Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

18 19 20 21 22 23 24
  • 2009 онд эхэлсэн АН-ын даргын сунгаа
    2017 оны 1 сарын 23
    ... Гар гараасаа атгасан таван эрхэм эх орноо тойрч тойрч Улаанбаатарт газардлаа. АН-ын даргын сунгаа хэмээх эл өрсөлдөөн саяхан эхэлсэн гэвэл эндүүрэл болно. Товчхондоо бол Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болсон 2009 онд энэхүү өнөөдрийн уралдааны эхлэл тавигдсан байдаг...
  • Алдагдсан эв нэгдэл, хулгайлагдсан ялалт, гээгдсэн итгэлийн төлөө!
    2017 оны 1 сарын 19
    ... 10 мянга гаруй төрийн албан хаагчийг ажилгүй болголоо. МАН гэдэг чинь ямар аймаар машин болчихсон юм бэ. 10 гаруй жилийн өмнө нас барсан аав нь АН-ын гишүүн байсны төлөө өнөөдөр охиныг нь ажлаас халж байна. Энэ дүр зургийг бид хүлээн зөвшөөрөөд суух юм уу?...
  • АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС ба ТҮЦ
    2017 оны 1 сарын 19
    ...Энэ нүүрсний утаа УБ-г бүхэлд нь бүрхэж хордуулна. УБ-нь агаарын бохирдолоороо дэлхийд бараг тэргүүлж явна гэнэ лээ. УБ-д бизнесс хийгчдийн ихэнх нь гадаадаас оруулж ирсэн барааны үнийг нэмж зарах ажээ. Гэвч сүүлийн хэдэн жилүүдэд долларын ханш өссөнөөр гадаадын барааны үнэ дийлдэхээ больжээ...
  • АН-ын даргаар нам дамжсан бүлэглэлийн төлөөлөгч сонгогдох ёсгүй
    2017 оны 1 сарын 18
    ...АН-ын даргын сунгаанд оролцож буй таван эрхэм тус намын эгэл гишүүдэд өмнө нь ойлгомжгүй байсан олон нөхцөл байдлыг таван талаас нь задлан тавьснаар сүүлийн жилүүдэд энэ намд юу болоод байгааг, яагаад томчууд нь хоорондоо таарахаа байсныг ойлгож мэдэх бололцоо олгож буй юм...
  • ”Амазон”-ы Монгол инженер
    2017 оны 1 сарын 18
    Амарсанаагийн Амарбаяр
    \Цуврал ярилцлага- 30\

    ...А.Амарбаярын тухай ярилцлагыг нилээд хэдэн жилийн өмнө олж уншихдаа, ”Энэ залуутай уулзаж ярилцах хэрэгтэй юм байна” гэж бодож асан. Чикаго хотод зохион байгуулагдсан монгол оюутнуудын ”Хөдөлмөрийн яармаг” дээр оролцож, өөрийн туршлагаа залуустай хуваалцаж байхаднь түүнтэй танилцаад өнгөрсөн юм. Тэрээр ”Амазон”-д ажилд орсон туршлагаа болон залуу хүний хувьд ажил болон амьдралд хандах хандлагаа бусадтай хуваалцаж байгаа нь надад таалагдсан. Түүнчлэн Америкт ажиллаж амьдарч буй монгол залуусын дунд зохион байгуулагддаг ”Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдаан, ”Хөдөлмөрийн Яармаг” арга хэмжээнүүдийн зохион байгуулах багт ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн жил Сан-Францискод болсон монгол оюутнуудын ”Надад хэлэх үг байна-6” арга хэмжээг зохион байгуулж байхад нь богино хугацаанд уулзаж санал солилцож, өнгөрсөн оны 6 сард Сиэтл хотод ажлаар очихдоо тухтай уулзаж ярилцсан ярилцлагаа та нартаа хүргэж байна.

    Нэг. НАМТРЫН ТОВЧООН

    * Боловсрол:
    -2005 онд ”Оюуны тулга” \бүрэн дунд боловсрол\
    -2008 онд Diskinson State University \бакалавр\
    -2016 онд Maharishi University of Management \магистр\

    * Ажилласан газрууд:
    -2008.01-2008.07 REMco\MSI Solutions \Tehnical Support\
    -2008.07-2008.11 REMco\MSI Solutions \Lead Tehnical Support\
    -2008.11-2013.11 REMco\MSI Solutions \Software Development\
    -2015.02-2016.04 Amazon.com \DevOps Engineer 1\
    -2016.04-одоог хүртэл Amazon.com \DevOps Engineer 2\

    20170116 003

    Хоёр. АЛГАСАЖ СУРАЛЦСАН БАГА НАС

    -Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсөв?

    -А.Амарбаяр: Би 1989 оны 10 сарын арван 17 нд Партизаны сангийн аж ахуйд төрсөн. Ээж маань Завханых, аав минь Сэлэнгэ аймагт төрсөн гэхдээ хотынх. Сургуульд орохын өмнөх бага нас минь Баянхошуунд гэрт өнгөрсөн, ус түрээд л, цагираг эргүүлээд л тэр үеийн хүүхдүүдийн амьдрал яаж өнгөрдөг байсан тэрэн шиг л өнгөрөв. Харин сургуулийн хувьд наснаасаа түрүүлээд орж байсан юм, гэхдээ олон сургуульд шилжиж сурсан. Эхлээд 31-р сургуульд 1 жил сурсан байдаг. Дараа нь 31-ээс шилжээд ”Улсын тэргүүний” лаборатори нэгдүгээр сургуульд дөрөвдүгээр анги хүртэлээ сураад, ”Орчлон” сургууль руу шилжиж сурахдаа 5-р ангиа алгасаад шууд 6-р ангид орж байв. Нэгдүгээр ангиасаа өглөөний цагаар англи, герман хэлний дугуйланд явдаг, ”Ээрмэл” рүү газрын теннисний сургалтанд явдаг, хичээлээ тараад математикийн сонгонд явна гээд багаасаа л маш завгүй, хуваарьтай байсан. Анх ”Орчлон”д ороход нэг бол гадаадад амьдарч байсан, нэг бол хувийн сургуулиас ирсэн хүүхдүүд бүгд англиар ярьдаг би юу ч ойлгодоггүй нилээд хэцүү байсан. Ямар сайндаа 2001 оны 9 сарын 11нд Дэлхийн Худалдааны Төвийн халдлага болж байх өглөө манай ангийнхан CNN-ээр мэдээ үзээд бүгдээрээ маш их санаа зовсон байж байхад би ойлгохгүй, ”Кино гараад байгаа юм байхдаа” гэж бодон сууж байж билээ. Бага байхаас л ах бид хоёрын боловсролын төлөө нойр хоолоо хасан байж ажиллаж байсан аав ээж хоёр минь зуны амралтаар ах бид хоёрыг зуслан дээр байхад англи үг цээжлүүлдэг, цээжлээгүй байвал Баянхошуунд байдаг гэртээ түгжээд явчихдаг байлаа. ”Орчлон”д гэхдээ нэг л жил сурсан.

    -Г.Галбадрах: Дараа нь хаана шилжиж сурсан хэрэг вэ?

    -А.Амарбаяр: Математик, физикээрээ маш сайн шинэ сургууль нээгдэж байгаа гэсэн нь ”Олонлог” сургууль байв. Аав хүүхдүүдээ матеметикаар явуулна гэдэг байсан болохоор сонирхсон байх. 11-р сургуулийн хоёр багш ”Олонлог” сургуулийг байгуулсан учраас тэднийг дагаад 11-р сургуулиас математик физикийн гавлууд шилжээд ирчихсэн байлаа. Эхлээд хэцүү байсан ч математик, физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай болж эхэлсэн дээ. Бусад хичээлүүддээ жаахан сонирхолгүй болж эхлээд явж байтал ”Шинэ Монгол” гээд сургууль гараад ирэв ээ. \инээв\ Сайн суралцаж чадвал Япон руу Засгийн Газрын тэтгэлгээр Их Сургуульд явуулдаг гэж сонсоод намайг тийшээ орууллаа.Тэгээд ”Шинэ Монгол”д орох гэтэл есдүгээр ангиас авна гэсэн шаардлага тавьж байсан болохоор долоо наймынхаа шалгалтыг зэрэг өгөөд ахиад л анги алгасаж сургуулиа сольсон. 1-р сургуульд сурч байхдаа ”Хүүхдийн Ордон”-д англи, гэрман хэл сурдаг байсан бол ”Орчлон”д байхдаа би хятад хэл сурдаг байлаа. Гэтэл ”Шинэ Монгол”-д япон хэл сурах хэрэгтэй болж байв.

    -Г.Галбадрах: Уг нь сургуулиудын сайныг нь шилж сонгоод сураад байсан байх юм?

    -А.Амарбаяр: Тухайн үед боломж бололцоо нь тэр болгон байхгүй байсан ч аав ээж хоёр минь боловсролд маш их анхаарал тавьдаг учраас яаж ийж байгаад л сайн сургуулиуд руу оруулж байсан байх. ”Шинэ Монгол” ахлах сургуульд хагас сурч байтал, Польшид Олон улсын Лицэй сургууль байна гэв. ”Бүх хичээлүүд нь англи хэлээр ордог, эхний топд нь
    орж чадвал Англид Кэмбрэжид тэтгэлгээр сурдаг гэнэ” гээд 14 настайдаа Европын зүг явж байлаа. Анх удаа ээж ааваасаа хол, долоо хоног вагоноор яваад Польшид очсон. Оросын эх газар нутгаар 5 хоног вагоноор явж байхдаа улс дамжин наймаа хийдэг ах эгч нартай танилцан тэдний бараанаас нь заралцаж үзэв. ”Термос сто рубль” гэж орилохоор орос өвөө эмээ нар ирж вагоны цонхны цаанаас хятад халуун сав худалдаж авдаг. \инээв\ Польшид очсон өдрөөсөө ойр зуурын польш хэл сурах хэрэг гарлаа. Хөдөөний гэгдмээр хот учраас тэр болгон гадаад хүмүүс амьдардаггүй. Ази хүн анх удаа харж байгаа жоохон хүүхдүүд биднийг ам нь ангайчаад харж инээгээд л гудамжаар дагаад л алхана. Аав ээж хоёроос сардаа жаахан мөнгө ирэхээр ах бид хоёр ”цалин буулаа” гээд л дэлгүүр орж польш хиам авч иддэг нь бас л жаргалтай мөчүүд байсан юм шүү. Мөнгө бас тэнд дутагдалтай л байлаа. Тэнд удаан хугацаанд амьдарсан монголчуудтай танилцаж, хичээлийн бус цагаараа тэдний ажилладаг задгай зах дээр очин цамц, оймс энэ тэр заралцаж хармааны хэдэн төгрөг олох үе зөндөө байсан. Польшид хагас жил болоод хэдийгээр ах бид хоёр анги, ангидаа топдоо орчихсон байсан боловч, хувийн тодорхой шалтгааны улмаас Монгол руугаа буцсан юм.

    -Г.Галбадрах:Польшоос буцаж ирээд бас сурсан уу?

    -А.Амарбаяр:Тэгсэн. Польшоос буцаж ирээд ”Оюуны тулга” гэдэг математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд шууд аравдугаар ангид нь орсон. Сургуулиа төгсөөд Их Сургуульд орох гэтэл ”15 настай” гээд намайг аваагүй. Харин MIU гэдэг сургууль авна гээд, тэнд орж IT-гийн чиглэлээр сурч эхлэв. MIU-д би нэг жил сурсаныхаа дараа нь ШУТИСд шалгалт өгөөд Германы Инженерийн Бэлтгэл \ГИБ\ ангид орсон. Уул уурхайн инженерийн мэргэжлээр хоёр жил сурч шалгалтуудыг нь өгч Герман руу тэтгэлгээр сурахаар явах боломжтой гэж сонгосон юм. Тэр үед уул уурхайн салбар Монголд их ирээдүйтэй гэж яригддаг байсан юм. Тэнд герман хэлээ академик түвшинд сурсан. Бүх хичээлээ германаар үздэг, бодсон бодлогоо германаар тайлбарладаг байлаа. Хагас жил орчим сураад байж нэг өдөр аав надаас ”Чи Герман явах уу? эсвэл Америк явах уу? Америкт бага хэмжээний тэтгэлгээр сурах боломжтой сургууль байна” гэж хэлж байсан. Тэгэхэд би яагаад ч юм бэ, шууд л ”Америк явъя” гээд сонгочихлоо.

    Гурав. АМЕРИКТ ЗОРИЛГОО МЭДРЭВ

    20170116 007

    -Г.Галбадрах: Их олон сургуулиудад суралцаж, олон сонголтууд хийсний эцэст Америкийг сонгожээ дээ?

    -А.Амарбаяр: Тэгээд л хоёр сар хагасын дотор бүх зүйлээ шийдээд 2006.1.06 нд Америкт ирлээ. Хэдийгээр англи хэл үзэж, өөрийгөө ”сайн болсон” бодож байсан боловч, Сан-Францискод буугаад л чихний бөглөө гараагүй болохоор хүмүүсийн яриаг нь сайн ойлгохгүй, энд тэнд байгаа бичгүүдийг нь ч ойлгохгүй байсан. Тэндээсээ өөр нэг онгоцонд суугаад Диккинс гээд жижигхэн хотод буусан даа. ”Америк гээд гоё, өндөр өндөр барилгуудтай газар очно доо” гэж бодож байсан хүн, хөдөө газрын жижигхэн сургуульд ирчихдэг. Тэр үед бас 40-өөд оюутан ирчихсэн байсан. ”Монголоороо яриад байвал хэл ер сайжрахгүй юм байна” гэж бодоод Америк хүмүүстэй илүү ярьдаг болохоор хичээсэн. Нэг улирал гаран тэгж явсаар байтал хэл маань сайжирлаа. Эхний нэг жилдээ үндсэн хичээлүүдээ үзэж байгаад мэргэжлийн хичээлээ дараа жилээсээ үзэж эхлэв.

    -Г.Галбадрах: Оюутны амьдрал тань ямархуу байв?

    -А.Амарбаяр: Би ер нь их идэвхтэй оюутны нэг байсан байх.” Student Senate” буюу манайхаар ”Оюутны Холбоо”-ны гишүүнээр ажиллаж, Олон улсын оюутнууд болон Америк оюутнуудыг хооронд нь нь найрсаг харилцаатай, бие биенийхээ соёлыг ойлгож, сайхан найзалж нөхөрлүүлэх төслүүд дээр их ажиллаж байв. Тиймдээ ч сургуулиа төлөөлөн COSGA \Conferense On Student Government Association\ нэртэй Америкийн бүх Их Сургуулиудын Холбооны төлөөллүүд оролцдог чуулга уулзалтанд 4 senat оюутантай хамт оролцож, ”Оны шилдэг Senate” шагналыг авч байлаа. ”Оюутны дотуур байрны каминдат болбол, байр хоол үнэгүй болгож хөнгөлүүлдэг юм байна” гэж олж мэдээд нэг семестрийн турш 50 гаруй оюутнуудтай хамт хичээл үзэж, төгсгөлд нь ”сонгон шалгаруулах” төсөл дээр ажиллан шигшигдээд, эцсийн шатандаа ярилцлагад орж сонгогдсон хэдхэн оюутны нэгэнд багтан байр хоолоо үнэгүй болгож байв. Үүрэг хариуцлага нь мэдээж өндөр. Дотуур байрныхаа оюутнуудын амьдрах орчин, хэрэгцээтэй зүйлсийг нь бүгдийг нь хамт хариуцаж, сар болгон янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулна. За тэгээд Олон Улсын Оюутны Холбоо, сонирхогчдын спортын баг, уралдаан тэмцээн гээд ер зүгээр суудаггүй байсан. Ганц нэг шагнал урамшууллаас нь дурдвал: ”Ерөнхийлэгчийн нэрэмжит оны шилдэг оюутан”-аар шалгарч байв. Сургуулийнхаа ”Авьяастан шалгаруулах тэмцээн”-д хоёр жил дараалан оролцож 1-р байр эзэлж байсан шүү. Хурууны бүжиг хийж байсан юм. \инээв\ Гадна дотны олон найзуудтай болсон. Өнөөдрийг хүртэл тэдэнтэйгээ холбоотой байдаг шүү.

    -Г.Галбадрах: Суралцаж байхад хүнд хэцүү үе тохиолдож байв уу?

    -А.Амарбаяр: Зундаа Вашингтон ДС-д ирээд ажил хийдэг байлаа. Кассчин, бургерчин, айл нүүлгэдэг ажил гээд олдсоныг нь хийнэ. Нэг удаа айл нүүлгэж яваад нуруугаа
    гэмтээчихлээ. Нуруугаа хөдөлгөж чаддаггүй. Ажлаа тараад арай гээд алхаж явтал бороо ороод л могой яваад, тэр үед л ”Би яг яагаад ингэж яваад байгаа билээ?” гээд өөрөөсөө асуугаад л. Хамт ажиллаж байсан ах надад могойн тос авчирч өгөөд, тэгсэн ч ер босч чадсангүй. Эмчилгээнд явах гэтэл үнэтэй байлаа. Аав, ээж хоёр намайг ”Монголдоо буцаж ир” гэлээ. Тэгээд л ажил хийж олсон мөнгөөрөө тасалбар аваад л Монгол руугаа явав. Монголдоо ирээд нуруугаа эмчлүүлчихээд Америк руу буцаад явсан даа. Тиймэрхүү юм тохиолдохоор зорилгоо улам ихээр санадаг юм билээ. ”Санхүүгийн хэрэгцээгээ яаж өөр байдлаар шийдэх вэ?” гэж бодогдож боломжуудаа бүрэн ашиглахаар чармайж эхэлсэн. Нэг улиралд би 25 кредит авч үздэг байсан юм. Тийм болохоор хоёр жил хагас хугацаанд суралцаад сургуулиа төгсөв. . Ингээд 2008 оны 5 сард бакалавраа 18 настай төгсөж, ”Хамгийн залуу төгсөгч”-өөр шалгарч байлаа. Төгсөх семестэртээ REMco Software \одоо MSI Solutions гэгддэг болсон\ зочид буудлын захиалгын систем хийдэг компанид дадлага хийх боломж олдоод орж байсан юм. Харин сургуулиа төгсөөд тэр компанидаа ажилд орсон юм.

    -Г.Галбадрах: Тэр компанидаа ямар ажил хийдэг байсан юм бэ?

    -А.Амарбаяр: Technical Support буюу зочид буудлын ажилчид менежэрүүдэд программын холбогдолтой ямар нэгэн асуудал тулгарвал техникийн зөвлөлгөө өгч, асуудлыг нь засдаг ажил. Харин үүнээс 6 сарын дараа тушаал дэвшээд ”ахлах” болсон. Түүнээс хойш 4 сарын дараа дахин тушаал дэвшиж ”Программ Хөгжүүлэлтийн Хэлтэс” рүү инженерээр орох болов оо. Би тэр үед 250$-оор 1985 оны арай хийж явдаг нэг машин худалдаж авчихсан байсан юм. Тушаал дэвшээд, төгссөн мэргэжлээрээ хүсч байсан ажлаа хийх болсон гэдэг мэдээг сонссон тэр өдрөө гэр рүүгээ харьж явахдаа машиныхаа бүх цонхыг хааж байгаад ”Yes” гээд хамаг чадлаараа орилж билээ. \инээв\ Таван жил би тэндээ тасралтгүй ажилласан.


    20170116 004

    Дөрөв. МОНГОЛД БАС СОЛОНГОСТ

    -Г.Галбадрах: Хурдан дэвшиж, тэр хэрээрээ сайн туршлага хуримтлуулж байжээ?

    -А.Амарбаяр: Хамгийн доороос нь эхлээд бүх шат хүртэл нь зочид буудлын системийг
    сурчихлаа гэж бодож байсан. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаад ”Монголынхоо зочид буудлууд, кемпүүд, гэр жуулчны баазуудыг нэгтгэсэн захиалгын системтэй болгоноо” гэсэн зорилготойгоор Монгол руугаа буцлаа. Гэхдээ ”Юмыг яаж мэдэх вэ?” гээд ”Б” төлөвлөгөө гаргасан байсан нь, ”Монголд очоод энэ санаа маань бүтэлгүй болох бас ажил олдохгүй болбол мэргэжлээ дээшлүүлэн ахиад сурна” гэсэн төлөвлөгөөтэй. Монгол руугаа буцахаас хагас жилийн өмнө Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургуульд шалгалт өгөөд 100 % тэтгэлэгтэй суралцах урилга хармаандаа хийчихсэн байсан л даа. Монголдоо ирээд ажилд орох гэж ярилцлагад орж үзтэл, Америк дахь таван жилийн туршлагыг маань тийм ч их тоохгүй, харин ”магистр хийгээгүй” гэсэн шалтгаанаар маш бага цалин, хангамж санал болгосон. ”Зочид буудлын системтэй холбоотой төсөл авч ажиллая” гэж бодоод судалгаа хийж хэд хэдэн зочид буудлын IT албаны дарга, менежэрүүдтэй уулзаж ярихад ”Өө, наад санаа чинь явахгүй. Манайхан чинь Оросын зочид буудлуудын захиалгын системийн кодыг интернэтээс олж байгаад татаад авчихдаг юм. Тэгээд л хэрэглэчихнэ шүү дээ” гэж байсанд нь урам хугарсан. Нөгөө талаасаа туршлага дээрээ түшиглэн өөрийн санаа бодлоо хэрэгжүүлэх боломж надад ер харагдахгүй байлаа.

    -Г.Галбадрах: Монголд маань чиний Америкт хуримтлуулсан туршлагыг бус цаасан дээр байгаа дипломын үнэлгээг үнэлдэг муу тогтолцооны жишээ байна л даа?

    -А.Амарбаяр: Нэгэнт зорьж ирсэн зорилго маань бүтээгүй болохоор ”Б” төлөвлөгөөндөө орж, Сөүлийн Үндэсний Их Сургууль руу явахаар шийдсэн. Миний сурч байсан лабораторид магистр болон докторын зэрэгтэй 12 оюутнууд байлаа. Хоёрхон гадаад оюутан байсны нэг нь би. Тэд бүгд маш мундаг, чадвартай оюутнууд байсан нь хийж байгаа төслүүдээс нь шууд мэдрэгдэж байв. Засгийн Газрын тендэрт орж өрсөлдөөд Солонгосын wi fi интернэтийн хурдыг 50 дахин хурдан болгох төслийг ялаад авчихаж байгаа лаборатори шүү дээ. Гэвч тэнд сурахад маш стресстэй, оюутнууд нь үүрийн 4,5 цаг хүртэл хичээлээ хийнэ. Долоо хоногийн зургаан өдөр маш ачаалалтай ажилладаг. Хичээлүүд нь англиар ордог ч, солонгос багш нарынх нь аялга ойлгогдохгүй. Мэдлэг хүлээж авах гэхээс илүү аялгыг нь ойлгох гэж хамаг хүчээ барчихдаг байв. Хоёрдугаарт хоол нь бас таарсангүй. Кампус дээр хоол идэхээр хэдхэн зүсэм мах, будаа, хачиртай өгдөг. Тэгээд хамгийн түрүүнд солонгосоор хэлж сурсан ”Ахиад хоол нэмж өгөөч” гэдэг үгээ байнга давтана. Тэнд сурч байхдаа олон мундаг монгол оюутан, ах эгч нартай танилцан найзууд болж, их ч зүйл сурсан. Гэхдээ яагаад ч юм бэ? миний хувьд Солонгос нэг л таарч өгөхгүй байсан болохоор, эргээд Америк руу явья гэсэн бодол төрсөн дөө. Ахиад сургууль хайж эхлэв. Нэг өдөр ”Зээлээр магистрийн зэрэгт сурах боломжтой Их Сургууль” -ийг олж мэдээд тэр сургуультайгаа холбогдоод эхэлсэн. Удалгүй шалгалт өгч, бичиг баримтаа бүрдүүлэн ярилцлагад орж тэнцээд, сургуульдаа орсон доо.


    20170116 005

    Тав. ”АМАЗОН”-Ы АХЛАХ ИНЖЕНЕР

    -Г.Галбадрах: Нөгөө л дунд сургуульд сурч байхдаа сайн сургуулиудыг шилж сонгож сурч байсан түүх тань давтагдаж дээ?

    -А.Амарбаяр: Тэгсээн. \инээв\ Сургуульд орох урилгаа аваад 2014 оны 6 сард энд ирсэн. Энд үнэхээр чанартай боловсрол эзэмшиж чадсандаа их баяртай байгаа. Нэг сард нэг л хичээл үзнэ. Тийм зарчмаар явахаар яг тухайн сардаа өөр юунд ч санаа зовохгүйгээр тэр хичээлдээ анхаарлаа хандуулж, сайн сурах боломжтой. Улмаар 2015 оны 12 сард хичээл маань дуусаад ажил хайж эхлэв. Дотроо бол бүгд л Амазон, Гүүгль, Фэйсбүүк, Майкрософтод орчих хүсэлтэй. Миний хувьд ч бас адилхан. Гэхдээ баярын улирал таараад ч тэр үү, ажил хайгаад явц муутай байсан нь бага зэрэг сандаргаж байсан шүү. Он гараад харин ажлын ярилцлагууд эрчимтэй өгч нэг ажлын байрны санал хүлээж авлаа. Бас нэг газартай нилээд сайн ярилцлага өгч, ажлын байрны санал авах дөхөж байсан юм. Энэ 2 компанид хариугаа хэлэх ёстой 7 хоногийн хугацаанд гэнэт ”Амазон” оос утсадаад ”Ярилцлага хийж болох уу?” гэж санал тавьсан. Хүссэн болгон ороод байдаггүй өндөр шалгууртай болохоор, би ч эхэндээ ”Эрсдэл үүрэхгүйгээр бэлэн байгаа ажлын саналаа авчихья” гэж бодож байв. Гэтэл яагаад ч юм бэ? цаанаасаа л ”Хоосон хоцорсон ч хамаагүй ярилцлага өгөөд үзье” гэсэн бодол эргэлдээд, сайн найзууд минь хүртэл дэмжиж зөвлөсөн болохоор, эргэлзээгээ ”Ерөөсөө л ”Амазон”-ыг хүлээж, үзээд алдая” гэж шийдэж тайллаа. Эхний ээлжийн ярилцлагаа утсаар өгтөл ”Та тэнцлээ, Сиэтлд хүрч ирж ярилцлаганд ороорой” гэж байна. Сиэтлд очих бүх зардлыг \онгоц, зочид буудал, өдрийн 3 хоол, такси\ цаанаас нь төлнө гэхээр нь гайхаж байж билээ. Тэгээд л Сиэтлд очиж өгөх ярилцлагадаа бэлтгэн, интернэтээр ”Амазон”ы тухай судалж эхэлсэн дээ.

    -Г.Галбадрах: ”Амазон”-д орох ярилцлагад бэлтгэхдээ, ”Амазон”-ы талаар судалж байгаа чинь хамгийн зөв шийдэл байна гэж би бодож байнаа.

    -А.Амарбаяр: 45, 45 минутаар таван ярилцлагад орох байсны 4 нь техникийн ярилцлагууд, харин үлдсэн нэг нь яг орох багийнхаа менежэртэй хийх ярилцлага байсан юм. Тэгэхээр ганц техникийн чадвараа бэлтгэхээс гадна, ”Амазон” компаны талаар судалж, ”Яагаад энэ заавал энэ компанид ажиллах хүсэлтэй байгаа юм бэ?” гэдгээ нотолж ойлгуулах хэрэгтэй байлаа. Тиймээс анх үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн судалж, бизнесийн модель, ололт амжилтууд, бас алдаанууд, шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүд, СЕО-н өгсөн ярилцлагууд, мэдээ, бүр цаашлаад сүүлийн 6 сард хувьцаа нь яаж унаж, өссөн талаар уншиж судлан бэлтгэсэн байсан юм. Техникийн асуултуудаа хариулчихаад мөнөөх менежэртэй ярилцхадаа уншиж судалсан зүйлүүдээсээ ярьтал ”Woow” гэсэн хариулт шууд авч байсан шүү. Ярилцлагаас гарч ирэхдээ ”Тэнцээгүй байсан ч харамсахгүйгээр өөрийн чадвараа бүрэн ойлгууллаа” гээд өөртөө санаа амар, бас баяртай байдаг юм билээ. Ярилцлагынхаа хариуг маргааш нь э-майлаар хүлээж автал, хамгийн эхний үг нь ”Cоngratulatuons” гээд л гараад ирэв. Тэрийг нь харчихаад сандарсандаа цонхоо хаачихаад, ахиад нээж хартал ”тэнцчихсэн” байлаа. Амьдралдаа 2 дахь удаагаа бүх чадлаараа өөртөө ”Yes” гэж хашгирсан нь энэ байсан. Энэ сайхан мэдээгээ найзууддаа гэр бүлдээ хэлээд л бөөн баяр болсон.


    20170116 006

    -Г.Галбадрах: Энэ бол миний бодлоор том амжилт мөн шүү дээ?

    -А.Амарбаяр:Энэ амжилтанд би дан ганцаараа хэзээ ч хүрэхгүй байсан байх. Аав ээжийнхээ ачаар эзэмшсэн боловсрол мэдлэг, өмнөх ажлын туршлага, хамт сурч байсан оюутан найзуудын туслалцаа, багш нарын зөвлөлгөө гээд олон зүйлс энд хүрэхэд минь тусласан. Гэхдээ энэ дундаас нэрийг нь дурдах ёстой хоёр хүн бий. Эхнийх нь одоо Finch Computing-д Lead Product Manager хийж байгаа М.Сувдмаа эгч. Анх 16 настай оюутан болоод ирж байхдаа М.Сувдмаа эгчийн бичсэн ”Их Сургуульд хэрхэн тэтгэлгээр сурах” талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад, ”Энэ эгч шиг амжилт олоод, сурч мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах юм сан” гэж бодож байлаа. Харин магистрийн хичээл дуусаад ажил хайх дөхөж байх үед өдөр оройн цагийг үл хайхран М.Сувдмаа эгч бидний 10-аад монгол оюутнуудад ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар үнэтэй зөвлөлгөө өгч байсан нь маш их тус болсон. Одоо ч гэсэн ажлын карьерийн талаар хааяа зөвлөлгөө авдаг юм. Нөгөөх нь Facebook-т ажиллаж байгаа, одоо маш сайн найзууд болсон Хонгор. Google, Facebook хоёрт ярилцлага өгөөд хоёулангаас нь ажлын байрны санал авсан туршлагаасаа бичсэн блогийг нь уншаад урам орж,” Би ч бас их бага гэлтгүй сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй юм байна” гэсэн бодол бат төрсөн дөө. Ажилд орсныхоо дараахан 1 сард блог нээгээд ажлын ярилцлагад орсон туршлагаа бусадтай хуваалцах боллоо. Өнөөдрийг хүртэл блогийг минь 11 000 орчим хүн үзсэн байдаг бөгөөд боловсрол, ажил мэргэжил, ярилцлага, Америкт амьдрах талаар, тэр ч бүү хэл хүний нөөцийн бодлогын талаар олон хүмүүс холбогдож байсан. Энэ бүхнээс их урам авч хүмүүст чадах ядахаараа мэдлэг, мэдээллээ хуваалцаж байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт багахан ч атугай тус болбол тэгээд л зорилго минь биелнэ шүү дээ.

    -Г.Галбадрах: Маш сайхан сэтгэл байнаа, Амараа. ”Амазон” бол дэлхийд бренд болсон компаниудын нэг. Энд ажиллаж хэр хөгжиж байна даа?

    -А.Амарбаяр: Ажилд ороод эхний үед жаахан санаа зовж байлаа. Яагаад гэвэл, хамт ажиллаж байгаа хүмүүс маань Harvard, Stanford8 MIT төгссөн, эсвэл Google, Facebook, Microsoft, Apple-д ажиллаж байсан туршлагатай, мундаг хүмүүс байв. Гэтэл миний бакалавр, магистраа төгссөн сургуулиуд маань рейтинг ч байхгүй, ”хөдөөний” гэж нэрлэгддэг хотуудад байрлалтай сургууль шүү дээ. Би тэгээд тэдэнд өөрийн суралцаж төгссөн сургуулиа хэлтэл, ” Айн!Тэнд чинь хүн амьдардаг юм уу?” гээд тоглож хэлээд инээнэ шүү дээ. Эхний хоёр сар бол ”Яая даа” гэтлээ ажиллав. Маш их мэдээлэл дунд живчихэж байгаа юм шиг л санагдсан. Хүн өөрөө хичээгээд нэг зорилго тавиад түүнийхээ хойноос явахгүй бол, хоцрогдох эрсдэлтэй. Тэгэхээр байнга л өөрийгөө хөгжүүлж, шинийг мэдэж, гараасаа үр бүтээлтэй ажлуудыг гаргаж байх шаардлагатай болдог. Ажил дээр өнгөрүүлж байгаа 1 минут болгон хэрэгцээтэй байх ёстой. Эхний жил гэхдээ би их ч хичээж, сайн ажилласан. Үүнийг маань манай менежэрүүд хийсэн ажлаар минь дүгнээд тушаал дэвшүүлсэн юм. Ажилд ороод 6 сар болоод тушаал дэвших болзлоо хангачихсан байсан ч, зуныхаа амралтаар Монгол руу явчихсан байсан учир тэр боломжоо алдаад оны төгсгөл хүртэл хүлээх хэрэгтэй боллоо. Баг дотроо ”ахлах инженэр” гэсэн тушаалд очиход, надтай адилхан тушаал дэвшсэн хүмүүс 3 жил ажиллаж байж тэр албан тушаал дээр очсон байдаг юм. Тэд надаас тоглоом шоглоомоор ”Чиний нууц чинь юунд байна?” гэж асуухад нь, хариуд нь ”Монголчуудад байна” гэж хэлээд инээчихдэг юм.

    -Г.Галбадрах: ”Амазон”д тушаал дэвших процесс нь яаж явагддаг болон компаныхаа талаар товч танилцуулж болох уу?

    -А.Амарбаяр: Тушаал дэвших процесс нь их өвөрмөц. Яг шийдвэр гаргах 6-8 хүн нь намайг танихгүй, мэдэхгүй хүмүүс. Миний хийсэн бүх ажлуудын мэдээлэл, мөн хамт ажилласан хүмүүсийн сэтгэгдэл дээр тулгуурлаад шийдвэрээ гаргадаг. Үүн дээр нэмээд хэлэхэд, манай компани дэлхийн түвшинд өөрчлөлт шинэчлэлт, технологийн хувьсгалуудад том хувь нэмэр оруулж яваа компаниудын нэг нь. Жил болгон л шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн ирээдүйг тодорхойлж, залж байна шүү дээ. 2016 оны 12 сард PrimeAir гээд агаарны дроноор захиалсан барааг нь хүргэж өгдөг үйлчилгээг Англид туршилтын байдлаар нэвтрүүлсэн бол, уг сард AmazonGo гээд бараа аваад гарахдаа ямар нэгэн кассанд бичүүлж, төлбөр төлөх шаардлагагүй, шууд гараад явчихдаг дэлгүүрийг Сиэтл хотод нээлээ. Ийм компанид ажиллана гэдэг маш том аз завшаан бөгөөд, энэ чинээгээрээ сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нь өндөр юм. Гэхдээ энэ жил, эсвэл ирэх жилээс өөр салбрууд руу бас сонирхож үзэх бодол төрж байгаа.


    20170116 005

    -Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Чи бол миний бахархаж, итгэж явдаг залуусын нэг нь. Чиний өмнө маш их ирээдүй байгаа гэдэгт итгэж байна. Чамд амжилт хүсье.

    -А.Амарбаяр: Тантай уулзаж ярилцсандаа ч би баяртай байна. Би нэг их мундаг нь биш шүү дээ. Боловсролыг дэмждэг ухаантай аав ээжийнхээ итгэл найдварыг алдахгүй гэж хичээж яваа. Хүн өөртөө олдсон боломж бүрээ маш сайнаар ашиглаж чадвал амжилтад заавал хүрдэг гэдэгт итгэдэг. Харин боломж ирэхэд бэлэн байхгүй бол алдчих эрсдэлтэй. Өөрийгөө голох хэрэггүй шүү дээ. Өөрийгөө ”Би юу ч хийгээгүй байна”, ”Юу ч мэдээгүй, сураагүй байна” гэж хэт их голох, эсвэл дарах хэрэггүй болов уу? гэж боддог. Тэгж байж л өөрийн олж авсан мэдлэг чадвар, туршлагаа их, бага гэлтгүй бусадтай хуваалцдаг болно. Харин тэр хуваалцсан багахан туршлага нь хэн нэгэнд урам зориг өгөх, хүсэл мөрөөдөлд хөтлөх, эсвэл амьдралд нь бага ч болов эерэг нөлөө үзүүлж чадвал зорилго чинь биелэлээ гэсэн үг. Дашрамд хэлэхэд, 2017 оны 3 сарын 18-20 нд залуустайгаа хамтраад ”Америк дахь монголчуудын Хөдөлмөрийн Яармаг”-ийг 4 дэх удаагаа Сиэтл хотод зохион байгуулахаар өнгөрсөн 8 сараас эхлэн бэлтгэж байна. Энэ арга хэмжээ нь оюутан залуучууд болон ажил олгогч нарт маш хэрэгтэй, бас сонирхолтой үйл ажиллагаа болдог юм. Энэ нийтлэлийг уншиж байгаа АНУ-д сурч ажиллаж байгаа оюутан залууст болон Монголд байгаа ажил олгогч компаниудад бүгдэд нь нээлттэй гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Танд ч бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.


    ...Сүүлийн жилүүдэд дэлхийд алдартай мэдээллийн технологийн компаниудад монгол залуус олноороо ажиллаж байгаагийн нэгэн төлөөлөл нь А.Амарбаяр. Тэрээр хэдийгээр Америкийн алдартай бренд сургуулийг төгсөөгүй боловч, ”Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг хэлц үгийг амьдрал дээр нотолж яваа залуу. Амьдралд идэвхтэй байх, өөрийн мэдэж авсан ухаарал, ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах хүсэл нь түүний мөн чанарыг илэрхийлдэг. ”Би өөрийгөө эхлээд сайн хөгжүүлэх хэрэгтэй байнаа. Магадгүй хэзээ нэгэн цагт тантай хамтарч ажиллах боломж олдох байх” гэж тэрээр надад хэлсэн юм. Түүний өмнө маш их ирээдүй байгаад би итгэлтэй байгаа. Бага наснаасаа л чанартай сайн гэж тооцсон бүхэн рүүгээ сонголт хийж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж байсан нь өнөөдрийн амжилт, маргаашийн сайн сайхан руу итгэлтэйгээр харах өөдрөг хандлагын суурь нь болсон байх. Миний анзаарснаар А.Амарбаяр бол хүсэл мөрөөдөлдөө яг л гал шиг асч яваа залуу. Тэр гал дунд өөрийгөө таньж, өөрийгөө хатуужуулж, өөрийн мөн чанараа хатааж яваа ган. Тэр олон залууст үлгэр жишээ болж, тусалж чадна.
    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Зорилго нь өндөр байвал биелэлт нь ч боломжийн байдаг
    2017 оны 1 сарын 17
    Нэг хүн нарыг уургалана гэж морио бэлдэж хоноод өглөө нар уулын толгойгоос цухуйх мөчид ухас хийн давхидаг байжээ. Тэр хүн өглөө бүр ялигүй хоцрох бөгөөд морио янз янзаар сольж үзжээ. Бас уургаа ч сольж урт болгон үзэж байжээ. Ер нь л янз янзын аргаар оролдсон аж. Гэвч нарыг уургалах Зорилго нь биелэсэнгүй гэнэ. Харин нутагтаа нэртэй морь уургаладаг уургач хүн болсон гэдэг. ккк.
    Үүнтэй төстэй ч гэхээр юм уу даа ккк. Монголд яг өөрийнхөө амьдралыг өөд нь татах бодолтой яваагаа ил цагаан хэлээд явах юм бол бүтэхэд маш бэрх.
    Харин том өөр Зорилго яриад явбал тэр том зорилго нь биелэхгүй байсан ч хувийнхаа амьдарлыг өөд нь татах боломж байдаг ажээ. ккк
    Жишээлбэл: Авилгалыг устгана. Монгол улсаа аварна, хөгжүүлнэ гэж ярьдаг бичдэг тэмцдэг хүн өнгөрсөн 26 жилд тоогүй олон байсан.
    Гэвч Монголд авилгал байсаар л байна. Улс маань хөгжөөд сүйд болсон юм алга.
    Харин энэ зорилгыг ярьж ТУГАА болгож байсан хүмүүсийн хувийн амьдралд ЧАНАРЫН ТОМ том өөрчлөлтүүд гарчээ.ккк
    Үүний нэгэн жишээ бол Сонгуулийн үед хонь хариулж өссөн гэж ТВ-гээр цацагдаж байсан Ц.Элбэгдорж өнгөрсөн 26 жилийн 3-орчим жилд л АНУ-д явж суралцаж байжээ. Бусад бүх жилүүдэд нь төр засагт ямар нэг хэмжээгээр ажиллаж байв.
    Одоо түүний хувийн хөрөнгийг төрөөс авч байсан цалинтай нь харьцуулаад үзвэл сонин тоо гарна байх шүү. ккк
    Тэмцэгчдийн ярьдаг том зорилгуудаас бичвэл Дэлхийн дулаарлын эсрэг, Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахын эсрэг, гэх мэт глобал зорилгууд ч байлаа.
    Би тэмцэж яваа хүнийг дэмждэг. Харин Монголын тэмцэгчид маань баяжаад ирэхээрээ анхныхаа зорилгоос хазайгаад өөр юм яриад явчихдаг нийтлэг гэмтэй юм.
    Шударга байцгаая гэж ярьж байсан хүн, Өнөөдөр шударга байж чадаж байгаа билүү дээ? Тангараг өргөхдөө маргаашнаас Монголд авилга байхгүй болно ч гэж хэлж байжээ. ккк
    Монголын сонгогчид Түүнийг хэлсэндээ хүрэх болов уу гэж л дэмжиж байлаа.
    Монголын улс төрд хэлсэн, ярьсандаа байж чаддаг, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, тийм улс төрийн хүчин, улс төрчдийн эрэлт хэрэгцээ маш их байна.
    Улс төрчдийн Сонгуулиас өмнө ярьж байсныг Сонгуулийн дараа ярьж байгаатай нь харьцуулан ТВ-гээр Монтажлан үзүүлбэл ХОШИН Шогийн жүжигчид маань хийх ажилгүй болох буй заа ккк.
  • Энэ сарын 19-нд “Тожмой лууны эрин” хэрхэн төгсөхийг харцгаая
    2017 оны 1 сарын 17
    ...З.Энхболд “С.Баярцогтыг дэвшүүлэхгүй байж чадаагүйнхээ төлөө” уучлалт гуйсан нь орчин үеийн “Мангаа До”-Ц.Элбэгдоржийн дэргэд барьцааны хүн л гэж байдгаас багийн хүн гэж байхгүйг нотолчихлоо доо…С.Баярцогт бол АН-ын хүн биш...
  • Нэр томъёоны тогтвортой чанар...
    2017 оны 1 сарын 16
    Намайг хуучнаар ”ГЯЯ”-ны яамны албан ёсны нэрийг одоо юу хэмээн нэрийдэж байгаа бол гэдэг дээр эргэлзэж байна гэвэл та бүхэн итгэх үү? ”ГЯЯ” гэж хашилтан дотор хийлээ шүү. Намайг бага залуу байхад ихээхэн нэр хүндтэй энэ байгууллагын албан ёсны нэрийдэл ”Гадаад явдлын яам” гэсэн нэрээрээ хорь гучаад жил явсан байх. Уг сурвалжийг нь хөөн бодвоос бүр автономитын үеэс энэ нэрийдэл бүрэлдэн тогтсон янзтай байдаг.

    Дараа нь 1990 оноос хойш Гадаад хэргийн яам болчихсон цохиж явснаа тун удалгүй нэг засаг солигдоход Гадаад харилцааны яам болсон санагдаж байна. 2010 онд нэгэн арга хэмжээнд орчуулга хийгээд явж байхад албан ёсны нэрийдлийн товчлол нь ”ГХХЯ” болчихсон байсныг хэр баргийн хүн тайлан унших нь байтугай тэр тухай дуулаа ч үгүй байвал миний хувьд төдийлөн гайхахгүй. Яагаад гэвэл би ч өөрөө тэр нэрийг хараад ”Нэр томъёоны тогтвортой байх чанарыг” ингэж алдагдуулж байх гэж дээ хэмээн дотроо халаглаж байсан болохоор тэр юм. Дээрх товчлолын тайлбар нь ”Гадаад харилцаа худалдааны яам” гэсэн үг болой.

    Манай боловсролын яамны нэрээ өөрчлөсөн хийгээд өөр салбартай нийлж салсан түүхийг өгүүлвээс энэнээс урт үлгэр болж мэдэх байх аа. Ер нь төрийн гол яамдын нэрийн өөрчлөлт гэдэг сэдэв авчихсан оюутан толгой өвдөлгүй мастерийн зэрэг хамгаалчих байх шүү.

    Намайг бага залууд Эрүүлийг хамгаалах яам гэдэг байсан байгууллагын нэрийн хувирлын түүх өдгөө ямар болсныг миний хувьд тийм гээд зоригтой хэлчих сачий бас л дутаж байна. ”Эрүүл мэндийн яам”, ”Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам”, ”Эрүүл мэнд нийгмийн халамжийн яам” ч бил үү дээ хувираад явчихсан нь одоо ямар нэрэн дээр очоод тогтоо бол доо? Ийм жишээг ХААЯ-ны нэрийн хувирал гээд үргэлжлүүлвэл бас л дуусашгүй юм болж мэдэх нь.

    Миний сайн мэдэж байгаачлан өмнөд хөрш Хятадад ”Боловсролын яам”, ”Соёлын яам”, ”Гадаад хэргийн яам”, ”Эрүүл мэндийн яам” гээд нэг л хатуу тогтсон нэр томъёо нь хэдэн арав тэр ч байтугай зуун жилийн настай байдаг нь төрийн тогтвортой байдлын илэрхийлэл баталгаа болж байдаг шиг. За цаашлаад тэдний хувьд ”Багшийн их сургууль”, ”Анагаахуйн их сургууль” гээд ямар ч зоригтой улс төрч өөрчлөх аргагүй хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн нэршлүүд манай улсад болохоор ”Боловсролын их сургууль”, ”Эрүүл мэндийн их сургууль” гээд аль эрт төрөл арилжчихсан байх жишээтэй.

    Хэл бол нийгмийн үзэгдэл болохын хувьд нийгмийн хөгжлийг даган хувьсаж байх зүй тогтолтойг миний бие хэл шинжээч хүний хувьд мэдэлгүй яахав. Гэхдээ аливаа үндэстний хэлний хамгийн тогтворгүй, хувьсамтгай хэсэг нь ярианы хэл байдаг бөгөөд тэрхүү хувьсамтгай чанарыг нь бичгийн хэлний харьцангуй тогтвортой чанар хазаарлаж байх учиртай гэж үздэг. Өөрөөр хэлбэл бичгийн хэл нь ярианы хэлийг бодох юм бол илүү тогтвортой чанартай байдаг гэсэн үг л дээ. Тэр дундаа дээр өгүүлсэн төрийн гол яамд, салбарын үндсэн нэгжүүдийн нэрийдэл зэрэг нэр томъёонууд бичгийн хэл дундаа бүр ч тогтвортой байх учиртай нь дэлхийн хөгжингүй улс орнуудын ”Хэл соёлын бүтээн байгуулалтын үйл хэргийг” ажиглаж байхад тодорхой харагддаг.

    Харин энэ зүй тогтол манай улсад болохоор улс төрийн тогтворгүй байдал хийгээд хэл шинжлэлийн талаар паг байж мэдэх ойворгон улс төрчдийн балгаар яаж бантагнаад байгаагийн зах зухаас товч өгүүлэхэд ийм буюу.

    Хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүд ”Үндсэн хуулийн”, ”Үндсэн хуулын” гэж хоёр бичлэгийг нэг мөр болгох асуудлын талаар маргалдаад сууж байхыг харахад үнэхээр эмгэнэлтэй санагдаж байсан шүү. Үндэсний монгол бичигтээ зоримог шилжин орохоос нааш энэ мэт инээдтэй марзан гэхэд багадмаар маргаан мэтгэлцээн төгсгөл болох нь юу л бол? Даанч үүнийг манай суурин дээрээ ”380 градус” эргэчихдэг улс төрчид сэхээрдэг болов уу? Манай нэгэн хашир туршлагатай улс төрч өөрийн нэг томоохон асуудлаарх байр суурь үндсээрээ эргэчихээд байгаа гэдэг санаагаа ”380 градус эргэчихээд байна” хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнийг санаж байна уу? Тойргийн хэмжээс миний багад арай өөр байдаг шиг санагдах юм. Гэвч энэ цаг үед болж бүтэхгүй юм гэж бараг үгүй болсон болохоор 380 болчихоод байгааг мунхаг би ухаарахгүй яваа ч юм бил үү?
  • Туркийг хаанчлах хүсэл
    2017 оны 1 сарын 16
    ТУРКИЙГ ХААНЧЛАХ ХҮСЭЛ
    Туркийн гадаад бодлого Тайип Режеп Эрдоганыг Ерөн­­хийлөгч болсноос хойш буюу 2014 оноос эрс идэвх­жиж “Исламын улс” болон курдуудын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлсэн. Сүү­лийн жилүүдэд дэлхийн хэв­лэл мэдээллийн гол сэдвийн нэг нь Турк болон Ерөн­хий­­лөгч Эрдоган болов. Дэлхийн хэвлэлүүд “Исламын улс”-ын эсрэг Туркийн довтолгоо­ны тухай биш, харин курдуу­дыг хэрхэн бөмбөгдөж, Ерөнхий­лөгч Эрдоганы Турк Улсыг ганцаар хаанчлах гэсэн хүслийн тухай илүүтэй бичиж байна.
    “Исламын улс”-ыг бус Курдыг дарах гэсэн оролдлого
    Туркийн эрх баригчид өөрсдөө Курдистаны ажилчны намын (КАН) эсрэг байлдаж байгаа хэмээн тайлбарлаж байна. Харин курдууд Эрдо­ганыг 2012 онд байгуулсан энхийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулахаас өмнө Турк, КАН хоёрын хооронд олон жилийн дайн өрнөж 40 орчим мянган хүн амиа алдсан юм. Курдуудын хөдөлгөөн нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд зөвхөн КАН-аас бүрддэггүй.
    АНУ Иракт дайн эхлүүлснийхээ дараа курдуудыг дэмжих болсон. Тиймээс Эрдоган курдуудыг гэнэтхэн довтолж эхэлсэн нь Вашингтоныг эвгүй байдалд оруулав.
    Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл америкчууд Турк, КАН хоёрын аль нэгийг сонгон холбоотноо болгох хэрэгтэй болно. Вашингтон Сириг бөмбөгдөхөөс татгалзсанаас хойш Турк, АНУ-ын харилцаа муудсан. Гэхдээ геополитикийн хувьд туркууд АНУ-д илүү хэрэг болно. Ийм байдлаар Ойрхи Дорнодын болон Туркийн нөхцөл байдал дарьтай торх шиг болж байна. Ажиглагчид Турк нь “Исламын улс”-тай тэмцэх нэрийдлээр курдуудыг дарахыг оролдож байна гэж үзэж байна. Хэдийгээр Туркийн эдийн засаг, армийн хүчин чадал муугүй ч 30 жил болоход курдуудыг дарж чадаагүй. Харин одоо Анкарагийн хувьд нөхцөл байдал улам хүндрэв. Хэрэв бүх хүчээ курдуудын эсрэг чиглүүлбэл хэтэрхий эрсдэлтэй алхам болно. Эрдоганы цаад санаа нь “Исламын улс”-ыг биш, КАН-ыг дарж авах явдал гэсэн санааг дэлхийн хэвлэлүүд тодотгож байна.
    Замдаа таарсан бүхнийг зайлуулагч
    Ататурк шашныг улс төрөөс тусгаарлаж, орчин үеийн Турк Улсыг байгуулсан. Харин Эрдоган шашны үйл ажиллагаанд маш идэвхтэй нэгэн. Түүний байгуулсан Шударга ёс, Хөгжлийн нам Засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж, цэргийн эрхтэнүүд түүнийг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Шударга ёс, Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнд бүх насаар нь хорих ял оноосноор Эрдоган саад болж байсан цэргийн эрхтэнүүдээс ангижирсан юм. 2011 онд Туркийн 200 гаруй цэргийн, тэнгисийн цэргийн болон нисэх хүчний албан хаагч, сэтгүүлч шашингүй үзэлтэн, улстөрчдийг шорон руу илгээсэн явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байсан. Энэ үед Ерөнхий сайд байсан Тайип Режеп Эрдоганыг сөрөг хүчний улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд шүүх тогтолцоог ашигласан хэмээн буруутгаж байсан ч газар авалгүй намжсан юм. 2013 оны зургадугаар сард Эрдоган Станбул хотод гарсан эсэргүүцлийн томоохон жагсаалыг хүчээр тараасан. Шударга ёс, Хөгжлийн намыг исламын хэт туйлширсан суурьтай гэж буруутгадаг тэрс үзэлтнүүд эсэргүүцлийн хөдөлгөөнийг бусад хотод дэвэргэж байв. 2013 оны арванхоёрдугаар сард Туркийн Засгийн газар авлигын хэрэгт орооцолдсон тухай шуугиан дэгдэж, олон хүн баривчлагдсаны дотор кабинетын гишүүд болон хүүхдүүд нь байсан билээ. Тус улсад өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа Эрдоган хэдэн зуун мянган хүнийг ажлаас нь халж, хорьж, гадуурхаж байгаа юм. Түүнээс гадна хэд хэдэн хэвлэл мэдээллийг террорист бүлгэмүүдийн ухуулга сурталчилгаа хийсэн гэж буруутган хаасан төдийгүй парламентын курд гишүүдийг энэ шалтгаанаар баривчилжээ. Энэхүү өөрийнхөө эсрэг буй хүмүүсийг цэвэрлэх ажиллагааг Европын холбоо шүүмжилж, гэрээ хэлэлцээрээ царцаахыг анхааруулаад байгаа. Гэвч Эрдоган үүнийг үл тоон, “Босогчид одоо ч манай цэрэг, цагдаа, шүүхэд орогносоор байна. Бид тэдэнд улс үндэстнээ өгөхгүй. Тиймээс хэрэгтэй бүхнийг хийнэ” гэдгээ мэдэгдээд байгаа юм. Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойших хугацаанд л гэхэд аюулаас хамгаалах хүчний 9997 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Албан ёсны мэдээнд дурдсанаар, төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор онц байдлын дэглэм зарлах тухай хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангаж, нийгэмд хэв журам сахиулах үүднээс хамгийн багадаа 550 ТББ, 19 хувийн эмнэлэг болон есөн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаажээ. Мөн Дотоодыг хамгаалах яам, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн, Эрчим хүчний, Хуульзүйн яам болон бусад төрийн байгууллага, төрийн мэдлийн телевиз, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 55 мянган албан хаагчийг ажлаас нь халсан байна.
    Туркийг бүх насаараа хаанчлах гэсэн хүсэл
    Режеп Таийп Эрдоган Турк Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай орон болгохоор зүтгэж байгаа. Парламент дахь үндсэрхэг үзэлтнүүд түүний саналыг хүлээн авч, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүнийг 2029 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжихээ илэрхийлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үйл явц дахин нэг алхмаар урагшиллаа гэж хэлж болно. Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган болон түүнийг хүрээлэгчид өнгөрснөөс сургамж авч, Засгийн газрын хэврэг бүтэц, хагарлаас хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчдийн зүгээс засаглалын шинэ хэлбэрт шилжсэнээр авторитар дэглэмийг бий болгоно гэж шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентын анхан шатны санал хураалтаар 338 хүний дэмжлэг авчээ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болж байна. Санал асуулгыг ирэх хавар зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Туркийн Үндэсний ассамблей 550 хүний суудалтай бөгөөд хуулийн төслийг дэмжин батлахад 330 санал шаардлагатай байсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы гарт хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрч, тэр Засгийн газрын сайд нарыг томилох, огцруулах, эрх баригч намыг тэргүүлэх эрхтэй болохоос гадна 2029 он хүртэл Туркийн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлнэ.
    “Maarif” сан
    Ахмет Давутоглу Туркийн Ерөнхий сайдаар ажиллах үедээ Боловсролын яамны харьяа сан байгуулах саналыг парламентад оруулж байсан. Үүний дагуу Ерөнхийлөгч Эрдоганы зарлигаар нэг сая турк лирийн хөрөнгөтэй “Maarif” хэмээх сан байгуулагдсан юм. Энэхүү сан нь гаднын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжин оюутан, багш нарын дотуур байр, соёлын төв, номын сан, лаборатори, урлаг, спортын танхим зэргээр хангах үйлчилгээг үзүүлэх юм. “Maarif” сангийн комисст Боловсролын яамны хоёр, Гадаад хэргийн яамны нэг, Сангийн яам болон Дээд боловсролын байгууллагын тус бүр нэг, Засгийн газрын гурван гишүүн багтдаг. Тэгвэл тус сан нь Саудын Арабын Засгийн газраас санхүүждэг тухай “TR724” сайт мэдээлжээ. “Maarif” сан нь Туркийн Засгийн газраас санхүүждэг атлаа өөр улсаас санхүүгийн дэмжлэг авч буй нь олон хүний гайхашралыг төрүүлж байгаа ажээ. Түүнчлэн тус сан байгуулагдсанаасаа хойш гадаад улс орнууд дахь турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжих дорвитой юу ч хийгээгүй бөгөөд гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх мэдэлтнүүдийн мөнгө завших гэсэн нэг хэлбэр хэмээн бичиж байна.
    Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
  • Их дээд сургуулийн хот
    2017 оны 1 сарын 16
    Утаа ба машины түгжрэлээс салах нэг арга бол УБ-д байрлах их дээд сургуулиудыг нүүлгэн Багануур орчимд Их Сургуулиудын хот байгуулах арга байж болно. Хотын төвд байрлах МУИС, МУБИС, ШУТИС, АШУИС, ХААИС зэрэг суглуулиудыг нэг нэгээр нь Багануурт шилжүүлэн байрлуулж болох мэт санагддаг.
    Хэдэн жилийн өмнө Монгол улсын ЗГ-аас их дээд сургуулиудыг
    Багануурт нүүлгэн шилжүүлэх талаар судалгаа хийгдэж байсан байх учиртай.
    Одоо тэгээд тэр бодлогоо үргэлжлүүлэхэд л болно. Төр засгийн бодлого гэдэг тууштай цэгцтэй үргэлжлэж байх ёстой.

    Хичээлийн байр сав, Багш, Оюутаны амьдрах байр сав, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн Цэцэрлэг, Спортын иж бүрэн стадион гэх мэтээр Багануурт барьж болох байх.
    Дээр дурьдсан Их дээд сургуулиудын хотын төвд байх байшингууд хуучирсан тул эрт оройгүй Нурааж шинээр барина.
    Тиймээс тэр барилга барих зардлууд Төр засгаас уван цувсан байдалтай угаасаа гардагаараа гарна.
    Барихдаа л Багануурт барина гэж ойлгох хэрэгтэй.
    Дээрх Их дээд сургуулиудын одоогийн хотын төвд байрлах төрийн өмчийн Газрыг нь өндөр үнээр дуудлага худалдаагаар зараад цугласан мөнгөөр нь Багануурт эрүүл газарт бүтээн байгуулалт хийж болох буй заа.
    Хөдөөнөөс УБ-д орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь Хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бодож орж ирдэг аж.
    Харин хотод орж ирсэн хөдөөний хүүхдүүд маань 4-5 жил сураад нутаг буцдаггүй юм билээ.
    Тиймээс Сургуулиар нь дамжуулаад Шинэ хот үүсгэж болохоор санагдсан.
    Дэлхий дээр ийм сургууль бараадаж үүссэн хотууд их олон байдаг гэнэ лээ.
    Мөн АНУ, ОХУ, Герман мэтийн улсын Их дээд сургуулийн салбаруудыг ч төрийн бодлогоор Багануурт байгуулан суурьшуулж болох байх.
    Зун Их дээд сургууль амарсны дараа УБ хот маш сэлүүхэн болдог доо. Автобус ч хоосон шахуу яваад л, Баар саванд ч үйлчлүүлэгчид цөөрдөг, мөн ЦЕГ-ын мэдээнээс харахад гэмт хэргийн тоо ч цөөрдөг гэнэ лээ.
    Харин Намраас эсрэгээрээ согтуу хөлчүү, хулгай дээрэм, танхай, зодооны хэрэг эрс нэмэгддэг гэдэг судалгаа байдаг юм.
  • Утаа...
    2017 оны 1 сарын 12
    УБ-ын Утаа ганцхан энэ жилд үүссэн юм биш.
    Утааны цаад шалтгаан нь ЯДУУРАЛ юм.
    Сүүлийн 26 жилд Монголд бий болсон Олигархижсон тогтолцоо нь Монгол орны бүх баялагийг 200-гаад айлд хуваан эзэгнэх боломжийг бүрдүүлжээ.
    Эдгээр эрхэмүүдийн ихэнх нь хууль бусаар хураасан хөрөнгөө доллар болгон Оффшёр бүсэд хэдэн арван сая доллараас эхлээд хэдэн зуун сая хүртэлх хэмжээний долларыг нуусан байгаагаас тод харагддаг.
    Бусад нийгмийн доод давхарга болох ядуурсан Монголчууд нь ажил олдох болов уу хэмээн горьдон эсгий гэрээ ачаалан нүүсээр УБ-хотын захаар ирж, суурьшижээ.
    Эдгээр айлууд нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот гэдгээрээ нэрд гарсан УБ-д гал түлэхгүй өвөлжих боломжгүй юм. Утааны эх үүсвэр бол энэ шүү дээ.
    Утаанаас сална гэдэг нь ядуусаа төвийн халаалттай орон сууцанд оруулснаар л шийдэгдэх учиртай.
    Гэтэл сүүлийн 20-иод жилд утаагүй зуух, утаагүй түлш гэх мэтийн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр 300-гаад тэрбум төгрөгийг үржээ.
    Гэвч утаа нь огт багассангүй, хүн амын шилжин ирэх тоог даган харин ч нэмэгдсэн байна.
    Утаагүй зуух, Утаагүй түлш мэтэд зарцуулсан тэр 300 тэрбум гаруй төгрөгөөр гэр хорооллоо барилгажуулсан бол утааны хэмжээг нилээ багасгах байсан аж.
    Өнгөрсөн хугацаанд Утааны асуудлыг шийднэ гэж хийсэн хурал, чуулган, үзэсгэлэн, бичиг цаас, шийдвэр тогтоолыг тоолох аргаггүй олон.
    Үе үеийн эрх баригчид утааны асуудлыг шийднэ гэж төсвөөс мөнгө гаргуулан хувааж иддэг нь одоо иргэдэд нууц биш болж.
    Үүнд МАН-ын ЗГ-ын үед 2-р цахилгаан станц дээр түшиглэн утаагүй коксжисон түлш үйлдвэрлэхээр 17 тэрбум төгрөг буюу тэр үеийн ханшаар 14 сая долларыг одоогийн УИХ-ын гишүүн Хүрэлбаатар тэргүүтэй нөхөд цувчуулан үгүй хийснийг дурьдаж болно. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй юмаа.
    Одоо ч утаанаас сална гээд бас л утаагүй түлш, зуухныхаа тухай ярьцгааж байна.
    Энэ нь МАН-д мөнгө идэх боломжийг л олгоно гэсэн үг.
    Дээр нь нэмэгдсэн нэг юм нь гэвэл нөгөө муу утаа тавьдаг ядуустаа төрийн албадлагын хүчийг хэрэглэн нүүлгэх, УБ-д шилжин ирэхийг нь тас хориглоно гэж байх шиг байна.
    Гэтэл манай үндсэн хуулинд дуртай газраа очиж, амьдрах нь зөвшөөрөгдсөн байдаг гэдгийг сануулъя.
    Улс үндэстэн гэдэг бол нэгдсэн цул юм мөн бөгөөд нийтээрээ хөгжиж дэвшнүү гэхээс тусдаа ялгаран вакумжиж амьдрах аргаггүй ажээ.
    Нэгэн цаг үед төрсөн бид баян хоосон ялгаагүй нэгэн ижил агаар амьсгалан амьдардаг гэдгийг бүү март. ккк
    Утааг арилгах цорийн ганц арга бол Ядуурлыг арилгах юм шүү дээ. Ядуурал арилсан тэр цагт утаа ч аяндаа алга болно.
    Жич: Лондон хотод утаа их байсан гэх ба тэд ганц хоёр жилийн дотор утаагаа арилгажээ. Тэнд нүүрс түлэхийг хориглосон бөгөөд шингэн, хийн түлшийг өргөн худалдаалсан байна.
    Англичууд бол дэлхийг колоничилсон их гүрэн тул ядуурал энэ тэр гэж юм байгаагүй.
    Хийн ба Шингэн түлшийг өргөнөөр зарахад л асуудал нь шийдэгдэж байгаа юмаа. Тэнд худалдан авах чадваргүй ядуучууд маш цөөн, бараг байхгүй учраас л тэр шүү дээ.
    Манайд Шингэн ба хийн түлшээр гэрээ дулаацуулах тэнхээтэй гэр хорооллын айл маш ховор юм.
  • Манай нэг “Юм”, эдний нэг “Хог”, тэдний нэг “Сэг” гурав...
    2017 оны 1 сарын 12
    ... Ядуу амьдралтай иргэдийн асуудал миний анхаарлыг хамгийн их татаж байна. Тэдэнд хоол унд байгаа болов уу? Халуун дулаан гэр оронтой болж чадаа болов уу?. Чинээлэг нийгмийг байгуулах үйл явцаас нэг ч хүн хоцорч гээгдэх ёсгүй. Жилийн турш, дахиад 10 сая гаруй хүн ядуурлаас ангижирууллаа...
  • Трамп бол улс төрийн нэг хэвийн байдлыг үгүйсгэсэн стандарт бус нэр дэвшигч
    2017 оны 1 сарын 12
    ...Америкийн худалдааны сөрөг сальдог арилгахын тулд Трамп Хятадтай хийх худалдаанд 45%-ийн татвар тогтоожээ гэж бодоод үзье. Яг өнөөдөр энэ сальдо 370 млрд доллар болоод байна. Энэ нь Америкийн сан энэ мөнгийг олж авч чадахгүй, яагаад гэвэл бүх валют тэр дороо л Америк руу эргээд ирнэ гэсэн хэрэг юм...
  • Хутагт, хувилгаадын хойд дүрийг юуны учир Төвдүүд эрж хайх, тодруулах болов
    2017 оны 1 сарын 11
    Профессор Чулуунжав шинээр хэвлэгдэн буй номондоо буй бас нэг өгүүллийг блогтоо тавьж өгөөч гэж хүсэв. Ингээд эрхэм найзын “хүсэлт-тушаалыг” биелүүлж байна. Энэ өгүүлэлд буй тоо баримт, дэвшүүлсэн үндэслэл сэлт нь яахын аргагүй анхаарал татсан асуудлууд бөгөөд эдгээрийг шийдвэрлэх нь тулгамдсан явдал мөн гэж би бодож байна. Мөн үүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөвөл зүгээр гэж бодно. Гэхдээ шинжлэх ухааны эрүүл саруул маргаан шүү дээ…

    Би яагаад шарын шашныг шүтэх ёстой гэж? “Монгол хүн ингэж асууж, тээнэгэлзэж болохгүй. Чи монгол хүн мөн л юм бол Бурханы шашныг шүтэх ёстой. Бидний өвөг дээдэс энэ шашинд л сүсэглэж, шүтэж ирсэн. Өнөөгийн бидэнд ч гэсэн өөр сонголт байхгүй. Бусад шашин бол харийнх…” Ингэж хэлэх, үүнд итгэх, дагах нь зөв гэж үү?
    Орчин цаг, XXI зууны өндөрлөгөөс ч гэсэн бид бүхэн бас л ингэж үзэх, хэн хүнгүй л заавал мөнхүү шашныг шүтэх ёстой юу? Энэ талаар нухацтай бодох, шүүн тунгаах, сайтар нягтлах шаардлага хэдийнэ буй болжээ. Учир нь шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр өвч бүрэн зэвсэглэсэн хомосапиенсын өнөө үеийнхнийг шашин, мухар сүсэг шившиглэж эхэлж байна. Харь гаригаас оюунлаг хүмүүс ирэх ахул тэд бидэнд яг л ингэж хэлэх болно. Үнэхээр ч бүх шашны тар нь танигдлаа. Тэд үнэнд гүйцэгдлээ. Бурханы шашны хувьд гэхэд л диваажин, хойд нас, бурханы хутгийг олж мөнхрөх, чөтгөр шуламд хувирах, тэнгэрийн орон руу ид шид, увдисыг олон нисэн одох зэрэг олон зүйл санаа нь нотлогдсонгүй. Бурхан, номын орон гэх Төвдөд мөнхүү шашны урсгалууд хооронд дайн болж олон арван мянган хүний цус урслаа. Удаах том шашин болох христийн ертөнцөд гол онол, сургаалын нь амладаг бүхэн 2000 жилийн туршид хоосон горьдлого үүрсээр өдий хүрлээ. Энэ шашны томоохон урсгал хоорондын зөрчлийн үндсэн дээр Европ тив бүхэлдээ дайн дажинд автаж 40 шахам жил цус, нулимсанд живж байв. Лалын шашны урсгалууд хооронд, мөн бусад шашинтнуудтай дэгдсэн дайн, самууны хөлд олон зуун мянган хүн амь насаа алдаж, тахир дутуу боллоо. Ингэж шашин бүр л дайн самуун, аллага хядлагын шалтгаан болсоор 2500 жил улиран одлоо. Энэ урт хугацааны туршид шашин бүр л мөнхөд оршихын тулд, бүр дангаараа жанжлан үлдэхийн тулд заль, мэх, луйвар, худал хуурмаг бүхнийг сүйхээчлэн ашигласаар иржээ. Дээд тэнгэрээс илгээгдсэн бурхад, ертөнцийн эзний хөвгүүн, өнгөрсөн одоо ирээдүй цагийг эрхшээх учиртай тус тус бурхад, бурхдын хувилгаан дүр, хойд дүрүүд гэхчилэн байхгүйг байлгаж, боломжгүйг болгож ч үзэж байв. Бурхдын гэх хэдэн зуун дүрийг ч хуурамчлан бүтээцгээжээ.
    Сүсэгтэн олны итгэл, сэтгэлийг байнгын, мөнхийн нэгэн шүтээнд уяж олзлох, өвөрчлөхийн тулд хутагт, хувилгаад, гэгээнтнүүдийн хойд дүрүүдийг тодруулж, тусгайлан бэлтгэж, бурханчлан шүтүүлсээр байлаа. Энэ хэрэгт төвдүүд онцгой их гаршжээ.
    XVI зууны дунд хавиас Монголд ихэд төвдөчлөгдсөн бурханы шашин дэлгэрснээр олон олон жирийн монгол хүн хутагт, хувилгаад, гэгээнтэн болцгоожээ. Гэхдээ тэд жирийн л хүний адилаар төрж, хүний эдэлдэг бүхнийг эдэлж, зарим нь зуурдаар үрэгдэж, зарим нь архинд донтож, зарим нь бусдад хорлогдон амь үрэгджээ. Монголын Түмэд аймгийн Алтан ноёны төвд ламд анх олгосон “Далай лам” гэх цолтнуудын удаах 11 дүрийн амьдрал, үйл ажиллагаа ч мөн жирийн хүнийхтэй адилхан байжээ. Тэд өвдөж, бэртэж, зуурдаар үрэгдэж, хавчигдаж, хэлмэгдэж, шаналж, оргож, дайжиж, өөр орон руу цагаачлан гарч ч байв. Далай ламын сүүлийн 12 дүр гэхэд л дундаж нас нь 38 орчим байжээ. Амьд бурхан гэгдэгсдийн нас ийм богинохон байгаа нь хачирхмаар биш гэжүү?… Монголын Төрбайх (Гүүш хаан) ноёны төвд ламд анх олгосон “Банчэн эрдэнэ” хэмээх цолтнуудын удаах дүрүүдийн амьдрал ч гэсэн жирийн хүний л адил бэрхшээл, зовлон, хагацал, баясал хослон өнгөрчээ. Эдгээр цолтныг удаа дараа тодруулж байсан арга, хэлбэр нь ч, болзол, шаардлага нь ч эргэлзэхээр зүйл ихтэй, учир битүүлэг байв. Тэднийг амьд бурхан мэт шүтэж байсан хэдий ч тэд өөрсдөө амьд бурханы хэр чинээнд хүрч амьдарч, насалж чадаагүй байна…
    Далайн ламын нэг л дүр (IV Далай лам) Монголоос тодорч бусад 13 нь Төвдөөс тодорчээ. Богд Гэгээний хоёр л дүр Монголоос тодорчээ. Бусад 7 нь Төвдөөс тодорчээ. Энэний наад, цаад учрыг тодруулж үнэнийг олсон хүн одоогоор алга байна. Яахлаараа амьд бурхдын олонх нь зөвхөн Төвдөөс тодордог билээ? Хутагт, хувилгаадын хойд дүрийг юуны учир, ямар зорилгоор Төвдүүд анх эрж хайх, тодруулах болов оо? Өмнө нь ийм жишээ, уламжлал ер байгаагүй билээ. Ер тэгээд хойд дүр төрдөг, тодордог нь үнэн гэж үү? Урьдаас таньдаг, мэддэг байнгын нэгэн шүтээнтэй байлгах гэсэн заль, мэх арай биш байгаа? Амьд бурханы хойд дүр гэгдсэн балчир хүүхдийг урдаа тэврээд түүнээр түрий барьж томордог эрхмүүдийн тухай хошин шог яриа бас байжээ. Энэнд шүүмжилтэй ханддаг том лам нар ч мөн байсан гэгддэг билээ…
    Буддагийн сургаал, номлол нь анхандаа хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоотой нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир аацааг нь тайлж олон нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ бол шинжлэх ухааны гэгдэхээр мэдлэг, мэдээлэл, дүгнэлтийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл мөн байв. Гэвч тэр үеийн уламжлалт нийгмүүдийн боловсронгуй бусын хэр хэмжээнээс үүдэлтэйгээр аажмаар шашинжиж, бүр мухар сүсэгт, шашныг ашигладаг бизнест үйлчлэх хүчин зүйл болж хувирчээ. Ихэд шашинжсан хэлбэрээр нь Төвдийн хаад хүлээн авч дэлгэрүүлэхдээ мөнхүү сургаал, номлолыг төрийн засаглалын нэгэн хэрэгсэл, туслагч болгон ашиглаж “Хос ёсны” гэгдэгч удирдлага, жолоодлогыг буй болгожээ. Төрийн албадлага, хүчирхийллийг нэг талаас, нөгөө талаас шашны суртал, ёс зүйг нийт хүн амдаа дээр дооргүй тулган хүлээлгэж тэднийг номхон хүлцэнгүй байхад сургаж, хүргэж байв. Аажимдаа Төвдийн хаадуудын намтар, түүхийг бурханы шашны суртал, номлолын үүднээс бичиж, тэднийг Жагар, Энэтхэгийн хаадаас угсаа гарвалтай болгож харуулах, сурталчлах болжээ.
    Нийтийн тооллын VII зуунаас XVI зууныг хүртэлх мянган жилийн дотор Бурханы шашин Төвдөд нутагшин хувьсахдаа ихэд хиртэж, түүний шинжлэх ухаанч шинж нь тасралтгүй буурсаар байв. XVI зууны дунд үе гэхэд энэ шашин, түүний үйл ажиллагаа нь бараг л ашгийн төлөөх шинжийг олж сүм хийдүүд нь өргөл, барьцад шунах, бүр өрсөлдөн булаацалдах болов. XIV-XV зуунд Зонхоба Лувсандагвын (1357-1419) хийсэн шинэчлэлтээс үүдсэн зөрчил нь хуучин ба шинэ урсгалуудын хооронд сөргөлдөөн, дайсагналыг буй болгожээ. Ийм байдал ужигран гүнзгийрсээр Төвд даяарт иргэний дайныг дэгдээсэн байна. Дайны явцад олон арван мянган төвд хүн, лам нар алагдаж, хэлмэгджээ. Төвдөд шашин суртлын үндсэн дээр суурилан дэгдсэн энэ дайнд монголчууд мөн хоёр тал болон оролцож, хоорондоо тулалдаж гучин мянга орчим цэрэг эрсийн амь хохирчээ.
    Лигдэн хаан, Цахарын ноёд хооронд, Цогт тайж Түмэдийн ноёдын хооронд, Ойрдын ноёд Халхын ноёдын хооронд өш хонзон, өрсөлдөөн, мөчөөрхөл XVI, XVII зууны туршид зангидагдан ужгирсаар эцэс сүүлдээ монголчууд бүгдээрээ бусдын идэш болж уруудах, доройтох замдаа оржээ. Ихэд төвдөчлөгдөж хиртсэн тэр хувилбараараа Бурханы шашин, түүний шар малгайтны урсгал Монголын уламжлалт нийгмийг доройтуулж мөхөхөд хүргэсэн гол хүчин зүйл болсон байна.
    Хүннүгийн эзэнт гүрэн болон түүний задралын үр дүнд Ойрх дорнод, Зүүн өмнөд Ази, Хятадын хойд бүс нутгуудад буй болсон Монгол угсааны хаад, жанждаар толгойлуулсан их, бага улсуудад Энэтхэгээс Ойрх дорнодоор дамжин орж ирсэн Бурханы шашин монгол, түрэг угсаатны дотор 200 орчим жил оршин байсан хэдий ч Бөө мөргөлийн байр суурийг ганхуулж чадаагүй ба зөвхөн язгууртны давхрааны хүрээнд л нэр нөлөөтэй байжээ. Тиймийн учир тэрхүү тархалтын ул мөр, үлдэгдэл, дурсамж ховор юм. Бурханы алтадмал дүрийг хүннүчүүдээс булаан авсан гэх мэдээ Хятадын сурвалжид буй нь энэ талаар ихийг өгүүлэхгүй байна. Гэхдээ Бурханы сургаал, номлолын анхдагч дэлгэрэлт монголчуудын хувьд Хүннүгийн эзэнт гүрний сүүл үед Төвдөөс өөр замаар орж ирсэн нь үнэн юм. Уг дэлгэрэлт нутагшин үлдэж чадаагүй болно. Түүний нөлөө, үр дагаврыг ч бид өдий хэр мэдэхгүй байна. XIV зуунд бичигдсэн Гунгаадоржийн Улаан дэвтэр, XX зууны эхээр туурвигдсан Зава Дамдины Алтан дэвтэрт (Хор Чойнжүн) ч энэ талаар ноттой мэдээ, баримт үгүй болно.
    Бурханы шашны удаах дэлгэрэлт Годан хааны үед (1247 оны үеэс) эхэлж Сажа бандидагаас Жамчэн цоржийн зам, мөрийг хамран мөн л 200 орчим жил үргэлжилжээ. Энэ нь XIII зууны дундаас XV зууны дунд үе юм. Удаах зуун жилийн туршид Бурханы шашин Төвд даяарт доройтсоны учир түүний гадагшаа түгэн дэлгэрэх үйл явц ч тасалджээ. Гэвч Зонхоба Лувсандагвын (1357-1419) үед өмнөх доройтлыг туулах шинэтгэл хийгдэж шар малгайтны гэгдэх урсгал хүчээ авч нэр нөлөө нь Монгол ба Хятадад өсөж, үеэ өнгөрөөн моралийн элэгдэлд ороод байсан Бөөгийн ертөнцийг түрж, бүр үгүйсгэхэд хүргэжээ.
    Чингэж Бурханы шашин ихэд төвдөчлөгдсөн хувилбараараа Монгол руу орж иржээ. Энэ гуравдахь дэлгэрэлт нь XVI зууны хоёр дахь хагасаас XX зууны эх хүртэл 400 гаруй жил үргэлжилжээ. Эхэн, дунд, сүүлчийн дэлгэрэлт нийлээд ойролцоогоор мянга орчим жилийг хамарч байна. Орчин үеийн монголчууд шарын шашныг манай үндэсний шашин гэж нэрлэх, бичих болжээ. Энэ байдалтай холбогдуулан дараах зүйлүүдийг авч үзэх ёстой.
    Бурханы шашны үзэл санааны үндэс, суурь анх Жагарт үүсчээ. Бодох, бясалгах, таних, тодруулах, ном судар туурвих нөр их оюуны хөдөлмөрийн үр дүнд буй болсон үзэл, сургаал аажимдаа шашинжиж, тахин шүтэх, үл ойлгон сүсэглэх, бурханчлах буруу арга, замруу гулсан оржээ. Уг үзэл, сургаалыг сэтгэж бүтээсэн хүн нь бурхан гэгдэж, мөнхүү үзэл, сургаал нь ид шидтэй, увдистай мэтээр сурталчлагдах болжээ. Мянга илүү жилийн туршид ийнхүү шашинчлагдан гуйвуулагдсан тэр байдлаараа л Төвдөд дэлгэрчээ. Дэлгэрүүлсэн зорилго, арга зам, үр нөлөө нь мөнхүү онол, сургаалын эхэн үеийн шинж, чанарыг сөрөг тал руу нь урвуулан төрөл арилжуулжээ. Төвдөчлөгдсөн буддизм нь өөрийгөө хувааригүй тахин шүтүүлэхийг л зорилго болгожээ. Сүсэг бишрэл төрүүлэх, тахин шүтэх, мухар сохроор дээр дооргүй мөргөн залбирч, өргөл барьц барьж байхын оньс, технологийг буй болгон мөрдүүлж, заншуулахыг сүм хийдийн удирдлагууд хүсэх, оролдох болов. Бурхан болгож хувиргасан Буддаг олон олон дүрээр бүтээж тахиулах нь багадаад шинэ шинэ шүтээнийг төрүүлэх ажлыг самбаачлан, уралдан хийх болжээ.
    Урьд нь буддизм дэлгэрсэн аль ч оронд дээд эрдэмт хүмүүн хийгээд ижилгүй их ачтаны удаах төрөл, хойд дүрийг эрж хайдаг, тодруулдаг ёс байсангүй. Энэнийг Төвдийн сүм хийдийн удирдлага бодож олжээ. Төдхөн л хойд дүр, хувилгаад олширч тахигддаг, шүтэгддэг дээдэс “махан биеэ солиод мөнхөд байж сүсэгтэн олноо нар, сар мэт гийгүүлж байх болов.” Энэ бол Буддагийн онол, сургаалд нэмэрлэсэн шинэ сонин хачир байлаа. Нялх хүүхдийг хэн нэгний хойд дүрээр тодруулж өөрийн нь хувьд ямарч сонголтгүйгээр албадан “гэгээрүүлж” ирсэн түүхийг судлах аваас энэ хэргийн хөшиг сөхөгдөж үнэнгүй үйлийн үнэн царай илчлэгдэх болно. Монголын сүсэгтэн олны хувьд шүтээнүүдийг буй болгох, ихэд шүтэгдсэн ихэс дээдсийн хойд дүрүүдийг тодруулж улам бүр лавшруулан шүтүүлэхийн хувьд Төвдийн том толгой лам нар тун ч гарамгай ажиллажээ. Энэний далд нэгэн зорилго бол Монголын сүсэгтэн олны гар дээр байгаа үнэт баялгийг сүм хийдүүд болон хутагт, хувилгаадын нэгдсэн сүлжээгээр дамжуулан хурааж төвлөрүүлээд улмаар Лхасын ихэс дээдэсрүү шилжүүлэн авах эдийн засгийн сонирхол байжээ. XVI зууны дундаас хойших хэдхэн арван жилд л өргөл, барьцын хэлбэрээр Монголоос Төвд рүү шилжсэн алт, мөнгө, үнэт эдлэлийн хэмжээ гайхшрал төрүүлэм их байсныг холбогдох баримтууд гэрчилж байна. Борооны дараах мөөг мэт түргэнээр, олноороо буй болж асан сүм хийдүүдийн эдлэл хэрэглэл, хурал номын хэрэгцээт эд зүйлс, лам нарын хувийн ном судар, хонх, дамар, эрих, бусад зүйлсийг Төвдөөс импортлон авч ирэхэд гарсан зардал мөн санаанд багтамгүй их байв.
    Бурханы шашныг бусад орон руу экспортлохын ашиг, тусыг хэдүйн танин мэдэж, энэ хэрэгт мэргэжиж завдсан Төвдийн төр-шашны удирдлага Монгол ба Хятадыг “идэж үл барах хоол” хэмээн тооцох болжээ. Төвдөөс тодорч Монголд гэгээрээд 39 насыг зооглох хүртлээ IV Богд гэгээний Төвдийн ихэс дээдэс, сүм хийдүүдэд өргөсөн хөрөнгө, мөнгөний жагсаалтыг харахад хэний ч нүд орой дээрээ гарахаар ажээ. Дүрслэн хэлэх аваас Монголын татвар төлөгчдийн буй болгосон хөрөнгийн ихэнх хагасыг хэн нэгэн том дарга зөвхөн ганц оронд хийсэн айлчлалынхаа зардалд зориулчихсан мэт санагдахаар их байв.
    Түмэдийн Алтан ноён III Далай лам болон түүний шадруудад удаа дараа өгсөн их бэлгийн жагсаалтаас эхлээд 1904 онд XIII Далай ламд түүний Монголд байх хугацаанд сүсэгтэн олноос өгсөн өргөл, барьцын жагсаалт хүртэлх Төвд рүү гарсан бүх эд баялгийг XVI-XX зууныг дамнуулан бүгдийг нь тооцох аваас хэмжээ нь хүн төрөлхтний мэддэг тооноос ч хальж мэдэхээр их ажээ.
    Одоо арай өөр талд анхаарлаа хандуулья. Чухамхүү юуны учраас монголчуудын оюун санааны амьдралд Бурханы шашин орж ирэв ээ? Тэгэхдээ яагаад заавал Төвдөөс орж ирдэг билээ? Монголчууд өөрсдөө л энэ шашныг сонгосон уу?, эсвээс Төвдийн удирдлага санаа, зорилготойгоор энэ шашныг Монгол руу экспортолсон уу? Аль эсвэл энэ нь Хятад, Манж мэтийнхний захиалга байв уу?
    Бурханы шашныг Монгол даяарт дээр дооргүй, хол ойргүй, эр, эм, хүүхэд хөгшидгүй шүтсэнээр гарах үр дагавар нь Манж, Хятад, Төвд гурвууланд нь ашигтай, сайн үр дагавартай, бүр хүсмээр, юугаар ч хамаагүй тусалж дэмжмээр тийм үйл хэрэг байжээ.
    Гүнзгий сүсэгтэн болцгоосон Монголын ноёдуудын өгөөмөр их бэлэг, сэлт, сүсэгтнүүдээс барих өргөл барьцыг том лам нар, ихэс дээдэс нь байнгад шахам аваад дээр нь шашны холбогдолтой судар ном, эд зүйлс, эрих, сахиус, хонх, дамар, хадаг зэргийг Монголруу байнгад экспортлох нь Төвдүүдийн хувьд олз ашгийн дээд байв. Бэлэг сэлт, өргөл барьцад алт, мөнгө, үнэт чулуу, ховор нандин эд зүйлс, булга, суусрын арьс, агт морьд, атан тэмээд, эмийн ховор нандин ургамал тэргүүтэн байсан нь бүр ч гайхалтай байжээ. 60 жил, 100 жилийн дүнгээр үзэх ахул авсан, өгсөн аль аль нь санаанд багтамгүй их баялаг байлаа. Энэнийг төвдүүд урьдчилан харж, сайтар тооцоолжээ.
    Хятадууд хошуу бүхэнд олноор нь барих болсон сүм хийдүүдийн барилгыг барилцаж, барилгын материал, будаг маажин тэргүүтнийг ихээр нийлүүлж, дээр нь ганзагын наймаагаа өргөжүүлж, бараа таваар зээлээр олгож, мөнгө хүүлж, Монголын түүхий эдийг хямд төсрөөр цөлмөн авахын ашиг, хожоог мөн тооцоолж, хорхойсож байжээ.
    Монгол даяарыг номхотгох, хүлцэнгүй болгох, эрчүүдийг нь лам хувраг болгож цэргийн эрдмээс хөндийрүүлэх, лам нар эхнэр авахгүй болсноор өрхийн тоо цөөрч, төрөлт буурч, хүн ам нь цөөрөхөд хүргэх, Манжийн төрийн засаглах хүчийг шашны мунхруулгын хүчээр сэлбэн чангатгах, тэг тэгсээр монголчуудыг шашны манкурт боол болгоход Манжийн хаад сонирхож төвдүүдийг ил, далд дэмжиж, урамшуулж, удирдах бүлэглэлтэй нь нууцаар сүлбэлдэх болжээ. Монголчуудаас алба, гувчуур аваад, өртөөний алба ба цэрэгт дайчлаад, Хятадад бослого гарвал монгол цэргүүдээр даруулаад, цэргийн агт морьд, төрийн цөм сүргээ монголын малчдаар өсгүүлээд, Чингисийн удмын эрчүүдийг төрийн хэргээс хөндийрүүлж шашин руу түлхэн оруулсаар байх нь Манжийн төрд хэрэгтэй байлаа. Чингэж Төвд, Хятад, Манж гурав хамтран хүчин зүтгэл гаргаснаар монголчууд ламын шашнаар гипнозлогдож зуунаас зуунд улам л уруудсаар, доройтсоор, ядуурсаар, цөөрсөөр байжээ.
    14 дүрийн Далай лам нарт, мөн 8 дүрийн Богд гэгээн нарт өргөн барьсан бэлэг сэлт, 8 дүрийн Богд гэгээн нарыг өсгөж, сургасан зардал, Төвдөөс тодорсон дүрүүд нь байн байн Төвдөд айлчилж тэндэхийн томчууд, сүм хийдүүд, бас садан төрлийн хүмүүсдээ өгсөн бэлэг сэлт, өргөл барьц нийлээд өнгөрсөн таван зууны нэгдсэн дүнгээр бол маш их хөрөнгө Монголоос урсан гарчээ. Бурханы шашинтай холбоотой элдэв сувгаар дамжин Монголын бүх баялаг Төвд, Хятад руу гарч эцсийн дүндээ монголчуудын хөрөнгө зоорь нь зөвхөн л эсгий гэр ба таван хошуу мал болсон байна. Доор ганцхан жишээ дурдья.
    Төвдийн Лхаст Далай ламын (Жамбалжамц) ах Содномдаш болон эх Янжинбалму нарын хүү болж 1775 онд төрсөн төвд хөвгүүнийг долоон настайд нь Жавзандамба хутагтын дөрөвдүгээр дүр мөн хэмээн тодруулж Монголд залжээ. Гэвш Агваанпэрэнлэйг багш болгож 16 нас хүртэл нь өсгөж, боловсрол олгожээ. Тэрээр хэд хэдэн удаа олон тооны дагалдагсдын хамтаар Төвдөд айлчилж, Төвд орноор аялжээ. 1790 онд айлчлахдаа Төвдийн ихэс дээдэс бүрт мандал хийгээд бодит өргөл (алт, мөнгө, үнэт зүйлс) агуу ихийг барьжээ. Далай ламтай уулзахдаа эд мал ч олныг өргөжээ. Тэрээр нэг хоёр жил болоод л Төвд рүү элч илгээж дээдэс болон эцэг, эхдээ амар мэндийг айлтгасан мандал, бат оршлыг өргөж, лам нарт амрыг айлтгасан захиа, их бага хүрээ хийдүүдэд цай, идээний түгээл илгээж байжээ. Жанжаа гэгээн, Гандан ширээт, Раху хутагт тэргүүтэнд нандин эд зүйл, мөнгө, адуу, тэмээ тэргүүтнийг олноор хайрлажээ. Шэхор болон Долоон нуурын хийдүүдэд өргөл, олны цай, түгээлд зориулж гурван мянга гаруй лан мөнгө өргөжээ. Мөн өөртөө зориулж тахилын эд, мутрын тэмдэг, авшигийн эд тэргүүтэнг захиалж мянга найман зуун ная гаруй лан мөнгө гаргажээ. Гэгээнтэн ижийгээ таалал төгссөний ерөөл буяныг Төвд, Монгол хоёуланд агуу ихээр бүтээжээ. 1795, 1802 онд Төвдөд залрах замдаа Манжийн хаантай уулзаж бат оршлын мандлыг мөн агуу ихээр үйлджээ. 1803 онд Төвдөд айлчлахдаа Бодалад Далай ламтай уулзаж мандал хийгээд ерөөл агуу ихийг өргөжээ. Гэгээнтэн бээр Гандан ширээт Гэндэнцүлтэмтэй уулзаж 14, 15-ны хурлыг ивээн тэтгэж, 15-нд Далай ламд нэг түм таван мянган лан мөнгөний даншиг өргөжээ. Мөн төр түшигч Жэдүн хутагтад мандал өргөж хуралд оролцсон 40 мянга шахам лам, хувраг нэг бүрт нэг лан долоон цэн мөнгө түгээжээ. Мөн Лхасын Цогчэн, дацан, хамцангуудад морилж мандал, шүтээн, алт мөнгө тэргүүтэн бодит өргөл арвин ихийг хайрлажээ. Бас чуулганы тахил, их ерөөлд Манж ба Балбын зоосоор түгээл өргөжээ.
    Гэгээн гэрлийн агуйд Гандан ширээтээс айлдсан номыг таалж нэг зуун лан мөнгө тэргүүтэн бодит өргөл агуу ихийг өгчээ.
    Олон бурхдын их бага лагшин дүрүүдийг шинээр бүтээлгэхэд зориулж нэг мянган лан мөнгө, тааллын шүтээнд зуун жаран гурван лан мөнгө, буман зарлигийг алтаар бүтээхэд долоон зуун лан мөнгө, Бодалын хийгээд бусад шүтээнүүдэд нигуурын алт, чимэг, эрих, хувцас, чихний унжлага тэргүүтнийг өргөжээ. Их хийд Сэр-Брай-Гэ гурав тус бүрт нэгэн зуун тавин өдрийн манз өргөхдөө нийт нэг түм зургаан зуу гаруй лан мөнгө, Жүд дацан Дод Мад хоёрт, мөн Намжал дацанд манз зутан, лам нэг бүрт таван цэн мөнгөний түгээл, Лхасын дөрвөн дацан, Павонха, Ерва лха, Самяа, Табрүг тэргүүтэй зуу гаруй их бага хийд оронд тахил өргөж, унд түгээл сэлтийг барьжээ.
    Хутагт бээр 1804-1806 оны гурван жилийн туршид Далай лам, Банчэн богд тэргүүтэй шашныг баригч дээдэс нарын өлмийг бататгахын тухайд нийт 30 гаруй хийдэд өдөр бүр манз зутан тэргүүтний зардалд таван мянга найман зуу гаруй лан мөнгө соёрхжээ. Бас тэнгэр лусын шүтээний дэргэд сар бүрийн шинийн наймны өдөр “Оточ”-ийн зан үйлийг хуруулахын тухайд 235 лан, “Лха-лү-гүн”-ийн буяны бүтээлд 5000 лан, чуулганы тахил, ерөөлийн хандивт 1500 лан өргөжээ. Дараа нь зангийн Нятанд буужээ. Шүтээнд мөргөөд энэ бол эрт цагийн шашны эзэн Жово Атиша богдын хийд билээ. Цагийн эрхээр элэгдэж хуучирчээ. Миний сангаас хөрөнгө авч сэргээхтүн! гэж шанзав Да Ламд зарлигджээ…
    Дашилхүмбэд заларч Банчэн эрдэнэд мандал, гурван шүтээн тэргүүтнийг өргөжээ. Банчэн ламаас зарлиг, ном сонсох үедээ алтан мандал нэг, 150 лан мөнгө, тахилын үед чуулганы хүрд лүгээ барилдуулан 1500 лан мөнгөний даншиг, төгсгөл хэрд том мөнгөн мандлыг 6000 лан мөнгө, асар их бодит өргөлийн хамт барьжээ. Ёнзин Номун хаанд ч зарлиг, номыг сонсон таалсны ачлал тэргүүтэн өргөл агуу ихийг өргөжээ. Тахилын сүмүүд хийгээд Цогчэн, дацангуудын санд 100 лангийн мөнгө бусад зохистойг барьжээ. Олон хуврагт нь манз, түгээл хүртээжээ. Дагданпунцоглингийн шүтээнүүдэд чихний унжлага, нигуурын алт, Цогчэнд манз зутан зургаан удаа, 320 лан мөнгө өргөжээ. Нартанд айлчлахдаа Махагалын сүмд тахил өргөж, угаал соёрхож, олон чимэг тэргүүтнийг өргөөд хуврагуудад манз, түгээл хайрлажээ…
    Нян мөрнийг гаталж Бэнса хийдэд залран тахилгыг дэлгэрэнгүй сайнаар үйлджээ.
    Далай ламын үдээчид болон Нагчүгийн хамба, нансо тэргүүтэнд ч агуу их хишгийг хайрлажээ. Тэр үеийн бүдүүвч тооцоогоор бодоход сүүлчийн ганц айлчлалын зардал 400.000 лан орчим байжээ.
    Гүмбүмээс ирж уулзсан хэргэмтнүүд, мөн Амдуу зүгийн хийдүүд, шавь нарт ч түгээл агуу ихийг тараажээ.
    1809 онд хутагт бээр Шэхорт морилж Их хаан лугаа уулзан ёсыг үйлдэж сахил хүртсэний баярт зуун лан алтаар бүтээсэн Аюуш бурхан, 156 лан мөнгөн арслант ширээ, түшлэг, 600 лан мөнгөний титэм сэлтийг өргөжээ.
    Дөрөвдүгээр богд Жавзандамба бээр 1813 онд 39 сүүдэртэйдээ таалал төгсөх хүртлээ дээрх мэтчилэн аялан явж Төвд даяарт буян хишгээ хайрласаар байжээ.
    7 настайдаа гэгээнээр тодорч Монголд ирсэн хөвүүн өсөж, суралцаж, хүндлэл, дээдлэлийг амссаар дээрх мэт зардлыг гаргасан нь угтаа бүгд л сүсэгтэн олны хөрөнгө, Монголын баялаг билээ.
    Дээрх мэт зардал, сүйтгэлийг 1000 жилийн дүнгээр нэгтгэн тооцож гаргаагүй, цөөхөн монголчууд Бурханы шашныг элдэв хувилбараар нь гурван удаа дэлгэрүүлэн авахдаа тухай бүрт нь түүнд хэрхэн, яаж нөлөөлөгдсөнөө өдий хэр тодруулан ойлгож завдаагүй яваа нь монголчууд бидний л буруу бизээ… Өмнөө тодорхой зорилго тавиад түүнээ өнө удтал амжилттай хэрэгжүүлж, хожиж чадсан, одоо XXI зуунд болбол л өмнөхөө давтчих санаархал өвөртлөн буй мөнхүү шашны ихэс дээдэс ч гэсэн аливаа зүйлд цаг хугацаа, хэмжээ гэж байдгийг тооцож, ёс жудаг сахиж сүсэгтэн олны ядуу зүдүү хэсгийг нь өрөвдөж, тусгайлан үзэж, тэдний хувьд аливаа үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгоосой. Үйлчилгээ бүхэндээ хатуу үнэ тогтоогоод сүсэгтэн нэг бүрээс урт урт дарааллын дагуу мөнгө хурааж байдгаа эргэж нэг хараасай. Буруу үйл бүхэн муу үрийг төрүүлдгийг тооцож алс хойчоо бодоосой…
    2017 оны 01 дүгээр сарын 10.
  • С.Эрдэнэ АН-ыг шинэчилнэ гэхээр инээд хүрээд байх юм
    2017 оны 1 сарын 11
    АН-ын даргын сонгууль юу юугүй хаяанд тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд намын даргын төлөө хамаг байдаг хүчээ шавхаж ирсэн талууд өнөөдөр гишүүдийнхээ саналаар хэн нь эрх мэдлийг тойргыг атгах вэ гэдгээ шийдүүлнэ. АН-ынхан намын даргын төлөө дээр дооргүй тэмцэлдэж дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулиа хүртэл хөсөр хаясан. Ингээд сонгуульд ч ялагдаж намынхаа дотоод ”зодооноо” ч олны өмнө ил гаргаж орхив.

    Ингээд тэд намаа шинэчлэх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтож АН-ыг шинэчлэхээр зориг шулуудаад буй юм. Гэвч тэдний яриад байгаа шинэчлэл нь бидний боддог шинэчлэлтэй огт адилгүй бололтой. Угтаа бол шинэчлэл гэдэг нь намыг уналтад оруулсан хууччуул нь зайгаа тавьж өгч шинэ залуус нь намынхаа жолоог атгаж шинэ байдлаар асуудалд хандах атал АН-ын шинэчлэл эсрэгээрээ.

    Намаа ялагдуулсан, намаа талцуулсан эрхмүүд нь дахиад л шинэчлэл гэдэг зүйлийг яриад гараад ирлээ. Үүнийг тэд шинэчлэл гэж андуурдаг бололтой. Үүний нэг жишээ нь С.Эрдэнэ юм. Баянголоор бараг л овоглох болсон энэ эрхэм өнөөдөр бусад дөрвөн нэр дэвшигчидтэйгээ хамтаар орон нутгаар тойрч байна. Түүний явсан газруудад чих тавихад шинэчлэл хэмээн хамгийн ихээр попорч байгаа хүмүүсийн нэг болчихсон байгаа аж.

    С.Эрдэнэ гэдэг хүн өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд АН-ын хамаг л өнгөтэй өөдтэй албан тушаалуудыг хашиж ирсэн нэгэн. Энэ хугацаандаа тэр намаа шинэчлэхгүй ер нь юу хийж байсан юм бол. ”Эрдэнэ вангийн хошуу” гэдэг нэртэй болтолоо л Баянголд ах дүү хамаатан садан, өөрийн туслах, зөвлөхүүдээ албан тушаалд томилсон талаар хэвлэл бүр л ярьж, бичиж байсан.

    Хамгийн сүүлийн ганц жишээ л бол С.Эрдэнэ гишүүнийг уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

    Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон.

    Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярив. Тухайн үед зарим хэвлэлүүдээр нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх. Ямартаа ч бурхан болсон хэн нэгний ясыг өндөлүүлсэн гүжир балмад хэрэг өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг тус салбарыг хариуцаж байхад нь гарсан нь үнэн. Улмаар нотлогдчихсон атлаа хүчингүй болсон нь үнэн юм.

    Дээрээс нь нэмээд хэлэхэд С.Эрдэнэ нэр дэвшигчийн өнөөдөр яриад буруутгаад байгаа бүх зүйлийн үед тэр өөрөө дотор нь байсан. Бүр гар бие оролцдог байсан. Хөгжлийн банкны завхрал, бондын мөнгө шамшигдуулсан явдал, АН доторх ”дайн” гээд өнөөдөр буруутгаж яриад байгаа бүх зүйлдээ тэр хамгийн ойрхон байсан нь. Яагаад тухайн үедээ энэ бүх асуудлаа ярихгүй өнөөдөр гэнэт унтаж байгаад сэрсэн мэт зүйлсийг яриад эхлэв. Тэр ч байтугай Баянголын хамаг л өнгөтэй өөдтэй бүхний өөр дээрээ авсан ч яриа байдаг. Хандгайтын ам С.Эрдэнэ гэдэг хүний хувийн өмч шахуу болчихсон гээд АН-ын шинэчлэхээр нэр дэвшиж буй энэ хүнтэй холбоотой янз бүрийн л мэдээлэл байна. Эцэст энэ бүхнээс дүгнэж үзэхэд намын даргыг хэн авах ёстой вэ, намын даргад хэн нэр дэвших ёстой вэ.

    Одоогийн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ бүхий л завхарлыг бий болгоход нь хажууд нь байсан АН-аа шинэчилж чадах уу. Магадгүй төдийгөөс өдий хүртэл хорь гаруй жил энэ намын шат шатны удирдах албан тушаалыг хашиж байхдаа бурууг зөв болгож чадаагүй хүн одоо яах бол гэдэг асуулт хэвээрээ л үлдэж байна даа.

    Б.Анир
  • Тавантолгой
    2017 оны 1 сарын 11
    ЭНЕРЖИ-РЕСУРС нь 2 тэрбум долларын хугацаа хэтэрсэн зээлтэй буюу өртэй ХХК юм.Тэд энэ өрөө төлөх элдэвийн арга сэдээд удаж байна. Энэ аргын нэг нь бол Улс төрийн тоглолт хийх байжээ.
  • Колорадогийн уран гулгагч охин
    2017 оны 1 сарын 10
    ...Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын нилээд олон нь энэ оронд үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилтын төлөө өөрсдийн хүсэл сонирхлоо хойш тавин зүтгэж буй. Өрсөлдөөн ихтэй хэдий ч хөдөлмөр зүтгэл, авьяас чадвар, тэвчээр эр зоригоороо Америкийн орон зайд амжилт гарган тодорч буй олон монгол хүүхдүүдийн ард ийм л эцэг эхчүүд байдаг. Тэд өөрсдийн үр хүүхдүүдийн гаргаж буй амжилтаар бахархан баярлах бүрдээ ”Монгол эх орныхоо өмнө” хүлээсэн үүргээ биелүүлж байна хэмээн омогшино. Колорада мужийн Денвер хотод ажиллаж амьдарч суугаа Ж.Отгонбаяр, Д.Оюунтуяа нартай энэ сэдвээр уулзаж ярилцсан юм. Тэдний охин О.Ивээл уран гулгалтын спортоор амжилттай хичээллэн Колорада мужийн тэмцээнүүдэд өөрийн насны ангилалдаа тэргүүлж буй аж. Энэ тухай хэдэн жилийн өмнөөс сонсон сонирхож байсан боловч завдал бололгүй явсаар нилээд хугацааг элээв. Энэ удаад Отгонбаярын ажлын газарт ээж охин хоёртой цаг гарган хуучилсан ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.
  • Луйварчдыг ”Шилдэг”-ээр өргөмжилдөг шалгуур зөвхөнд Монголд байна!
    2017 оны 1 сарын 10
    ...Зөвхөн Монголд л харж болох доромжлолууд нэг нь Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй “Саусгоби Сэндс ХХК-ийг “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага”-аар шалгарсан явдал.
  • Яг яасан байх нь уу?
    2017 оны 1 сарын 10
    ...С.Эрдэнэ хийгээд Ц.Нямдорж хоёр яасан байх нь уу. Хоёулаа хүүхдээ“ашиглаж” мөнгө угаадаг байх нь. С.Эрдэнийн “Шонхор тауэр”-ын асуудал, түүний охин Э.Содгэрэлийн “Дархан гурил тэжээл” ХК-ийн томхон хувьцаа эзэмшигчийн асуудал “Но”-той байх аваас “Үхэл нь ирсэн огтоно муурын сахалаар наадах” гэгчийн үлгэр болж дуусна...
  • Тэр уламжлалыг давтаасай
    2017 оны 1 сарын 10
    XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохионо. Тэрээр 1917 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошуунд Цогтын Чадраабалын хоёрдахь хүү болон мэндэлсэн Олхонуд овгийн хүмүүн байв.

    Эцэг Чадраабал нь монгол бичиг сайтай, үлгэр тууль хайлдаг, уран барилдаанч, мэргэн харваач, сайн уяач байсан нь Ч.Лодойдамба хожим нь зохиол бүтээлдээ монгол ахуйн нарийн ширийнийг тодорхой тусгахад хүчтэй нөлөөлжээ. Баруун хилийн түүхэнд сайн саар үйлийн аль алинаар тод нэртэй үлдсэн Дамбийжаа лам шалж гуйсаар нэгэн сайн морийг нь авчихаад үнийг нь өгөлгүй хулгайгаар явчихсанд зэвүүрхэн нутгийнхаа Дуламсүрэн тайжтай хамт хөөж очоод явгалж орхисон нь Чадраабалд хожим нь нутгаа орхих нэгэн шалтгаан болсон гэдэг. Ц.Чадраабалын охин Ч.Цэндсүрэн “Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц манай аавыг сураглаж олж авчрахыг тушаасан байж. Аав түүний ирснийг мэдмэгц хөтөлгөө морьтой зугатаан зайлдаг байсан юм гэнэлээ. Тэгэхээр нь Жа лам гэгч тэрбээр аавын адуу малаас хөөж аваад явчихдаг байжээ. Энэ явдал аавыг минь нутаг орноо орхин гарах нэг шалтгаан болсон юм билээ” гэж дурссан нь (Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба, амьдрал уран бүтээл” Сөүл., 1998) ном сударт буй.

    Хувь тавилангийн энэхүү эргэлт монголчуудад нэгэн сайн сэхээтнийг бэлэглэсэн гэж хэлж болно. Чадраабалынхан ийнхүү 1921 оны үесээр Хүрээний орчимд нүүн ирж суурьшсан нь Ч.Лодойдамба Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургууль(Одоо нийслэлийн нэгдүгээр дунд сургууль)-ийг амжилттай дүүргэж, цаашдаа эрдмийн мөр хөөхөд нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн “Манай сургуульд гурвын нэг гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан билээ. Тэр ангид Лодойдамба сурдаг байв” гэж “Миний хань Чадраабалын Лодойдамба” (УБ., 2011) номонд бичжээ. Ч.Лодойдамба дунд сургуулиа амжилттай дүүргээд Улаан-Үдийн “Монгол рабфак”-д онц сурч, ЗХУ-ын том хотуудаар шагналаар аялж байжээ. Ийнхүү амьдралын их замд хөл тавьсан Ч.Лодойдамба тухайн цаг үеийнхээ Монголын нийгмийн амьдралд тод мөр үлдээсэн том сэхээтэн болсон бөгөөд “Тунгалаг Тамир” романы зохиолч гэдгээрээ алдаршсан хүн юм.

    Европ тооллын 2017 он тоотой хоногийн дараа эхлэх гэж буй буй энэ цаг дор их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар саналаа өгүүлэх ялдамд Ч.Лодойдамбын туулсан амьдралаас юу юуг нь тодлон дурсах ёстойг сөхөн сануулах, шинээр хөндөхийг хичээе.

    Эн тэргүүнд Ч.Лодойдамбын Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Тэрээр 1944-1955 онуудад МАХН-ын Төв хороонд лектор, Лекторын товчооны эрхлэгч, Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчийн алба хашиж байв. Энэ үе бол Монголын төр урлаг соёлын бодлогодоо онцгой анхаарч, алсыг харсан өргөн цараатай ажил эхлүүлж байсан онцгой цаг үе юм.

    Ч.Лодойдамбын эрхэлж байсан албан тушаал нь түүнийг төрөөс явуулж буй урлаг соёлын бодлого тодорхойлогч гол хүмүүсийн нэг болгосон бөгөөд тухайн үед болон түүнээс хойшхи он жилүүдэд энэ чиглэлээр гарсан томоохон шийдвэрүүдэд тэрээр ямар үүрэг оролцоотой байсан, ямар байр суурь баримталсан, ямар санаачлага гаргаж ажил хэрэг болгосныг тусгайлан судалж, Монголын урлаг соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг нь илүү тодлох асуудал өнөөдөр эзнээ хүлээж байна. Энэ он жилүүдэд Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын бодлогыг зангидах хэмжээний боловсон хүчин болж чадсаны нотолгоо нь 1959 онд Соёлын яамыг татан буулгаж, оронд нь Урлагийн хэрэг эрхлэх хороо байгуулахад нэгдүгээр орлогч дарга болж, 1961 онд Соёлын яамыг дахин байгуулахад нэгдүгээр орлогч сайдаар нь томилогдоод насан элтлээ уг албыг хашсан түүх нотлоно.

    Судлаач Б.Мөнхбаяр “Энэ хугацаанд тэрээр ... төрөөс соёл, урлагийн талаар явуулж буй бодлогыг нэгтгэн зангидаж, удирдан хэрэгжүүлж байв” гэж дүгнэсэн (Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба” УБ., 2014) нь Ч.Лодойдамбын амьдралын сүүлийн 30 жилийн үйл ажиллагааг ганцхан өгүүлбэрт базсан оновчтой үнэлэлт юм. Мөн янз бүрийн эх сурвалжуудад дурдагдаж буй салангид баримтуудыг анхааран нягталбал өгүүлэн буй сэдвээр Ч.Лодойдамбын хийж бүтээсний ул мөр нэлээд тодорхой болж байна. Тухайлбал, тэрээр Монголд дуурийн урлагийг хөгжүүлэх талаар эртнээс шат дараатай бодлогыг чамбай хэрэгжүүлсэн нь анзаарагдаж байна. Түүнийг МАХН-ын Төв хороонд урлагийн асуудал хариуцаж байх үед буюу 1947 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Улс төрийн товчоо 2 тоот тогтоол гаргаж “Театрын цаашдын хөгжил ба опер, балетын хэсгийг байгуулах бэлтгэл ажлыг хангах”-ыг үүрэг болгосон бол 1952 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаараа “үндэсний дуурийн урлагийг хөгжүүлэх ба дуурийн мэргэжлийн дуучдыг бэлтгэх зорилгоор... авьяас чадвартай шинэ дуучдыг сонгож олох тусгай комисс байгуулсугай” гэсэн тогтоол гаргаж, “Улсын хөгжимт драматик театрын дэргэд оперын студи байгуулж хичээллүүлэх”-ийг үүрэг болгож байжээ. Монголын театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1947 оны 2 тоот тогтоолыг “Манай орчин үеийн Дуурь Бүжгийн Театрын эхлэлийг тавих нөхцлийг бүрдүүлснээрээ онгой ач холбогдолтой” (С.Дашдондог “Хөгжим дуурь балет судлал” УБ., 2013) гэж үнэлсэн байдаг.

    Дуучин Г.Хайдав 1954 онд ЗХУ-д дуурийн дуучны мэргэжлээр төгсөж Монголын анхны мэргэжлийн гоцлол дуучин болсон, үндэсний боловсон хүчнүүдээ хөгжмийн зохиолч, бүжиг дэглэгч, бүжгийн багш, концертмейстер, балетчин, хөгжмийн удирдаач зэрэг мэргэжлээр гадаадын орнуудад сургаж эхэлсэн зэрэг хожмын үйл явдлуудад Ч.Лодойдамбын удирдсан МАХН-ын Төв хорооны Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн үүрэг оролцоо ихээхэн байсан нь судлагаагаар тодрох нь дамжиггүй юм.

    Судлаач Б.Мөнхбаяр “Ч.Лодойдамба сайд... Улсын Хөгжимт Драмын театрыг Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгож өргөжүүлэн байгуулах асуудал боловсруулан хөөцөлдсөөр 1963 оны 5 сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж, хоёр театрыг тусад нь бие даалган байгуулж чаджээ” гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөс хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн “Чадраабалын Лодойдамба” номондоо бичсэн нь үндэсний хоёр том театрын маань түүхэнд тодоор бичигдэн үлдэх ёстой баримт юм.

    Ч.Лодойдамба сонгодог урлагаас гадна орчин үеийн урлагийн чиглэл урсгалуудыг Монголд бий болгох талаар анхаарч, бодлогоор дэмжиж байсан шинэлэг сэтгэлгээтэн байжээ. Монголын анхны рок поп хамтлаг “Соёл Эрдэнэ” үүссэн түүх үүний нэг том жишээ юм. Энэ тухай нийтлэлч Д.Батбаяр “1969 оны шинэ жилээр Монголд ирсэн СЭВ-ийн төлөөлөгчдийн цайллага дээр Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нарын ятгын дөрвөлийг дуучин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од хоёртой нь авч очжээ. Тоглолтын дараа Ч.Лодойдамба залуусыг дуудаад “Английн “Цох хорхой” гэдэг дөрвөн залууг мэдэх үү, та нарт боломж өгвөл тийм хамтлаг болж чадах уу?” гэж асуусан гэдэг. Бүх зүйл эндээс л эхэлжээ (Д.Батбаяр “Соёлын үрийг таригсад” нийтлэл. 2012.08.09) хэмээн бичсэн байна.

    Үүнийг нь тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Наранбаатар нотолж “Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр Цох хорхой гэж хамтлаг байдаг та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” (Ж.Баярсайхан “Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх”. “Өдрийн сонин” сонин. 2015 он) хэмээн дурсчээ. Монголын рок поп урлагийн хөгжлийн түүх ийнхүү Ч.Лодойдамбаас эхэлж буйд урлаг судлаачид энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ойгоор анхаарал хандуулах буй за.

    Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын залуу авьяастнуудыг тодруулж дэмжих талаар цаг ямагт анхаарч, уран бүтээлчийн хувьд өсч дэвжих, шинийг хийж бүтээхэд нь түлхэц үзүүлдэг шилдэг удирдагч байжээ. Тэрээр залуу дуучин Л.Эрдэнэбулганыг Европын орнуудаар тоглох урлагийн багийн бүрэлдэхүүнд явж байхад нь Болгарын хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн цахилгааныг тэнд суугаа Элчин сайд Цэдэндамбад илгээснээр Монгол улс нэгэн сайн найруулагчтай болсон. “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” (Норовын Гантулга. “Их хувь заяаны эзэн Лхагвын Эрдэнэбулган” ярилцлага. “Өдрийн сонин”. 2016.) хэмээн Л.Эрдэнэбулган энэ тухай хэлжээ.

    Ардын жүжигчин, дуурийн алдарт дуучин Х.Уртнасан “1960-аад оны үед Ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг онц дүнтэй төгсөөд ирсэн шижигнэсэн залуус байлаа. Тухайн үед зохиолч Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэд л ярилцаад намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэсэн. Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн дараа дуулах хүн хэрэгтэй. Энэ хүүхэд л ирээдүйтэй” гээд сонгосон юм.” (http://www.ikon.mn/n/a70) гэж дурсан өгүүлснээс харахад Ч.Лодойдамба сайдын үед Монгол төрийн урлагийн бодлого ямар алсын хараатай байсан нь харагдана.

    “Нийслэл хүү” киноны гол дүрийн жүжигчин Ж.Бүрэнбэхийн “Гол дүрээ хайж жил гаруй болсон. Тэр хугацаанд олон хүн шалгуулсан гэсэн. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байлаа... “Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар Драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн” гэж хэлсэн юм билээ” (Ч.Гантулга. “Ж.Бүрэнбэх: Ч.Лодойдамба гуайн олсон нийслэл хүү нь би” ярилцлага.


    “Зууны мэдээ” 2014.03.07) гэсэн ярианаас Ч.Лодойдамбын уран бүтээлчдээ сайн мэддэг, хаана ямар бүтээлд тоглуулахыг хүртэл олоод харчихсан байдаг жинхэнэ удирдагч, манлайлагч хүний дүр төрх тодорно.
    Нэрт балетмейстер Б.Жамъяндагвын “Учиртай гурван толгой” гэдэг энэ сайхан эмгэнэлт зохиолыг бараг хошин шог болгоод шахам найрлаад дуусгачихлаа. Чи бод доо. Шекспирийн “Отелло” эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэтэл Отелло нас барчихаад байхад найр хийснээр дуусгаж болохгүй биз дээ. Зохиолчийн санааг тэгж өөрчилж болохгүй. Манай “Учиртай гурван толгой”-г тэгсэн байгаа юм. Үүнийг чи л өөрчлөн яг утга санааных нь дагуу найруулж чадна.

    Хэзээ нэгэн цагт бүжгэн жүжиг болгоорой” гэж Ч.Лодойдамба гуай хэлсэн” (С.Тулга “Б.Жамъяндагва: Бүжгэн жүжиг гэдэг ухааны урлаг юм” ярилцлага. 2015.07.02. http://www.info.mn/news/66108.htm) гэх дурсамж; “Зуны нэг орой салхинд гарч явахдаа бид хоёр уран бүтээлийн тухай ярилцаж суугаад би “Манай театрын урлагт бүжгэн жүжиг их үгүйлэгдэж байна шүү дээ” гээд өөрийн санаагаа хэлсэн юм. Тэгсэн чинь Лодойдамба маань “Чи ийм тодорхой санаа хэлж, дотроо бодолтой яваа хүн өөрөө бичээч дээ гэхлээр нь энэ үгэнд зоригжиж, хэд хэдэн цомнол бичсэн” гэсэн академич Б.Ширэндэвийн дурсамж (Ч.Дагвадорж “Академич Б.Ширэндэв” УБ., 1997) зэргээс харахад Ч.Лодойдамба Монголын театруудын хөгжил, ялангуяа сонгодог урлагийн хөгжилд онцгой анхаарч, бүтээлийн санг нь арвижуулах талаар хүртэл санаа тавьж, тодорхой хүмүүст захиалга хүртэл өгч байсан нь тодорхой байна.

    Өөрөө ч бас дуурийн цомнол бичилцсэн. Урлаг судлаач Ж.Болормаа “1957 оны 7-р сарын 7-нд С.Гончигсумлаа “Үнэн” дууриа Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын цомнолоор зохиожээ. Тэрээр энэ дууриараа монгол дуурьт байгаагүй үглэл дуу (ари), бодрол дуу, хоршил, гурвал зэрэг өрнийн дуурийн гол төрлүүдийг Монголын дуурийн урлагт анх хэрэглэжээ” (Ж.Болормаа “Дэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжил” илтгэл. 2012 он.

    http://www.urlag.mn/post/6203.htm) гэж энэ талаар дурдсан нь буй. “Үнэн” бол Монголын үндэсний дуурийн эхлэл, гараа нь юм. Ч.Лодойдамбын энэ мэт хичээл зүтгэл, үйл хэргийг нягтлан судлаж, Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагүйгээс зөвхөн зохиолч гэдгээр нь л мэддэг хүмүүс олширчээ.
    Ч.Лодойдамба 52-хон насалсан ч нэгэн биеэс хэтийдсэн ихийг амжуулж бүтээсэн хүн юм. Улсын бодлого захиалгаар ЗХУ-д төмөр замын курс дүүргэж Улаанбаатар нарийн төмөр замын депогийн машинчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн түүний багшийн хөдөлмөр, эрдэм судлалын ажил, төр нийгмийн зүтгэлтний хувьд юу хийж бүтээсэн, Улсын радио хорооны орлогч дарга байхаасаа эхлэн сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмэр, Монголын кино урлагийн хөгжлийг хэрхэн дэмжсэн гээд түүний амьдралын мөчлөг, үйл ажиллагаа болгон нь судлаачаа хүлээж байна.

    Тэрбээр хорин хэдхэн наснаасаа эхлэн багшилж, Төмөр зам холбооны сургуульд физик, МУИС, Намын дээд сургуульд түүх, гүн ухааны хичээл зааж байжээ. 1959-1970 онд Ази, Африкийн эв санааны нэгдлийн Монголын хорооны даргаар ажиллан Монголын бодлогыг гадаадад таниулж, АИХ-ын депутатаар хоёронтоо сонгогдсон төр нийгмийн зүтгэлтэн байв.

    Ч.Лодойдамба МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн бөгөөд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академид “Монголын орчин үеийн драматургийн үзэл санаа, дүрүүд” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжүүд, уншсан лекц илтгэлүүд, мөн албан ажлын шугамаар боловсруулсан баримт бичгүүд, түүний оролцсон хурлын тэмдэглэлүүдийг тулхтайхан судлах нь үндсэндээ Монголын төрөөс 1940-1970-аад оны хооронд урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиолын салбарт хэрэгжүүлсэн бодлого, алхмууд, эдгээр салбарын хөгжлийн түүхийг нарийвчлан тодотгоход тустай юм.

    Тухайлбал, “1954 онд МАХН-ын Төв Хорооноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын тухай авч хэлэлцээд Хөдөө аж ахуйн, Нийгмийн ухааны, Байгалийн ухааны гурван сектор нэмж байгуулах... эрдэм шинжилгээний мэдээ сэтгүүл гаргаж байхыг зөвшөөрч, МАХН-ын 12-р их хурлаас ШУ-ны талаар МАА, Газар тариалан, Аж үйлдвэр, Барилгын хөгжлийн практикийн чухал асуудлуудыг боловсруулах, Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийг нягт холбон ажиллах зорилт дэвшүүлснээс гадна эрдэм шинжилгээний ажилтан нарыг аспирантур, докторантурт бэлтгэх ажлыг нэмж ойрын жилүүдэд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнг ШУА болгох нөхцлийг бэлтгэхээр заажээ” (Г.Ганзул “ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж буй Шинжлэх ухааны академийн хөмрөгийн баримтын тухай”, 2011. http://www.archives.gov.mn/) гэсэн нь Ч.Лодойдамба МАХН-ын Төв Хороонд Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан үетэй давхцаж байгаа нь Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох асуудалд түүний оролцоо зайлшгүй байсныг нотлох баримт юм. Ямар түвшинд оролцсон гэдгийг тодлох нь судлаачдын үүрэг билээ.

    Харин Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбыг Монголын анхны роман “Алтайд”, XX зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “Гарын таван хуруу”, “Итгэж болно” зэрэг жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол зэрэг олон сайн бүтээл туурвисан зохиолчийнх нь хувьд боломжийн түвшинд судалж Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба: амьдрал, уран бүтээл”, Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба (Намтар уран бүтээлийн товчоон) гэсэн бие даасан хоёр ч ном гарсан билээ. Зохиолчийн хань, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнгийн “Миний хань Чадраабалын Лодойдамба” дурсамжийн ном бас судалгааны үнэтэй эх сурвалж болсон гэдгийг хэлмээр байна.

    Ч.Лодойдамба 1917 оны хавар төрсөн боловч албан ёсны бичиг баримтад нь наймдугаар сарын 20 хэмээн бичигджээ. Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Ч.Лодойдамбын мэндэлсний тэгш ойг Монголын төр засаг өмнө нь дандаа есдүгээр сард тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ онд ч бас тэр уламжлалыг давтаасай хэмээн хүснэ.

    Төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг, Урлагийн хэрэг эрхлэх хороо, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдын албыг насан элтлээ нэр төртэй хашсаных нь хувьд Монгол Улсын Засгийн газрын ХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам зохион байгуулж, нэгдмэл удирдлагаар хангана гэдэгт итгэж байна. АИХ-ын хоёр удаагийн депутат байсных нь хувьд УИХ зүгээр хараад суухгүй нь лавтай. ШУА, МЗЭ, МСНЭ, СУИС, төв орон нутгийн соёл урлагийн байгууллагууд энэ ажлыг талархан дэмжиж, өөр өөрийнхөөрөө хувь оролцоо нэмэх нь дамжиггүй. Үр хүүхдүүдийнх нь үүсгэн байгуулсан “Чадраабалын Лодойдамба” сан ч бас тодорхой ажлууд төлөвлөж байна.

    1940-өөд оноос хойш Монголын төрөөс шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиолын талаар явуулах бодлогыг зангидалцаж, амьдралынхаа сүүлийн 11 жилд гол ачааг нь үүрч, зохион байгуулж, удирдаж байсан төрийн зүтгэлтнийх нь хувьд Ч.Лодойдамбыг түүхт ойнх нь жилд шинээр нээн таниулах нь тэр их хүмүүний өмнө ач санасан сайн үйлс мөнөөс мөн бүлгээ.

    Сэтгүүлч Б.Галаарид
18 19 20 21 22 23 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    6 цаг 4 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 38 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 47 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    8 цаг 48 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    9 цаг 48 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    23 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК