  • Боловсролын сайд асан Л.Гантөмөр Мүүний шашинд 73 саяыг зарцуулсанаа тайландаа тусгажээ
    2017 оны 1 сарын 29
    Лу.Гантөмөр Мүүний шашины нэгэн урсгал болон АНУ-ын зөгнөлт зохиолч Рональд Хаббордын 1950 аад оны үед үүсгэн байгуулсан Сиентологийн шинжлэх ухаан гэх гаж сектэд Монголын 24700 багш сурган хүмүүжүүлэгчид, арга зүйч, удирдах ажилтануудыг , бас сурагчдыг сургасан болохыг олж мэдсэн юм...Харин өнгөрсөн жилийн 4 р сараас эхлээд ”Монгол дахь Мүүн ажиллагаа-3” нэвтрүүлгийг хорьсоноор Лу. Гантөмөр санаа амар УИХ-д нэр дэвшсэн билээ.
  • Алтан зулын өвчин ба санхүүгийн луйвар
    2017 оны 1 сарын 28
    ...Учир нь алтан зулын оронд металл алт, цалин мөнгө, түүний дотор төрөл бүрийн ашигт малтмал байсан ч ялгаагүй “хөгийн өвчин” тусгадагт асуудлын мөн чанар оршино. Ингээд өмнө нь хэсэг хэсгээр нь орчуулан хүргэж байсан мөнөөх номын нэгэн бүлгээс танилцуулж байна…
  • АН-ын “Дарга” тодруулах сунгаа
    2017 оны 1 сарын 27

    АН-ын “Дарга” тодруулах сунгаа

    “Ардчилсан нам хэдийгээ уралдуулж гэнэ ээ”, “Аа, шоудаж л байгаа биз, “Хэн ч гарсан ялгаагүй, маньд ямар хамаа байх вэ” гэх яриа Хорьдол Сарьдаг, Шишгэдийн хотгорын Улаан-Уулаас Өмнийн говийн Ханбогд хүртэл амнаас ам дамжин цуурайтсаар байгааг уншигч та сонсож суугаа байх. Аяга цайны хийц, халбага пивоны хачир болсон Ардчилсан намын даргын сунгааны чухам учир юу юм бэ? Ойрын хэд хоногийн үгийн дам, ярианы цуурайг анирдвал үнэн учрыг олж голчтой дүгнэлт өгөх хүн ховор, өөр өөрийн таамгаар барагцаалсан дүн тавих төдийгөөр хязгаарлагдана. Улс төрийн үйл явцын талаар хачиргүй тайлбарлах, бодитой дүгнэлт мэдээлэл олгох үйл ажиллагаа эрдэмтэн судлаачид, төрийн байгууллага, нам, иргэний нийгмийн хувьд хязгаарлагдмал хүрээнд байгаа тул арга ч үгүй биз ээ. Ийнхүү идэр есийн эхээр цуурайлсан их мэдэхийн уралдааны амттай нэгэн сэдэв нь Ардчилсан намын даргын сунгаа байлаа.

    - Намын даргын албан тушаал ямар ач холбогдолтой вэ?
    - Намын даргын сонгууль явуулдаг олон улсын болоод дотоодын ямар туршлага байна вэ?
    - Ардчилсан намын даргын сонгуулийн ач холбогдолтой болоод бодууштай талууд нь юу вэ?
    - Ардчилсан намын даргын сонгуулиас юу хүлээх вэ?

    Хэмжээгүй эрхт хаант засаглалтайгаас бусад улс оронд нам бол засаглах эрх мэдлийг олж авах үйл явцын албан ёсны оролцогч байдаг. Тэгэхээр нам манай улсын төрийн байгууллын зайлшгүй хэсэг болж таарах нь. Манай төрийн тогтолцоон дахь нам төр хоёрын харилцан хамаарал, намын дарга чухал хүн болох тухайд сийрүүлье.
    Америк зэрэг зарим ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудад намын дарга бол тийм ч ач холбогдолтой албан тушаал биш дотоод бүтэц зохион байгуулалтыг удирдлагаар хангадаг зохион байгуулагч л байдаг. Тиймээс заавал нийтийн сонгуулиар тодруулаад байх шаардлагагүй, харин ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулдаг.
    Парламентын засаглалтай улс оронд улс төрийн сонирхлыг төрийн байгууллын төвшинд тусгаж үздэг Их Британи түүний загварыг ашигласан хамтын нөхөрлөлийн орнуудын буюу Вестминстерийн, Холбооны Бүгд Найрамдах Герман тэргүүтэй улсуудын Боннын хэмээх хоёр үндсэн загвар байдаг. Вестминстерийн системд төрийн үйл ажиллагааны мөн чанар бол улс төрийн бодлого гэдгийг хүлээн зөвшөөрч, сонгуульд ялсан нам төрийн хууль тогтоох, гүйцэтгэх бүх эрхийг эдэлдэг. Харин “Бонн”-ын системээр эрх мэдэл хуваарилах зарчмыг баримтлах бөгөөд эл зарчмын дагуу парламентын хүрээнд улс төрийн тэмцлийг хязгаарлаж засгийн газрыг тогтвортой байлгах гэсэн хэлбэр юм.
    Вестминстерийн системтэй үед:
    - Парламентын олонх
    - Засгийн газар
    - Ялсан намын удирдлага гурвуул нэг хүний гарт төвлөрдөг.
    Тэр хүн бол “ерөнхий сайд” хэмээх сэтэртэй. Ялсан намын дарга нь ерөнхий сайд байхыг хуульчлаагүй тул харилцан адилгүй ашиглагдсаар иржээ. Уг системийн төгс хэрэгжилт манай улсад 1998 оны Ц.Элбэгдоржийн, 2000 – 2004 оны Н.Энхбаярын, 2006 – 2007 оны М.Энхболдын, 2007 – 2009 оны С.Баярын, 2009 – 2012 оны С.Батболдын, 2012 – 2014 оны Н.Алтанхуягийн толгойлсон засгийн газруудаас харагддаг. Эдгээр тохиолдолд намын даргаа болоод тодорхой хугацааны дараа ерөнхий сайд болсон, ерөнхий сайд болчихоод намын даргын албанд сонгогдсон тохиолдол цөөнгүй бий.
    Парламентад 3-аас дээш намын төлөөлөл сонгогдож, ойролцоо тооны суудал авсан буюу энгийн олонх бүрдээгүй харьцангуй улс төрийн соёл, хариуцлага зөвшилцөл, хяналт тэнцэл шаарддаг “Бонны” системтэй үед Ерөнхий сайдаар тодрогчдын хэн байхыг таамаглах магадлал хамгийн ихдээ 30 % түүнээс хэд дахин бага байдаг. Харин Вестминстерийн системтэй өнөөгийн нөхцөлд хоёр том намын дарга байна гэдэг бол сонгуулийн дүнгээс хамаараад Ерөнхий сайд болох магадлал 40%-тай гэсэн үг юм. Уг нь ялсан намын дарга ерөнхий сайд байхыг хуульчилсан тохиолдолд 50%-ийн магадлал бий болох төдийгүй үлдсэн 50% нь нөгөө намд хадгалагдана гэсэн үг. Энэ логикоор хөөвөл одоогийн явагдаж буй сонгуулиар хэн Ардчилсан намын дарга болно тэр 2020 оны сонгуулийн үр дүнгээс хамаараад ерөнхий сайд болох магадлалтай гэсэн үг. Тиймээс л энэ үйл явц олон нийтийн анхаарлыг татаж таван нэр дэвшигч “ТОД”-роод байгаа хэрэг.

    Намынхаа даргыг гишүүдээсээ эхэлж сонгодог хувилбарыг Монгол улсад анхлан нэвтрүүлж буй тухайгаа Зи дарга нэр дэвшигч нартаа үнэмлэх гардуулах үеэрээ дуулгаад авав. Энд 2 зүйлийг тодруулах хэрэгтэй. 1-рт намын дарга, төрийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийтийн дунд сонгууль явуулж сонгодог жишиг ялангуяа хөгжингүй орнуудад аль хэдийн төлөвшчихсөн. Түүнээс бид суралцах ёстой. 2-рт энэ үйл явц 2016 онд анх эхэлж байгаа юм биш. 1996 онд Монголын Үндэсний Ардчилсан нам даргаа гишүүдээсээ сонгож байсан.
    Францад намын гишүүн гэлтгүй дэмжигчид ч энэхүү сунгаанд оролцон намын даргыг тодорхойлох, ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд намаа удирдан авч явах хүнийг тодруулах арга хэмжээнд шууд оролцдог. Мөн оролцсоныхоо төлөө намын дэмжигч ба гишүүд нь заавал мөнгө төлдөг аж. 2016 оны сүүлийн хагаст Францад сөрөг хүчний Бүгд найрамдах нам дараа жил явагдах ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх хүнийг тодруулах сунгаа явуулж, тус намын гишүүд ба дэмжигчид өргөнөөр оролцжээ. Энэхүү сунгаанд оролцон саналаа өгөхийн тулд Бүгд найрамдах намын дэмжигч, гишүүн бүр намын дансанд хоёр евро төлжээ. Сунгаа хоёр үе шаттай явсан бөгөөд ойролцоогоор сая гаруй идэвхтэй дэмжигч оролцсон байна. Энэхүү сонгуулийг явуулахад Бүгд найрамдах намаас ойролцоогоор 4-5 сая евро зарцуулсан бөгөөд сонгогчдын төлсөн хоёр сая гаруй еврогоор энэ зардлын дийлэнхийг барагдуулсан аж. Ингэснээр дараа жил сонгууль болоход намын дэмжигчдийн ирц өндөр байх баталгааг сунгаагаар давхар авч байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.
    Харин дотоодын түүхийн хувьд сонирхуулбал, Ардчилсан нам 1996 онд хамгийн анх дотоод сунгааг зохион байгуулсан. Намын даргын сунгаанд Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл нар өрсөлдөж, орон даяар сурталчилгаа хийж байсан. Сунгааны явцад Э.Бат-Үүл нэрээ татсан бөгөөд санал хураалтын дүнд Ц.Элбэгдорж дарга болсон. Харин Монгол Улсын хоёр дахь намын дотоод сонгуулийг 2005 онд мөн л Ардчилсан нам зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Р.Гончигдорж, М.Энхсайхан нар өрсөлдсөн. Энэ сунгаа ихээхэн хэл ам дагуулсан, нэр дэвшигч нар тус тусдаа уулзалт хийж намыг хоёр хуваагдах нөхцөл бий болгосон. Энэ өрсөлдөөнд М.Энхсайхан ялж ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн. Энэ сунгааны алдааг давтахгүйн тулд одоогийн сунгаанд нэр дэвшигчдийг нэг баг болгож, сурталчилгааг явуулж буй биз ээ.

    Ардчилсан нам энэ удаагийн сунгаагаа хаалттай хийхээр шийджээ. Хаалттай гэдэг нь зөвхөн гишүүд нь сонгогчоор оролцоно гэсэн үг. Ингэж намын даргаа гишүүдээсээ тодруулахын ач холбогдлын талаар саналаа хуваалцъя.
    Манай ихэнх нам социалист төрийн тогтолцоонд бүрэн зохицсон дайчилгааны шинжтэй, босоо удирдлагатай хатуу гишүүнчлэл бүхий олон түмний намын хэв маягтай байдаг. Энэ төрлийн намын өөр нэг онцлог бол анхан шатны нэгжүүдийн эрх мэдэл, оролцоо хумигдмал байдаг. МАН, АН-ын дүрмээс ч энэ шинжүүд харагддаг. МАН-ын хувьд бүрэн босоо тогтолцоотой бол АН дунд шатны байгууллагадаа эрх мэдлийг өгсөн мэт боловч эцсийн шийдвэрийг ҮЗХ гаргах зохицуулалт оруулж хагас босоо тогтолцоог ашигласан байна.
    Бид чинь хэдэн шат дамжуулж эрх мэдлээ шилжүүлдэг билээ дээ. Аль ч намын дарга Их хурал, төлөөлөн удирдах байгууллагын хурлаа хийхдээ дурамжхан ханддаг. МАН, АН-ы хувьд төлөөлөн удирдах байгууллага намын даргыг сонгож, огцруулах эрх мэдэлтэй байдаг тул арга ч үгүй юм. Үүнийг АН-ын дарга З.Энхболдын 2016 оны УИХ-ын сонгуульд оффшор бүсэд данстай хүмүүсийг АН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдлээсээ ухарч фракцуудын шахалтаар С.Баярцогтыг нэр дэвшүүлсэн үйл явдлаас харж болно. Харин намын Их хурлаас тодорсон дарга харьцангуй аюул багатай. Нийт гишүүдээс сонгогдсон учир намын их хурлын итгэл эс үзүүлэх шийдвэр, төрийн сонгуульд нам ялагдах зэргээс бусад үед “гар газар, хөл хөсөр” амар жимэр зоримог шийдвэр гаргаж ажиллах боломжтой юм.
    Ардчилал олонхийн бус цөөнхийн сонголт боллоо гэх мэт яриа олон нийтийн дунд үе үе сэвэлзэх болсон. Төрийг хүлээн зөвшөөрөх хандлага буурч зарим үед олон нийтийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрддэг нь өнөөгийн нийгмийн үзэгдэл боллоо. Харин Ардчилсан намын даргын сонгууль иргэдийн төрийн байгууллага, улс төрчдөд итгэх итгэл буурсан, гурван сарын зайтай 2 сонгууль явагдаж улс төрөөс залхах шинжтэй байгаа энэ цаг үед ид өрнөж байна. Энэ үйл ажиллагаа 21 аймаг, 9 дүүрэгт уулзалт, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж байгаа нь иргэдэд итгэл нэмж, Ардчилсан намын гишүүдэд урам болж байна. Үүнээс зөвхөн Ардчилсан нам ч биш Монгол даяараа хожно. Ардчилсан дэглэм иргэдийн идэвх, оролцоон дээр тогтдог учир тэр сайн зүйл мөнөөс мөн. Ядаж Ардчилсан нам бид хэдүүлээ вэ гэдгээ мэдээд авчихлаа.
    Хэн нэг нь түрүүнд алхаж, төлөөлөн шийдвэр гаргадаг сүргийн тогтолцоо аль ч нийгэмд нийтлэг. Манай улсын хувьд УИХ-ын гишүүн тодорхой нэг тойргоос сонгогддог учир түүнийг үндэсний хэмжээний улс төрч гэж үзэх боломжгүй. Энэ удаагийн намын даргын сунгааны ашиг тусыг харах юм бол Ардчилсан нам үндэсний хэмжээний 5 лидерийг бий болгож байна. Өмнө нь ямар албан тушаал эрхэлж байсныг тооцохгүйгээр шүү дээ. Ардчилсан намд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч хэрэгтэй нь гарцаагүй үнэн. Нэгэн бүдүүлэг харьцуулалт хийх гээд үзье. Таны ой санамжид Л.Мөнхбаатар гэж гишүүний дүр төрх байна уу? Сунгааны дараа иргэдээс дээр дурдсан УИХ-ын гишүүн одоо өрсөлдөж буй 5-ын нэрийг бичээд эдгээр улс төрчдөөс аль нь танд нөлөөтэй санагдаж байна гэдэг юм уу эрэмбэ тогтоох утгатай асуулт асууж үзвэл сонин үр дүн гарна. Л.Мөнхбаатар гишүүнийг сонгосон тойргийн иргэд нь л үнэлэх байх, улсын хэмжээнд уралдуулбал нөгөө тавын өмнө орох нь юу л бол. Энэ нь нэг хүн тодроод л Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод биднийгээ жаргаачих тухай санааг дэвэргэсэн хэрэг огт биш шүү.

