Хилийн тагнуулын газрынхан ЭЦГ-ын ажилтнуудтай хамтран ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн юм. Тодруулбал, Монгол Улсын иргэн Ж нь Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг 40 тоннын чингэлэгт нууц хана хийж, түүндээ нуун БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсан гэнэ. Тэрбээр уг чингэлэгт байгалийн өнгөт чулуу 215 шуудай, зээрийн мах 158 шуудай, чулуужсан мод 250 килограмм, ногоон хаш чулуу дөрвөн тонн, бог малын өлөн гэдэс 200 шуудай, бугын хоёр чив, улаан гоёо 150 шуудай, үзмэн мана нэг тонныг нуусан байжээ. Тэгвэл энэ талаар ГЕГ-ын албаны хүнээс тодруулахад " Гөрөөс, чонын мах зэрэг агнахыг хориглосон ангийн мах байсан. Бусад байгалийн чулуу зэрэг байгаагүй. Харин хууль бус бараа тав орчим шуудай байсан" гэв.Сэжигтэн Ж уг чингэлгийн хананаас дотогш хоёр метр зайд дотрынх нь өнгөтэй адил өнгөөр давхар хана хийсэн байсан нь хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тогтоогджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр гаалийн үзлэг шалгалт хийж дууссаны дараа хилчид уг үйлдлийг илрүүлсэн байна. Тиймээс гаалийн ажилтнууд энэ хууль бус үйлдэлд холбоотой байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.
Тиймдээ ч цагдаагийн байгууллага түүнд тусалсан байж болзошгүй Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч Э-г сэжигтнээр тооцон цагдан хорьсон аж. Шалгалтын явцад Э нь тус боомтын даргаар ажиллаж байсан Л-ын өгсөн үүргийн дагуу Ж-ын чингэлэгтэй автомашиныг шалгалгүй гаргахын тулд гаалийн бүрдүүлэлтэд тамга дарсан нь тогтоогдож буй гэнэ. Түүнчлэн энэ хэрэгт гаалийн ажилтнаас гадна, МХЕГ-ын байцаагч холбогдсон бөгөөд тэдгээр албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (2)