-
2017 оны 2 сарын 07
...Су.Батболд, Л.Эрдэнэчимэгийг төрсөн өдрөөр нь өрөөндөө дуудаж байгаад ийм бичлэг хийгээд авчихлаа, одоо Л.Эрдэнэчимэгийн тойрогт манай ялалт баталгаатай гэж ярьж явсан юм. Д.Бямбацогт гишүүний С.Одонтуяа гишүүн, Б.Болор гишүүний зургийг төрсөн өдрөөр нь эвгүй байдалтай аваад тараасны дэргэд бол энэ илүү аюултай юм гэж айж байна...
-
2017 оны 2 сарын 06
Их эргэлзээтэй санагдаж байгаа зүйл бол “Монголын нууц товчоо”-ны зохиогч “феодализм”, “овгийн байгуулал”, тэр ч байтугай, “язгууртан”, “ардчилал” гэх мэт ойлголтуудыг мэдэж байсан гэж үү гэдэгт байна. Харин ч, зохиогч нь 1240 онд өнгөрсөн өдрүүдийн тухай өгүүлэхдээ аль нэг Чингисийнхэнд талархалтай байсан эсэхээ тодорхойлсон гэвэл үнэнд арай ойртож очихсон билээ. Чухамхүү ийм талархалтай эсэхээ зохиогч илэрхийлэхийг эрмэлзсэнээс үнэн байдлыг хохируулсан тал гарсан байж болно....
-
2017 оны 2 сарын 06
...Бид ГАМИНГИЙН СҮНСҮҮДИЙГ ОРОЙ дээрээ тахисан байна.
Цөөхөөн хэдэн МАНАНГИЙН луйварчид төрийн эрхийг сонгууль будлиулах, санал худалдаж авах замаар хууль бусаар авч, урьд зүгийн эрлийз, хурлийзуудын явуулгаар ГАЗАР ШОРОО, ТУСГААР ТОГТНОЛОО алдаж мэдэх, хууль тогтоомж үйлдвэрлэж байна...
-
2017 оны 2 сарын 04
... Гэхдээ иддэг уудагаараа цоллуулж, эх орноо худалдсан дээрэмчид хэмээн цоллуулдаг түшээд ард түмнээ баярлуулахаа мартаагүй нь яамай. Ямар ч байсан хандив өргөсөн иргэд үр ач, хойч үеийнхэндээ үлдээх талархалын дурсамжтай болох нь...
-
2017 оны 2 сарын 03
Төрийнхөө өмнө, хуулийнхаа өмнө жирийн иргэн хүн, улс төрийн олон ургалч үзэл, өөр бодолтой хүн мөхөсдөж байгааг хараад яаж ч чадахгүй уурсан, харамсч, цөхөрч, гараа хумхин, хумсаа алгандаа шигтгэн суухыг МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэмээр байна.
Үндсэн хуулийн заалтын 6 дугаар зүйлийн нэгдэх заалтанд ”….газар,ой,ус, газрын хэвлийн баялаг төрийн мэдэлд”байж, үндэсний баялаг болох талаар заасан нь бий.
Тэхлээр эцэг өвгөдөөс уламжлан ирсэн энэхүү баялаг монголчуудын нийтийн дундын өмч мөн.
Нийтийн өмчийг төлөөллийн зарчмаар сонгогдсон УИХ, ЗГ, төрийн бусад байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шудрагаар хуваарилах үүрэгтэй.
За энэ томоохон баялгийн нэг эзэмшлийн газрыг хэн хэрхэн хуваарьлав гэдгээ нэг сэргээн санацгаая.
Хамгийн үнэ цэнэтэй газар бол хотын 1,2 дугаар бүсийн газрууд. УБ хотын иргэдийн дундын нийтийн өмч болох энэ газруудыг, УБ хот орчмын улсын тусгай хамгаалттай газруудыг эзэмших зөвшөөрлийг, ямар хуулийн хүрээнд хэн хэрхэн хуваарьллаа.
Үүнийг мартагнах учиргүй. УБ хотод насаараа амьдарсан бидний нүдэн дээр харсаар байтал АВИЛГАЛЫН журмаар тухайн үеийн хотын дарга байсан Баасанжавын үеээс эхлэн Цэлмэг,Хэрлэн,Тулга зэрэг хэдэн архитектор,инженеруудтай хамсан айн айн,ичин ичин хумслан хулгайлж эхэлсэн. Арай даруухан байсан.Энэ үед хамгийн том газар олголт Нарантуулын газрыг Баасанжав захиргаандаа ажилладаг байсан Сайхансамбууд өгснөөр сайхан үлгэр эхэлсэн.
Үүний дараанаас эхлэн БУМ болсон.
Энэ үе АВИЛГАЛЫН цэцэглэн мандлын дээд үе Н.Энхбаярын үетэй таарсан. МАХН энэ үед 72 суудалтай зориг цөс бар чацга алдуулам,сөрөг хүчин тэр чигтээ гудманд байсан.
Энэ үед монголын нутагт хамгийн үнэт зүйл алт биш хотын газар байлаа. Үүнийг мэдэрсэн хотын мэр,түүний менежер, БОЯ гурав газрын АВИЛГАЛЫН загалмайлсан эцэг,эх болж, ичингүйрч байснаа, улаан цагаандаа гарч, сүүлдээ дээрэм ,тонуул болсон.
Энэхүү газрын мангасууд бол 1 дүгээр сургууль нэг ангид төгсөөд хотын газраас болж дайсан болсон, өмнөд хөршийн цустай ангийн анд М.Энхболд,У.Барсболд, Бадамжунай нар байлаа. Тэр үеээс л Бат-Үүл бид хоёрын хүү тоглож,уйлж дуулж өссөн УИХ дэлгүүрийн арын 40 мянгатын байрны хүүхэд тоглох талбай, биеийн тамирын талбай, ногоон байгууламж бүгд ”капут” болж, төмөр бетон жунглид эзлэгдсэн.
Үүнийг Жунай,Мэ хоёр Авзагын Мэндбаярт орц бүрээс 1,2 байраар өгсөн гэдгийг өнөөгийн манай байрныхан бүгд ярьдаг.
Тэр байрыг нь хэлсэн хүн дугаарыг нь би заагаад өгсөн чадна. Лав манай орцны 6 давхарт хоёр бий.
Дараагийн газрын авилгын гайхамшигт ПИРАМИДЫГ Н.Энхбаяр, Ховдын Ц.Элбэгдорж нарын засаглалын үед БОЯ-ны сайд байсан ховдын У.Барсболд хэмээх нангиад цусны эр ангийн найз математикч Баясгалангаар дамжуулан Зайсан, тэрэлж,Хөвсгөлийн тусгай хамгаалттай газрын соруудыг авилгалаар өгсөн. Үүнийг системээрээ дуу алдан байж гэрчилнэ. Энэ бүхнээс УБ сан, УБ банкны анхны эх үүсвэр бүрдэж, түүнийг хотын захиргаанд ажиллаж байсан найдвартай хүмүүсээрээ босгож, улмаар газар даахааргүй баяжин, ХХБ-ыг авсан байх гэдгийг энгийн логикоор ойлгож болно. Мөнгөтэй улс төрч төрд хадагддагийг хэдэн хүн ойлгосон. Түүний хамгийн том нь М.Энхболд. Тэр бол Н.Энхбаяраас сүүлд ургасан эвэр. Дараагийн угалзын эвэр бол Элбэгээ гэж боддог. АН уг нь Элбэгээг ерөнхийлөгчид дэмжихдээ МАН-ын ”НИСДЭГ БОР МОРИЙГ НЬ” байхгүй болго гэж явуулсан, өөрөө ч тийм эрмэлзэлтэй байсан байх гэтэл тэр ШУДРАГА ЁС ХЭМЭЭХ НИСДЭГ БОР МОРЬ авахын оронд СААЛИЙН ҮНЭЭ болгосон гэж олон түмэн яриад байгаа нь сүүлийн үеийн үйл явдал харуулах шиг боллоо.
Улсын баатар хүн хүн гүжирддэггүй л юм бол, хүүхдийнхээ тоглоомын газар авилгалаар алдсан надтай үнэнийг л хэлэх ёстой.
Тэр нэгэнтээ ”Хэрэв СХД нэг муу газрыг дуудлагаар худалдсан үнээр тооцож үзвэл УБ хотын нийтийн эзэмшлийн газраас 67 тэрбум ам.долларын газар авилгалаар өгсөн” гэж хэлсэн.
Тэхлээр авилгал сүүлдээ аймшиг биш УЛСЫН СТАНДАРТ болтлоо хөгжиж, түүний хишгээс хүртэх хувь манай Ээбийд байгаагүй бол шалгаж илрүүлэн энэ наймааг зогсоож, эздийг нь хариуцлага хүлээлгэх байсан.
Үнэнийг хэлээтэхсэн дотор нь ажиллаж байсан Болормааг зүйл дуусгаад энэ бүх процесс ”благородный дело” мэт өнгөрснийг санаж байна.
Хэрэв МОНГОЛ ТҮМНИЙ дундын баялаг, нийтийн өмч, нөгөө хуулинд заасан газрын хэвлийн баялаг лиценз маягаар үүнээс долоон дор тоногдож, хэдхэн гэр бүл уул уулаар, овоо овоогоор нь авсны ярьвал роман болно.
Энэ бүхнийг Норвеги шиг,Чили шиг,Канад шиг зохицуулаад аль гэснээс өөрсөөд хувааж ав гэж монгол түмэн эднийг сонгоогүй тул өнөөдөр олон түмний хорсол дургуйцэл нь ийм ихээр зангирч байгаам.
Гэтэл монголын хууль хүчний байгууллагууд АТГ, Прокурор, ШҮҮХ,Цагдаа нэг нь зүрхлэхгүй томилгооны даалгавар гүйцэтгэж ямарч нэр хүндгүй боллоо. Та нар М.Энхболд, Ц.Элбэгдорж үхвэл цуг үхэж, шоронд орвол цуг орно гэж тангараг өргөөгүй байх.
Цалингийн халтар мөнгөнөөс ариун нэр төр, өсгөж өндийлгөсөн монгол зоны эрх ашиг, хөх толбо чинь юм бодуулдаггүй юм уу.
Эд нар сибирийн үүл шиг баруун урагш нүүгээд өнгөрнө. Та бүхэн байран дээрээ БУУНЫ НОХОЙ нэр аваад дараагийн эрх баригчид адлуулна.Энэ бол аксиом.
Энэ бүхнийг нуршхын учир яагаад ийм том авилгачид байхад толгойных нь үснээс нэг ч хялгас унагаахгүй, хамгаалтанд авч ”шанага” Ганболдыг томилж, толгойг нь илж, үнээ болгочихоод улс төрийн шалтгаанаар тухайлсан баривчилгаа, зорилтот гүйцэтгэх ажиллагаа явуулах, прокурорт даалгавар өгч хууль завхруулаад байна.
Энэ чинь олны нүдэн дээр үнэн гэнэн,үнэн илэрхий ялгаварласан, шудрага бус, бабаа харагдаад байна.
Улс төрийн жандармаризм монголд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ бүхнийг монголчууд зүүдлээчгүй, хүсээчгүй.
Бид үнэхээр дүр үзүүлсэн АРДЧИЛАЛЫН ТУХАЙ гоё үгээр хулхин дээрээ цэцэг ургуулж, муухай хууртаж, араараа тавиулсан хүн хорсохдоо ”яадаг” шиг боллоо.
Надтай ПДС-д соц нийгэмд хамт ажиллаж байсан миний маш сайн мэдэх ганц пиджактай, ганц байртай, хүнд өвчтэй ганц авгайтай, хэдэн шар охинтой барилгын инженер Л.Гансүхийг хөгийн хэргээр хилсдүүлчээд энэ хулгайч нартай жишдэггүймээ гэхэд цаазалвал зохих эрдэнэт хүний алтан амь бүрэлгэсэн, нас балчир охин хүчиндсэн эрүүгийн элементээс дор үзэн эрхэм прокурорууд яагаад хойшлуулна вэ.
Танар ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН МАНААНД ЗОГСДОГ эхний бөгөөд эцсийн ганцхан цөхрлийг хагалах НАЙДВАР биздээ.
ҮҮНИЙГ Л МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэхгүй бол юуг хэлэхий.
Өчүүхэн ”...Надад айх зүйлгүй,үсрээд орцонд отож гутхална л биз. Би хангалттай насалсан..”гэж Баабарын хэлснийг энд мань давтая.
-
2017 оны 2 сарын 03
...Нийгмийг идэж, эдийн засгийн цусны эргэлтэнд хувалз шиг шигдчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй авлига гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон байна гэдэгтэй би санал нийлдэг. МАН-ын тавьж буй хандивын жүжигт итгэж, хаа байсан Өмнөговь, Ховдоос утас цохиж ”Дансаа явуул” гэж байхав дээ....
-
2017 оны 2 сарын 02
Хитбуха ноёныг энд дөнгөж өргөөлж бүхийд Баалбекийн Шихнэ захирагчаар тохоон томилогдсон Шараф Хамид хэмээх Загалмай шүтлэгт Сири ноёнтон хүүгээ дагуулан ирсэн аж. Хүүгийн гялалзсан ганган хувцас, гоёлоос илүүгээр ташаандаа зүүсэн зааны ясан сийлбэрт хуйтай, дүүлж буй цөлийн ирвэсний дүрсийг тойв дээр нь гаргасан жижигхэн илд нь Аранзал охины хорхойг ихэд хөдөлгөсөнд, илдээ наймаалцахыг хүсжээ. Хүү,
- Шихнэ эцэг минь үүнийг шударга тулаанд олзолж авсан учир наймаалцахгүй гэсэнд,
- Тийм бол хоёул шударга тулаан хийгээд би ялбал чи надад энэ илдээ өгөх үү? гэж охин асуужээ.
Шихна ноёны хүү Аранзалыг дээрээс нь голонгүй хараад,
- Хэрвээ би ялбал чи надад юу өгөх юм? гэж хариу асуув.
Охин өчүүхэн ч эргэлзэлгүй маргад эрдэнэ шигтгэж хийсэн үнэт мөнгөн хэлхээ зүүлтээ хүзүүнээсээ мулт татан үзүүлбэл, Шихнэгийн хүү эргүүлж тойруулан тоомжиргүй харснаа
- Энэ чинь охин хүүхдэд л байвал таарах эд байна гэжээ.
Энэ үгэнд нь Аранзал уурсан дургүйцэж царай нь улайсан ч,
- Хэрвээ чи үүнийг голж байвал дээр нь энийг нэмэе хэмээн алтан цутгамал толио үзүүлбэл эдгээр нь лавтайяа өөрийнх нь зүүж буй жижиг илднээс арав дахин илүү үнэтэйг сайтар мэдэх хүү толгой дохиж,
- Юугаар тулалдах хэрэг вэ? гэв.
- Чиний л чаддагаар. Ингэхэд ирүүлд дуудсан хүн хэзээ зэвсгээ сонгож байлаа хэмээн Аранзал охин бардамхан өгүүлжээ.
- Дам илдээр тэмцэлдэе...
Тэдний яриаг зайнаас харж суусан Шихнэ ноён Шараф Хамид учиргүй сандарсан дүртэйгээр Хитбуха руу мэхэсхийж,
- Эрхэм дээд их ноёнтон Хитбух, энэ хөвүүдийн тэмцээн шударга биш байна. Эн тэнцүүхэн тэмцэлдээн болгохын тулд зэвсгийн сонголтыг танай ач хүүд үлдээвэл ямар вэ? гэсэнд Хитбуха ноёнтон,
- Хүүхдүүд юу таалснаараа л болог. Бид оролцоод хэрэггүй буй за. Гагцхүү хөвүүдийн хэрхэн тэмцэлдэхийг сонирхон үзсү гэсэнд Шихнэ дахин нахисхийгээд, сэтгэл хангалуун суудлаа цэхэлжээ.
Шихнэгийн хүү Аранзалаас даруй хоёр гурав ах, арван гурав орчим настай, төө хол илүү өндөр, бүдүүн хүдэр тул өөртөө нэн итгэлтэй байв. Тэр загалмайтан хүлэгт баатруудын хүүхдүүдтэй хамт Сидонд илдний эрдэмд суралцаж, хоёр гараар барин тулах хүнд дам илдийг сүрхий сайн эзэмшсэн тул түүндээ эрдэж ийнхүү дам илдийг сонгожээ. Мөн энэ жижигхэн дэрчгэр монгол хүү лавтай дам илдийг даан тулалдаж чадахгүй буй за ч гэж тооцоолов.
Өргөөний даамал Есөнхөн ноёны зөвшөөрлөөр хүүхдүүд зэвсгийн сан руу очиж өөрсөддөө таарсан сургуулилтын багавтар хэмжээний, мөлгөр ирт дам илд аваад, зүүн тойргийн ард хулсаар хашаалж зассан тэмцээний талбарт ирэв. Мөн зайлшгүй хэрэгтэй төмөр дуулга духаж, ширэн тохойвч, мөрөвч, элгэвч зүүцгээлээ.
Аранзал охин ихэд гуйсан учир Есөнхөн ноён өөрийн биеэр тэмцээнийг ахлан шүүхээр болж, удаж төдөлгүй гартаа ирүүл тулааны шүүгч барьдаг цагаан болд төмрөн бялуу барьж, үзүүртээ шаргал цацагтай өндөр шовгор малгай өмсөн, од гялалзуулан намирсан усан хөх торгон нөмрөг нөмөрсөөр гарч ирсэнд гурвын зэрэг гуулин бүрээ уртаар улин хангинаж, илдний тэмцээнд бүхнийг урин дуудав.
Хүрээнд байсан хэдэн дайчид, хэрэгт дуртай өргөөний шадруудаас гадна Аранзалын үеийн гурван охин тэмцээнийг үзэхээр хулсан хашааны захаар тойрцгоов. Дэгжин гоёмсог хатгамалт дээл сэлдэлж, босоо богтого малгай духдуулсан гурван охин нэлмэгэр ханцуйндаа гараа нуугаад, жиг жуг хийн нэгсээ тохойгоороо ёврон, өөрсдийг нь үл тоон, хөвүүн мэт хувцаслаад үргэлж хөвүүдтэй л тоглох Аранзалыг шоолонгуй, бас ёжлонгуй харахад, Аранзал хажуугаар нь тэднийг харгана бутны төдийд ч анзаарсан шинжгүй шуугин өнгөрөв. Шихнэ ноёны дагуулууд хулсан хашааны урт нэг талд эгнүүлсэн асарт суудалд ямбалан суугаад, тогосын өдөн дэвүүр хөдөлгөн ядна. Төдөлгүй Хитбух ноён, Элдэрдээ баатар, Шихнэ ноён Шараф Хамид нарын ихэс хүрэлцэн ирж, асарт суудлын голд байрлуулсан өндөр сэнтийд гарахад дараагийн бүрээн дуу хадав.
Сири тод цагаан дээлэн дээрээ бор элгэвч дарж, өндөр оройт араб дуулга өмссөн Шихнэ ноёны хүүг ноёны шадар дайчид тойрон, хувцас хэрэглэлийг нь сайтар шалган, үнэт зөвлөгөөгөө өгч, зарим нь илдний хөдөлгөөн ч үзүүлэн зааварлана.
Харин нөгөө талд найзууд нь болох гүйж харайсаар хөлсөндөө халтартсан арваад насны таван хөвүүн Аранзалыг тойроод нэг нэгнээсээ ам булаалдан зэрэг зэрэг шуугилдахад Аранзал охин ангайтал гайхаж, юу ч үл ойлгосон хэдий ч “Жа жа. Би яг тэгнэ” хэмээн толгой дохино. Тэднийг харсан Хитбух ноён, Элдэрдээ баатар хоёр инээдээ барьж ядан байхад, Шихнэ ноён юуны учир энэ Монгол ноёнтон хараажаар өөрөөс нь том чадалтай хүүхэдтэй багагүй үнэтэй бооцоотой тулах гэж буй ач хөвүүнийхээ тулаанд төдийлөн санаа үл зовон, өчүүхэн ч үл тоож буйд нь гайхан, дотроо элдвийн эргэлзээ хутган суужээ.
Бүрээ дахин огцом тасхийж, хүүхдүүд илдээ барьсаар хоёр талаас гүйлдэн гарч ирээд талбайн голд түрүүнээс хойш хөшөө мэт зогссон Есөнхөн ноёны хоёр талд ирэв. Есөнхөн ноён дуулга, элгэвч, мөрөвч, тохойвчны уяаг шалгаад,
- Зөвхөн дуулга, элгэвч, мөрөвчинд цохино. Дуулга болоод элгэвчинд нийтдээ гурван удаа хүрвэл ялсанд, аа харин нэг удаа тэнцвэр алдтал цохих, эсвэл унагаваас ялсанд тооцно. Мөрөвчинд хоёр цохих нь дуулга болон элгэвчинд нэг цохисны адил. Хамгаалалтгүй хэсэгт хүрвээс шууд ялагдах болно хэмээн халз тулааны дүрмийг танилцуулсанд хүүхдүүд толгой дохиод хойш ухарцгаан зайгаа авав. Нэг талд нь туранхай, чөргөр, халтар нүүртэй хөвүүн мэт хувцаслан, гэзэг үсээ ч нэгээр дарж гөрж сүлжсэн монгол охин, нөгөө талд нь ганган гоёмсог хувцасласан, өрсөлдөгчөөсөө хувь илүү том биетэй мариалаг сири хүү зогсоод бүрээн дуу хүлээн илдээ чанга атган зогсоцгоолоо. Хөндлөнгөөс харсан хэн ч сири хүүд бооцоо тавимаар...
Тасхийх бүрээн дуунаар Аранзал шууд л ухасхийн дайрчээ. Өмнө оролцож байсан тэмцээнд илдээ бариад биесээ анан, нэгнээ тойрон хянуур гишгэн тулалдаж сурсан Сири хүү өрсөлдөгч нь ийнхүү шуудхан шуугин орж ирнэ чинээ огтхон санаагүй тул барьц алдсан хэдий ч тосон цавчив. Гэвч Аранзал цавчилтыг нь илдээрээ ялимгүй хальт цохиж зайлуулаад, дэргэдүүр нь эрчээрээ зөрөн гарахдаа дуулганы бүч эрүүнээс нь мултраад, нүүр рүү нь орж иртэл дэлсэж орхижээ. Хүү тэнцвэр алдан урагш тонголзон хэд гүйгээд тогтов. Цээжнээс нь цус амтагдах шиг болж, дотор нь манараад иржээ.
Цээжээ урагш түрэн цэхлэн суусан Шихнэ ноён суудал дээрээ өндөсхийснээ аяархан эргэж, навтайн агчин суув. Зүүн эгнээнд харж зогссон хэдэн монгол дайчид хүд хүд хөхрөлдөж, харин юу болж өнгөрснийг төдий л үл ойлгосон Шихнэ ноёны бараа бологсод гайхан алмайрцгаав.
Өнөөх хэдэн зүггүй бяцхан халтар хөвүүд хамтран зүтгэгчийнхээ саяны амжилтад ихэд хөөрөн дээр дээр үсрэн уухайлцгааж, “Ялалт, ялалт” хэмээн шуугилдав. Үнэхээр ч ийм хэмжээний цохилтод ялалт өгөхөд ер болохгүй юмгүй. Гэвч Есөнхөн ноён ялалтыг өгсөнгүйд хөвүүдийн шуугиан ялимгүй саарав. Хитбух ноён ер сэтгэл хөдөлсөн шинжгүй хүрлийн бүхийд баруун талд нь шахангуу суусан Элдэрдээ баатар зузаан хуйхтай мулзан толгойгоо илэн, буурал соёо сахлаа сөрвөгнүүлэн, амаа ихэд ангайлгаад “Ха ха” хэмээн хөхөрч байв. Элдэрдээ баатар чухам энэ бяцхан охиныг өвөөгөөс нь ч илүү эрхлүүлэх билээ.
Аранзал эргээд хүү рүү дайрсанд Есөнхөн ноён дохио өгч зогсоогоод Сири хөвүүний дуулганы бүчийг засуулжээ. Аранзалын хоёрдахь дайралтыг уурсаж хорссон Сири хөвүүн тун сүрхий хамгаалаад сөрөг дайрлаа. Сири хөвүүний цохилтын хүч өөрийнхөөс нь хувь илүү байсан тул Аранзал аль болох хаахгүй, бултан зайлж өнгөрүүлнэ. Сири хөвүүн хоёр удаа Аранзалын мөрөвч, нэг удаа элгэвчинд хүрсэн бол, хариуд нь Аранзал илдээ элгэвчинд нь суун тустал чичээд алджээ. Хүү арайтай л унасангүй, гараа сарвалзуулан хойш хэд гишгэж, сүрхий тэнцвэр алдаад зогссонд харж зогссон хөх хөвүүд “Ялалт ялалт” хэмээн дахин үсчин бархиралдав. Есөнхөн ноён ялалтыг Аранзалд аанай л өгсөнгүй. Ийнхүү нэг хувь орчим болсны эцэст, Сири хүү тамирдаж, илэрхий сулраад эхлэв. Яг энэ үеэр Аранзал бүжих мэт дороо эргэлдэн өрсөлдөгчийнхөө илдийг суган доогуураа гаргаад тохойвчоороо элгэвч рүү нь маш хүчтэй дэлссэнд хүү нүдээ бүлтийлгэн, амаа ангалзуулан тонгосхийв. Энэ агшинд дараагийн цохилт ирж, эргэлтэнд хүчтэй савсан илд яг ар дагз руу нь хангинан буухуй дуулга нь мулт үсрэн өнхрөөд, хүү өвдгөөрөө сөхрөн, духаараа газар шаан уналаа.
“Ялалт, ялалт” гэсэн хөөрүү дуу дахиад цангинаад явчихсанд Хитбух ноёнтон тэр хөөрүү хөвүүдийн зүг хөмсгөө зангидан муухай харав. Суудал дээрээ улам агчин, нугаран суусан Шихнэ ноён Хитбух ноёнтны зүг царайчлангуй харж,
- Ертөнц дахиныг дайлан дагуулж буй Их Монголчууд та бүхний хүчин чадал, зориг золбоо аугаа их Антант баатрынхаас ч үлэмж ажгуу. Тийм атал тэмцэлдэн тулах санаа төрсөн мунхаг хөвүүнийхээ өмнөөс түмэндээ хүлцэл өчмү, би. Өршөөн болгооно уу хэмээн сүрдэн түгшин байж өгүүлсэнд Хитбух ноёнтон өдий болтол орилолдсоор буй дүрсгүй хөвүүдээс хараагаан салгаад,
- Эрхэм Шараф Хамид. Таны хүү тун сайн тулалдлаа. Зоригтой хүү байна. Гэхдээ бэлтгэл, дасгал сайтар хийлгэж байх хэрэгтэй шүү гэв. Шихнэ ноёны царай гэрэлтэж ирээд,
- Өгөөмөр их ноёнтон Хитбух. Таны үг чухам үнэн билээ. Миний хөвүүн Хасан зөвхөн амар хялбар, аятай тухтайг эрхэмлэх. Өнөө чухам хэн болохоо, бас хэрхэх ёстойгоо ч сайтар мэдэж ухаарав хэмээн бодож ихэд олзуурхана гэжээ.
Сири хүү духаараа газар шаан унасандаа шаралхаж, ичингүйрэв үү, эсвэл дотор нь балартав уу, унасан хэвээр хэсэг тонгойн байснаа босож ирэхэд царай нь чинэрэн улайгаад, нулимс нь мэлтэлзэн байв. Есөнхөн ноён Аранзалд ялалт заан цагаан болд бялуугаа зүүн талдаа өргөсөнд харж зогссон хэдэн монгол дайчид “Хэрвээ охин хүүхдэд ялагдсанаа мэдвээс энэ Сири хүү ч газраас духаа салгахгүй шинжтэй шартай хүү байна даа” гэлцсээр тарцгаав. Эцгийгээ даган бардамхан ирсэн Шихнэгийн хүү өөрөөс нь хувь илүү жижигхэн Монгол хүүд илт дутуу гашуунаар ялагдаж, гоёмсог илдээ алдаад машид гутарч, баахан гонсгор буцахад Аранзал аргадан түүнд алтан цутгамал толио бэлэглэсэн юм.
Дараахан нь Хитбух ноёнтон Есөнхөн даамлыг зориуд дуудан ирүүлээд “Тэр хэдэн дэрчгэр хөвүүдэд бяцхан ялалтандаа хэт хөөрөн баясах нь чухамхүү жинхэнэ ялалтаа баттай өөрийнх болгоход хамаг том саад болдог, тиймээс тун хурдан ялалтаа алдаж болзошгүй гэдгийг сайтар ойлгуулбаас зохистой” хэмээн онцлон захижээ.
/”Хөх илдний очис” романы Нэгдүгээр дэвтэр. II хэсэг. I бүлгээс /
Б.Номинчимэд
.
Тайлбар:
- Баалбек - Өнөөгийн Ливаны нутагт байх хот. Өнөө ч энэ нэрээрээ буй, их эртний хот болой. Трифол, Дамаскийн завсарт, Ливаны уулсын бэл хормой бараадсан энэхүү хотын ойролцоо Хүлэг хааны тугийн жанжин, Сирийн захирагч Хитбуха ноёнтон өргөөлж байсан гэдэг.
-
2017 оны 2 сарын 02
Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг
Нийтэлсэн: 2017-02-02 06:43:53
-Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол Улсын хэмжээнд цагаан cap, наадам гээд хоёр том баяр бий. Эдгээр баярыг үзэж сонирхох гэж гадны жуулчид хүртэл хөвөрдөг болж. Тэгэхээр дээрх баярууд маань дэлхийд данстай болсны илэрхийлэл юм болов уу.
-Саяхан УБТЗ-ынхан танай хийдэд ном хуруулсан гэж сонслоо. Ямар ном хуруулав?
-УБТЗ-ын хамт олон Гандантэгчэнлин хийдэд зочилж ”Арван хангал” буюу биднийг сахин хамгаалж байдаг бурхадуудад ирэх жилийнхээ ажил үйлсийг даатгаж, хурал ном хуруулсан. Энэ бол үнэхээр ерөөлтэй үйл явдал юм. Төмөр замын ажил үргэлж ундарч байдаг, цаг минутаар хэмжигддэг, маш нарийн нандин байхыг шаарддаг юм байна. Ер нь, улсын хэмжээнд олон хүнийг цалинжуулж, ажил амьдралыг нь нуруундаа авч явдаг компани бол яах аргагүй УБТЗ юм. Тэгэхээр энэхүү хариуцлагатай ажлыг гүйцэтгэж буй олон хүний төлөө санаа зовинож, сахиус бурхандаа даатгахаас ч аргагүй. Нөгөөтэйгүүр төмөр замчдын маань дийлэнх нь буддын шашинтан. Тиймээс бид гал тахиа жилдээ төмөр замчид аваар осолгүй, аюулгүй, амар тайван, эд таваар элбэг дэлбэг байхыг ерөөж ном уншлаа.
-Төмөр замчдад хандаж та ямар сургаал айлдахсан бол?
- Нэг компанийн ажилтнууд гэдэг үндсэндээ нэг гэр бүлийн гишүүд. Тийм учраас хоорондоо эв зүйтэй, бие биенээ хүндэлж хайрлаж байх нь хамгийн чухал юм шүү гэдгийг чандлан захья.
Яагаад вэ гэхээр нэг айл гэр байлаа гээд бодоход өрхийн тэргүүлэгчээ зүй зохистойгоор хүндэтгэж, хэлсэн үгийг нь эерэгээр хүлээн авч, бодол сэтгэлийг нь дэмжиж, гэр бүлээрээ сайхан байх юм бол тухайн айл хэчнээн сайхан эв түнжинтэй, амгалан жаргалтай байдаг билээ. Үүний адилаар хүн бүхний оролцоо нэгдмэл байж гэмээнэ тэр байгууллагын ажил үйлс өөдрөг сайхан байх учиртай юм. Монголд ганц дутаад байгаа зүйл бол бие биенээ хүндлэх явдал. Удирдлагаа шүүмжилдэг. Тэгсэн мөртлөө хаана, хаанаа хариуцсан ажлаа хийдэггүй. Болсон ч, болоогүй ч шүүмжлээд л байдаг. Энэ дутагдал нь албан байгууллагын ажил үйлсийг урагшлуулахгүй байна уу гэсэн сэжим харагддаг.
”Эд биднийг тэжээх ёстой” гэсэн явцуу үзлээр хандаад байдаг тал бий. Зах зээлийн нийгэм бол хүн бүр өөрийнхөө толгойг дааж амьдрах хууль зүйтэй. Ингэхдээ хүн бүхэн дор бүртээ хариуцлагаа ухамсарлаж, ажил албандаа сэтгэл зүтгэлтэй ханддаг. Түүнийг нь дагаад мэдлэг боловсрол нь дээшилдэг учиртай. Хариуцсан ажилдаа тогтвор сууршилтай, үргэлж шинийг санаачлагч байж гэмээнэ ар гэрийнх нь ахуй амьдрал ч дагаад дээшилдэг зарчим хэрэгжиж байгаа. Нэг үгээр хэлбэл хуучны нийгэм шигээ хүнээр тэжээлгэх тухай бодоод байвал ажил алба ч урагшлахгүй, ахуй амьдрал ч дэвшихгүй, нэг л хэвэндээ байх ийм л нийгмийн тогтолцоонд орсон учраас бид өөрсдөө зүтгэх ёстой юм.
-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Зөв шүүмжлэлийн ач тус ч бас байдаг л болов уу?
-Үнэхээр зөв зүйтэй шүүмжлэл байж болно л доо. Байх ч ёстой. Гэвч өөрт нь таалагдахгүй байгаа бүхнийг хэн нэгэн рүү чихдэг зуршил хэзээ ч байж болохгүй. Чухамдаа энэ байдал л улс орныг хөгжүүлэхгүй байгаа юм.
Жишээ нь Япон,Солонгос, Англи, Америк, Герман зэрэг өндөр хөгжил дэвшилтэй, бидний жишээ татдаг орнуудад шүүмжлэл байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ болохгүй гэж бодсон бүх зүйлээ бусдад чихдэг үзэгдэл байхгүй шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийн хариуцсан ажлаа яв цав гүйцэтгэж чаддаг. Хөдөлмөрийн бүтээмж нь маш өндөр харагддаг шүү дээ. Гудамж талбайнх нь өнгө төрхөөс эхлээд ажлыг ямар хэмжээнд хийж байна вэ гэдэг нь тод харагддаг. Гудамж нь бараг л бидний гэр орноос цэвэрхэн харагддаг. Ажиллаж, амьдарч байгаа орчноо үргэлж угааж, булан тохойдоо ширхэг ч хог хаяхгүй өөриймсөг сэтгэлээр хандаж байгаа учраас тэр.
Ямар сайндаа л би тэнд очоод ”Манай хотын гудамжинд уурлаад хүн рүү авч шидэх чулуу хаа сайгүй байдаг. Энд харин ширхэг ч чулуу алга шив дээ” гэж алиалж байсан. Хүн бүр хариуцсан ажлаа яв цав хийгээд ирэхээр ойр орчин нь өнгөө засаад л, хаана хаанаа алдаа дутагдал ч гарахгүй болоод эхэлдэг. Сайн хийсэн ажлын үр дүн өнөө маргаашаар бус хэдэн жилээр гардаг. Энэ зоргоор тухайн байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулдаг мөнгө багасдаг. Төмөр зам ч үүнтэй агаар нэг. Энэ бүтээмж эв нэгдэл дээр суурилж ирдэг учиртай.
Тиймээс хамтрагчдаа хүндлэх, удирдлагад нь ажиллаж буй хүмүүсийн санаачлагыг нь дэмжих үзэл юу юунаас илүү чухал. Нэг нь өнгөтэй өөдтэй явахад татаж унагаад, өөрөө ч тэр хэмжээнд хүрч чадахгүй бол улс орноо, албан байгууллагаа, өөрийнхөө хөдөлмөрийн үр дүнг, амьдралаа хорлож буй явдал юм. Өнгөтэй яваа нэгнээ дэмжээд байвал тийм өөдрөг хүмүүс олноор төрөн гарна. Тэр зоргоор компанийнх нь нэр төр өсч, нийгэмд эзлэх байр суурь бэхжиж, ажил үйлс нь цэгцэрдэг жамтай.
-Олон хүнийг эв нэгдэлтэй байхын үндэс суурийг шашны номлолд юу гэж сургасан байдаг вэ?
-Буддын шашинд хүн гэдэг ойлголт нь бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл юм гэж тодорхойлдог. Тиймээс ”Би хүнтэй сайхан харьцана гэдгийг яаж ойлгох вэ?” гэсэн нэг томоохон асуудал бий. Намайг тойрон хүрээлж буй хүмүүсийн надтай харьцаж буй аяг, араншин бол миний төрхийг илэрхийлж байдаг учиртай. Яагаад гэвэл би хүн рүү муухай харж байгаа тохиолдолд хүн над руу хэзээ ч сайхан хардаггүй.
”Өөртэй нь адилхан байя” гэсэн үүднээс тэр хүн өөр рүү чинь хялайж л хардаг. Хүнийг биеийн хүчээрээ байнга айлгах гэж нударгаа зангиддаг бол цаад хүн нь ч мөн адил дийлдэхгүйн тулд аливаа нэгэн арга сүвэгчилж, төмөр, чулуу барих ухаан өгдөг.
Иймд биеийн болон хэлний хөдөлгөөнөө үргэлж хянаж, аливаад ухаалгаар хандаж байх хэрэгтэй. Тухайлбал, урд өдөр нь уулзах гэж цаг товлосон хүн очиж чадаагүй бол өмнөөс ” Чи муу яагаад ирдэггүй юм” гээд угтвал, нөгөө хүн ”Хуц. Чамд ямар хамаатай юм бэ” гэж хариулна. Яагаад тэр хүний өмнөөс ”Миний найзад юу тохиолдоод ирж чадсангүй вэ” гэж асууж болохгүй гэж. Аль болох өөрөө зөөлөн байх тусам эсэргэлдэгч хүмүүс мөн л эв эеэр харьцдаг.
Ямар ч хүн сэтгэлийн илэрхийлэл байдаг. Сэтгэл зөөлөн, дотроо үргэлж сайн сайхныг бодсон бол хэл, бие хоёр дагаад зөөлөрдөг. Хүнийг хүндэтгэхийн хэрээр хүмүүс буцаад хүндэлдэг.
Сайхан зүйл ярих тусам сайхан зүйлийг хариуд нь хэлдэг. Энэ зоргоор тухайн хүн тайвшралыг олж, халуун дулаан уур амьсгалтай хамт олны дунд ажиллаж, амьдрах үндэс бүрддэг. Иймд төмөр замчид минь ажилдаа ч, ар гэртээ ч бие, хэл, сэтгэлээ ариун байлгаарай. Энэ л та бүхний сэтгэл өөдрөг, жаргалтай амьдралын эх үүсвэр юм шүү.
-Түрүү үеийн хүмүүс ихэвчлэн урт насалж, өвчин зовлон тусах нь ч бага байсан гэдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Манай эцэг өвгөд энэ ертөнц дээрх дөрвөн зүйлийг өөртөө болон гэр орондоо бүрдүүлэх гэж мэрийж ирсэн байдаг. Энэ юу вэ гэхээр нэн тэргүүнд урт нас. Ямар ч их эд хөрөнгө, мөнгө төгрөг хураасан богино насалбал ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Иймд хүн өөрөө эрүүл, өвчингүй байхыг боддог.
Улмаар бурхан шүтээндээ залбирч, ажил амралтаа зөв зохицуулахыг эрмэлздэг. Ингэснээр насыг бүтээж, зөвхөн өөрөө ч бус гэр бүл, хамт олноороо эрүүл саруул сайхан байхын жаргалыг эдэлдэг. Хувцсаа тааруулах, зөв зохистой хооллох гээд эрүүл байхын үндэс шалтгаан нь хувь хүнээс их шалтгаалдаг лдаа. Гуравдугаарт, ”Барцадгүй байлгаж өгөөч” гэж бурхандаа залбирдаг байсан. Хүн хулгай хийж, худал хэлэхээс эхлээд бусармаг зүйл хийгээд л байх юм бол өөрөө сайхан амьдрах нь бүү хэл шоронд ороход тулдаг.
Шоронд орсноос хойш юун эхнэр хүүхэд, хамт олон. Эрх чөлөөтэй байх бүх эрхэм чанараа үгүй хийдэг. Мөн түүнчлэн гаднаас ирдэг барцад болох аюул ослоос өөрийгөө хамгаалах нь чухал. Алхам бүрээ хянаж, гүйцэтгэж байгаа ажлынхаа дүрэм журмыг чанд сахиж, анхаарал болгоомжоо алдахгүй байх явдал. Энэ нь эргээд надад урт нас авчрахын гол үндэс юм шүү гэдгийг санаж явах хэрэгтэй.
Эцэст нь эд таваар. Өөрийн амьдралд хүрэлцээтэй хэмжээний цалин, эд таваартай байхгүй бол хүн сайхан амьдарч чаддаггүй. Хувцас муутай, гэдэс өлсгөлөн явж байгаад өвчин тусдаг. Бусармаг зүйл урган гардаг. Иймд өөрөө хөдөлмөрлөх, тэгэж гэмээнэ сайхан амьдрах боломж бүрддэг юм.
-Төмөр замчид амьгүй зүйл буюу техник хэрэгсэлтэй ихэвчлэн харьцаж ажилладаг. Осол зөрчлүүд ч техникийн хүчин зүйлээс урган гарах тохиолдол их бий. Ийм төрлийн ослоос ангид байхын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд болгоомж хэрэгтэй. Болгоомж гэдэг нь ажлаа мэдсэн мэдлэг, анхаарал хоёрын нэгдэл юм. Мэдлэггүйгээсээ болж техник хэрэгсэлтэй буруу харьцах. Улмаар осол аваарт өртөх нигуртай л даа. Иймд энэ техниктэй ингэж харьцвал юу болох вэ гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тийм ч учраас хөдөлмөр хамгаалал гэдэг зүйл яригддаг. Чухамдаа хөдөлмөр хамгааллын дүрэм журмаа нягт мөрдөж, үргэлж сэрэмжтэй байж чадвал осол аваараас ангид байх бүрэн боломжтой.
-Нөгөө талаасаа төмөр замчид чанд хатуу дүрэм журмын доор дээд зэргийн сахилга баттай ажилладгаараа онцлогтой. Энэ онцлогоосоо шалтгаалан захирах, захирагдах ёстой холбоотой үл ойлголцол, зөрчилдөөн, уур бухимдлын асуудал ч урган гардаг юм болов уу гэж боддог. Ер нь удирдагч хүн уур хилэнгүй байх, үл ойлголцолд бага орохын тулд юуг хичээх хэрэгтэй вэ?
-Захирах, захирагдах ёс гэдэг зүйл хаана ч байх ёстой л доо. Тийм ч учраас өндөр боловсролтой, хамт олныг удирдан зохион байгуулах ур чадвартай хүмүүсээ бид удирдагчаараа сонгож ирсэн. Энэ утгаараа удирдагч байгаа тохиолдолд тухайн хүний ажил албанд нь хүндэтгэлтэй хандаж, үүрэг даалгаврыг нь биелүүлэх хэрэгтэй. Үнэхээр болохгүй зүйл гарвал ”Та энд алдаж байна шүү” гэдэг зүй зохистой зөвлөгөөг өгнө үү гэхээс үг бүрийг нь сөрөөд, эсэргүүцээд байвал тухайн байгууллагын ажил зогсох тал руугаа явна шүү дээ.
Дарга гэдэг ганцхан мөст байдаг учраас доор нь ажиллаж буй хэдэн зуун хүн ч хамаагүй бодит байдлыг бодож үзэх ёстой Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг. Гэвч энэ бол бодит байдал биш.Тиймээс удирдлагынхаа үгэнд орж явна гэдэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний эрхэм чухал соёл юм даа. Нөгөөтэйгүүр хамт олноо удирдаж яваа дарга хүн ч ажилтнуудынхаа үгийг сайн сонсч, алдаа дутагдлаа цаг алдалгүй засч, нөхцөл байдалд зөв, шударга дүгнэлт өгч байх хэрэгтэй. Өөрийгөө хаан мэтээр төсөөлж болохгүй.
-Төмөр замд тухайн мэргэжлээр сургууль төгсч, онолыг нь сурсан нарийн мэргэжлийн хүмүүс гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай ажил олон байдаг л даа. Гэвч мэргэжлийн бус хүмүүс хөндлөнгөөс төмөр замын асуудалд их хутгалдаж оролцох нь харагдах юм. Таны хувьд ийм үзэгдэлд ямар дүгнэлт хийх вэ?
-Дээд түвшний хүмүүс доод талынхаа хүмүүсийн санал сэтгэгдлийг их хүндэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй л дээ. Жишээ нь, төмөр замын мэргэжлийн бус дарга нар ”Өргөн, нарийн цариг” гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр их л мэргэн цэцэн ярьж буй нь харагддаг. ”Эд нар мэргэжлийнх нь хүмүүсээс заавар зөвлөгөө авсан болов уу” гэж бодох үе ч гардаг л даа. Яагаад вэ гэхээр төмөр замчидтай уулзаад ярилцахад ”Шал дэмий юм ярьж байна. Мэргэжлийн талаасаа бол бүтэхгүй зүйл ярих юм. Том дарга гэхээрээ л бүхнийг мэддэг гэсэн үг биш шүү дээ” гэсэн санааг цухалзуулдаг. Үүнээс дүгнэн харахад тухайн мэргэжлээ сайн мэддэг хүн л удирдлагуудаар нь ажиллах нь зүйтэй юм болов уу.
Тухайн ажлын байранд мэргэжлийн мэдлэг огт байхгүй хүнийг авчраад тавьчихаар хий дэмий цаг алдаад, тэр хүн ажлын байрандаа суралцаж, дадлагажсаар байтал албан байгууллага, хамт олных нь ажил хойш татагдчихдаг юм болов уу гэж хардаг. Коммунист нийгэм бол хэцүү цаг үе байсан. Гэхдээ боловсон хүчний талдаа бол сүрхий байсан шүү дээ. Хөдөө гадаа томилж, амьдрал үзүүлж байж тохирсон албанд нь томилдог Тэндээс нь шалгаруулж удирдах албан тушаалд томилдог байлаа шүү дээ. Ингэснээр тухайн удирдагч өөрөө ажилтан байсан учраас мэргэжлийнхээ онцлог, нөхцөл байдлыг сайн мэддэг. Улмаар алдаа дутагдал гаргадаггүй байсан.
Одоо жишээ нь УИХ-д амьдрал мэддэгхүн орж байна уу, үгүй юу гэвэл эргэлзээтэй шүү дээ. Ямар ч мэдлэггүй хүн шийдвэр гаргах түвшинд томилсноос болоод улс орон хохирдог дутагдал аль ч намд нь ажиглагдаад байдаг юм. Би лам хүн учраас бүх хүн зовлон жаргалаа ирж уудална. Тэдний яриаг харьцуулж бодоод байхад ийм дүгнэлт заримдаа буудаг л юм.
-“Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа учраас би ч бас бухимдаж байна” гэж ярих хүн олширсон.Энэ тухайд юу хэлэх вэ?
-Хохь нь л гэж хэлэх байх даа.Яагаад гэвэл өөрийгөө аль болох чөлөөлж явах тухай бодохгүй байна. Бодит байдлыг мэдэхгүй л бухимдаад байна шүү дээ.Зурагтаар гарч байгаа мэдээг хар л даа .Ямар ч бухимдах шаардлагагүй зүйлд бухимдаад байгаа биз дээ. Тавантолгойн төсөл хөдөлж байна шүү дээ. 29 ам. Доллараар өгдөг байсан нүүрсийг 71 ам.доллараар өгдөг боллоо. Хятад руу нүүрс гарч эхэллээ.
Гэтэл ”Дэлхийн ханш 150 ам.доллар байгаа шүү дээ” гээд бас л шүүмжилж байна. Энэ бодит зүйл биш. Бид хоёр том гүрний дунд оршдог. Хятадаас өөр нүүрс авдаг газар одоогоор алга. Бүр өгөхгүй байснаас 71 ам.доллараар нүүрсээ өгөөд өрөө дарах шаардлага бидэнд бий биз дээ. Яагаад үүнийг зөв бодож чадахгүй байгаа юм бэ. Бодитоор харж чаддаг бол бухимдахгүй зүйл зөндөө л байна.
-Та төмөр замчдын ажил үйлсийг чухам ямар өнгөөр хардаг вэ?
-Хамаагүй дээрдсэн. Бодоод үз л дээ. 1990 оны эхээр ардчилал дөнгөж гарч байхад ямар байлаа. Хятадаас ирж байгаа вагон гахайгаар дүүрэн Хүн суух зайгүй овоолсон ачаа бараан дээрээ тав тухгүй унтаж амарсан болоод л явдаг байлаа.
Ганзагын наймаачдын эх захгүйг хэлэх үү, дүүрэн архи, тамхины дунд л явдаг байсан. 1990 оны дунд үеэс маш цэвэрхэн болж эхэлсэн. Одоо ямар сайхан байна вэ. Зүтгүүрээ өөрсдөө хийж байна. Энэ хөгжил биш гэж үү. Агаарын тээврийнхэн л гэхэд гадаадын онгоцыг захиалгаар засч, хуучин онгоцныхоо буудлыг сургалтын төв болгох тухай ярьж байна.
Өөрсдийгөө голдог өвчтэй л болохоос биш бид өдөр өдрөөр л сайжирч байна шүү дээ. Тэгэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд саяхныг хүртэл Оросын мэргэжилтнүүдээр л ийм төрлийн ажлаа хийлгэсэн. Жишээ нь, Манж гэж хүчирхэг гүрэн байсан. Одоо 64.000 орчим манж хүн байдаг гэж ярьдаг. Тэд эх хэлээрээ ч ярьдаггүй. Бид тусгаар тогтносон Монгол Улс гурван саяулаа болчихоод хөгжиж цэцэглэж байна. Түвд л гэхэд 60 жилийн өмнө газрын зурагнаас хасагдаж, Хятадын нэг хэсэг болсон. Гэтэл манай улсын газрын зураг байгаа биз дээ. Тэгэхээр хий дэмий зүйлд бухимдаж цагаа гарздах нь илүүц юм.
-Ярилцсанд баярлалаа, танд сайн сайхныг хүсье!
Эх суравлж: ”Ганзам” сонин
-
2017 оны 2 сарын 02
Монголын нам, төрийг үндэслэгч их жанжин Д. Сүхбаатарын удам судар, намтрынх нь зарим хэсгийг төдийлөн мэдэхгүй байж магадгүй хэмээн санаж сурвалжлан бичсэнээ уншигчдад толилуулсу.
Сүхбаатарын аав Төгөөгийн Дамдин Ёст бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1860 онд мэндэлжээ. Тэрбээр ядуу зүдүүгийн эрхээр манжийн амбаны малыг маллаж байхдаа сольж өмсөх хувцасгүйн улмаас дээл нь гандаж, өгөршин цайсан тул нутгийн баячууд “Цагаан дээлт Дамдин” хэмээн хочилдог байжээ.
Ядуу эр Т.Дамдин эр бие өсч, нутгийн бүсгүй Ээлтийн Хандтай ханилан амьдарч, улмаар гэргий болон хүү Дэндэв, Аранжин нараа дагуулан ганц морио хөтлөн унаган нутгаасаа гарчээ. Хоёр cap шахам ядарч зүдэрч явсаар 1892 онд Их хүрээнд ирж, урьд сонссоноор нутгийн айл Даваагийнхыг олж уулзан тэдний хуучин муу байшинг засч додомдон Наймаа хотод (Одоогийн амгалан) суурьшин амьдарсан байна.
Их хүрээний орчим уулнаас мод унагаж цагаалан морин тэргээр зөөж байснаа шоронгийн хуяг болж, нэгэн жил гаруйн дараа хоёрдугаар сарын 2-нд гурав дахь хүү нь төржээ. Т.Дамдин түлээнд явж байхдаа нэг сүх олсондоо бэлгэшээж хүүдээ Сүх хэмээх нэр өгчээ. 1898 онд Ханд ихэр хоёр охин төрүүлэхэд түрүүлж гарсныг нь том Долгор, сүүлд гарсныг нь жижиг Долгор хэмээн энхрийлэн өсгөж өдөр хоног өнгөрөөж байтал нэг хашаанд амьдарч асан нутгийн найз, эвсэг гэр бүл Даваа, Хишигт нар том Долгорыг нь үрчлэн авч өсгөсөн ажээ.
С.Цэрэн Монголын радиогийн сурвалжлагч байхдаа 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Сүхбаатар аймгийн тухай бүтэн өдрийн нэвтрүүлэг хийхээр жанжны уугуул нутгаар явахдаа Т.Дамдины найз өвгөн буурал Ваанчиг гуайг Сүхбаатар сумаас, жанжны жолоочоор ажиллаж байсан Гүр гуайг Төв аймгийн Эрдэнэ сумаас, дүү охин жижиг Долгорыг Налайх хотоос олж уулзан дурсамж яриаг нь Монголын радиогоор нэвтрүүлж байлаа. Тэднээс Гүр гуайн яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байгааг өгүүлэхэд таатай байна. Тэр үед төрийн шагналт яруу найрагч П. Пүрэвсүрэн “Жанжны ээж” хэмээх дууны үг бичиж, хөгжмийн зохиолч Мяасүрэн ая хийж, нэг дуучин бүсгүй дуулсан нь радиогийн алтан фондод байдаг юм. Харамсалтай нь, цагийн уртад тэр дуучны нэрийг мартжээ.
Жанжны гэргий С.Янжмаа хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцож улмаар Монголын эмэгтэйчүүдийн эрх ашиг, гэр бүл, үр хүүхдийн сайн сайхны төлөө олон жил цуцалтгүй зүтгэсэн нэр хүндтэй хүн байлаа. 1940-өөд онд С.Янжмаа намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож, олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байлаа.
“Монголын эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил эрх чөлөөтэй боллоо” гэж их жанжин Д. Сүхбаатар хурал цуглаан дээр нэг бус удаа бахархаж өгүүлдэг байсан тухай С.Янжмаа гуайн дурсамж яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байдаг юм.
Т.Дамдины бага хүү Сүх хоёр ахаа дагаж, янз бүрийн хар бор ажил хийсээр 14 нас хүрч өндөр чилгэр нуруутай, эрдүү чийрэг хөвгүүн болж өсөхөд эцэг нь түүнийг эрдэм номтой болгохын тулд Т.Дамдин хүүгээ Их хүрээний зайсан гэгдэх их эрдэм номтой Онходын Жамъянд шавь оруулж, Сүх монгол бичиг, тоо бодлого сайн сурч 16 настайдаа Их хүрээ, Бургалтайн хооронд өртөө хийж байсан баян айлд зарцлагдаж байхдаа моринд эрэмгий нэгэн болсон гэдэг. Тэрбээр 1909 онд зарцын ажлаа орхиж Их хүрээн дэх Орос хэвлэлийн газарт үсэг өрөгчөөр ажиллаж, тэнд орос хэл заалгаж гайгүй сурсан гэдэг. 1911 онд Сүх, Янжмаа хоёр Галсан гэдэг хүүтэй болсон нь хожмоо хурандаа цолтой, цэргийн том дарга нарын нэг болжээ.
1912 онд цэргийн дарга нар бэлтгэх түр сургууль Хужирбуланд байгуулахад моринд эрэмгий, бичиг эрдэмд сайн Д.Сүх шууд орж суралцан төгсч, Хятадын хар цэргийн эсрэг хэд хэдэн удаагийн байлдаанд гарамгай гавъяа байгуулсан тул Богд хааны зарлигаар Зоригт баатар цол хүртжээ. Энэ цол нь нэрнийх нь тодотгол болж Сүхбаатар гэдэг алдар хүндтэй нэр болон мөнхөрсөн байнам. .
Жанжны хөшөөг хэрхэн босгосон түүх нь сонин юм. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын тэргүүлсэн ардын журамт цэргүүд 1921 онд Их хүрээг эзэлж хотын төв хэсэгт байсан их хогны хажууд зогсч, Их жанжин домог болж мөнхөрсөн үгээ хэлж байх үед унаж явсан хонгор морь нь шээхэд партизан цэргүүд бэлгэшээн шивнэлдэх үед Х.Чойбалсан партизануудад хандаж “Энд жижиг төмөр гадас олоод зоочих” гэж тушаасан юмсанж. Хожим ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө жанжны хөшөөг босгохоор Улсын бага хурал шийдэхүйд Х.Чойбалсан хэдэн хүн томилж өнөө гадсыг эрүүлж олон 1946 оны долоодугаар сарын 11-нд тэр газарт жанжны хөшөөг босгосон ажээ. Сүхбаатар Зөвлөлт орос улсаас тусламж гуйхаар явахдаа Сэлэнгэ аймгийн Баруун хараад байдаг Ширхэнцэг уулан дээр гарч алсын бараа хараад цааш явсныг ихэд бэлгэшээн хөшөөний суурийг уран барималч Х.Чоймбол тэр уулын хэлбэртэй адилхан хийсэн гэдэг.
1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Москвад хүрэлцэн очиж, зөвлөлт төрийн тэргүүн В.И.Ленинтэй уулзаж, Монгол, Зөвлөлт орос улсын хооронд найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулж, Монголын талаас их жанжин Д.Сүхбаатар, Ерөнхий сайд Б.Цэрэндорж нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Монголын төлөөлөгчдийг В.И.Ленин элэгсэг дотно угтаж “Сууцгаа, сууцгаа” хэмээн найр тавихуйд зохиолч С.Буяннэмэх өөрөө мэдэлгүй В.И.Лениний сандал дээр суучихжээ. В.И.Ленин өөр өрөөнөөс сандал авчруулахаар хүн явуулахад Буяннэмэх ихэд сандарч босоход “Зүгээр, зүгээр та суу” гээд В.И.Ленин гаднаас оруулж ирсэн сандал дээр суусан ажгуу.
Монголын төлөөлөгчид Москвад байхдаа их театрт “Игорь ван” дуурь, М.Горькийн зохиол “Шаарлагдсан хүмүүс” жүжиг үзэцгээж, алдарт “Аврора” хөлөг онгоц зэрэг түүх дурсгалын олон сонин зүйлийг сонирхжээ. Арванхоёрдугаар сарын эхээр Москвад ирэхэд тусгайлан зассан вагонд урьж суулган төлөөлөгчдийн айлчлалын тухай баримтат кино үзүүлсэнд Д.Сүхбаатар сэрүүн тунгалаг ахуйдаа авахуулсан цорын ганц амьд дүр үлдсэнийг монголчууд хааяа үзэж их жанжнаараа бахархдаг билээ.
Их жанжин маань 1923 оны хоёрдугаар сарын 20-нд цэргийн анги, харуулууд эргэж явахдаа хэтэрхий даарсны улмаас хатгаа авч хүндрүүлснээс 30-хан насандаа зуурдаар таалал төгсчээ. Мөн сарын 26-нд Сүхбаатарыг сүүлчийн замд нь үдэх оршуулга, бүх нийтийн эмгэнэл гашуудал болжээ. Энэ өдөр жихүүн хүйтэн салхитай өдөр байсан гэдэг.
Гашуудлын жагсаалын манлайд Зөвлөлт орос улсаас Д.Сүхбаатарыг шагнасан Улаан тугийн одон, Хувьсгалт цэргийн зөвлөлөөс бэлэглэсэн мөнгөн сэлэм, Монгол улсын баатар цол шагнуулсны тэмдэг болох товь малгай зэргийг хүндэтгэлтэй барьж явжээ. Улаан нөмрөгтэй дөрвөн хээр моринд хөллөсөн дөрвөн дюмын их бууны гол дээр улаан торгоор бүрсэн Д.Сүхбаатарын шарилыг байрлуулж, хойноос нь жанжны улаан торгон тохом бүхий эмээлтэй хөлгийг хөтөлж, түүний араас намын Төв хороо, Засгийн газрын гишүүд, цэргийн дарга нар, Зөвлөлтийн зөвлөхүүд, Элчин сайдын яамны бүх ажилтан, монгол, орос, буриад, хятад иргэд оршуулах ёслолд оролцжээ.
Ёслол дээр Б.Цэрэндорж гуай үг хэлж, ёс төртэй оршуулсан байна.
1951 оны зун Засгийн газрын ордны өмнө байгуулсан бунханд Д.Сүхбаатарын шарилыг зөөн байрлуулж байлаа. Х.Чойбалсан нас барахаасаа өмнө “Намайг Сүхбаатар жанжны хажууд индрийн бунханд оршуулаарай” гэж гэрээсэлсний дагуу тэнд оршуулжээ. Гэвч Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн шийдвэрээр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг зөөж, Алтан өлгийд байрлуулсан билээ.
Зохиолч Санг.Пүрэв
Сэтгүүлч С.Цэрэн
-
2017 оны 2 сарын 02
666”Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан. Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна...
-
2017 оны 2 сарын 02
...Мөнгө л өгнө биз, алтан бөгж илүү байхгүй юу, Солонгосыг яг хуулах гээд алдаж байна. Тэр бөгжийг яах юм, Ж.Эрдэнэбат хармайлж очоод Н.Баяртсайханд граммлаад зарах уу? Эсвэл … Эдийн засагч хүн ингэж сэтгэх гэж байх уу?...
-
2017 оны 2 сарын 01
Номын өргөөний үүд сөхөхүй
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Их зохиолч Д.Нацагдоржоор овоглосон байгууллага улсын хэмжээнд дөрөв байдгийн нэг нь эднийх.Тиймээс иргэд Д.Нацагдоржийн номын сан гэдэг нэрээр нь илүү мэднэ, бас элгэмсэнэ. Үндэсний төв номын сан зөвхөн оюутнууд болон магистр, доктор, эрдэм шинжилгээний ажилтнуудад үйлчилдэг бол Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан нийтийн гэдэг статустай учир дөнгөж үсэг нүдэлсэн балчруудаас эхлээд бүх насныханд үйлчилдгээрээ онцлог. Мөн тэр хэрээрээ ачаалал ихтэй байдаг ажээ. Оюутан, сурагчдын амралтын үе таарсан ч гэлээ нийтийн уншлагын танхимуудад нь сул суудал алга. Нийтийн уншлагын хоёр танхимаас гадна гадаад номын, хүүхдийн, сонин уншлагын, харааны бэрхшээлтэй хүмүүсийн гээд хэд хэдэн танхимтай. Мөн хувийн номоо авч ирээд уншиж болдог тусгай танхим ч бий. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаар ороход хамгийн түрүүнд угтан тосдог үйлчилгээ бол уншигч бүртгэлийн үйлчилгээ. Энэхүү хэсэгт шинээр уншигч болж бүртгүүлэн карт нээлгэснээр та тус номын сангийн бүх үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэнэ.
Долоо хоногт амралтгүй ажиллаж иргэдэд үйлчилдэг, чөлөөт сонголттой хоёр уншлагын танхимдаа 70-аад мянган номтой, үндсэн фонд нь 190 мянган номтой. Сард 100 гаруй мянган уншигчид үйлчилдэг. Уншигчдын 70-80 хувь нь оюутнууд, мөн дунд сургуулийнхан байдаг гээд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хувьд нийслэлд төдийгүй улсдаа хамгийн томд орох номын сангийн нэг. Эднийх жилд дунджаар 10-20 сая төгрөгөөр шинэ ном худалдан авч фондоо баяжуулдаг гэнэ. Харин өнгөрсөн 2016 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 50 сая төгрөгийн өртөг бүхий 2000 гаруй ном худалдан авчээ. Энэ бол номын хорхойтнуудын хувьд сайхан үйл явдал. Номын сангуудын фонд жил бүр ингэж 2000 номоор баяждаг бол сайхан аа.
Хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Шүрэнбаганын хэлснээр тус хамт олон нийтийн номын сангийн чиг үүргийнхээ хүрээнд олон тооны хөтөлбөр, үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр зохион байгуулдаг ажээ. Долоо хоног бүр тогтмол болдог уулзалтууд үүний нэг хэсэг нь. Бүх нийтийн англи хэлний боловсолыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд тогтмол хуваарийн дагуу явагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлдэг байна. Ардчиллын боловсролыг дэмжих чиглээр “Зориг” сан, “Lead Mongolia” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг гэнэ. Ном уншихаас гадна эдгээр хөтөлбөрүүдийг зорьж ирэх иргэдийн урсгал сүүлийн үед нэмэгджээ. Тус номын сангийн Маркетинг инновацийн тасгийн эрхлэгч М.Отгонбаяр 1.3 сая хүн амтай метро хотын иргэд, оршин суугчдын оюуны их өргөө болсон энэхүү номын сан энэ онд уншигчид, үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх, ном, соёл, боловсролын үйлчилгээг тэдэнд хүртээмжтэйгээр хүргэх чиглэлээр олон шинэлэг ажил төлөвлөөд байгаа гэдгээ онцолж байлаа.
Боломжоор дүүрэн төв
Тус номын санд АНУ-ын соёл мэдээллийн төв байрладаг. Энэхүү төвийг АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2004 онд байгуулсан юм байна. Тав тухтай орчин, үнэгүй интернэт, англи хэл дээрх номын өргөн сонголт гээд энэхүү төвд англи хэл сурч буй оюутан залуус, сурагчдад хэрэгцээтэй бүхэн бий. Хэлээ сайжруулахын тулд англи номууд уншихаас гадна англи хадмал орчуулгатай шилдэг кинонуудыг үнэ төлбөргүй үзэж болно. Мөн тус төвөөс зохион байгуулдаг хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Ер нь Д.Нацагдоржийн номын санд хэсэгхэн саатах хугацаандаа боломж гэдэг үгийг хамгийн их сонссон билээ. Үнэхээр тус номын сангийн хамт олон хүүхэд, залуучууддаа номын ертөнцөөр аялах, хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх гээд бүх талын боломжийг олгодог юм байна. АНУ-ын соёл, мэдээллийн төвийн уншлагын танхимын номын санч Ц.Байгальмаа төвийнхөө үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулав. Тус төвийн номын сангийн үйлчилгээнээс гадна оюутан залууст зориулсан англи хэл дээрх үнэ төлбөргүй сургалт, лекц, хөтөлбөрүүд нь тун сонирхолтой ажээ. Долоо хоног, сараар нь төлөвлөгөө гаргадаг бөгөөд арга хэмжээ лекц, хөтөлбөр, сургалтуудад нь хамрагдах хүн маш олон байдаг гэнэ. Мөн долоо хоног бүрийн пүрэв гаригт “АНУ-ын тухай ярилцъя” цуврал лекцийг тус улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулдаг ажээ. Бямба гариг бүр англи хэлний ярианы клуб, илтгэлийн клуб, лхагва гариг бүр “Кино үдэш” хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг гэнэ. Эдгээр арга хэмжээнүүд англи хэл дээр явагдах бөгөөд бүгд үнэ төлбөргүй, бас нас харгалздаггүйгээрээ онцлог. АНУ-ын соёл, мэдээллийн төв англи хэл дээрх 30-аад нэр төрлийн сэтгүүлийг захиалдаг. Тиймээс дэлхийн сонин хачин, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой. Уншигчид, үйлчлүүлэгчдийнхээ саналд үндэслэн хэрэгцээт номуудаа АНУ-аас захиалж авчруулдаг байна. Нийт номынх нь 70 хувь нь уран зохиолын номууд бөгөөд дан бэстсэллэрүүд байдаг ажээ. TOEFL зэрэг хэлний шалгалтад бэлтгэж байгаа залуучуудад хэрэгцээтэй бүх ном, сурах бичиг энд бий.
Г.Уужимбаяр: Ийм төвийг аймаг бүрт байгуулаасай
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн үйлчлүүлэгч Г.Уужимбаяртай ярилцав.
-Хотын төв номын сангаар хэдэн жил үйлчлүүлж байна вэ?
-Би оюутан байхдаа үйлчлүүлдэг байсан. Төгсөөд дөрвөн жил болсон байна. Тэгэхээр нийт 7-8 жил үйлчлүүлж байгаа юм байна.
-Номын сангийн аль тасгаар нь илүү үйлчлүүлж байна вэ?
-Д.Нацагдоржийн номын сангийн гол номууд нийтийн уншлагын төв танхимаараа олгогддог. Мөн АНУ болон тус улсын хэл, соёлыг түлхүү сонирхон сурч байгаа хүмүүст зориулсан танхим байдаг. Би голдуу АНУ-ын соёл, мэдээллийн төвд ирж суудаг. Яагаад гэвэл хичээл хийхэд маш таатай орчин бүрдүүлсэн. Компьютер хэрэгтэй бол бэлэн. Интернэт ашиглаж болж байна. Дээрээс нь бас англи хэл сурах гэж байгаа бол үнэгүй кино үзэж болно. Мөн энэ төвөөс олон үнэгүй үйл ажиллагааг англи хэл дээр зохион байгуулдаг. Миний хувьд хэл сурч байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр, англи хэлний уулзалт, кино өдөрлөгт нь суудаг. Ийм төв аймаг бүрт нэг байх юм бол хэл сурах эрмэлзэлтэй залууст мөн ч их тус болно доо.
-Номын санд ирж байгаа хүн бүр тодорхой зорилготой байдаг. Таны хувьд хэл сурах нь нэг зорилго юм байна. Өөр ямар зорилго тавиад байна вэ?
-Одоо удахгүй Японд сурах гээд бэлдэж байгаа. Ирэх гуравдугаар сарын сүүлээр явна. Нагоя их сургуульд улс төр судлаач мэргэжлээр, Азийн хөгжлийн банкны тэтгэлгээр суралцахаар болсон.
-Номын санд ном уншихад өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?
-Би өмнө нь SBN телевизэд таван жил гадаад мэдээний орчуулагчаар ажилласан. Одоогоор ажлаасаа гарчихсан, хэлний боловсролдоо анхаарч байгаа тул өглөө 9-10 цагийн орчимд ирээд 17 цаг хүртэл суудаг. Аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад хэлний мэдлэг чухал. Тиймээс шаардлагатай оноог авахын тулд ийм газар ирж сууж бэлдэхэд илүү үр дүнтэй байдаг шиг санагддаг. Хэл сурч байгаа, ер нь ном бичгийн ажил хийж байгаа хүнд тав тух чухал байдаг. Тиймээс би энд байнга ирж суудаг.
-Оюутан байхдаа англи хэлний төвшин чинь ямар байв. Одоо ямар төвшинд хүрсэн бэ?
-Оюутан болоод хотод ирж байхан англи хэлэндээ муу байсан. Гуравдугаар курстээ АНУ явсан маань миний нүдийг нээсэн. Дэлхий ертөнц гэдэг шал өөр юм байна, залуус бид өндөр боловсрол, мэдлэгтэй болж өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л бие дааж англи хэл сурсан. Телевизэд гадаад мэдээний орчуулагчаар ажилласан маань нэг талаараа дуртай ажил, нөгөө талаар хэлээ сайжруулахад түлхэц болсон. Зун нь жуулчдад хөтөч, орчуулагч хийсэн маань англи хэлний ярианы чадвараа сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн. Энэ дашрамд хэл сурахыг хичээн мэрийж байгаа залуустаа хэрэг болох нэг мэдээллийг хүргэе. Scholarship-Positions.com, www.scholars4dev.com
сайт дээр тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай маш сонирхолтой мэдээлэл бий. Энэ мэдээллийг залуус маань ашиглаасай гэж бодож байна.
Номын сан дахь гэр
Д.Нацагдоржийн номын сангийн хамгийн гэгээн орчин нь хүүхдийн уншлагын танхим. Хүүхдийн уншлагын танхим хоёр хэсэгтэй. Нэг нь бага насны хүүхдүүдэд зориулсан гэр бүлийн уншлагын танхим, нөгөө нь 1-5 дугаар ангийн сурагчдын ном уншлагын танхим. Гэр бүлийн уншлагын танхимыг 2015 онд дуучин, рэппэр Н.Цэцэнбилэгийн санаачилгаар байгуулжээ. Энд сургуулийн өмнөх насны хүүхдүүд аав, ээжийнхээ хамт ирж үлгэрийн ном уншуулж, мөн тоглож нааддаг байна. Амралтын өдрүүдэд гэр бүлийн уншлагын танхим үйлчлүүлэгч олонтой байдаг гэнэ. Нэг ёсондоо энэ танхим бол номын сан доторхи гэр л гэсэн үг.
15 хүртэлх насныхан гурав хүртэлх хоногоор гэрээр ном авч уншихад ямар нэгэн хураамж төлөхгүй байх журам саяхан гарсан гэдгийг Хүүхдийн уншлагын танхимын номын санч Ж.Энхтуяа хэлж байлаа. Хүүхдийн уншлагын танхимынхны нэг өвөрмөц ажил нь номын нөхөр, тэргүүний уншигч хүүхдүүдийг шалгаруулан БСШУСЯ-наас олгодог “Д.Нацагдоржийн нэрэмжит тэргүүний уншигч” үнэмлэх, тэмдгийн эзэнд тодорхойлдог. Өнгөрсөн жилийн тэргүүний уншигчдаа яам руу тодорхойлчихоод байгаа гэнэ. Уншсан номоороо бусдыгаа тэргүүлсэн шилдэг уншигчдын нэг Х.Хонгорзул охин нийслэлийн 111 дүгээр сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Тэрээр хоёр жилийн өмнөөс өөрөөр хэлбэл сургуульд орсноосоо хойш Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд ном уншиж эхэлжээ. Х.Хонгорзул уншсан номынхоо тухай тэмдэглэлийг тун өвөрмөцөөр хөтөлдөг гэнэ. Тэр нь уншсан номынхоо талаар өөрийн ойлголт, төсөөллийг зураг болгон буулгадаг явдал. Түүнд номын баатрууд болон үйл явдлын тухай хэдэн арван зураг бий гэнэ.
“Daisy”-гийн Цэнгэл
Харааны бэрхшээлтэй иргэд фэйсбүүк, твиттэр зэрэг олон нийтийн сүлжээг чөлөөтэй ашиглаж, компьютер дээр жирийн хүмүүсээс дутахгүй ажиллаж байна. Энэ бол М.Цэнгэл инженерийн хариуцдаг ажлын үр дүн гэж болно. М.Цэнгэл өөрөө Монголын харааны бэрхшээлтэй иргэдээс анх түрүүнд компьютер сурсан хүн. Анх 2002 онд компьютер дээр ажиллаж эхэлжээ. Ингээд олон улсын номын сангийн “Daisy” стандартыг нэвтрүүлэх төсөлд хамрагдсан байна. Энэхүү төслийн онцлог нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим номын программ нэвтрүүлэхэд чиглэж байжээ. Жирийн аудио номоос ялгаатай нь “Daisy” программаар бичсэн ном нь яг цаасан ном уншиж байгаа мэт хуудас хуудсаар нь хайж, гүйлгэж болдог байна. Одоогоор харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан уншлагын танхим 20 хүний суудалтай. Фонддоо “Daisy” программаар бичсэн 200, аудио программаар бичсэн 200 нийт 400 дижиталь номтой юм байна. Мөн брайль үсгийн 300 гаруй ном бий гэнэ. М.Цэнгэл өнгөрсөн онд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр 50 гаруй номыг “Daisy” программаар хөрвүүлжээ. Эдгээр номын ихэнх нь дэлхийн сонгодог уран зохиол, хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь байжээ. Нийтийн номын сан зөвхөн ном унших газар биш гэдгийг дээр хэлсэн. Харааны бэрхшээлтэй иргэдийн танхим мөн тийм. Уг танхимаас гадна нийгмийн амьдралын төв гэж бий. Тэрхүү төвд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай программ бүхий компьютер байрлуулжээ. Эдгээр компьютерийг ашиглан тэд интернэтийг чөлөөтэй ашигладаг гэнэ. Мөн харааны бэрхшээлтэй иргэн гар утас, зурагт зэрэг бараа худалдан авлаа гэхэд түүнийг ашиглах зааврыг аудио эсвэл брайль үсгээр хэвлэн авах боломжийг энэхүү төвийнхөн бүрдүүлжээ. М.Цэнгэл “Daisy” программыг Монголд нэвтрүүлснээс гадна компьютер дээрх монгол брайль үсгийн программыг зохиожээ. 2007 оноос хойш Малайз, Тайланд зэрэг улсуудад мэдээллийн технологийн чиглэлээр гурван удаагийн сургалтад хамрагдсан нь түүний хувьд энэ чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэх сайхан боломж олгожээ. Одоо тэрээр интернэт орчинд чөлөөтэй ажиллана. Техник, программ хангамжийн тал дээр англи хэлний мэдлэг сайн гэнэ. Энэ бүх мэдлэг, чадвараа бусдадаа мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний ахуй амьдралд дэм болоход зориулж яваа М.Цэнгэлээр бахархахгүй байх аргагүй.
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд ийн саатан, номын ертөнцийн олон сайхан мэдээллээр мэлмий, сонороо баясгав. 37 дахь жилийнхээ түүхийг бичиж яваа энэ хамт олон их хотынхны “оюуны кафе” болж чаджээ. Эрдмийн гэгээ хурсан номын ордныг зорин ирэх хүмүүс улам олон болох болтугай.
-
2017 оны 2 сарын 01
... Ямар сайндаа л ”нэг гүүр давбал нэжгээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян болжээ” гэх хоржоонтой үг гарч байхав дээ. Тиймээс нэг, хоёр гүүр давсан нэгжгээд болон хосгүй баячууд энэ аянд идэвхтэй нэгдэх аваас 580 сая ам.доллар ч асуудал биш байх. Дийлэнх нь оффшортонгууд. С.Баярцогт дансандаа мартсан 1 сая ам.доллар мартаж байна гэхээр бусад нь хэдийг мартаж, хэдийг дарсан байх вэ. ..
-
2017 оны 2 сарын 01
...Нийгмийн даатгалын үйлчилгээний ачаалал жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа аж. Тэр хэрээр нийгмийн даатгалын санд эргэлдэж байгаа мөнгөн дүнгийн тоо өснө. Өөрөөр хэлбэл энэ салбар асар их мөнгө эргэлдүүлдэг. Тиймдээ ч нийгмийн даатгал болон тэтгэвэр тэтгэмжийн мөнгөтэй холбоотой ”Үхэгсэдийн хэрэг” нээгдсэн байх ...
-
2017 оны 1 сарын 31
Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хүүгээ нэг юм хийе гэхэд нь дэмжээд өгөөрэй гэж хүн рүү ярьсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн рүү ярьсан бэ. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хамсаатан хэн байсан бэ. Тэд нийлж төрийн мөнгийг идсэнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Энэ олон асуултын хариуг хэзээ хэн бидэнд өгөх вэ?
Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” буюу “Хязгааргүй” гэх компани 2004 болон 2006, 2007 онуудад Эрдэнэт үйлдвэр рүү бараа нийлүүлэх гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ зах зээлийн үнээс зургаа дахин өндөр үнээр “шахсан” аж. Ийнхүү олон улсад хамгийн их ашигтайд тооцогддог хар тамхи, хүний наймаанаас ч илүү өндөр ашигтай том бизнесээ эхлэхдээ Н.Анхбаяр 24-хөн настай байжээ. Харин өнөөдөр Ц.Нямдорж 27 настай “хүүхдийг” “хорхойтой араандаа зууж” яваа. Гэхдээ өөрийн хүү нь төрийн мөнгийг хумсалж, өрөөлийнх нь харьд байсан баялгаа олж ирсэн ялгаатай.
Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн тулд тендерт шалгарсан байх ёстой. Тухайн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай компани чанарын дээд үзүүлэлтээр, хамгийн доод үнийн санал тавьсан тохиолдолд бараа үйлчилгээг нь авах зарчим “Эрдэнэт”-д хэзээ ч үйлчилж байсангүй. Үүний захын жишээ нь Н.Анхбаярын компанид хязгааргүй боломжийг сайд аав нь утас ганцхан цохиод л олж өгснөөс харагдана.
Тухайн үед Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Нийт дүнгээрээ сая шахам долларыг 24-хөн настай хүүгийн, байгуулагдаад нэг жил ч болоогүй компани руу шилжүүлэх эрх мэдлийг Х.Наранхүү л атгана. Хууль зүйн сайд нь утасдаад “хүүгээ дэмж” комманд өгөхөд биелүүлэхгүй байх зориг зүрхтэн тухайн үеийн МАХН дотор байсангүй. Жилийн дараа Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг болчихоод удаах хоёр шахаанд нь ногоон гэрэл асааж өгсөн байдаг.
Өнөөдөр тэрээр “Эрдэнэт”-ийг зуун хувь төрд авахаар улайран зүтгэж байна. Мөр зэрэгцэн шахаа хийгсэд нь ч хамгаалан чичирч байна. Төрийн мөнгийг хувьдаа завших боломжийг хаасан хувийн хэвшлийнхнийг ямар ч хамаагүй аргаар “Эрдэнэт”-ээс зайлуулж, эрх мэдлээ бүрэн тогтоохоор эрмэлзэж байна.
-
2017 оны 1 сарын 31
Засгийн газар ОУВС-тай хийх хэлэлцээ дөрвөн сар үргэлжилж буй бөгөөд хоёрдугаар сард ОУВС-гаас эцсийн хариуг авах юм байна.
ОУВС-гийн шинжээчдийн баг манай улсад ажиллаж буй бөгөөд хөтөлбөрийн чиглэлээрх зөвлөмжийн талаарх хэлэлцээг Засгийн газартай хийх аж. Монгол Улс хамгийн сүүлд буюу 2009 оны дөрөвдүгээр сарын сарын 1-нд зургаан сарын хугацаатай 240.9 сая ам.долларын санхүүжилт бүхий Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ удаад Монгол Улс ОУВС-гаас өмнө нь авч байсан хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлж эдийн засгаа сэргээнэ гэдгийг албаныхан хэлж байна.
-
2017 оны 1 сарын 31
ҮГИЙН ШИД-ийн тухай хоёр үг...
Үг өөрөө энерги, асар хүчтэй шид үгэнд бий. Манай ард түмэн үгээр хүнийг аварч ч, үхүүлж ч болдог хэмээн хэлцдэг. Монголчуудыг билгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн ч гэдэг. ”Амны билгээс Ашдын билэг”, ”Ерөөлөөр болог”, ”Сайхан амны билэгтэй хүү байна” гэх мэтээр ярьж сэтгэнэ. Гэрийн ерөөл, хуримын ерөөл, даахины ерөөл, үрс гаргах, дээж өргөх, тамганы гэх мэт асар олон ерөөл, билгийн зан үйл бий. Аль болох сайн сайхан үг хэлж, сайныг ерөөж, мууг ч гэсэн сайнаар, дутуу дундуурыг ч хагас дүүрэнээр битүү илэрхийлэх нь бий. Муу үг хэлдэг хүн, айлаас ”Хар ам, хэлтэй” хэмээн жийрхдэг. Юм бүхнээс өө харж явдаг хүнийг ”Хорхой нүдтэн” хэмээн бас л аягүйцнэ. Тийм хүмүүсийн үг унасан газарт, хараа туссан орчинд заавал муу энерги үлдэж хоцордог гэдэг. Нэг тод жишээ нь энэ сайтууд дээрх сэтгэгдлийн жишээнүүд юм даа.
Манай ард түмэн сайнаас мууг нь түрүүлж олж харах биш, муугаас сайныг нь ухаж гаргахыг эрхэмлэдэг зарчимтай байж. Шүүмжилж зассан ч харааж элэглэх, буруутган гутаах бус зөвшөөж буюу зөвлөж эелэж засахыг эрхэмлэнэ. Өнөө л харин энэ их бүдгэрч, зарим тохиолдолд эсрэгээрээ эргэчихээд байх шиг.
Үүгээрээ магад бусад үндэстнээс хувь илүү. Өнөөх билгэдэлт сэтгэлгээнийх нь илрэл, үгийн хүчний далд ертөнц буюу энерги, эфирэн орчинд үйлчлэх нөлөө, шид хүчийг нь сайтар танин мэдсэний үр дүн.
Өнөө судлаач эрдэмтэд үгийн эрчмийг нэлээд судалж байх шиг байна. Японы нэг судлаач эрдэмтний туршилт маш сонирхолтой.
Ялангуяа уран бүтээлчдийн үг илүү хүчтэй тусах нь бий. Учир нь үгийн чадлыг, үгийн шидийг хэр эзэмшиж чадаж буйгаар нь уран бүтээлчийн ур чадвар илэрдэг хэмжүүр бий. Дэлхийн томоохон уран бүтээлчид бүгд хүмүүний оюун тархи, зүрх сэтгэлд шаардлагатай газарт нь үгэн сумаар гарцаагүй мэргэн онож чаддаг жинхэнэ үгийн мастерууд байдаг. Уран бүтээлчид үзэгдэл юмсыг зүрхэндээ асар хүчтэй мэдэрч зарим нь хагас солиорлын, эсвэл гүн бясалгалын түвшинд хүргэж байж үгээ шившин тавьдаг учраас тийм хүчтэй байдаг. Тиймээс уран бүтээлчдийг үгээ цэнэж, аль болох муу ёр ёрлосон шүлэг, зохиол туурвихгүй байхыг сануулдаг. Тийн туурвисан уран бүтээлчдийн амьдрал яг түүгээр нь болдог, бичигдээгүй хууль, тайлагдаагүй нууц, хачирхалтай давхцал бий. Нэрсийг нь жагсаавал их олон.
Нобелийн шагналт Б.Пастярнак энэ талаар бүр ”Гэрээслэл” хэмээх шүлэг ч бичсэн.
”Яруу найрагчид аа, үхлээ бүү шүлэгтээ зөгнөөрэй
Яагаад гэвээс чиний үхэл шүлгийн чинь мөрөөр амилж ирнэм” гэсэн маягтай. Би яг үгчилж санахгүй байна.
Дашбалбар багш маань ч мөн шавь нартаа бараг гэрээслэл маягаар ямагт хэлдэг байсан үг нь бий. ”Та нар шүлэг зохиол бичихдээ битгий муу ёрлож байгаарай. Гутруу гундуу үзлийг бүү зарлан тунхаглаж байгаарай. Яг түүгээр чинь болдог юм шүү.” гэдэгсэн. Өөрийнх нь шүлгийн мөрүүд дэндүү гэгэлгэн гэгээлэг. Яг л гол усан намуухан урсах мэт.
Үгийг давтах бүр хүн тэр үгнийхээ эрчимд орж, илүү бясалгаж, гүн мэдэрдэг, өөрийн болгох төдийгүй амьтай мэт болгодог. Тиймээс л ”Худлыг мянгантаа давтвал үнэн болдог” гэдэг буй за. Давтах тусам тэр үг биежиж байдаг байх нь. Манай монголчууд мөн ”Хэлэхээс өмнө бодох, Хийхээс өмнө хэмжих” ч гэлцэнэ. Энэ зүгээр нэг холбоц мөр төдий биш шүү.
Үгийн энэ мэт шидийг дэлхийн бүхий л Шашнууд маш өргөн бас идэвхтэй ашигладаг. Бүх л мөргөл, өргөл, ерөөл, хараалууд шашин бүрд бий. Бөөгийн дуудлага тамлага ч мөн адил.
Тэр дундаа Бурхны шашин энэхүү үгийн эрчим, чадлыг жинхэнэ утгаар нь шавхан ашиглаж чаддаг санагддаг. Тэрхүү Тантрын тарниуд бол чухам бүхэлдээ асар хүчирхэг энергийн урсгал.
Товчхон доо ийм...
Хамгийн олон удаа давтагдсан нэн хүчирхэг энегитэй үгс бол тарни гэдэг. Тэр дундаа маань.
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амгалан орштугай. Ум мани бадми хум...
Сэтгэгдэл 0
85798 14134
-
2017 оны 1 сарын 31
С.Зориг агсны дүү С.Оюун ч мөн адил саналтай байгаагаа хэвлэлд ярьсан байгаа. Биднийг мэдээлэл тарааж болохгүй гэж тагнуулын байгууллага анхааруулсан. Гэвч бид дуугүй байсаар гэмгүй мөрөөрөө амьдарч байсан ах дүүсээ хэрэгтэн мэтээр яллуулахыг хүсэхгүй байна. Бидний амь нас эрүүл мэндэд ямар нэг аюул учирвал тагнуулын байгууллга болон төрийн тэргүүн хариуцах болно.
-
2017 оны 1 сарын 30
Уг нь намаа шинэчлэхээр эл сонгуулийг явуулсан боловч шинэчлэх бүү хэл хуучныхаа ёроолд нь уначихлаа. Өөрөөр хэлбэл намын даргаа шинээр сонгосон ч С.Эрдэнэ Ардчилсан намыг шинэчилж тордох нь бүү хэл ах дүүсийн цугларах газар болгож чадна гэдэгтэй мөрий тавьсан ч хожино гэх дүгнэлтийг олонх гишүүд гаргаж байна.
-
2017 оны 1 сарын 29
АГААРЫН БОХИРДЛООС Ч ИЛҮҮ ХОРТОЙ
Нэг эмээ над дээр зургаан настай ач охиноо дагуулан ирж хичээл заалгадаг юм. Нөгөө сэргэлэн цовоо зантай охин чинь нэг л явж өгөх янзгүй, байн байн шилэн хүзүүгээ шилгээгээд байна. Тэгээд гар утас их тоглоогүй биз дээ гээд асуутал түүний хариуд: ”Гар утас ч учиргүй тоглоод байдаггүй юм. Харин зурагт үзнэ гэж нөхцөлгүй. Урьд шөнө бараг 12 цаг өнгөртөл зурагт үзсэний гороор өнөөдөр ингэтэл ядраад байгаа нь энэ.” гэлээ.
Зурагт цаг наргүй үзэхийн горыг түүнд тайлбарлан хэлж өгөөд сууж байтал манай сургалтанд явж байгаа оюутан залуу орж ирлээ. Тэр таван настай бяцхан дүүгээ хагас бүтэн сайны шатрын сургалтанд суулгах санаатай гэнэ ээ. ”Боломж байвал одоо ч аваад ирсэн болно шүү дээ.” гэтэл өөдөөс харин: ”Одоо эмнэлэгт хэвтэж байгаа л даа. Зурагт шөнө орой болтол үзсээр байгаад нойрны хордлого хэмээх оноштойгоор эмнэлэгт хэвтчихсэн. Хагас бүтэн сайн өдөр гэхэд гарчих байх аа.” гэх юм.
”Нойрны хордлого гэж ямархуу шинж тэмдгээр илэрдэг өвчин байна вэ?” хэмээн гайхширан асуутал ”Нүд нь анивчаа болохын сацуу булчин нь чангараад байдаг болсон.” гэдэг байгаа.
Бид ”агаарын бохирдол”, ”гар утас”, ”компьютер тоглоом” зэрэгт анхаарлаа хандуулаад байтал ар хударгаар маань ”зурагт хэтрүүлэн үзсэний” харгайгаар ”нойрны хордлого” нэрт шинэ өвчин балчир үрсийн маань зүг сэмээрхэн гэтээд ирсэн байна шүү.
Цэцэрлэгийн багачуудад ”Гэр бүлийн хүчирхийлэл” нэрт хичээл орох зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад эхлэсэн. Тав зургаахан настай хүүхдэд тийм зүйл заагаад ойлгох болов уу даа? Харин зурагт, гар утас, компьютер тоглоом зэрэг чимээгүй хүчирхийлэл ямар хортой хийгээд, уршиг дагаврыг нь тэдний ойлгогдох хэлээр эвтэйхэн тайлбарладаг байвал түүнээс хавьгүй илүү үр дүнтэй ажил баймаарсан даа.
Энэ мэт цахим дэлгэцийн хамаарлын сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд бүгдээрээ эртнээс анхаарахгүй бол эцэс сүүлдээ агаарын бохирдлоос ч аюултай маш хүнд уршиг дагаврыг нийтээрээ амсаж мэдэх юм шүү.