    Судлаачдын санал нэгдэж буйгаар Монгол дахь идэвхтэй ажиллаж буй улс төрийн намууд олон түмний намын хэв маягтай. Олон түмний намын хэлбэр ихэвчлэн социалист, коммунист дэглэмтэй нэг нам ноёрхсон улсад ажиглагддаг. Намын даргын сунгааг хаалттай хэлбэрээр хийж буй тохиолдолд зөвхөн тухайн намын гишүүн саналын эрхтэй оролцоно. Тиймээс гишүүдийн бүртгэл зохион байгуулалттай холбоотой асуудал тулгамддаг. Хатуу гишүүнчлэлийн хатуу сахилга бат, нэгдсэн зохион байгуулалттай байдаг давуу байдлыг ашиглах нэрийн дор намын хуучин удирдлагууд, тодорхой бүлэглэл эрх мэдлээ хамгаалах сонирхол илэрч болох юм. Энэ нь намаас хөөх, бүртгэл эс хийх зэргээр илэрдэг. Тухайн намын албан тушаалтан хариуцлага алдсан бол албан тушаалаас нь чөлөөлөх намын сонгогдох тушаалд дэвших эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зүйл бол бусад БНЗ-тай улсын намуудад байдаг л зохицуулалт. Ер нь нам өөрөө бүртгэл мэдээллээ хариуцаж байгаа үед тэнд нөлөөллөө оруулж өрсөлдөөнд давуу байдал олж авах гэсэн оролдлого зайлшгүй явагдана. Зарим улс оронд намын гишүүнчлэлийн бүртгэл мэдээллийг нь төрийн байгууллага хариуцан гүйцэтгэдэг. Энэ мэт намын цаашдын төлөвшил, нийгмийн сонирхлыг илэрхийлэх үүргийг дэмжсэн зохицуулалтыг бий болгоход холбогдох байгууллагууд анхаарвал илүүдэхгүй. Нэг сайн жишгээ дагуулаад нөгөө саараа засаад явах нь дэвшил биш гэж үү?
    Манайд МАН, АН хоёр л 21 аймаг 330 сум, нийслэлийн 9 дүүрэг 152 хороо зарим газар багууд дээр намын үүр бүхий том бүтэцтэй. Нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, илтгэлүүд дунд намын үүрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, анхан шатны нэгжүүдэд чиглэсэн сургалт семинар тогтмол зохион байгуулах, удирдах болоод дунд шатны (зарим нэр дэвшигчийн хэлж буйгаар бүх шатны сонгуульт албан тушаалтнууд) сонгуульт албан тушаалтныг гишүүдээс сонгодог болох, сонгуульд дэвшүүлэх хөтөлбөрийн санааг нийтээр хэлэлцүүлэх тухай санаа илэрхийлэгдэж байна. Үүнээс дүгнэвэл 2016-2020 оны сонгуульт 4 жилд лав Ардчилсан нам үүрүүддээ түшиглэсэн бодлого явуулах шинжтэй. Тэгэхээр намын шийдвэр гаргах үйл явц мэргэшсэн бус, намын бүхий л шаталсан бүтцээр хэлэлцэгдэж аль болох олон хүний саналыг тусгах үндсэн дээр боловсруулагдана гэсэн үг.

    Хавтгайрсан халамж үргэлжлэх нь дээ. Мөн аймаг, дүүрэг бүрт мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс өөрийн эрх ашгаа тусгахыг чухалчилж намыг талцуулж өмчлөх оролдлого гарсаар л байна. Дов довны хан, вангууд гэж нэршээд байгаа шүүмжлэлт байдал юм даа. Тиймээс юуг гишүүдээсээ асуух уу, юуг шийдүүлэх үү гэдгээ намын үндсэн үзэл баримтлалд хамаатуулан нягталж дүрэм журамдаа тусгах хэрэгтэй.
    Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн ярьж хэлж буй зүйлсийг шинжихэд намын үзэл баримтлалд нөлөөлөхүйц, үндсэн бүтцийг хөндсөн, дүрэм журамд тусахуйц санаачлагууд гарч байна. Жишээлбэл, намын нийт төсвийн багагүй хувийг анхан шатны байгууллагуудын үйл ажиллагаанд зориулах асуудал. Энэ бол дүрэмд зайлшгүй тусгагдаж байж ажил хэрэг болох санаачилга. Дүрмээ одоо сонгогдох даргыг баталгаажуулах 7-р Их хурал гэгчээр эцэслэн батлах тул энэ асуудлыг ярих боломжтой мэт харагдавч ажлын зохион байгуулалт, чиг үүргийн хувьд боломж хомс юм. Дүрмийн ажлын хэсэг, үзэл баримтлалын ажлын хэсэг гээд тус тусдаа бүтэц нэр дэвшигчдийн дэргэд биш бие даасан хэлбэрээр ажиллаж байна. Цаг хугацааны хувьд зэрэгцэн өрнөж буй үйл явдлууд учир ажлын хэсгүүд баримт бичигтээ хэрхэн тусгаж байгааг нэр дэвшигчид нарийвчлан ярих нөхцөл бүрдээгүй. Энэ 5 нэр дэвшигчдээс хэн нэг нь сонгогдож л таарна, тодорхой цаг хугацааны дараа тэр даргаас гишүүд дэмжигчид нь таны дэвшүүлсэн хөтөлбөрт намын нийт төсвийн 40, 50%-ийг намын үүрүүдэд шилжүүлнэ гэсэн яасан бэ, манай үүрт хэдэн төгрөг ирдэг болсон бэ? гэвэл юу гэж хариулах бол? Би болох байлгүй гээд биччихсэн юм аа гэх үү, дүлий дүмбэ оргиж суух уу! Энэ мэт асуудлаас болж нийгэмд хүлээлт үүсгэсэн шинэтгэлийн үйл явц олон нийтийн дэмжлэггүй болох эрсдэл үүсч мэднэ.
    Нэр дэвшигчид ямар хүрээ хязгаарт багтсан, ямар чиг хандлагатай мөрийн хөтөлбөр дэвшүүлэх вэ гэдэг дээр хамгийн түрүүнд ойлголцох нь зөв. Ардчилсан намын даргын сонгуулийн дүрэм, журмын эмхтгэлд энэ тухай заалтууд ч орсон байна. Тэгээд яагаад тохиролцоондоо бүрэн хүрэхгүй байна. Намын дарга болоод санаачлан хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр, өөрийн имиж бүрдүүлэлт, ажлын арга барил, ажлын албаа хэрхэн зохион байгуулах, өрсөлдөгч намуудтайгаа хэрхэн харилцах гээд шинэ, шинэлэг санаагаа өөрийн давуу талтайгаа уялдуулан мөрийн хөтөлбөрөө танилцуулж болно шүү дээ. Одоо бага зэрэг халиад байх шиг. Халихгүй байхаар амтгүй болчихож магадгүй гэж үү? Үгүй ээ. Байх ёстой боломж нь тийм юм чинь яалтай. Үүнд бидний өөрсдийнх нь савны хэмжээнээс том юм хүсэн хүлээдэг сэтгэл зүй ч нөлөөлж байгаа байх.
    Юманд учир, суманд гичир ээ гэж ...

    Ардчилсан намын гишүүдэд атаархчихлаа. Мань мэт нь төрийн сонгуульд л тойргийнхоо төлөөлөл, ерөнхийлөгч болгох хүнээ сонгож байхад тэд төрийн сайд болох боломжтой хүнийг сонгох гээд сууж байх. Хариуцлагатай хандана шүү нөхөд өө. Эрх бүхий албан тушаалтны мэдэгдсэнээр сонгуульд саналаа өгөх эрхээ баталгаажуулахаар шинэчилсэн бүртгэлд 176 000 гишүүн хамрагджээ. Тэдний шийдвэр зөвхөн тэдний шийдвэр биш юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар л тооцоод үзвэл 1 450 000 иргэн санал өгсөн. Аль нам, эвслийг дэмжсэнээр харьцуулахад 40-өөд хувийн дэмжлэгийг Ардчилсан нам авчээ. Сонгуулийн хувилбараас хамаараад парламент дахь суудлын тоо зөрүүтэй гарсан нь мэдээж. Тэгэхээр Ардчилсан намын нийгэм дэх дэмжлэг УИХ-д авсан суудлын тоонд оногдохуйц 11.8 % болтлоо буугаагүй гэдгийг харж болно. Өмнөх сонгуулиудын дүн ч иймэрхүү л хэмжээнд хэлбэлзсэн байдаг. Тиймээс намын даргын сонгуульд санал өгч буй 176 000 гишүүн нийт сонгогчдын 40% буюу дор хаяж 580 000 иргэнийг төлөөлж санал өгч буй гэдгээ санахад илүүдэхгүй. Эрхэм ээ, та өөрөөсөө гадна 3 хүний итгэл үнэмшлийг төлөөлж байна. Тэд та бүхний хүсээд байдагчлан намын батлах авч тоо нэмээгүй ч яах аргагүй тогтвортой бааз суурь. Таны сонголт тэдэнд таалагдвал, сонгосон дарга шинэтгэлийг манлайлж чадвал 2020 онд бүр олуулаа болох боломж байна.
    Аливаа сонгуулийн дараа ялагчийг хүлээн зөвшөөрөх гэдэг сонгуулиа, сонгогчоо хүндэтгэж буй явдал юм. Энэ удаагийн Ардчилсан намын даргаар сонгогдох нэр дэвшигч 50+1 буюу дийлэнх олонхын саналаар сонгогдож чадахгүй л болов уу! Сонгууль нэг шаттай явагдаж байгаа учраас 5 нэр дэвшигч дээр нийт санал хуваагдана. Нэгэнт л 2 эсвэл 3 шаттай сонгууль хийж анхны сонгуулиас хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг ахин өрсөлдүүлж гишүүд дэмжигчдийнхээ олонхоор хүлээн зөвшөөрүүлэхгүйгээс хойш нэр дэвшигчид сонгуулийн дүнтэй эвлэрч ялагч буюу шинэ даргаа дэмжиж ажиллах хэрэгтэйг сануулъя.
    1 сарын 30-нд Ардчилсан намын даргаар олонхийн санал авч сонгогдсон түүнийг дэмжиж ажилласан, итгэж саналаа өгсөн хүмүүсийн хувьд бүх зүйл хөгжин дэлгэрээд л, өвлийн цагаар замын захын зүлэг ургаад ч байгаа юм шиг сайхан мэдрэмж төрж магадгүй л юм. Тэр хүмүүс эргээд нэр дэвшигчийг сонгохдоо ямар шалгуур тавилаа, би чинь улс төрийн талаар ямаршуухан мэдлэг мэдээлэлтэй билээ гэдгээ бодож өөрийнхөө тарыг таньчих хэрэгтэй. Ихэнхдээ яг л таны захиалгын дагуу л сонгогдсон байх вий. Хэн нэгэн улс төрч ирээд мөнгө төгрөг, ууж идэхээр таслахгүй гэдгээ амлаад, маргаашаас л хамт архи уудаг байсан Батаатайгаа төрийн хэргийг зөвлөөд шийдээд явчхаж болмоор санагдвал тэрийг ярьж, амлаж байсан нөхрийг л дугуйлсан байж таарна.
    Мөн иргэдийн улс төрийн боловсролд анхаарал хандуулж ажиллах талаар бараг “А” ч үгүй улс төрийн намуудтай, цэцэрлэг, сургуулийн хичээлийн хөтөлбөрт ёс суртахуун, нийгмийн тухай мэдлэг хичээлийн ганц, хоёр цагийн мэдээлэл өгөхөөс өөр товойлгоод хэлчих зүйлгүй XXI зуунд тууж явна. Үүнийг батлах мэт тоо баримтууд ч байна. 1992 оноос хойших ардчилсан сонгуулиудад саналаа өгөх сонгогчдын ирц оролцоо тогтмол буурч байгаа, ялангуяа орон нутгийн сонгуулийн ирц хэд хэдэн удаа дахин болон нэмэлт санал хураалтаар шийдэгдлээ. Судалгааны байгууллагуудын судалгаанаас үзэхэд, сонгогчдын 70-80 орчим хувь нь сонгуульд оролцоно гэж хариулдаг боловч бодит байдал дээр 60-50 орчим хувь нь саналаа өгдөг байна. Тэгэхээр энэ 5 нэр дэвшигчийн сонгогдсон 1 нь дандаа л зөв шийдвэр гаргаад, улс төрд бугшсан асуудлуудыг шийдээд явчихгүй л болов уу! Бид анхнаасаа тийм шалгуур тавиагүй юм чинь аргагүй. Тэгэхээр ардчилсан намын гишүүд өөрсдөө улс төрийн боловсрол олгох, улс төрийн соёлтой байх, бодлого тодорхойлох бүтцийг намын удирдлагуудаас шаард.


    Нийтлэлч: Хэжилган
  • Төрийн дууллаас ”Адлагдсан” зол гэдэг үгэнд ямар учир байна
    2017 оны 1 сарын 27
    “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Д.Хандсүрэн өнөөдөр Монгол улсын төрийн дууллын үгийг солих хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдэд уламжиллаа. Тухайлбал, төрийн дууллын “Золтой” гэдэг үгийг тохиромжгүй гэж үзэж байгаа аж. Учир нь “золтой” гэдэг нь “Зол” гэдэг нь ядмаг, мөчид гэсэн утга агуулдаг учраас “цогтой” гэдэг үгээр шинэчлэн солих нь зүйтэй гэдгийг “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Д.Хандсүрэн онцолжээ.

    Тэрбээр “Золтой гэдэг үг нь утгын сонсголоороо чихнээ билэггүй. Тиймээс 1960-1991 оны үед хэрэглэж байсан “цогтой” гэдэг үгээр энэ үгийг сольж, шинэчлэх нь зөв” хэмээн үзэж байгаа ийнхүү ярьсан байна.
  • Ардчилсан намын даргын сунгааны бүртгэлийг хэн будлиулав?
    2017 оны 1 сарын 27
    ...Нохойн дуу ойртох тусам багцалсан таван сум шиг эв түнжинтэй байна гэж нийслэлээс “хөтлөлцөөд” гарсан тэд нэгнийгээ намнасан өнгө аястай “мэдэгдлүүд” хийх болжээ. Тэр ч бүү хэл бүртгэлийн ажиллагаанд хөндлөнгийн нөлөө орсон гэдгийг эгэл жирийн гишүүд нь хэлж байна. ..
  • Феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм
    2017 оны 1 сарын 26
    -Эрдэнэтийн 49, ХХБ, нормаль болон Баярцогт офшоор-


    нэг. Хүний эсрэг “Ард түмэн”


    -Ард түмэн бөөн баяр аа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн бидэндээ эргүүлж авах юм байна. Бас ард түмэн биднийгээ баяжуулахын оронд өөрөө баяжсан пяадалуудын мөнгийг офшоороос нь хурааж ирээд ард түмэн бядандаа өгөх юм байна. Ингэж гялайх гэж, ард түмэн бид чинь цулайх нээ...


    Гэхдээ нэг “Но” байна. Эрдэнэтийг ард түмэн л авч байгаагаас биш чи авсан явдал байхгүй. Иймээс, чи яаран баярлах хэрэггүй, ард түмэнд л Эрдэнэтийг өгөх гэж байгаагаас бус чамд ГОК-ийг өгсөн явдал байхгүй. Хэрвээ чи тэндээс аргыг нь олж луйвардахгүй л бол юм олж долоохгүйгээ ойлгох хэрэгтэй. Бас надад ч өгөөгүй учраас наашаа атаархах явдалгүй. Түүнчлэн, офшоорчдийн мөнгийг хураагаад ирлээ гэж бодъё, бас л ард түмэнд ногдохоос чи бид хоёрт ногдохгүй. Үүнийг “Төсвийн түмпэн рүү хийгээд хуваагаад цохичихно” гэхээр илүү ойлгогдох байх. Ингэхэд чи бид хоёрт ноогдоогүй юманд баясахын учир юу билээ.


    Ер нь “Ард түмэн” гэдэг хэллэг ХХ зууны эхээр хувьсгалт хүчирхийллийг дагалдан монгол хэлнээ орж иржээ. Нууц товчоо, Чингисийн сургааль, Ганжуур, Данжуурын орчуулга, Ноён хутагтын сургаалиас энэ үгийг олохгүй. Монгол язгууртны алтан ургийг устгах геноцид бодлогын хүрээнд энэ үгийг зохиожээ. Язгуур угсаагүй, ихэс дээдэс цагаан ястны эрэмбээс гадуур хүнийг заах, “(х)аран” “ард” “хар хүн” гэсэн утга дээр түмэн (олон түмэн, түмэн олон гэж ярьдаг) буюу олон гэдэг үгийг залгаж бүтээсэн хэмээн судлаачид хэлдэг.


    Энэ үгийг хувьсгалт засаглалын зүгээс хувь хүний улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг үгүйсгэх хэрэгслэл болгосон. Хувь хүн(жишээлэхэд Дорж, Бат гэх мэт) гэж байхгүй, чи бол юу ч биш, харин “ард түмэн” байгаа хэмээн сурталдсан. “Ард түмэн ингэж үзэж байна” гээд бууддаг, хөрөнгийг нь хураадаг байсан. Хэлмэгдсэн хүн учир явдлаа очиж тайлбарлах, өршөөл уучлал биечлэн гуйх гэхээр хаана ч ард түмэн гэж юм байхгүй. Үнэн хэрэгтээ хүчирхийлэгч төрийн өөрийнх нь бамбай байсан хэрэг.


    Харин ардчилсан ёс нь хувь хүн ба түүний эрх чөлөө, өмч хөрөнгийг төрөөс, ард түмнээс хамгаалахаа тунхагладаг. 1924 оны анхны Үндсэн хуулийн “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад(жинхэнэ биш ард байх ба тэд хуулиас гадуур) шилжүүлэн...” гэсэн оршил ба 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх(№1), эрх чөлөө(№2), шударга ёс(№3), үндэснийхээ эв нэгдлийг(№4) эрхэмлэн дээдэлж...” гэсэн заалтууд бид ямар дэглэмд орж, ямар дэглэмээс салж байгааг их л тодорхой харуулдаг л даа. Сүүлийн ишлэлд, шударга ёс, үндэсний эв нэгдлээс илүү хүний эрх, эрх чөлөө нь үнэтэй гэж үзсэн байгаа биз?


    ...Ингэхэд чи өөрийгээ “ард түмэн” гэж бодсоор байна уу, шалгах арга байна. Цаад Эрдэнэтийн чинь 51 хувь нь монголын ард түмэн гуайн мэдэлд байгаа. Очоод цагаан сараар хэрэглэх хэдэн цаас, ах дүүстээ золгохдоо унах шинэ машин аваад ирээч. Чи үнэхээр л ард түмэн юм бол өөрийнхээ юмнаас дураараа авах эрхтэй ш дээ.


    Хоёр. Сэрэмж ба Эрх чөлөө


    Чи бид хоёр тэмцэх эрхтэй, гэхдээ тэмцлээ өөрийг нь хамгаалах үүрэгтэй. Хэн нэгний тэмцлийн золиос, оролцомгүй юмны дэм, дээдсийн өмнөөс яс булаалдсан ноход болж болохгүй. Яг нарийндаа ардчилал чамд өөрийгээ хамгаалах боломж л өгдөгөөс биш чиний өмнөөс чамайг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Дашрамд хэлэхэд, чиний өмнөөс чамайг хамгаалдаг төр байдаг ба түүнийг социализм гэдэг, хорвоод үнэгүй юм байдаггүй учраас ажлынхаа хөлсөнд чиний эрх, эрх чөлөөг авдаг.


    Ер нь ингэхэд, “Эрдэнэтийн 49 хувийг хэнээсээ хэн нь авсан юм бэ? Чи бид хоёрын нэгэнд байсныг нь авчихсан хэрэг үү” гэсэн асуулт гарна. Хөндлөнгөөс харвал ийм дүр зураг байна. Эрдэнэтийн тал дээр нэмэх нь нэг буюу 51 хувийг монголын Засгийн газар, талаас нь нэгийг хасах буюу 49 хувийг Оросын засгийн газар эзэмшиж байж.


    Монголын тал биш оросын тал, энгүүнээр хэлэхэд орос хэлээр ярьдаг монхор шонхор хүмүүс амьдардаг тэр улс өөрийн хувийг заржээ. Гэхдээ монголчуудад. Хэрвээ энэ процесс буруу юм бол тэмцэл арай өөр фронт дээр өрнөмөөр. Жишээлэхэд, Улаанбаатарт биш Москвад, навтгар хамартай биш шонхор хүмүүс жагсаж “Оросын ард түмэн бидний өмчийг яагаад монголчуудад өгөв. Монголын тагнуулуудыг Кремлээс хөөе” гэж жагсмаар санагдах юм.


    Үнэхээр л манайхан “Оросууд ийм муухай, юмаа очиж очиж манайханд зараад байхдаа яадгийн” гэж уур нь хүрээд байгаа юм бол авсантай нь биш, зарсантай нь заргалдмаар бодогдох юм. Манайхан ядаж Оросын Элчин сайдын гадаа жагсаж “Манайхнаас юмаа эргүүлж ав, бидэнд өгсөн юмаа буцаа” гэж хашгирмаар төсөөлөгдөх юм.


    Эцсийн дүндээ, чи бид хоёрт огт ногдохгүй юмны төлөөх тэмцэлд хутгалдсны утга юу вэ. Мэдээж шударга ёсны төлөөх иргэний зөн. Чухам энэ зөн совингоор маань тоглохыг л улс төр гэж байгаа юм. Чухам бидний зөн совинг ашиглан уур хилэнг нь хөдөлгөн босгоод нөгөөгөөсөө засгийн эрхээс авахуулаад өмч хөрөнгө эзэмших эрхийг нь булаахыг л улс төр хийх гээд байна. Яг манайд байгаа утгаар. Асуудлын гол нь Эрдэнэтэдээ биш, бидний иргэний зөн совинг зэрэг жинсээ булаалдсан томчууд хоорондын дайндаа ашиглаж байгаа юм. Иймээс, зөн совингоо хамгаал.


    Эцсийн дүндээ Эрдэнэтийг ч, офшоорыг ч “чи багтдаггүй, би ордоггүй” мөнөөх “ард түмэн”-ий хүсэл зоригоор биш, харин хууль шүүхээр шийдэх ёстой. Хүний өөрийн шүүх арбитр юу байна, ийм юмыг хууль ёсоор шийдэх үүрэг хүлээсэн газруудаар шийдүүлэх ёстой.

    гурав.“Нормал офшор” ба “баярцогт офшор”


    Офшоорын эсрэг дайныг зэрвэс харахад офшоор нь “нормал” болон “Баярцогтын” гэж хоёр янз байгаа болтой байна. “Ард түмэн” гуайн үзэж байгаагаар “Нормал офшоор” нь гэм багатай, сонгуульд нөлөөлдөггүй, харин “Баярцогтын офшоор” бол их аюултай, намаа сонгуульд унагадаг осолтой эд бололтой юм.


    Шүлгэнд “Нээрээ би тийм ээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ” гэж гардаг шиг МАН-ын офшоорчид сонгуульдаа гялалзсан амжилт гаргаж, Улаанбаатар хотын намын хороо нь хоёр ч офшоортой, дээр өнөө “ 60-тай” даргаар удирдуулсан атлаа үнэмлэхүй ялалт байгуулжээ. Харин Баярцогт ангиллын офшоортой Баярцогт өөрөө ялагдаж, одоо ард түмнээр шүүгдэх дээрээ тулаад байгааг бодоход , цаад учир нь өнөө “багшаас шавьд аман увьдисаар дамждаг тарни”-тай гэдэг шиг мистик чанартай болтой.


    Тэгэхээр офшоорын эсрэг тэмцэл нь офшоорын эсрэг биш харин Баярцогтын эсрэг тэмцэл бололтой. Гараад чагна, Офшоорт мөнгө нь байгаа олон арван монгол хүн нэр нь зарлагдсан. Баярцогтоос бусдынх нэр гадаа сонсдоно уу, эс сонсдоно уу? Тэр хэнийг хаана, хэзээ хэрхэн, ийм ул суурьтай гомдоосныг балхжав бид хоёр л лав “таашгүй” аж.


    Надаас одоо асуух байх гэж, өнөө “Баавгай бид хоёрын хэнийх нь талд байна” гэдэг шиг. “Офшоорын тал уу, ард түмний тулд уу, Худалдаа хөгжлийн банкны талд уу, ард түмний талд байна уу” гэж. Яг л ХХ зууны эхээр “Ард уу тайж уу, алин вэ хө” хэмээн дуулан асууж байгаад ялласан шиг.


    ...Баярцогтын төлөө бус байна, тэрнийг алж хонзонгоо тайлна уу, талж сэтгэлээ онгойлгоно уу, надаа хамаагүй. Харин хонзонгоороо далимдуулан арай гэж бүрэлдэж байгаа нийгмийнхээ нандин бүхнийг самрахын эсрэг бол зогсоно оо, зогсоно. Хувь хүний эрх ашгийг ард түмэн дийлээд л эхэлбэл ардчилал баяртай болдог. Яагаад гэхээр ийм процесс нэгэнт л эхэлсэн бол нэг өглөө чи бид хоёрын үүдийг тогшоод зогсож байдгийг бид харсан, туулсан..


    Түүнчлэн, хулгайн эсрэг боловч хулгайтай тэмцэхийн оронд сейфтэй тэмцэхийн бол эсрэг байна. Хүн төрөлхтөн хулгайтай тэмцдэг болохоос биш хулгайлсан юм хадгалж болдог газартай тэмцдэггүй. Хар тамхийг анусандаа хийж нууж тээвэрлэдэг, ингэлээ гээд олон улсын гэрээгээр хошногоны амыг боодоггүй.


    Хармайны хулгайч нар суйлсан мөнгөө хэтэвчиндээ хадгалж мэднэ, хэтэвчтай байхыг цаазлах уу? Банкинд байршуулсан иргэдийн хадгаламж бүхлээрээ цэвэр ариун болохыг хэн батлах юм бэ? Малын хулгайч нар туусан мал, агуурсаа нуусан гээд ой модыг шатаах уу, агуй хонгилыг дэлбэлэх үү?


    Би хүн төрөлхтний нэгэн адил хулгайн эсрэг байна, хулгайнх бол түүгээрээ ганданд ном хуруулсан байсан ч мөрөөр нь мөшгиж, олж ирэх ёстой (Гэхдээ Ганданг дэлбэлэхгүйгээр) гэж итгэдэг. Гэхдээ энэ бүх шийдвэр ард түмнээс биш шүүхээс гарсан хууль ёсных байх ёстой. Ард түмэн шүүгчийг сонгох эрхтэй байж болох ч өөрөө шүүх эрхгүй байхыг нь хууль цаазат төр гэдэг байх.

    Би шүүхийн шударга эсэхэд бусдынхаа адил эргэлздэг. Гэхдээ л шүүхээс гадуур шүүхийн үргэлж эсрэг зогсдог. Бусдад хайртайдаа биш, өөртөө хайртайдаа л тэр. Бас ухаантайдаа бус, хэн нэгэнд таалагдаагүй гэдэг үндэслэлээр миний буруу болдог нийгэмд амьдрах ямар аюултайг мэддэг болоод тэр.



    Ингээд эцэст нь надаас “хэний талд байна” гэж дахин асуумаар байна уу? Би оросуудын талд байна. Оросууд “эзэн нь юмаа мэдэх эрхтэй” гэж бодож байна. Ингэхэд “Оросын(Зөвлөлтийн) талд байгаа хүнийг та нар яах юм бэ” гэх гэсэн юм бол биш. Харин өмчийг ард түмэн биш, төр биш харин эзэн нь мэддэг байлгах гэж ардчилсныг мэддэг, тийм утгаар л ардчиллыг дэмждэг болохоор тэр.


    Ерөөсөө ч оросуудад талархаж байна. Тэд ХХ зуунд бидний улс төрийн тусгаар тогтнолын баталгаа болж ачилсан шигээ, өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолын маань нэгэн баталгааг эргүүлэн өгч байна, спасибо‼


    Эрдэнэтийн 49 хувийг монголчуудад ерөөсөө өгөхгүй, тэрүүгээр нь дарамтлаад л явж болох л байсан. Их гүрний 49-хөн хувь гэдэг бол бага гүрний 99 хувьтай тэнцэх зангарагтай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бас тэр 49 хувийг хятадуудад зарсан бол яах байсан юм бэ. Бээжин, Москва хоёрыг Монголын парламентаас томилогдсон комисс, өнөөдөр Улаанбаатарт шүүгээд сууж харагдах уу, айн?


    дөрөв. Феодлын хөрөнгийг хурааж болдоггүй юм.


    Яг өнөөгийнхтэй үнэн адилхан үйл явдал одоогоос яг 90 жилийн өмнө эхэлсэн юм. Монголын төрийг бүрэн хянасан Коминтернийхэн манай алтан ургийн ноёд дээдсийг зайлуулаад ядууст нь ингэж хэлжээ. “Та нар бол ядуус биш, харин ард түмэн. Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал лам ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юмаа эргүүлж авцгаа” гээд хөрөнгө хураах процесс эхэлсэн юм. “Офшоорт ард түмний 10 тэрбум төгрөгийг нуусан учраас ард түмэн ядуу байна” , “Ард түмэнд байх учиртай Эрдэнэтийн 49 хувийг ХХБанк (монголчууд) авчихнаас болоод би зүдэрч эхэллээ” гэх өнөөгийн лоозонгууд, зууны дараахь шударга “ард түмэн”-ий араншин нь тэртээ 1927 оныхтой юутай төсөөтэй, юутай давтамжтай.


    1927-28 онд эхлүүлсэн феодалын хөрөнгө хураах процесс ингэж л эхэлсэн. Ядуусын хөрөнгийг хэзээ, хэрхэн булааж авсныг хувьсгалчид тайлбарлаагүй ч гэсэн гаргалгаа нь ард түмэнд таалагдав. Тэд өөрсдөө феодал биш учраас бахтай байлаа. Дараа нь феодалуудын улс төрийн эрхийг хаслаа, ард түмэн өөрийгээ феодал биш гэж үзэх учраас баярлав. Сүүлд нь феодалуудыг өөрийг нь хүнийх нь хувьд буудаж эхлэв. Ард түмэн гуай өөрөө феодал биш учраас бас л талархлаа. Гэтэл араас нь феодалын хамсаатан гар хөл бологчдийг устгаж эхлэхэд олон тооны “ард түмэн” тэнд багтав. Гайхаж эхэлсэн боловч тамын тээрэм нэгэнт эргээд эхэлчихсэн учраас зогсоох арга байсангүй. Ийм тээрмийг нэг бол эргүүлэхгүй байх, эргэх гэж хөдлөхөд нь гацаах хоёрхон арга бий. Тээрэм эргэсээр, хувьсгалын эсэргүү, ардын дайсан, ноосны төлөвлөгөө тасалдуулагчид, японы тагнуул, намын эсрэг бүлэг илрүүлэн устгасаар, устгасаар...төгсгөлд нь устгал хийлцсэн, оролцсон, устгал болсныг мэдсэн хэсгийг устгаад, хамгийн сүүлд ард түмний өөрийнх нь малыг хураагаад аажуурлаа. Баячуудын хөрөнгийг ард түмэнд эргүүлж өгөх процессийн дараа ард түмэн гуай өөрөө хов хоосон, зөвхөн нэгдлийн мал малласан тохиолдолд ам бүлийн тооноос үл хамааран нэг айл 50 хонь эзэмших эрхтэй үлдэв. (Наад зах нь 12 сарын тооллогоос өмнө идшээ хийх эрхгүй байсан зэргээс үзвэл, өмчлөх биш эзэмших эрх гэвэл зохилтой)


    Тийм учраас эд хөрөнгийг хураахаар эхэлсэн ямар ч процесс хувь хүнийг нүцгэлснээр дуусна. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас авсан монголуудын хувь хөрөнгийг хурааж болж байвал, офшоор хэмээх завсрын бүст монгол хүний хадгалсан хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хураан авч эхэлбэл 1927 онд феодалын хөрөнгийг хурааж эхэлсэн тэр дээрмийг дугуйг бид дахин эргүүлнэ. Нэгэнт эргэж эхэлсэн бол энэ тээрэм маргааш нь “хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувьд байгаа учраас ард түмэнд үйлчлэхгүй байна. Иймээс “Өдрийн сонин”, “Монгол HD” телевизээс эхлээд Сансар, Юнивижнийг ард түмэнд өг” хэмээн эргэж эхэлнэ. Учир нь хувь хүний эрх, эрх чөлөөг чөлөөт хэвлэл л эцсээ хүртэл хамгаалдаг.


    Улмаар, “MCS, Худалдаа хөгжлийн банкинд ард түмнийг тэжээх ийм хөрөнгө оччихсон байна. Ард түмэнд эргүүлж өгнө. Энэ мөнгөөр хямралаас гарна” хэмээн тээрэмдэж эхэлнэ. Чи бид хоёр сонин гаргадагүй, хувьдаа зурагтгүй, Эм Си Эс ба Худалдаа хөгжилд хувьцаагүй учраас “больж, муусайн баячуудыг” хэмээн дуугүй л ажна. Дараа нь MCS, Худалдаа хөгжлийн банкны хамсаатанг илрүүлэн тээрэмдэж эхлэхэд бид эргэлзэж эхлэх боловч тээрэм нэгэнт эргэсэн байна. Удалгүй, хоёр машинтай айлын нэгийг, хоёр байшинтай айлын нөгөөг орон сууцгүй ард түмэнд өгөхөөр хураахад надаас мөн л холуур байна гэж залбирна. Харин “машин, болон орон сууцыг иргэд сайн дураараа ард түмэндээ заавал бэлэглэх” шийд гарахад бүх юм нэгэнт оройтсон байдаг. Ийм юм болдог, ийм л юм болсон.


    Ийм учраас хувийн эрх чөлөө, хувийн өмчид зөвхөн, зөвхөн, бас зөвхөн шүүхийн шийдвэрээр хүрэх ёстой.


    Эцэст тэмдэглэхэд, үндэсний хөрөнгөтнүүдэд нэг юм хэлмээр, та нар бие биенээ дийлж байна, өрсөлдөөн дунд сөргөлдөгчөө дарж байна гэж бүү андуурцгаа. Өнөөдөр ХХБ-ийг, “нормаль” биш офшоорыг хурааж эхэлбэл, ийм тээрэм нэг л эргэвэл: маргаашийн золиос нь чи өөрөө шүү. Юмтай болох амархан, харин юмтай амьдрахад их ухаан хэрэгтэй шүү, “таваариш”-уудаа. Хөнөөлт тээрэм зохиогчоо, анх эргүүлсэн эзнээ таньдаггүй. Ийм болохоор та нар олсон жаахан юмаа олзлолдон булаалдахын оронд, тогтоцоо хамгаалах талаар бодохгүй бол болохгүй цаг боллоо шүү. Олсон долсноосоо гаргаж, өмчтэй байх эрх, өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан ёс суртлыг бий болголцохгүй бол, оройтох нь байна. Өөр зүйлгүй...


    Жич: Монголчууд офшоорт мөнгө нуухаа мөддөө болихгүй ээ. Лав л, хүний мөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хурааж авахыг шаардаж, шаардуулж байгаа цагт. Харигдсан “баригдсан” офшоорчдын үлгэрээс хаширч байгаа амьтан нэг ч байхгүй, харин юунаас болж баригдав гэдгийг судалж, илүү сайн нуух аргыг л судалж байгаа. Бусад улсын баячууд татварын хөнгөлөлттэй орчин эрж офшоорт хөрөнгөө хадгалдаг бол манайхан ердөө “феодлын хөрөнгө хураах комисс”, “мал нийгэмчлэх төлөөлөгч” нараас л айсандаа тэнд нууж байгаа.


    Харин монголд хэзээ ч феодалын хөрөнгийг хураахаа больсон, ард иргэд нь шударга шүүхийг шаардахаас биш, шүүхийн оронд шүүх болохыг эрмэлзэхээ больсон, тэднийг дэглэмийн өмнөөс шүүгч болгон ашиглахаа больсон тэр цагт л хүмүүс офшоорт мөнгөө хийхээ болино.

    Эх сурвалж:baabar.mn
  • Тангарагтаа үнэнч явсан нь
    2017 оны 1 сарын 26
    Тангарагтаа үнэнч явсан нь
  • Орчин үеийн “Элсний 13” М.Энхболдыг дэмжих үү, тэмцэх үү
    2017 оны 1 сарын 26
    ...2016 оны сонгуулийн дараа хуваасан бялуунаас үнэрлэх төдий хувь хүртсэн нь Сү.Батболдын фракц л гэхэд М.Энхболдыг дэмжинэ гэсэн байр сууринаас хандаж байгаа гэх. Харин намаа шинэчлэх залуус дэмжих гэхээсээ илүүтэй эсрэг байр суурьтай байгаа юмдаг уу даа. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн зэхэж суугаа Ц.Нямдоржийг дагасан гэх...
  • Монголын хөрөнгийн зах зээл яагаад дайнтай ПАЛЕСТИНаас дорд гэж?
    2017 оны 1 сарын 25
    CCP нь арилжаанд оролцогч талуудын төлбөрийг эрсдэлийг хамгаалах, хэлцэл буцахгүй биелэгдэх нөхцөлийг хангадаг байгууллага, кастодиан банкны үйлчилгээ нь бидний хувьд бас нэг шинэ зүйл бөгөөд одоогоор тус үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий банкууд авч, үйл ажиллагааны бэлтгэлээ хангаж байна. Хөрөнгө оруулагчдын үнэт цаасны хадгалалт, хөрөнгө оруулагч хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд энэхүү банк чухал үүрэгтэйг FTSE онцолж буй юм.
  • Та үүнийг мэдэх үү
    2017 оны 1 сарын 25
    1945 онд азийн аж үйлдвэрийн тэргүүлэх гүрэн ямар улс байсныг та мэдэх үү? Дийлэнх хүмүүс мэдээжийн хэрэг Япон улсыг нэрлэх байсан байх л даа. Тэгвэл тухайн үеийн статистикийн мэдээгээр Манж Го улс азийн тэргүүлэх аж үйлдвэрийн гүрэнгээр тооцогдож байжээ. Мэдээжийн хэрэг түүний ард япон улс байж таарна л даа. Япон үнэндээ Зүүн хойд Хятад, Манж Гог өөрийн нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэг хэмээн үзэж байсан тул Хятад улстай явуулж байсан дайны чухал түшиц болгохын тулд аж үйлдвэржүүлэх бодлого баримтлахын сацуу Японоос 6 сая цагаач иргэдийг татан авчирсан нь нарийн мэргэжилтэй ажиллах хүчний гол цөмийг бүрэлдүүлж байсан байж таарна. Түүний үр дүнд 1945 он гэхэд Манж Гогийн аж үйлдвэрийн нийт өртгийн хэмжээ анх удаа Япон улсаас даван гарч байсан түүхтэй ажээ. Зүүн хойд орныг япончуудын гараас чөлөөлсний дараа тэдний үлдээсэн өв болох аж үйлдвэрийн том том баазууд хожим хятадын хүнд аж үйлдвэрлэл хөгжих гол үндэс суурь болж өгсөн гэлцдэг.

    Далаад оны эхээр Ким Ир Сений ”Ардчилсан Солонгос” азидаа дээгүүрт тооцогдох аж үйлдвэржсэн улс байсан гэдэг. Хөрш зэргэлдээ Өмнөд солонгос чамгүй хүчин чармайлт гарган байж 1976 онд л анх удаа аж үйлдвэрийн бүтээгдхүүний хэмжээгээр Умард хөршөө гүйцэж түрүүлсэн юмсанжээ.

    Тэр холын түүхийг үл өгүүлэн өгүүлэхэд 1990 оны үед элсэн цөл хэвээрээ байсан Катар, Эмират улсууд өдгөө ямар төвшинд хүрч хөгжсөнийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа юм хойно доо. Дор 2000 онд элсэн цөл байсан Дубай өдгөө ямар байдалтай болсныг харьцуулсан зураг орууллаа.
  • Битгий хуцаад байгаарай, Тавантолгой бол Монголын ард түмний өмч
    2017 оны 1 сарын 25
    ..Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой аль хэдий хөдөлчихсөн юм шүү. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар ”Тавантолгойн хоолойг боомилохоос өмнө” шүү...
  • Шинэ богд
    2017 оны 1 сарын 24
    ...Бээжингийн заавраар Далай ламын тодруулсан Богдыг хүчингүй болговол хожим Бээжинд суугч Ванчин лам 10-р Богдыг тодруулах нь гарцаагүй болчихоод байна. Үүнийг Бээжин анзаарахгүй өнгөрөөнө гэж бол байхгүй.14-р Далай лам Монголд нийт 9 удаа иржээ. Гэвч энэ удаагийнх шиг Хятадын дургүйг хүргэж байсан нь үгүй юм...
  • Цөхөрсөн итгэл, сохорсон зөнч
    2017 оны 1 сарын 23
    “Монголын их баатар морилж ирэв” гэсэн цуугиан эртний их Дамаск балгадын дүүргүүдээр хормын зуурт тархав. Энэ бол IV жарны 54 дэх Цагаан бичин жилийн Хувь сарын шинэдээр, Загалмайтны 1260 оны 8 сарын эхээр, Хижрийн 658 оны Их мацгийн* сар дөнгөж дуусаад байсан үе...

    Энэ цуугиан Дамаскийнхнийг загалмайтан, лал, сүфи, зарог дагагсад, онго шүтлэгтэн ялгалгүй, сири, мисир, жүүд, нүб, бухтен, семит, араб, перс, магриб бүгдийг хуу гудамжинд гаргаж, тэрхүү их баатар ирж мэдэх умард хаалга зүгт хошууруулжээ.

    - Өвөг минь, та хурдлахгүй бол тэр дөчин жил хүлээсэн ивгээлт Гэгээн Давидийнхаа ач хүүг харж амжихгүй нь байна шүү хэмээн тэрхүү урсгалд яваа нэгэн хөвүүн эргэж хэлэв.

    Ард нь өгцөгнөн амьсгаадан яваа, хатсан дал модны навч шиг үрчийсэн хорчгор өвгөн сөөнгө тамирдангуй хоолойгоор,
    - Энэрэнгүй их Яхве** тэнгэр минь, миний энэ үдээр шиг хатсан хоёр хөл яаж ч хичээгээд үүнээс илүү гишгэж чадахгүй нь. Чи намайг орхиод түрүүлж үз. Би биш гэхэд ядаж чи түүнийг барааг харвал болно гэж уцаарлангуй өгүүлэв.

    - Өвөг минь, би тэр монголыг хараад яанам...
    - Тэр чинь монгол биш, бидний ижил зүс царайтай байх учиртай. Тийм үгүйг л сайтар хараад надад хэлээд аль.
    - Тэд чинь бидэнтэй огт адилгүй ээ. Хоёр жилийн өмнө ч монголчуудыг энэ хотоор дайрч гарахад та бид харсан. Тэд биднээс огт өөр, харин ч буруу номтон, бузрын муухай мамлюк боолууд шиг юм билээ шүү дээ.

    - Тэр хоёр жилийн өмнө ирсэн хүмүүс чинь эдний цэргүүд, гүрж, армян, түрэг, араб бүгд холилдсон эсэн бусын эрээвэр хураавар байв шүү. Одоо бол жинхэнэ их ноён нь ирж буй. Чухам хаад, их ноёдууд нь л жүүд хүн байх ёстой.
    - Өвөг минь, тэр юу л бол... Эдний хаан Хүлэгийг гэгээн Константин мөн гэлцсэн биш билүү. Бас түүний хатан Докузыг гэгээн Елена л гэдэг. Нүдээрээ үзсэн Хезека хэлэхдээ тэднийг латинуудтай огт адилгүй, франкуудтай ч, грэгүүдтэй ч адилгүй, харин ч түрэгүүдтэй төстэй юм байна гэсэн шүү дээ...
    - Хезека гэж муу худалч эр, түүнийг тэрхүү эрхэм дээдсийг харсанд би итгэхгүй байна. Харсан байлаа гэхэд түүний солир нүдэнд итгэмгүй.
    - Өвөг минь, Дахиад дөчин жил хоосон хүлээхийн *** тулд ийн их зүтгээд яанам бэ? Тийм тавилангийн төлөө би энэ монголыг харж бишрэн залбирах биш харин ч нулиммаар байна.

    - Эцэг чинь хэрвээ энд явсан бол чамд ингэж аймшиггүйгээр өгүүлэх хувь дутах байсан байх даа. Хөгшин намайг элэг доог хийж яанам гээд өвгөн зогсож, амьсгаагаа дарангаа ач хүүгээ өөр лүүгээ ойрт гэж дохив.

    Үжирсэн модон таягнаас эмээсэн хүүг болгоомжтой ойртоход,
    - Мунхаг хөвүүн, чи сонс. Би Давид гэгээнийг өөрийн биеэр ирж, хөөрхий жүүд биднийгээ ивээнэ хэмээсэн сургийг энэ хоёр дэлдгэрээрээ сонссоноос хойш дөчхөн жил хүлээсэн. Дөчхөн жил шүү. Харин миний жүүд ард түмэн мянган жил хүлээсэн юм шүү. Цаашид ч дахиад мянган жилээр хүлээж чадна.
    - Тэгэж дэмий хүлээгээд яанам? Эздийн ташуур нуруун дээр минь мөн адил буусаар л байх болно. Нар жаргадгаараа жаргаж, нулимс урсдгаараа урссаар л байна. Юу ч өөрчлөхгүй шүү дээ, өвөө минь.

    - Таван туйван бин хийгээд түүнээ зах дээр гаргаж нүхтэй хоёр дирхимаар өгнө гэж мугуйдалж зогссоор байтал бусад нь нэг хагасаар өгөөд ар гэртээ хоолтой, маргааш бин хийх гурил, цунхуйтай, бас бутархай зоостой ирэхэд тоос дарж, хатаж муудсан бингээс өөр юмгүй ирээд түүнээ өөрсдөө идэж, маргааш нь бин ч хийх юмгүй үлддэг ээжтэйгээ чи юутай адилхан зөрүүдийн дээр ойрын бодолтой хүү юм даа. Тэгээд ээж чинь маргааш дахиад л талхиулахаар цус сорогч муу Яхив эзнийх рүү гуйланчилж, царайчилж, гуринхалсан жингэр мэт шарваганан очдог байсан. Хэдэн зоос олдонгуут ширвэж оддогт нь Яхив түүнийг тийн буцаад арчаагаа алдан гуйж ирэх бүрд нь хөлсөө улам багасгадаг байв. Ихийг бодож дээгүүр сэвээд, ирэх цаг тулахад адгийн боол болон хамаг үнэтэй бүхнээс гудас болгон шидэж өгөхөд бэлэн эхийнхээ богино бодолтой мунхагийг нь л дуурайх юм даа.

    - Та ямагт л үүнийг ярих. Харин таны энэ Жүүдийн их хаан эргэж ирж биднийг ивээнэ гэсэн хоосон итгэлээр өөрийгөө хуурч, нэгэн насыг дэмий өнгөрөөсөн тань ээжийн минь мунхаглалаас өчүүхэн ч дээрдэмгүй санагдах юм.

    - Ийм л мунхаг хүү дээ. Жүүд бидний хүчин чадал чухам тэр цөхрөлтгүй хүлээлт, итгэл найдвараа ямар ч үед алдаж байгаагүй их тэвчээр тэсвэрт л байдаг юм шүү дээ. Бурхан биднийг хэзээ ч мартаагүй. Бурхан авралынхаа төлөвлөгөөгөө хамгаас чухалд үздэг хэвээр бий. Өнөөдрийн зовлонгоор тэр биднийг шалгаж, сорьж буйгаас биш шарваж, гээж буй хэрэг огтхон ч биш.

    - Яагаад заавал жүүд биднийг шалгаж зовоож буй билээ? Тэд энэ мисирүүдийг яагаад шалгаагүй юм бол? Эсвэл энэ муусайн тэнэмэл бэдунуудыг...?
    - Бурхан чухам биднийг л онцгойлон сонгосон учраас тэр шүү дээ.
    - Өвөө минь, орой гэдэс минь хоол нэхээд унтуулахгүй зовоож байх үед жүүд биднийг тийн сонгосон бурханд үнэхээр ихээр гомдож, уйлмаар болдог шүү.
    - Бурханд гомдож үл болно. Бурхан биднийг сонгосон гэсэн итгэл бидэнд байгаа болохоор бид мөхөөгүй юм. Тийм биш бол бид хэдийнэ байхгүй болохсон. Хеттүүдэд тийм хүлээх тэвчээр зориг дутсанаас л бурхан тэднээс нүүр буруулж, өнөө тэдний голомтон дээр үжир мод ёрдойн үлддэг болоод буй. Чи түүнийг хэзээ нэг ойлгоно доо, мунхаг ач минь. Ингэхэд чиний эх чинь хетт**** байсан гэдгийг чи мэднэ дээ.

    Өвөө, ач хоёрыг ийн үгээр толхилцож байх үеэр гэнэтхэн олны урсгал ярагдсаар царгиа сөөнгө дуутай нэгэн зэрэгцэн ирэв. Жүүд өвгөн лугаа адил нэг гартаа үжир модон таяг тулаад, нөгөө гараа урагш нь сунгаж, өвдөг мөчийг нь модоор залгаж хийсэн мэт ойр ойрхон огцом огцом гишгэлэн, эргэн тойрноо өчүүхэн ч үл анзааран тэнгэр өөд чанга чанга аялгуулан хашгичиж яваа тэр хүмүүн бол дахин амилсан Их зөнч Амос***** хэмээгдэх тэнэмэл жүүд өвгөн байв. Үжирч гандсан хэвнэг нөмрөгийн сэг эцэнхий туранхай биедээ хэдэрчээ. Зөнчөөс үймсэн олон хазаж хайрах араатан яваа мэт зай тавин зэнзийрхэх аж. Түүний аялгуулах хэлэх нь энэ мэт...

    - Ертөнцийн эзэн тэнгэр эцэг минь ээ, Харж байна уу, Та минь?
    Ер бусын энэ гамшгийг би хэрхэн өгүүлэн барах вэ?
    Туслаач Та минь?
    Загалмайтан ван, баронуудын ухаан самуурч, мунхарч гүйцээд
    Заяа тавилангийнхаа модны үндсийг ухахаар зэхэж байнам.
    Яанам би,
    Атаатантайгаа эвсэж, өштөнтэйгээ дарс тулгаж суугаад
    Алт эрдэнэсийн эрэлд гарсан тэд хөөрхий байна,
    Амтлах дарс нь гашуун байна.
    Дармал алт эрдэнэс хэзээ ч олохгүй ээ, Та минь хэлж хайрла.
    Дайчин зориг нь л харин хөсөр ойчих вий. Би харж байна.
    Уршигт урвалтын өртөг төлж баршгүй еэ, өр төлөөсийг нь тэд
    Уй гуниг, урсах цусаа ч шавхаад төлж дуусахгүй нь ээ...
    Ариун шүтлэгт Загалмайт бүхэн энэ нутгаас мөргүй
    хөөгдөх нь ээ.
    Аяа нэгэн цагт, Сирийн тэнгэр дор бид ариун мөргөлийн
    дуу хадааж
    Авралт тэнгэртээ үнэн сэтгэлээсээ талархан залбирч,
    загалмайлаад
    Амтат жимс, тариа будаа юугаа хураан, хөгжилдөн хөөрч,
    Амар жарган суулаа, гэвч өнөө тэр бүхэн зүүд байв уу хэмээн
    Асгарах нулимсаа арчин байж алс өрнийн эргээс
    ширтэж гиюүрэх нь ээ.
    Аугаа их гэрэлт минь ээ? Аврагч их эзэн минь ээ?
    Аяа, энэ үймсэн олонд юуг би чухам юуг өгүүлэх учиртай вэ?
    Ямар гээчийн лай ланчиг вэ? Бузар урвалтийг
    Таны нэрээр үйлдэж буйд
    Ялгуун их ивээлт тэнгэр минь, Та юунд дуугүй оршино вэ?
    Исүс загалмайд тарчилж, жүүд золбин нохой мэт
    хөөгдсөнөөс инагш
    Ийм мунхаглал энэ нутагт учралгүй мянган оныг элээжээ.

    Зөнчийн чихэнд чийртэй царгиа чанга дууг сонссон жүүд өвгөн гэнэтхэн зог тусаж,
    - Муу ёр, муу ёр. Цаг үргэлжид ад тэнгэрийн зардас болж явдаг энэ тэнэмэл ёрч л дутаж гэнэ. Үүнийг гаслан дуулахад гамшиг зовлон заавал дохиодог юм хэмээн цөхрөнгүй өгүүлээд түүний яваа зүгийн эсрэг эргэв.

    Энэ үед олны шуугиан гэнэтхэн түрхэрэн давалгаалснаа нам чимээгүй болж, оронд нь бөмбөрийн нэгэн хэмийн намуухан атлаа захирангуй дэлдээ сонсогдсон нь умард хаалгаар өнөөх монголын их баатар ноён орж ирсэн хэрэг байлаа. Өвөө, ач хоёр олны дундуур шургалан зүтгэх гэсэн ч өчүүхэн урагш ахиж чадсангүй тул хүүг явуулаад өөрөө нэгэн цувраа баганын захад олны хөл дор сууж үлдэв. Олон үймэн бужигнаж, нааш цааш ханарна. Тэдний дээгүүр элдэв өнгийн туг хиур хааяа намирч үзэгдээд, урт морин жаднууд сэрэлзэнэ.

    Хэн нэгэн чанга дуугаар “Ээ, Тэнгэр эцэг минь. Чин сүсэгт ариун гэгээн Хетум ван Таны их алдар мөнхөд бадартугай” хэмээн орилсонд нэлээд хэдэн хүн даган түрэв. Гэтэл өөр нэгэн “Хетум бол манай ариун загалмайг уруу нь харуулж залбирдаг буруу номтон шүү дээ. Ромын их Поп ламтан түүнийг шашнаасаа хөөснийг мэдээгүй хэрэг үү” хэмээн хариу хашгирах дуулдана. Бас “Бохимэнд вангийн алдар бадартугай. Аугаа их баатар тайж Херцлийн алдар бадартугай. Антиохын их хунтайж мөнх насалтугай. Аугаа их Армян Хетум мөнх насалтугай. Үзэсгэлэн гоо Левонт хунтайжын алдар..., Трифолийн гүнтэн...” гэх мэтээр орж ирж буй ихэс дээдсийг нэрлэн ээлж дараалан орилолдовч жүүд өвгөний хүсэн хүлээж асан өнөөх Дэвидийн ач хүүгийн талаар хэн ч хашгирч дуудсангүй. Өвгөн нулимс гүйлэгнэсэн нүдээ цавчилгүй олны дээгүүр ширтэж, хүсэн хүлээсэн нэрээ сонсоно гэдэгт итгэсээр суутал, шуугиан аажмаар хотын төв тийш алсарч, хөл үймээн ч тэр зүгт хуйлран, өвгөний сууж бүхий газарт ихэд шингэрэв.

    Ач хүүгээ аахилсаар гүйж ирэхэд тэсэж ядсан өвгөн,
    - За хүү минь. Алив, бушуу түргэн хэлж, удтал чилсэн сэтгэлийг минь сэргээгээрэй. Аугаа их Давид хааны үр удам...
    - Өвөө минь, аяд. Тэнд тантай адилхан нэг ч хүн алга.
    - Тэр ялан дийлэгч их ноён нь ирсэнгүй юу?
    - Ирлээ ирлээ. Би бүр Турийн хамгаалах цэргүүдэд ташуурдуулан байж тэр ялан дийлэгч ноёнтны мориных нь омруун доогуур шургах шахан дагаж гүйгээд ирлээ. Тэр хүн чинь түрэг хүнтэй их төстэй хүн байна. Жүүдийн өчүүхэн ч цус алга. Үгүй ядаж хагас жүүд надтай төстэй юм өчүүхэн ч алга.
    - Хэн тэр вэ? Чамтай юу гэж төстэй байх юм...
    - Хэн байхав дээ. Тэр ялан дийлэгч монголын баатар ноён чинь л байхгүй юу. Түүнд жүүд хүнтэй адилхан зүйл ер хумсын төдий ч алга.
    - Мунхаг хөвүүн чи андуураагүй биз. Өөр хүн хараагүй биз.
    - Би юунд андуурах билээ. Тэр хүн чинь дэргэдээ хоёр их загалмайт ванг бараа болгоод, морин дээрээ ташаагаа тулж явна билээ. Мориных нь хажууд дагаж гүйсэн намайг хараад бүр инээж байв шүү.

    Өвгөн ач хүү өөдөө арга тасран харж байснаа сая үнэнд гүйцэгдсэнээ мэдрэн, хатингар хоёр гараараа шанаан дахь хэдэн буурал хялгасаа үгтээгээд их дуугаар енгэнүүлэн уйлж гарав. Тоосонд дарагдсан үрчлээт хацар дээгүүр нь нулимс зам татуулан урсана. Хүү өвгийнхөө тийн уйлж эхэлсэнд гайхаш тасран харж зогстол өнөөх зөнч таягаа тэчигнүүлэн, дуугаа гэнирүүлсээр дэргэдүүр нь өнгөрөв.

    Аз жаргалын умдааг өчүүхэн төдий дусаагаад
    Агшин зуур царай юугаа юунд хувилганам бэ?
    Тэнгэр эцэг минь ээ?
    Үгүйлэшгүй их энэ мунхаглалыг надад үзүүлэхгүй гэхдээ
    Үзэх хоёр нүдийг минь та юухнаар нэгтээ бүрхээ юу?
    Юуг ч үл харж буйдаа намайг та баясан байна гэж найдсан уу?
    Юутай их шаналлаар зүрх минь шатаж, цус минь
    буцлан байнам бус уу?
    Өнөө би та нарт шатаж буй зүрхнийхээ үгийг хэлж байнам.
    Сонсоцгоо
    Өш хорсол саруул ухааныг будангуйлж, сайн үйлийг
    сарниулнам
    Өнө мөнхийн ялалт, өнө мөнхийн ялагдал гэж үгүй ч
    Өчүүхэн зуурт ялаад, эрин зуунаар ялагдахын гашууныг
    мэдэх үү?
    Тийм хувь тавиланг тэнэг мунхаг дээдсийн чинь төлөөнөөс
    Тэнгэр нэр өнөө загалмайтан та бултад тохоон оноожээ.
    Энэ нутгийн загалмайтан олны цус гол горхи мэт урсаад
    Эгшиж хатсан хөрсийг нь хур борооны оронд умдаалах нь ээ.
    Эрх хүчээ илтгэн саран тамга Сирийн тэнгэрийг тамгалахад
    Эвлэж босгосон ариун сүмдийн гонхос ээлж дараалан нуран унах нь ээ.
    Арслан зоригт эрсийн цогцос Акр, Турийн эргээс эхлэн
    Алс Византи хүртэл далайн шорвог усанд угаагдах нь ээ.
    Ариун мөргөлийн оронд гунигт дууг л зөвхөн гаслан дуулсаар
    Ахиад энд хэрээслэх мөргөлийн дуун дуурсах хүртэл
    зуун зуун үргэлжлэх нь ээ.

    Зөнч сул гараа урагш дохин, сөөнгөтөн хашгирч явснаа цаад талын баганад очиж тулаад, тэмтрэн үзэж буйг харсан хүү,
    - Энэ зөнч чинь сохор юм байна шүү дээ хэмээн чанга гэгч хэлэв. Өвгөн жүүд уйлахаа татаж, тоос, нулимсанд халтартсан үрчгэр нүүрээ өргөж,
    - Мунхаг хөвүүн, чи сая юу хэлэв гэж гайхан асуув.

    - Зөнч сохорчихжээ хэмээн хүү цовоо дуугаар дахин чанга гэгч хашгирчээ.
    Өвгөний тоостой буурал сахлыг даган нэгэн дусал нулимс бөмбөрсөөр газар унасанд, пургисан сул цагаан шороо түүнийг агшин зуурт залгиж орхив.

    /Хэсэглэн авав/

    .
    Зарим тайлбар:
    Рамадан сар* - Лалын шашинтнуудын их мацгийн сар. Хижрийн тоолол нь сарны тоолол юм. Гэхдээ Монгол тооллын адил илүү сар гарган, Сар, Нарны тооллын тэнцүүлэх нь үгүй учир Хижрийн нэг жил, Загалмайн тооллын нэг жилээс тодорхой хэмжээгээр богино байдаг. Иймд Рамадан сар нь одоогийн нийтийн тооллын яг нэг тодорхой сард тогтож таарах нь үгүй
    .
    Яхве** - Эртний жүүдүүдийн гол шүтлэг тэнгэр
    .
    Дөчин жил хоосон хүлээх*** - Загалмайтны ээлжит аян дайн мухардаж, Мисирийн зүүн хаяа Дамиет хотноо загалмайтнууд бүслэгдэн, сандарч байх үе буюу 1220-иод онд Ойрхи Дорнод төдийгүй Европ дахинаа нэгэн их цуурхал таржээ. Дорно зүгээс загалмайн шашинт Давид хэмээх хаадын хаан болсон энгүй хүчирхэг нэгэн хаан их цэргийг дагуулан Лалын ертөнцийг хуйхалсаар ирж буй бөгөөд цэргийн толгойн ангиуд Мосүлээс таван өдөрчийн газарт Месопотамийн хил дээр ирээд байгаа, тэд тун удалгүй Багдадыг дайлж, Халифийн орд өргөөг Католик сүмийн тэргүүний өргөө болгох, наран шингэх оронд загалмайтныг ихэд мандуулан өргөх юм хэмээсэн энэхүү цуурхалд Европчууд ихэд үнэмшин машид баясан хөөрцөглөжээ.
    Энэхүү цуурхалд Жүүдүүд юу юунаас ч илүү баярласан гэдэг. Учир нь нэгэн цагт Синайн цөлд сууж, бурханд алтан тугал өргөсөн Жүүдийн салж сарнисан олон овог аймгуудын нэгэн бол тэрхүү Дорно зүгийн загалмайтны нестор шүтлэгт овог аймаг бөгөөд тэр хаадын хаан болсон хүчирхэг Давид нь эртний жүүдийн их хаан Давидийн үр удам, Израилийн вангийн хүү бөгөөд хорвоогоор нэг хэрэн тэнэж яваа жүүд олноо чөлөөлөхөөр үдшийн орноо ирж буй хэмээн жүүд нар барим тавим итгэжээ. Тэгээд зогсохгүй Европ дахинд байсан жүүдүүд зэвсгийн зах зээлд байсан зэр зэвсгийг ихээр худалдан авч, удмын их хаанаа зэвсэглэн дэмжихээр бэлтгэж байсан ч баримт байдаг. Тэр нь илэрснээр европт жүүдүүдийн эсрэг хомроголосон их хядлага ч болж байжээ.
    Энэ цуурхалын эзэн болох Давид нь чухам лалын шашны нэгэн хүчирхэг улс болох Хорезмийг дайрч асан Чингис хаан юм. Чухам тэр 1220-иод онд Чингис хааны өрлөг жанжид болох Зэв, Сүбээдэй нар Хорезм шах Мухамедийг гэзэг даран хөөж, Халифийн нутгийн хязгаар, Месопотамийн хил дээр ирж буудаллаад байсан хэрэг. Цуурхалд дурдагдсан Давид хааны өвөг, тухайн үеэс дал гаруй жилийн өмнө сарацинуудыг дайран бут ниргэсэн гэгдэх Иоханнес гэгээнтэн нь Хорезмийн улсыг ихэд дарсан эртний монгол угсаа хэлхээт улс болох Хар Киданы Юли Даши хаан байх магад юм.
    .
    Хетт**** - Загалмайн тооллын өмнөх II-I мянган жилд Бага Азийн дорнод, төв нутгаар, мөн умард Сири газраар нутаглаж байсан үндэстэн. Мөхөж үгүй болсон.) байсан гэдгийг чи мэднэ дээ.
    .
    Амос***** - Израиль түмнийг Бурханаас, Бурханы хуулиас нүүр буруулах бүрд Бурхан тэднийг залруулж илгээсэн гэгдэх Исаиа, Иеремиа, Хосеа зэрэг их зөнчдийн нэг. Их эрт цагт амьдарч асан.
  • 2009 онд эхэлсэн АН-ын даргын сунгаа
    2017 оны 1 сарын 23
    ... Гар гараасаа атгасан таван эрхэм эх орноо тойрч тойрч Улаанбаатарт газардлаа. АН-ын даргын сунгаа хэмээх эл өрсөлдөөн саяхан эхэлсэн гэвэл эндүүрэл болно. Товчхондоо бол Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсон 2009 онд энэхүү өнөөдрийн уралдааны эхлэл тавигдсан байдаг...
  • Алдагдсан эв нэгдэл, хулгайлагдсан ялалт, гээгдсэн итгэлийн төлөө!
    2017 оны 1 сарын 19
    ... 10 мянга гаруй төрийн албан хаагчийг ажилгүй болголоо. МАН гэдэг чинь ямар аймаар машин болчихсон юм бэ. 10 гаруй жилийн өмнө нас барсан аав нь АН-ын гишүүн байсны төлөө өнөөдөр охиныг нь ажлаас халж байна. Энэ дүр зургийг бид хүлээн зөвшөөрөөд суух юм уу?...
  • АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС ба ТҮЦ
    2017 оны 1 сарын 19
    ...Энэ нүүрсний утаа УБ-г бүхэлд нь бүрхэж хордуулна. УБ-нь агаарын бохирдолоороо дэлхийд бараг тэргүүлж явна гэнэ лээ. УБ-д бизнесс хийгчдийн ихэнх нь гадаадаас оруулж ирсэн барааны үнийг нэмж зарах ажээ. Гэвч сүүлийн хэдэн жилүүдэд долларын ханш өссөнөөр гадаадын барааны үнэ дийлдэхээ больжээ...
  • АН-ын даргаар нам дамжсан бүлэглэлийн төлөөлөгч сонгогдох ёсгүй
    2017 оны 1 сарын 18
    ...АН-ын даргын сунгаанд оролцож буй таван эрхэм тус намын эгэл гишүүдэд өмнө нь ойлгомжгүй байсан олон нөхцөл байдлыг таван талаас нь задлан тавьснаар сүүлийн жилүүдэд энэ намд юу болоод байгааг, яагаад томчууд нь хоорондоо таарахаа байсныг ойлгож мэдэх бололцоо олгож буй юм...
  • ”Амазон”-ы Монгол инженер
    2017 оны 1 сарын 18
    Амарсанаагийн Амарбаяр
    \Цуврал ярилцлага- 30\

    ...А.Амарбаярын тухай ярилцлагыг нилээд хэдэн жилийн өмнө олж уншихдаа, ”Энэ залуутай уулзаж ярилцах хэрэгтэй юм байна” гэж бодож асан. Чикаго хотод зохион байгуулагдсан монгол оюутнуудын ”Хөдөлмөрийн яармаг” дээр оролцож, өөрийн туршлагаа залуустай хуваалцаж байхаднь түүнтэй танилцаад өнгөрсөн юм. Тэрээр ”Амазон”-д ажилд орсон туршлагаа болон залуу хүний хувьд ажил болон амьдралд хандах хандлагаа бусадтай хуваалцаж байгаа нь надад таалагдсан. Түүнчлэн Америкт ажиллаж амьдарч буй монгол залуусын дунд зохион байгуулагддаг ”Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдаан, ”Хөдөлмөрийн Яармаг” арга хэмжээнүүдийн зохион байгуулах багт ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн жил Сан-Францискод болсон монгол оюутнуудын ”Надад хэлэх үг байна-6” арга хэмжээг зохион байгуулж байхад нь богино хугацаанд уулзаж санал солилцож, өнгөрсөн оны 6 сард Сиэтл хотод ажлаар очихдоо тухтай уулзаж ярилцсан ярилцлагаа та нартаа хүргэж байна.

    Нэг. НАМТРЫН ТОВЧООН

    * Боловсрол:
    -2005 онд ”Оюуны тулга” \бүрэн дунд боловсрол\
    -2008 онд Diskinson State University \бакалавр\
    -2016 онд Maharishi University of Management \магистр\

    * Ажилласан газрууд:
    -2008.01-2008.07 REMco\MSI Solutions \Tehnical Support\
    -2008.07-2008.11 REMco\MSI Solutions \Lead Tehnical Support\
    -2008.11-2013.11 REMco\MSI Solutions \Software Development\
    -2015.02-2016.04 Amazon.com \DevOps Engineer 1\
    -2016.04-одоог хүртэл Amazon.com \DevOps Engineer 2\

    20170116 003

    Хоёр. АЛГАСАЖ СУРАЛЦСАН БАГА НАС

    -Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсөв?

    -А.Амарбаяр: Би 1989 оны 10 сарын арван 17 нд Партизаны сангийн аж ахуйд төрсөн. Ээж маань Завханых, аав минь Сэлэнгэ аймагт төрсөн гэхдээ хотынх. Сургуульд орохын өмнөх бага нас минь Баянхошуунд гэрт өнгөрсөн, ус түрээд л, цагираг эргүүлээд л тэр үеийн хүүхдүүдийн амьдрал яаж өнгөрдөг байсан тэрэн шиг л өнгөрөв. Харин сургуулийн хувьд наснаасаа түрүүлээд орж байсан юм, гэхдээ олон сургуульд шилжиж сурсан. Эхлээд 31-р сургуульд 1 жил сурсан байдаг. Дараа нь 31-ээс шилжээд ”Улсын тэргүүний” лаборатори нэгдүгээр сургуульд дөрөвдүгээр анги хүртэлээ сураад, ”Орчлон” сургууль руу шилжиж сурахдаа 5-р ангиа алгасаад шууд 6-р ангид орж байв. Нэгдүгээр ангиасаа өглөөний цагаар англи, герман хэлний дугуйланд явдаг, ”Ээрмэл” рүү газрын теннисний сургалтанд явдаг, хичээлээ тараад математикийн сонгонд явна гээд багаасаа л маш завгүй, хуваарьтай байсан. Анх ”Орчлон”д ороход нэг бол гадаадад амьдарч байсан, нэг бол хувийн сургуулиас ирсэн хүүхдүүд бүгд англиар ярьдаг би юу ч ойлгодоггүй нилээд хэцүү байсан. Ямар сайндаа 2001 оны 9 сарын 11нд Дэлхийн Худалдааны Төвийн халдлага болж байх өглөө манай ангийнхан CNN-ээр мэдээ үзээд бүгдээрээ маш их санаа зовсон байж байхад би ойлгохгүй, ”Кино гараад байгаа юм байхдаа” гэж бодон сууж байж билээ. Бага байхаас л ах бид хоёрын боловсролын төлөө нойр хоолоо хасан байж ажиллаж байсан аав ээж хоёр минь зуны амралтаар ах бид хоёрыг зуслан дээр байхад англи үг цээжлүүлдэг, цээжлээгүй байвал Баянхошуунд байдаг гэртээ түгжээд явчихдаг байлаа. ”Орчлон”д гэхдээ нэг л жил сурсан.

    -Г.Галбадрах: Дараа нь хаана шилжиж сурсан хэрэг вэ?

    -А.Амарбаяр: Математик, физикээрээ маш сайн шинэ сургууль нээгдэж байгаа гэсэн нь ”Олонлог” сургууль байв. Аав хүүхдүүдээ матеметикаар явуулна гэдэг байсан болохоор сонирхсон байх. 11-р сургуулийн хоёр багш ”Олонлог” сургуулийг байгуулсан учраас тэднийг дагаад 11-р сургуулиас математик физикийн гавлууд шилжээд ирчихсэн байлаа. Эхлээд хэцүү байсан ч математик, физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай болж эхэлсэн дээ. Бусад хичээлүүддээ жаахан сонирхолгүй болж эхлээд явж байтал ”Шинэ Монгол” гээд сургууль гараад ирэв ээ. \инээв\ Сайн суралцаж чадвал Япон руу Засгийн Газрын тэтгэлгээр Их Сургуульд явуулдаг гэж сонсоод намайг тийшээ орууллаа.Тэгээд ”Шинэ Монгол”д орох гэтэл есдүгээр ангиас авна гэсэн шаардлага тавьж байсан болохоор долоо наймынхаа шалгалтыг зэрэг өгөөд ахиад л анги алгасаж сургуулиа сольсон. 1-р сургуульд сурч байхдаа ”Хүүхдийн Ордон”-д англи, гэрман хэл сурдаг байсан бол ”Орчлон”д байхдаа би хятад хэл сурдаг байлаа. Гэтэл ”Шинэ Монгол”-д япон хэл сурах хэрэгтэй болж байв.

    -Г.Галбадрах: Уг нь сургуулиудын сайныг нь шилж сонгоод сураад байсан байх юм?

    -А.Амарбаяр: Тухайн үед боломж бололцоо нь тэр болгон байхгүй байсан ч аав ээж хоёр минь боловсролд маш их анхаарал тавьдаг учраас яаж ийж байгаад л сайн сургуулиуд руу оруулж байсан байх. ”Шинэ Монгол” ахлах сургуульд хагас сурч байтал, Польшид Олон улсын Лицэй сургууль байна гэв. ”Бүх хичээлүүд нь англи хэлээр ордог, эхний топд нь
    орж чадвал Англид Кэмбрэжид тэтгэлгээр сурдаг гэнэ” гээд 14 настайдаа Европын зүг явж байлаа. Анх удаа ээж ааваасаа хол, долоо хоног вагоноор яваад Польшид очсон. Оросын эх газар нутгаар 5 хоног вагоноор явж байхдаа улс дамжин наймаа хийдэг ах эгч нартай танилцан тэдний бараанаас нь заралцаж үзэв. ”Термос сто рубль” гэж орилохоор орос өвөө эмээ нар ирж вагоны цонхны цаанаас хятад халуун сав худалдаж авдаг. \инээв\ Польшид очсон өдрөөсөө ойр зуурын польш хэл сурах хэрэг гарлаа. Хөдөөний гэгдмээр хот учраас тэр болгон гадаад хүмүүс амьдардаггүй. Ази хүн анх удаа харж байгаа жоохон хүүхдүүд биднийг ам нь ангайчаад харж инээгээд л гудамжаар дагаад л алхана. Аав ээж хоёроос сардаа жаахан мөнгө ирэхээр ах бид хоёр ”цалин буулаа” гээд л дэлгүүр орж польш хиам авч иддэг нь бас л жаргалтай мөчүүд байсан юм шүү. Мөнгө бас тэнд дутагдалтай л байлаа. Тэнд удаан хугацаанд амьдарсан монголчуудтай танилцаж, хичээлийн бус цагаараа тэдний ажилладаг задгай зах дээр очин цамц, оймс энэ тэр заралцаж хармааны хэдэн төгрөг олох үе зөндөө байсан. Польшид хагас жил болоод хэдийгээр ах бид хоёр анги, ангидаа топдоо орчихсон байсан боловч, хувийн тодорхой шалтгааны улмаас Монгол руугаа буцсан юм.

    -Г.Галбадрах:Польшоос буцаж ирээд бас сурсан уу?

    -А.Амарбаяр:Тэгсэн. Польшоос буцаж ирээд ”Оюуны тулга” гэдэг математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд шууд аравдугаар ангид нь орсон. Сургуулиа төгсөөд Их Сургуульд орох гэтэл ”15 настай” гээд намайг аваагүй. Харин MIU гэдэг сургууль авна гээд, тэнд орж IT-гийн чиглэлээр сурч эхлэв. MIU-д би нэг жил сурсаныхаа дараа нь ШУТИСд шалгалт өгөөд Германы Инженерийн Бэлтгэл \ГИБ\ ангид орсон. Уул уурхайн инженерийн мэргэжлээр хоёр жил сурч шалгалтуудыг нь өгч Герман руу тэтгэлгээр сурахаар явах боломжтой гэж сонгосон юм. Тэр үед уул уурхайн салбар Монголд их ирээдүйтэй гэж яригддаг байсан юм. Тэнд герман хэлээ академик түвшинд сурсан. Бүх хичээлээ германаар үздэг, бодсон бодлогоо германаар тайлбарладаг байлаа. Хагас жил орчим сураад байж нэг өдөр аав надаас ”Чи Герман явах уу? эсвэл Америк явах уу? Америкт бага хэмжээний тэтгэлгээр сурах боломжтой сургууль байна” гэж хэлж байсан. Тэгэхэд би яагаад ч юм бэ, шууд л ”Америк явъя” гээд сонгочихлоо.

    Гурав. АМЕРИКТ ЗОРИЛГОО МЭДРЭВ

    20170116 007

    -Г.Галбадрах: Их олон сургуулиудад суралцаж, олон сонголтууд хийсний эцэст Америкийг сонгожээ дээ?

    -А.Амарбаяр: Тэгээд л хоёр сар хагасын дотор бүх зүйлээ шийдээд 2006.1.06 нд Америкт ирлээ. Хэдийгээр англи хэл үзэж, өөрийгөө ”сайн болсон” бодож байсан боловч, Сан-Францискод буугаад л чихний бөглөө гараагүй болохоор хүмүүсийн яриаг нь сайн ойлгохгүй, энд тэнд байгаа бичгүүдийг нь ч ойлгохгүй байсан. Тэндээсээ өөр нэг онгоцонд суугаад Диккинс гээд жижигхэн хотод буусан даа. ”Америк гээд гоё, өндөр өндөр барилгуудтай газар очно доо” гэж бодож байсан хүн, хөдөө газрын жижигхэн сургуульд ирчихдэг. Тэр үед бас 40-өөд оюутан ирчихсэн байсан. ”Монголоороо яриад байвал хэл ер сайжрахгүй юм байна” гэж бодоод Америк хүмүүстэй илүү ярьдаг болохоор хичээсэн. Нэг улирал гаран тэгж явсаар байтал хэл маань сайжирлаа. Эхний нэг жилдээ үндсэн хичээлүүдээ үзэж байгаад мэргэжлийн хичээлээ дараа жилээсээ үзэж эхлэв.

    -Г.Галбадрах: Оюутны амьдрал тань ямархуу байв?

    -А.Амарбаяр: Би ер нь их идэвхтэй оюутны нэг байсан байх.” Student Senate” буюу манайхаар ”Оюутны Холбоо”-ны гишүүнээр ажиллаж, Олон улсын оюутнууд болон Америк оюутнуудыг хооронд нь нь найрсаг харилцаатай, бие биенийхээ соёлыг ойлгож, сайхан найзалж нөхөрлүүлэх төслүүд дээр их ажиллаж байв. Тиймдээ ч сургуулиа төлөөлөн COSGA \Conferense On Student Government Association\ нэртэй Америкийн бүх Их Сургуулиудын Холбооны төлөөллүүд оролцдог чуулга уулзалтанд 4 senat оюутантай хамт оролцож, ”Оны шилдэг Senate” шагналыг авч байлаа. ”Оюутны дотуур байрны каминдат болбол, байр хоол үнэгүй болгож хөнгөлүүлдэг юм байна” гэж олж мэдээд нэг семестрийн турш 50 гаруй оюутнуудтай хамт хичээл үзэж, төгсгөлд нь ”сонгон шалгаруулах” төсөл дээр ажиллан шигшигдээд, эцсийн шатандаа ярилцлагад орж сонгогдсон хэдхэн оюутны нэгэнд багтан байр хоолоо үнэгүй болгож байв. Үүрэг хариуцлага нь мэдээж өндөр. Дотуур байрныхаа оюутнуудын амьдрах орчин, хэрэгцээтэй зүйлсийг нь бүгдийг нь хамт хариуцаж, сар болгон янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулна. За тэгээд Олон Улсын Оюутны Холбоо, сонирхогчдын спортын баг, уралдаан тэмцээн гээд ер зүгээр суудаггүй байсан. Ганц нэг шагнал урамшууллаас нь дурдвал: ”Ерөнхийлэгчийн нэрэмжит оны шилдэг оюутан”-аар шалгарч байв. Сургуулийнхаа ”Авьяастан шалгаруулах тэмцээн”-д хоёр жил дараалан оролцож 1-р байр эзэлж байсан шүү. Хурууны бүжиг хийж байсан юм. \инээв\ Гадна дотны олон найзуудтай болсон. Өнөөдрийг хүртэл тэдэнтэйгээ холбоотой байдаг шүү.

    -Г.Галбадрах: Суралцаж байхад хүнд хэцүү үе тохиолдож байв уу?

    -А.Амарбаяр: Зундаа Вашингтон ДС-д ирээд ажил хийдэг байлаа. Кассчин, бургерчин, айл нүүлгэдэг ажил гээд олдсоныг нь хийнэ. Нэг удаа айл нүүлгэж яваад нуруугаа
    гэмтээчихлээ. Нуруугаа хөдөлгөж чаддаггүй. Ажлаа тараад арай гээд алхаж явтал бороо ороод л могой яваад, тэр үед л ”Би яг яагаад ингэж яваад байгаа билээ?” гээд өөрөөсөө асуугаад л. Хамт ажиллаж байсан ах надад могойн тос авчирч өгөөд, тэгсэн ч ер босч чадсангүй. Эмчилгээнд явах гэтэл үнэтэй байлаа. Аав, ээж хоёр намайг ”Монголдоо буцаж ир” гэлээ. Тэгээд л ажил хийж олсон мөнгөөрөө тасалбар аваад л Монгол руугаа явав. Монголдоо ирээд нуруугаа эмчлүүлчихээд Америк руу буцаад явсан даа. Тиймэрхүү юм тохиолдохоор зорилгоо улам ихээр санадаг юм билээ. ”Санхүүгийн хэрэгцээгээ яаж өөр байдлаар шийдэх вэ?” гэж бодогдож боломжуудаа бүрэн ашиглахаар чармайж эхэлсэн. Нэг улиралд би 25 кредит авч үздэг байсан юм. Тийм болохоор хоёр жил хагас хугацаанд суралцаад сургуулиа төгсөв. . Ингээд 2008 оны 5 сард бакалавраа 18 настай төгсөж, ”Хамгийн залуу төгсөгч”-өөр шалгарч байлаа. Төгсөх семестэртээ REMco Software \одоо MSI Solutions гэгддэг болсон\ зочид буудлын захиалгын систем хийдэг компанид дадлага хийх боломж олдоод орж байсан юм. Харин сургуулиа төгсөөд тэр компанидаа ажилд орсон юм.

    -Г.Галбадрах: Тэр компанидаа ямар ажил хийдэг байсан юм бэ?

    -А.Амарбаяр: Technical Support буюу зочид буудлын ажилчид менежэрүүдэд программын холбогдолтой ямар нэгэн асуудал тулгарвал техникийн зөвлөлгөө өгч, асуудлыг нь засдаг ажил. Харин үүнээс 6 сарын дараа тушаал дэвшээд ”ахлах” болсон. Түүнээс хойш 4 сарын дараа дахин тушаал дэвшиж ”Программ Хөгжүүлэлтийн Хэлтэс” рүү инженерээр орох болов оо. Би тэр үед 250$-оор 1985 оны арай хийж явдаг нэг машин худалдаж авчихсан байсан юм. Тушаал дэвшээд, төгссөн мэргэжлээрээ хүсч байсан ажлаа хийх болсон гэдэг мэдээг сонссон тэр өдрөө гэр рүүгээ харьж явахдаа машиныхаа бүх цонхыг хааж байгаад ”Yes” гээд хамаг чадлаараа орилж билээ. \инээв\ Таван жил би тэндээ тасралтгүй ажилласан.


    20170116 004

    Дөрөв. МОНГОЛД БАС СОЛОНГОСТ

    -Г.Галбадрах: Хурдан дэвшиж, тэр хэрээрээ сайн туршлага хуримтлуулж байжээ?

    -А.Амарбаяр: Хамгийн доороос нь эхлээд бүх шат хүртэл нь зочид буудлын системийг
    сурчихлаа гэж бодож байсан. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаад ”Монголынхоо зочид буудлууд, кемпүүд, гэр жуулчны баазуудыг нэгтгэсэн захиалгын системтэй болгоноо” гэсэн зорилготойгоор Монгол руугаа буцлаа. Гэхдээ ”Юмыг яаж мэдэх вэ?” гээд ”Б” төлөвлөгөө гаргасан байсан нь, ”Монголд очоод энэ санаа маань бүтэлгүй болох бас ажил олдохгүй болбол мэргэжлээ дээшлүүлэн ахиад сурна” гэсэн төлөвлөгөөтэй. Монгол руугаа буцахаас хагас жилийн өмнө Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургуульд шалгалт өгөөд 100 % тэтгэлэгтэй суралцах урилга хармаандаа хийчихсэн байсан л даа. Монголдоо ирээд ажилд орох гэж ярилцлагад орж үзтэл, Америк дахь таван жилийн туршлагыг маань тийм ч их тоохгүй, харин ”магистр хийгээгүй” гэсэн шалтгаанаар маш бага цалин, хангамж санал болгосон. ”Зочид буудлын системтэй холбоотой төсөл авч ажиллая” гэж бодоод судалгаа хийж хэд хэдэн зочид буудлын IT албаны дарга, менежэрүүдтэй уулзаж ярихад ”Өө, наад санаа чинь явахгүй. Манайхан чинь Оросын зочид буудлуудын захиалгын системийн кодыг интернэтээс олж байгаад татаад авчихдаг юм. Тэгээд л хэрэглэчихнэ шүү дээ” гэж байсанд нь урам хугарсан. Нөгөө талаасаа туршлага дээрээ түшиглэн өөрийн санаа бодлоо хэрэгжүүлэх боломж надад ер харагдахгүй байлаа.

    -Г.Галбадрах: Монголд маань чиний Америкт хуримтлуулсан туршлагыг бус цаасан дээр байгаа дипломын үнэлгээг үнэлдэг муу тогтолцооны жишээ байна л даа?

    -А.Амарбаяр: Нэгэнт зорьж ирсэн зорилго маань бүтээгүй болохоор ”Б” төлөвлөгөөндөө орж, Сөүлийн Үндэсний Их Сургууль руу явахаар шийдсэн. Миний сурч байсан лабораторид магистр болон докторын зэрэгтэй 12 оюутнууд байлаа. Хоёрхон гадаад оюутан байсны нэг нь би. Тэд бүгд маш мундаг, чадвартай оюутнууд байсан нь хийж байгаа төслүүдээс нь шууд мэдрэгдэж байв. Засгийн Газрын тендэрт орж өрсөлдөөд Солонгосын wi fi интернэтийн хурдыг 50 дахин хурдан болгох төслийг ялаад авчихаж байгаа лаборатори шүү дээ. Гэвч тэнд сурахад маш стресстэй, оюутнууд нь үүрийн 4,5 цаг хүртэл хичээлээ хийнэ. Долоо хоногийн зургаан өдөр маш ачаалалтай ажилладаг. Хичээлүүд нь англиар ордог ч, солонгос багш нарынх нь аялга ойлгогдохгүй. Мэдлэг хүлээж авах гэхээс илүү аялгыг нь ойлгох гэж хамаг хүчээ барчихдаг байв. Хоёрдугаарт хоол нь бас таарсангүй. Кампус дээр хоол идэхээр хэдхэн зүсэм мах, будаа, хачиртай өгдөг. Тэгээд хамгийн түрүүнд солонгосоор хэлж сурсан ”Ахиад хоол нэмж өгөөч” гэдэг үгээ байнга давтана. Тэнд сурч байхдаа олон мундаг монгол оюутан, ах эгч нартай танилцан найзууд болж, их ч зүйл сурсан. Гэхдээ яагаад ч юм бэ? миний хувьд Солонгос нэг л таарч өгөхгүй байсан болохоор, эргээд Америк руу явья гэсэн бодол төрсөн дөө. Ахиад сургууль хайж эхлэв. Нэг өдөр ”Зээлээр магистрийн зэрэгт сурах боломжтой Их Сургууль” -ийг олж мэдээд тэр сургуультайгаа холбогдоод эхэлсэн. Удалгүй шалгалт өгч, бичиг баримтаа бүрдүүлэн ярилцлагад орж тэнцээд, сургуульдаа орсон доо.


    20170116 005

    Тав. ”АМАЗОН”-Ы АХЛАХ ИНЖЕНЕР

    -Г.Галбадрах: Нөгөө л дунд сургуульд сурч байхдаа сайн сургуулиудыг шилж сонгож сурч байсан түүх тань давтагдаж дээ?

    -А.Амарбаяр: Тэгсээн. \инээв\ Сургуульд орох урилгаа аваад 2014 оны 6 сард энд ирсэн. Энд үнэхээр чанартай боловсрол эзэмшиж чадсандаа их баяртай байгаа. Нэг сард нэг л хичээл үзнэ. Тийм зарчмаар явахаар яг тухайн сардаа өөр юунд ч санаа зовохгүйгээр тэр хичээлдээ анхаарлаа хандуулж, сайн сурах боломжтой. Улмаар 2015 оны 12 сард хичээл маань дуусаад ажил хайж эхлэв. Дотроо бол бүгд л Амазон, Гүүгль, Фэйсбүүк, Майкрософтод орчих хүсэлтэй. Миний хувьд ч бас адилхан. Гэхдээ баярын улирал таараад ч тэр үү, ажил хайгаад явц муутай байсан нь бага зэрэг сандаргаж байсан шүү. Он гараад харин ажлын ярилцлагууд эрчимтэй өгч нэг ажлын байрны санал хүлээж авлаа. Бас нэг газартай нилээд сайн ярилцлага өгч, ажлын байрны санал авах дөхөж байсан юм. Энэ 2 компанид хариугаа хэлэх ёстой 7 хоногийн хугацаанд гэнэт ”Амазон” оос утсадаад ”Ярилцлага хийж болох уу?” гэж санал тавьсан. Хүссэн болгон ороод байдаггүй өндөр шалгууртай болохоор, би ч эхэндээ ”Эрсдэл үүрэхгүйгээр бэлэн байгаа ажлын саналаа авчихья” гэж бодож байв. Гэтэл яагаад ч юм бэ? цаанаасаа л ”Хоосон хоцорсон ч хамаагүй ярилцлага өгөөд үзье” гэсэн бодол эргэлдээд, сайн найзууд минь хүртэл дэмжиж зөвлөсөн болохоор, эргэлзээгээ ”Ерөөсөө л ”Амазон”-ыг хүлээж, үзээд алдая” гэж шийдэж тайллаа. Эхний ээлжийн ярилцлагаа утсаар өгтөл ”Та тэнцлээ, Сиэтлд хүрч ирж ярилцлаганд ороорой” гэж байна. Сиэтлд очих бүх зардлыг \онгоц, зочид буудал, өдрийн 3 хоол, такси\ цаанаас нь төлнө гэхээр нь гайхаж байж билээ. Тэгээд л Сиэтлд очиж өгөх ярилцлагадаа бэлтгэн, интернэтээр ”Амазон”ы тухай судалж эхэлсэн дээ.

    -Г.Галбадрах: ”Амазон”-д орох ярилцлагад бэлтгэхдээ, ”Амазон”-ы талаар судалж байгаа чинь хамгийн зөв шийдэл байна гэж би бодож байнаа.

    -А.Амарбаяр: 45, 45 минутаар таван ярилцлагад орох байсны 4 нь техникийн ярилцлагууд, харин үлдсэн нэг нь яг орох багийнхаа менежэртэй хийх ярилцлага байсан юм. Тэгэхээр ганц техникийн чадвараа бэлтгэхээс гадна, ”Амазон” компаны талаар судалж, ”Яагаад энэ заавал энэ компанид ажиллах хүсэлтэй байгаа юм бэ?” гэдгээ нотолж ойлгуулах хэрэгтэй байлаа. Тиймээс анх үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн судалж, бизнесийн модель, ололт амжилтууд, бас алдаанууд, шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүд, СЕО-н өгсөн ярилцлагууд, мэдээ, бүр цаашлаад сүүлийн 6 сард хувьцаа нь яаж унаж, өссөн талаар уншиж судлан бэлтгэсэн байсан юм. Техникийн асуултуудаа хариулчихаад мөнөөх менежэртэй ярилцхадаа уншиж судалсан зүйлүүдээсээ ярьтал ”Woow” гэсэн хариулт шууд авч байсан шүү. Ярилцлагаас гарч ирэхдээ ”Тэнцээгүй байсан ч харамсахгүйгээр өөрийн чадвараа бүрэн ойлгууллаа” гээд өөртөө санаа амар, бас баяртай байдаг юм билээ. Ярилцлагынхаа хариуг маргааш нь э-майлаар хүлээж автал, хамгийн эхний үг нь ”Cоngratulatuons” гээд л гараад ирэв. Тэрийг нь харчихаад сандарсандаа цонхоо хаачихаад, ахиад нээж хартал ”тэнцчихсэн” байлаа. Амьдралдаа 2 дахь удаагаа бүх чадлаараа өөртөө ”Yes” гэж хашгирсан нь энэ байсан. Энэ сайхан мэдээгээ найзууддаа гэр бүлдээ хэлээд л бөөн баяр болсон.


    20170116 006

    -Г.Галбадрах: Энэ бол миний бодлоор том амжилт мөн шүү дээ?

    -А.Амарбаяр:Энэ амжилтанд би дан ганцаараа хэзээ ч хүрэхгүй байсан байх. Аав ээжийнхээ ачаар эзэмшсэн боловсрол мэдлэг, өмнөх ажлын туршлага, хамт сурч байсан оюутан найзуудын туслалцаа, багш нарын зөвлөлгөө гээд олон зүйлс энд хүрэхэд минь тусласан. Гэхдээ энэ дундаас нэрийг нь дурдах ёстой хоёр хүн бий. Эхнийх нь одоо Finch Computing-д Lead Product Manager хийж байгаа М.Сувдмаа эгч. Анх 16 настай оюутан болоод ирж байхдаа М.Сувдмаа эгчийн бичсэн ”Их Сургуульд хэрхэн тэтгэлгээр сурах” талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад, ”Энэ эгч шиг амжилт олоод, сурч мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах юм сан” гэж бодож байлаа. Харин магистрийн хичээл дуусаад ажил хайх дөхөж байх үед өдөр оройн цагийг үл хайхран М.Сувдмаа эгч бидний 10-аад монгол оюутнуудад ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар үнэтэй зөвлөлгөө өгч байсан нь маш их тус болсон. Одоо ч гэсэн ажлын карьерийн талаар хааяа зөвлөлгөө авдаг юм. Нөгөөх нь Facebook-т ажиллаж байгаа, одоо маш сайн найзууд болсон Хонгор. Google, Facebook хоёрт ярилцлага өгөөд хоёулангаас нь ажлын байрны санал авсан туршлагаасаа бичсэн блогийг нь уншаад урам орж,” Би ч бас их бага гэлтгүй сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй юм байна” гэсэн бодол бат төрсөн дөө. Ажилд орсныхоо дараахан 1 сард блог нээгээд ажлын ярилцлагад орсон туршлагаа бусадтай хуваалцах боллоо. Өнөөдрийг хүртэл блогийг минь 11 000 орчим хүн үзсэн байдаг бөгөөд боловсрол, ажил мэргэжил, ярилцлага, Америкт амьдрах талаар, тэр ч бүү хэл хүний нөөцийн бодлогын талаар олон хүмүүс холбогдож байсан. Энэ бүхнээс их урам авч хүмүүст чадах ядахаараа мэдлэг, мэдээллээ хуваалцаж байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт багахан ч атугай тус болбол тэгээд л зорилго минь биелнэ шүү дээ.

    -Г.Галбадрах: Маш сайхан сэтгэл байнаа, Амараа. ”Амазон” бол дэлхийд бренд болсон компаниудын нэг. Энд ажиллаж хэр хөгжиж байна даа?

    -А.Амарбаяр: Ажилд ороод эхний үед жаахан санаа зовж байлаа. Яагаад гэвэл, хамт ажиллаж байгаа хүмүүс маань Harvard, Stanford8 MIT төгссөн, эсвэл Google, Facebook, Microsoft, Apple-д ажиллаж байсан туршлагатай, мундаг хүмүүс байв. Гэтэл миний бакалавр, магистраа төгссөн сургуулиуд маань рейтинг ч байхгүй, ”хөдөөний” гэж нэрлэгддэг хотуудад байрлалтай сургууль шүү дээ. Би тэгээд тэдэнд өөрийн суралцаж төгссөн сургуулиа хэлтэл, ” Айн!Тэнд чинь хүн амьдардаг юм уу?” гээд тоглож хэлээд инээнэ шүү дээ. Эхний хоёр сар бол ”Яая даа” гэтлээ ажиллав. Маш их мэдээлэл дунд живчихэж байгаа юм шиг л санагдсан. Хүн өөрөө хичээгээд нэг зорилго тавиад түүнийхээ хойноос явахгүй бол, хоцрогдох эрсдэлтэй. Тэгэхээр байнга л өөрийгөө хөгжүүлж, шинийг мэдэж, гараасаа үр бүтээлтэй ажлуудыг гаргаж байх шаардлагатай болдог. Ажил дээр өнгөрүүлж байгаа 1 минут болгон хэрэгцээтэй байх ёстой. Эхний жил гэхдээ би их ч хичээж, сайн ажилласан. Үүнийг маань манай менежэрүүд хийсэн ажлаар минь дүгнээд тушаал дэвшүүлсэн юм. Ажилд ороод 6 сар болоод тушаал дэвших болзлоо хангачихсан байсан ч, зуныхаа амралтаар Монгол руу явчихсан байсан учир тэр боломжоо алдаад оны төгсгөл хүртэл хүлээх хэрэгтэй боллоо. Баг дотроо ”ахлах инженэр” гэсэн тушаалд очиход, надтай адилхан тушаал дэвшсэн хүмүүс 3 жил ажиллаж байж тэр албан тушаал дээр очсон байдаг юм. Тэд надаас тоглоом шоглоомоор ”Чиний нууц чинь юунд байна?” гэж асуухад нь, хариуд нь ”Монголчуудад байна” гэж хэлээд инээчихдэг юм.

    -Г.Галбадрах: ”Амазон”д тушаал дэвших процесс нь яаж явагддаг болон компаныхаа талаар товч танилцуулж болох уу?

    -А.Амарбаяр: Тушаал дэвших процесс нь их өвөрмөц. Яг шийдвэр гаргах 6-8 хүн нь намайг танихгүй, мэдэхгүй хүмүүс. Миний хийсэн бүх ажлуудын мэдээлэл, мөн хамт ажилласан хүмүүсийн сэтгэгдэл дээр тулгуурлаад шийдвэрээ гаргадаг. Үүн дээр нэмээд хэлэхэд, манай компани дэлхийн түвшинд өөрчлөлт шинэчлэлт, технологийн хувьсгалуудад том хувь нэмэр оруулж яваа компаниудын нэг нь. Жил болгон л шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн ирээдүйг тодорхойлж, залж байна шүү дээ. 2016 оны 12 сард PrimeAir гээд агаарны дроноор захиалсан барааг нь хүргэж өгдөг үйлчилгээг Англид туршилтын байдлаар нэвтрүүлсэн бол, уг сард AmazonGo гээд бараа аваад гарахдаа ямар нэгэн кассанд бичүүлж, төлбөр төлөх шаардлагагүй, шууд гараад явчихдаг дэлгүүрийг Сиэтл хотод нээлээ. Ийм компанид ажиллана гэдэг маш том аз завшаан бөгөөд, энэ чинээгээрээ сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нь өндөр юм. Гэхдээ энэ жил, эсвэл ирэх жилээс өөр салбрууд руу бас сонирхож үзэх бодол төрж байгаа.


    20170116 005

    -Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Чи бол миний бахархаж, итгэж явдаг залуусын нэг нь. Чиний өмнө маш их ирээдүй байгаа гэдэгт итгэж байна. Чамд амжилт хүсье.

    -А.Амарбаяр: Тантай уулзаж ярилцсандаа ч би баяртай байна. Би нэг их мундаг нь биш шүү дээ. Боловсролыг дэмждэг ухаантай аав ээжийнхээ итгэл найдварыг алдахгүй гэж хичээж яваа. Хүн өөртөө олдсон боломж бүрээ маш сайнаар ашиглаж чадвал амжилтад заавал хүрдэг гэдэгт итгэдэг. Харин боломж ирэхэд бэлэн байхгүй бол алдчих эрсдэлтэй. Өөрийгөө голох хэрэггүй шүү дээ. Өөрийгөө ”Би юу ч хийгээгүй байна”, ”Юу ч мэдээгүй, сураагүй байна” гэж хэт их голох, эсвэл дарах хэрэггүй болов уу? гэж боддог. Тэгж байж л өөрийн олж авсан мэдлэг чадвар, туршлагаа их, бага гэлтгүй бусадтай хуваалцдаг болно. Харин тэр хуваалцсан багахан туршлага нь хэн нэгэнд урам зориг өгөх, хүсэл мөрөөдөлд хөтлөх, эсвэл амьдралд нь бага ч болов эерэг нөлөө үзүүлж чадвал зорилго чинь биелэлээ гэсэн үг. Дашрамд хэлэхэд, 2017 оны 3 сарын 18-20 нд залуустайгаа хамтраад ”Америк дахь монголчуудын Хөдөлмөрийн Яармаг”-ийг 4 дэх удаагаа Сиэтл хотод зохион байгуулахаар өнгөрсөн 8 сараас эхлэн бэлтгэж байна. Энэ арга хэмжээ нь оюутан залуучууд болон ажил олгогч нарт маш хэрэгтэй, бас сонирхолтой үйл ажиллагаа болдог юм. Энэ нийтлэлийг уншиж байгаа АНУ-д сурч ажиллаж байгаа оюутан залууст болон Монголд байгаа ажил олгогч компаниудад бүгдэд нь нээлттэй гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Танд ч бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.


    ...Сүүлийн жилүүдэд дэлхийд алдартай мэдээллийн технологийн компаниудад монгол залуус олноороо ажиллаж байгаагийн нэгэн төлөөлөл нь А.Амарбаяр. Тэрээр хэдийгээр Америкийн алдартай бренд сургуулийг төгсөөгүй боловч, ”Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг хэлц үгийг амьдрал дээр нотолж яваа залуу. Амьдралд идэвхтэй байх, өөрийн мэдэж авсан ухаарал, ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах хүсэл нь түүний мөн чанарыг илэрхийлдэг. ”Би өөрийгөө эхлээд сайн хөгжүүлэх хэрэгтэй байнаа. Магадгүй хэзээ нэгэн цагт тантай хамтарч ажиллах боломж олдох байх” гэж тэрээр надад хэлсэн юм. Түүний өмнө маш их ирээдүй байгаад би итгэлтэй байгаа. Бага наснаасаа л чанартай сайн гэж тооцсон бүхэн рүүгээ сонголт хийж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж байсан нь өнөөдрийн амжилт, маргаашийн сайн сайхан руу итгэлтэйгээр харах өөдрөг хандлагын суурь нь болсон байх. Миний анзаарснаар А.Амарбаяр бол хүсэл мөрөөдөлдөө яг л гал шиг асч яваа залуу. Тэр гал дунд өөрийгөө таньж, өөрийгөө хатуужуулж, өөрийн мөн чанараа хатааж яваа ган. Тэр олон залууст үлгэр жишээ болж, тусалж чадна.
    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Зорилго нь өндөр байвал биелэлт нь ч боломжийн байдаг
    2017 оны 1 сарын 17
    Нэг хүн нарыг уургалана гэж морио бэлдэж хоноод өглөө нар уулын толгойгоос цухуйх мөчид ухас хийн давхидаг байжээ. Тэр хүн өглөө бүр ялигүй хоцрох бөгөөд морио янз янзаар сольж үзжээ. Бас уургаа ч сольж урт болгон үзэж байжээ. Ер нь л янз янзын аргаар оролдсон аж. Гэвч нарыг уургалах Зорилго нь биелэсэнгүй гэнэ. Харин нутагтаа нэртэй морь уургаладаг уургач хүн болсон гэдэг. ккк.
    Үүнтэй төстэй ч гэхээр юм уу даа ккк. Монголд яг өөрийнхөө амьдралыг өөд нь татах бодолтой яваагаа ил цагаан хэлээд явах юм бол бүтэхэд маш бэрх.
    Харин том өөр Зорилго яриад явбал тэр том зорилго нь биелэхгүй байсан ч хувийнхаа амьдарлыг өөд нь татах боломж байдаг ажээ. ккк
    Жишээлбэл: Авилгалыг устгана. Монгол улсаа аварна, хөгжүүлнэ гэж ярьдаг бичдэг тэмцдэг хүн өнгөрсөн 26 жилд тоогүй олон байсан.
    Гэвч Монголд авилгал байсаар л байна. Улс маань хөгжөөд сүйд болсон юм алга.
    Харин энэ зорилгыг ярьж ТУГАА болгож байсан хүмүүсийн хувийн амьдралд ЧАНАРЫН ТОМ том өөрчлөлтүүд гарчээ.ккк
    Үүний нэгэн жишээ бол Сонгуулийн үед хонь хариулж өссөн гэж ТВ-гээр цацагдаж байсан Ц.Элбэгдорж өнгөрсөн 26 жилийн 3-орчим жилд л АНУ-д явж суралцаж байжээ. Бусад бүх жилүүдэд нь төр засагт ямар нэг хэмжээгээр ажиллаж байв.
    Одоо түүний хувийн хөрөнгийг төрөөс авч байсан цалинтай нь харьцуулаад үзвэл сонин тоо гарна байх шүү. ккк
    Тэмцэгчдийн ярьдаг том зорилгуудаас бичвэл Дэлхийн дулаарлын эсрэг, Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахын эсрэг, гэх мэт глобал зорилгууд ч байлаа.
    Би тэмцэж яваа хүнийг дэмждэг. Харин Монголын тэмцэгчид маань баяжаад ирэхээрээ анхныхаа зорилгоос хазайгаад өөр юм яриад явчихдаг нийтлэг гэмтэй юм.
    Шударга байцгаая гэж ярьж байсан хүн, Өнөөдөр шударга байж чадаж байгаа билүү дээ? Тангараг өргөхдөө маргаашнаас Монголд авилга байхгүй болно ч гэж хэлж байжээ. ккк
    Монголын сонгогчид Түүнийг хэлсэндээ хүрэх болов уу гэж л дэмжиж байлаа.
    Монголын улс төрд хэлсэн, ярьсандаа байж чаддаг, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, тийм улс төрийн хүчин, улс төрчдийн эрэлт хэрэгцээ маш их байна.
    Улс төрчдийн Сонгуулиас өмнө ярьж байсныг Сонгуулийн дараа ярьж байгаатай нь харьцуулан ТВ-гээр Монтажлан үзүүлбэл ХОШИН Шогийн жүжигчид маань хийх ажилгүй болох буй заа ккк.
  • Энэ сарын 19-нд “Тожмой лууны эрин” хэрхэн төгсөхийг харцгаая
    2017 оны 1 сарын 17
    ...З.Энхболд “С.Баярцогтыг дэвшүүлэхгүй байж чадаагүйнхээ төлөө” уучлалт гуйсан нь орчин үеийн “Мангаа До”-Ц.Элбэгдоржийн дэргэд барьцааны хүн л гэж байдгаас багийн хүн гэж байхгүйг нотолчихлоо доо…С.Баярцогт бол АН-ын хүн биш...
17 18 19 20 21 22 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДЭЗЧУ: Ганд тэсвэрлэх байдлыг олон улсын хэмжээнд нэмэгдүүлнэ
    4 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан тойргийнхоо иргэдтэй уулзаж санал, байр суурийг нь сонслоо
    5 цаг 18 мин
  • Израил улс НҮБ-ын эсрэг дайн зарлав уу?
    5 цаг 50 мин
  • Шинэ Зеландын Хойд аралд үргэлжилсэн их хэмжээний аадар борооны улмаас 100 тонн жинтэй аварга чулуу нуржээ
    6 цаг 23 мин
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 29 мин
  • Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
    6 цаг 55 мин
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
    8 цаг 3 мин
  • АН-ын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ
    8 цаг 26 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
    8 цаг 34 мин
  • Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
    9 цаг 11 мин
  • Жүдогийн УАШТ-д зодоглох магадлал өндөртэй ҮНДЭСНИЙ бөхчүүд
    9 цаг 16 мин
  • Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ
    9 цаг 21 мин
  • ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
    9 цаг 51 мин
  • Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу?
    11 цаг 8 мин
  • Зун аялал жуулчлал дээд цэгтээ хүрнэ, учир нь COP 17 Монголд болно...
    11 цаг 17 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
    11 цаг 36 мин
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
    11 цаг 38 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА
    11 цаг 52 мин
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 42 мин
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгын сумдын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
    Өчигдөр 18 цаг 20 мин
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Угаарын хийд 119 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
24 баримт
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК