Шар зурхайч мэргэд сонгоол овогт М.Намсрайтай ярилцлаа.
-Энэ өвөл хатуу болно гэж хүмүүс ярих болж. Зурхайч хүний хувьд та ирэх 2016 оны дүн нуруу, байгаль, цаг уурын төлөв байдлыг хэрхэн зурж байна вэ?
-Ирэх жилийн монгол шар зурхайн шороон үхрийн бие нь улаан, толгой нь улаан, эвэр, сүүл, чих нь мөн улаан, дөрвөн шийр нь шар, ходоод нь улаан, омруу нь шар байгаа. Ийм үхэр амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай байх юм. Энэ шороон үхрийн бэлгэдлийг би жил бүрийн байгаль, цаг уурын үзэгдлээр илэрхийлдэг. Ирэх жилийн шороон үхэрт улаан буюу гал, шар буюу шороон өнгө зонхилж байгаа нь гал түймэр, цасан болон шороон шуурга элбэг байхыг зааж байна. Баян-Өлгий, Ховд, Алтай, Арвайхээр, Мандалговь, Сайншанд, Замын-Үүд чиглэлд хур хомс, салхи шуурга их, хойд болон зүүн чигийн дийлэнх аймаг, сум, Даланзадгад чиглэлд хаваржилт бусдыг бодвол хэвийн. Сэлэнга, Дархан, Баруунхараа чиглэлд хуурай, алаг цоог хэдий ч Монгол нутгийн 70-80 хувь нь урд жилүүдээс илүү тааламжтай, хүн мал амгалан байна. Зуны дунд, сүүл сарын үест Баян-Өлгий, Даланзадгадын хил дагуу зах нутгаараа жаахан гандах байдал ажиглагдана. Хавар, зуны ерөнхий төлөв ийм байхад дээр дооргүй улиг болсон ойлголтоор мэдэмхийрч, хонин жилийн өвлийг бичин жил мэтээр нийтэд сурталчлан, хөдөө хотгүй улаан хядлага хийцгээж, малын буянаа ихэд үнэгүйдүүлж байгаад би их харамсч байна.
-Зуд болно гэдгийг эртнээс анхааруулж, малаа нядалж зах зээлд нийлүүлэх нь оновчтой гэдэг сурталчилгааг хийсэн шүү дээ?
-Зуд гэдгийг тодорхойлъё гэвэл нам дор тал газар, уулын бэлээр унасан цасны гүн зузаан 28-50 сантиметр хүрч байвал, энэ үеэр хүйтний эрч 32-52 градус хүрч тэр нь таваас долоо хоногийн хугацаанд үргэлжилбэл зудын шинж оржээ гэж ойлгох ёстой. Гэтэл жаахан цас орчихоор л цасан нөмрөгтэй болчихлоо гээд л өрөвдүүлэх гэсэн хүмүүс олон байна. Хавар, намар цалгар назгай байдлаасаа юмаа бэлтгэж чадаагүй малчид ийм байдалтай байдаг. Тэгээд л төр, түмэн нь ч өөрсдөө хошуугаа цорвойгоод байдаг. Хэдэн мянган жил мал сүргээ ямар ч зуд турханаар аваад гардаг агуу их ухаалаг ард түмний нэр хүндийг өнөөгийн малчид бас унагаж байна. Энэ дээр би таагүй сэтгэлтэй явдаг. Ер нь байгаль, цаг уурын хувьд түүхэн талаас нь ярих юм бол Григорийн тоолол ч тэр, Юлийн тоолол ч гараагүй байхад манай монголчууд цаг тооллоо тэмдэглээд л, өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглээд ирсэн. Чингис хаан маань цаг тооллоо бичиж тэмдэглэ, энэ үсгээр тийм түүхэн үйл явдлыг тэмдэглэ гэж хэлж байсан байдаг.
-Зурхайг илүү практик талаас нь харах юм бол монгол шар зурхайд, ер нь эртний ном сударт олон зуун жилийн өмнөх цаг агаарын байдлыг шинжиж тэмдэглэсэн баримт хэр байдаг юм бэ?
-Он, сар, өдрийг тодорхой хэлж болно. 1221 оны долдугаар сарын 7. Энэ бол монгол зурхайгаар таван шар мэнгэтэй цагаагчин могой жилийн зуны сүүл сарын 13. Аргын долдугаар сарын 3. Зуны сүүл өнөр баян сарын 13 гэж монголоор тодорхойлно. Хөхөгчин үхэр өдөр тохиосон бямба гариг байжээ. Энэ өдрөөс хойш тав хоногийн дараа Чан Чун бумбын шавь Монгол нутагт тэмдэглэл хийсэн байдаг. Тэр тэмдэглэлийг нь би үг үсгээр нь хэлж өгье. Зуны тэргүүн улирал байв. Өглөө ус хөлдөж, гурван ч удаа хяруу унав. Голын ус мөстэй холилдож тэсгим хүйтэн. Нутгийн хүн ард ярих нь тав, зургадугаар сард манай нутагт цас ордог гэж байна гэж уг тэмдэглэлд бичжээ. Тавдугаар сар гэдэг чинь зуны дунд сар, зургадугаар сар гэдэг зуны сүүл сар ш тээ. Тэр тэмдэглэлд цааш нь харин энэ жил их цэлмэг дулаан байна гэжээ. Одоогоос 800 гаруй жилийн өмнө хийсэн тэмдэглэл байж байна. Үүнээс хойш Николай Михайлович Пржевальский 1870, 1871, 1872 онуудад жил дараалан Монголд ирж байжээ. Тэрээр 1871 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл тасралтгүй тэмдэглэл хийжээ. Ингэхдээ Монгол нутагт өглөөний найман цаг, өдрийн нэг цаг, оройн найман цагт нар мандах, шингэх үеийн хооронд тэмдэглэл хийдэг байсан байна. Пржевальский юу гэж бичсэн бэ гэхээр нар мандах үеийн хамгийн бага хэм нь долдугаар сард байна гэжээ. Түүний тэмдэглэснээр долдугаар сард 2 градус, наймдугаар сард 1.5 градус хүйтэн байжээ. Чан Чун бумбын шавь ч тэр, Пржевальский ч тэр аль аль нь ийм тэмдэглэл хийхдээ Монголын өндөрлөгийн онцлогыг тусгаж. Манайх чинь өндөрлөг газар шүү дээ. Долдугаар сард шөнийн цагаар ихээхэн хүйтэрдгийг өвслөг ургамлын навчин дээр өглөө эрт унаж байсан хяруугаар ажиглахад хялбар байв гэж одоогоос 145 жилийн өмнө тэмдэглэж байсан байна. Эдгээрт тулгуурлаад 800 жилийн өмнөх болон Пржевальскийн тэмдэглэсэн 145 жилийн өмнөх цаг агаарын байдлыг өнөө үеийнхтэй харьцуулж үзсэн. 2008 оны наймдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод бороо орж байхад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хайрхан өндөрт цас орж байсан. 2009 оны наймдугаар сарын 15,16-нд хоёр өдөр дараалан Булган аймагт мөндөр орсон бол Улаанбаатар хотод 23:04 цагт бороо орж байв. Энэ үед Баян-Өлгий аймгийн нутгаар цас орж байсан. Тэгэхээр байгаль, цаг уур 800 жилийн дотор Монгол нутагт хэмнэлээ огт алдаагүй гэсэн дүгнэлтийг би хийж байна. Байгаль цаг уурын хувьд ийм юм ярьж болно.
-Дэлхийн цаг агаарын дулаарал Монголд хамгийн их мэдрэгдэж байгаа гэж судлаачид дүгнэсэн шүү дээ. Та бол үүний эсрэг дүгнэлт гаргасан юм байна?
-Ийм хэмжээнд хүртлээ энэ судалгааг хийх болсон шалтгаан нь гэвэл өнөөдрийн гавьяатуудын гайгаас л их юм шалтгаалах юм байна шүү дээ. Үнэн үнэгүйдсэн, өнгө мөнгөний энэ цаг үед ичих нүүргүй, шууд худлаа хэлээд худлаа юмаа үнэн болгож яриад л, нийтэд түгээгээд л, цагийн аяс дагаад л ингээд явах гавьяатуудын гай их байна. Энэ хүмүүс маань ирээдүйн өмнө яана даа л гэж санаа зовох юм. Би хүмүүсийг нэр дурдахгүй. Гэхдээ харамсалтай нь ийм байдал их давтагдаж байна. Ялангуяа түүхэн үнэнийг ингэж болохгүй ш тээ.
-Тухайлбал, ямар түүхэн үнэнийг гуйвуулсан гэж?
-Чингис хааны төрсөн хүүхдүүд, ач гуч нь амьд байсаар байтал, хаан ширээг залгамжилж явсаар байтал, тэд өөрсдийнхөө түүхийг бичсэн бэлээхэн баримт байсаар байтал ийм юм гарч л байсан. Бүр наашлаад, за яахав зарим нь мартагдаж баларч гэж бодоход Хубилай хаан, Өгэдэй хаанаас хойш мартагджээ гэж бодоход, түүхэн талын юм гуйвжээ гэж бодоход, өөрийгөө 35 дахь үеийн алтан ургийн удмын хүн гэж хэлдэг алдарт зохиолч В.Инжинашийн бичсэн “Хөх судар” романд ч байна. Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төрсөн гэж байгаа. Энэ агуу их хүүг төрүүлсэн ээж нь тэр үед 19 настай байсан. Өэлүн эх бол гахай жилтэй хүн юм билээ. Есүхэй баатар бол хорин хэдтэй залуу байсан. Энэ хоёрын дундаас ийм хүүхэд зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төржээ гээд бичиж үлдээсэн байна. Ингээд үе үеэрээ тэмдэглээд, тэрийгээ улирлын дөрвөн тахилга зэрэгтээ оруулаад явж ирсэн. Тэр дотроо Чингис хааныхаа төрсөн арван зургааны тэргэл өдрүүдийг дандаа барьж ирсэн байдаг юм. Ингээд тэмдэглээд ирсэн байтал Чингис хааны төрсөн өдрийг өвөл болгосон. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гээд л. Энэ санааг хаанаас гаргасан юм. Ямар ч байсан манай эрдэмтэд гээд том том хөдөлмөрийн баатар болсон улсууд байна, гавьяатууд, академичид байна. Бүгдээрээ нээрээ тийм байна шүү, өвөл төрсөн юм байна гэцгээгээд энд тэндээс худал үнэн баримт гаргаад л. Үүнд бол Ерөнхийлөгчийн буруу гэж байхгүй ш тээ. Ерөнхийлөгч бол эрдэмтдийнхээ судалгаан дээр үндэслэж зарлиг гаргана. Монгол бахархлын өдөртэй болсноороо буруугүй л дээ. Яахав үеийн үед бахархаж ирсэн юм. Ганц өдөр бахархаад өнгөрөх биш. Тэр үеийн үед бахархаж ирсэн бахархлыг нь үнэн зөвөөр нь авч явах ёстой юм гэж л би одоо хүртэл их эмзэглэж боддог.
Үүн шиг Монголын төрийн цаг тоолол зөв голдиролдоо ороогүй цагт улс төр нь ч тэр, улс орны хувь заяа нь ч тэр хэзээд ч өөд нар үзэхгүй. Өнөөдөр бид бүх юмаа түвдээр заалгаад, төрсөн эцэг эхийгээ бурхан шиг шүтэж чаддагүй мөртлөө хаа хамаагүй харь орны хүмүүсийг тэр битгий хэл үхсэн хүний хүүрийг хүртэл амьд гэж итгээд ингээд явж байгаад нь би маш их харамсдаг. Миний хэлэх гэсэн үг энэ. Ийм байдалтай баймааргүй байна. Бид эрүүл ухаанаар бодож, өв соёлоо сэргээж, эргээд өвөг дээдсийнхээ бүтээсэн бүхнийг л дээдлэх учиртай. Би ингэж явсаар өвөг дээдсийн эрт галавын, элэр баларын үеийн түүх рүү орж байна. Тэгээд би Монголын хадан дээрх дүрс үсэг дэлхийн бичиг үсгийн цагаан толгой мөн байна гэдгийг баталсан.
-Хадны сүг зургаас бичиг үсэг үүссэн гэж үү?
-“Монголын хадан дээрх дүрс үсэг дэлхийн бичиг үсгийн цагаан толгой мөн байна” гэсэн нэртэй, мөн монгол шар зурхайн харсан тэнгэр 2015 он гэж давхар гарчигтай ном гаргасан. Миний энэ ном бол түүхэн баримт бичиг, түүхэн судалгаа юм. Эхлээд календарийн тухай хэдэн үг хэлье. Харсан тэнгэр гэдэг бол гарын авлага. Календарьчлаад хийчих юм бол энэ хэзээ ч хуучрахгүй. 2015 он гэхээр л энэ он нь өнгөрчихөөр хуучрах байх гэж хүмүүс бодоод байх шиг байна. Энэ бол мөнхийн юм. Харсан тэнгэр гэдэг бол их чухал. Билгийн тооллоор 11, 23-ний өдөр гэхэд харсан тэнгэрүүд нь Шүхэрт тэнгэр, Тэнгэрийн засагт тэнгэр, Тэнгэрийн хулгай тэнгэр гээд байна. Тэнгэрийн хулгай тэнгэр гэж жаахан ааш муутай тэнгэр байдаг. Амьдын тэнгэр, