
1960 оны наймдугаар сарын 19-ний энэ өдөр ЗХУ хүн төрөлхтний сансрын түүхэнд чухал алхам хийжээ. Тус улс “Спутник-5” сансрын хөлгийг хөөргөж, Белка, Стрелка нэртэй хоёр нохой болон бусад жижиг амьтдыг сансарт илгээсэн байна. Тухайн үед хүн сансарт нисэхтэй холбоотой олон зүйл өнөөгийнх шиг тодорхой биш байв. Ялангуяа сансрын нислэг хүний бие махбодод хэрхэн нөлөөлөх, хөөрөлт болон буултын үеийн ачааллыг хэрхэн давах зэрэг нь эрдэмтдийн хувьд томоохон асуулт байлаа. Тиймээс хүнээс өмнө амьтдыг ашиглан туршилт хийх шаардлагатай болсон юм.
Белка, Стрелка хоёр “Спутник-5”-д сууж, дэлхийг 17 удаа тойрсон байна. Тэд сансарт ойролцоогоор нэг өдөр аялсны дараа эх дэлхийдээ амжилттай буцаж иржээ. Хоёр нохой амьд, эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн байсан нь тухайн үеийн сансрын хөтөлбөрийн хувьд асар том амжилт болсон юм.
Энэхүү нислэгийн хамгийн чухал ач холбогдол нь амьд биетийг сансарт гаргаад, дэлхийд эсэн мэнд буцаах боломжтойг харуулсан явдал байв. Энэ нь дараагийн шатанд хүнтэй сансрын нислэг хийхэд үнэтэй мэдээлэл өгсөн юм.

Белка, Стрелка хоёрын түүх үүгээр дууссангүй. Стрелка эх дэлхийдээ буцаж ирснийхээ дараа зургаан гөлөг төрүүлжээ. Тэдний нэг болох Пушинкаг ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедийн гэр бүлд бэлэглэсэн байна.
Пушинка Кеннедийн гэр бүлийн нохой Чарлигийн хамт гөлөгтэй болсон нь хоёр улсын сансрын өрсөлдөөний үед гарсан сонирхолтой бэлгэдлийн нэг болжээ. Хожим Белка, Стрелка хоёрын дүр төрх ном, хүүхэлдэйн кино, музейн үзмэр болон олон төрлийн бүтээлд мөнхөрсөн байна.
1960 оны энэ нислэгээс хойш ердөө найман сарын дараа буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин хүн төрөлхтнөөс анх удаа сансарт ниссэн юм. Тиймээс Белка, Стрелка хоёрын аяллыг хүн сансарт нисэх замыг зассан чухал туршилтуудын нэг гэж үздэг.
Өнөөдөр тэдний түүхийг сансрын шинжлэх ухааны хөгжилд амьтдын оролцоо ямар чухал байсныг харуулсан түүхэн жишээ хэмээн дурссаар байна.

Л.Баяр





















































