-
2017 оны 9 сарын 18
Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд буй.
Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1600л, Давсны хүчил 6000л, хөдөлгүүрийн тос 1т, Дулаан солилцооны тос 600л, явах ангийн тос 810 л, 200А аккумлятор 7ш бусад бараа материалыг тээвэрлэж яваад ийнхүү осолджээ. Ослын улмаас азотын хүчил /135литер/, давсны хүчил /5тн /, шатах тослох материал асгарсны улмаас өргөн 1-1.5м, урт 450м газрыг хамарч урссан байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар боллоо.
-
2017 оны 9 сарын 18
Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.
Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганы үеэр болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн Сайд нарын уулзалт, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх Бага хурал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын Сайд нарын албан бус уулзалтад тус тус оролцох бөгөөд Литва, Румын, Канад Улсын Гадаад хэргийн сайд, АНЭУ-ын Төрийн сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
-
2017 оны 9 сарын 18
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн нэрэмжит уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн офицер ахлагч нар эрэгтэй 3, эмэгтэй 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр баг болон насны ангиллаар өрсөлдөж аваргаа тодруулсан юм.
Эрэгтэй алба хаагчид 15 км, эмэгтэйчүүд 10 км-ын зайд уралдаж, амжилттай оролцсон тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшууллаа.
-
2017 оны 9 сарын 18
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 9-дүгээр сарын 16-ны өдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг Дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн хамтын ажиллагаатай ОХУ, БНСУ, БНХАУ-ын 5 хот дүүрэг, Архангай, Хэнтий аймгийн төлөөлөгчид, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, дүүргийн иргэд оролцлоо.
Дүүргийн 25 жилийн ойн түүхэн замналыг өгүүлсэн “Хөгжлийн жимээр 25” баримтат киног иргэдэд дэлгэн толилуулж Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид дүүргийн удирдлагууд болон иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Дүүргийн 25 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.
Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, иргэдэд хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ “Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өрх тусгаарлан өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй нийслэлийн отгон дүүргүүдийн нэг болох Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын мэндийг дэвшүүлж сайн сайхны дээдийг хүсэн мэндчилж байна.
Улс орныхоо бүтээн байгуулалтад хүч бололцоогоо дайчлан төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн нийслэл, дүүргээ хөгжүүлэх ариун үйлсэд зорилго нэгтэйгээр тууштай зүтгэн эрдэм, оюун, бүтээлч сэтгэлгээ, шударга хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, бүтээлч хамт олон болон нийт Чингэлтэйчүүд та бүхэндээ талархаж явдгаа ойн баярын энэхүү “Хүндэтгэлийн индэр” дээрээс илэрхийлж буйдаа баяртай байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын маань зүрхэн хойморт залрах төр, шашны тахилгат уул, ариун дагшин Хайрханаараа овоглосон Чингэлтэйчүүд бидний туулж ирсэн түүхийн он жил тоолоход хэдий цөөхөн ч туурвиж бүтээсэн үйлс маань чамлахааргүй их билээ. Төрт ёсны түүхэн бахархалт Монгол түмний заяа нь өөдөө байж улс, үндэстнээ гэх халуун сэтгэлээр хийж бүтээж буй их үйлс нь өсөн дэвжиж, төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлж буй зорилтоо хэрэгжүүлэх үйлсэд улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Чингэлтэй хайрханыхаа өвөрт хамтдаа бүтээж, хамтдаа хөгжицгөөе” хэмээгээд дүүргийн хөгжлийн 25 жилийн түүхэн замнал, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, хөгжлийн хэрэгцээ шаардлага, “Чингэлтэйн Түншлэл” төслүүдийн талаар гадаад дотоодын хамтын ажиллагаатай хот, дүүрэг, аймаг, сумдын төлөөлөл, хамтын ажиллагаатай байгууллагууд, иргэдэд танилцууллаа.
Дүүргийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэддээ “Монгол урлагийн гайхамшиг” хүндэтгэлийн концертыг 25 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр толилуулсан юм.
-
2017 оны 9 сарын 18
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон төвийн урд зам дагуу явж байсан хүүхдийг дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж 9 настай иргэн Б.Х-ыг Дархан-Уул аймагт оршин суух хаягтай Н.Н хагархай шил гарган айлган сүрдүүлж “Samsung Hot 4” гар утсыг нь дээрэмдснийг илрүүллээ.
-
2017 оны 9 сарын 18
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж багачуудаа хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан ”Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт багачуудаа хүлээн авлаа.
Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй албан байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлж байгаад болон яамны ажилтан албан хаагчдынхаа нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.
Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч ажиллах юм байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газруудын ажилчдын хүүхдүүд явах юм байна.
-
2017 оны 9 сарын 18
Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 28 км-т иргэн С Сэлэнгэ мөрөнд осолдсон байна.
Одоогийн байдлаар шалтгаан тодорхойгүй хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ.
Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн 7 морь, 5 мотоциклтой, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
-
2017 оны 9 сарын 18
Жил бүр төв талбайд зохион байгуулдаг ”Номын баяр” энэ сарын 16, 17-нд болно.
-
2017 оны 9 сарын 18
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.
Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх бүрэн боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.
Гараа тогтмол савандаж сайн угаах.
Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд 2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.
Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой гэж ийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 18
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Японы засгийн газар болон дээд танхимын гишүүд, холбогдох намын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Тэд Япон улсын “ЖАЙКА” байгууллагын шугамаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, гарсан үр дүн, Монгол мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Түүнчлэн төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Монголын талаас хүсч буйгаа мөн илэрхийллээ гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах гарзаас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 18
Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон багш ажилчид ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 9 сарын 18
Цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ны өдрөөс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэллээ.
-
2017 оны 9 сарын 18
ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Швейцарийн хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран “Налайхын уурхайн эдэлбэр газарт нүүрс олборлож буй иргэдийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Налайх дүүргийн Монгол Германы хамтарсан ашигт малтмал геологи технологийн сургууль дээр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.
Хэлэлцүүлэгт Уул уурхайн яамны төлөөлөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, шүүх прокурор, цагдаа, эрүүл мэндийн байгууллага болон бичил уурхайн бизнес эрхлэгчид, иргэд зэрэг нийт 60 гаруй хүн оролцож байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, харилцан ажиллагааг боловсронгуй болгох, бичил уурхайн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 18
Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 08:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.
-
2017 оны 9 сарын 18
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн мөрдөх ёстой стандартын хэрэгжилтэд үзлэг хийх шалгалтыг энэ сарын нэгнээс эхлээд байгаа юм.
-
2017 оны 9 сарын 18
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг маргааш зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-25-ны өдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулах юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 18
Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 баазын 763 жолооч нарын дунд “Ур чадвар -Уран жолоодлого”-ын тэмцээн зохион байгуулагдаж 2017 оны байгууллагын аваргуудаа тодрууллаа.
Тэмцээн нь жолооч нарын хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлэх, осол зөрчилгүй иргэдэд үйлчлэх үндсэн зорилготой.
Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, 10 хэсгээс эхний гурван байранд шалгарсан 30 жолооч нар байгууллагын аваргын төлөө жолоодлогын ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалт, техникийн гэмтэл тодорхойлох төрлүүдээр оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон.
Тэмцээний нэгдсэн дүнгээр 3 дугаар баазын жолооч Д.Батбилэг 1 дүгээр байранд, Б.Нямпүрэв 2 дугаар байранд, 1 дүгээр баазын жолооч Б.Уранбат 3 дугаар байранд, тусгай байранд С.Төмөрсанаа нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн гурван баазыг 6 үзүүлэлтээр дүгнэхэд 155 оноогоор 3 дугаар бааз шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулав.
Тэмцээний дундуур Зөрчлийн тухай хуулиар асуулт хариултын тэмцээн зохион байгуулахад 1 дүгээр баазын жолооч С.Төмөрсанаа, Э.Ууганзаяа, 2 дугаар баазын троллейбусны жолооч Л.Гансүх нар амжилттай оролцож хөгжөөн дэмжигчдийн шагнал хүртлээ гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 18
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Булган аймгийн газар тариалан бүхий бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
2017 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагаас 09 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр багазэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсч 10-15 градус, нутгийн баруун хэсээр 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд баруун зүгийн нутгаар, 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсчАлтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.
-
2017 оны 9 сарын 18
нөат
-
2017 оны 9 сарын 18
Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно.
Хуралдаанаар талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэх юм байна. Мөн цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох аж.
Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар зөвшөөрчээ.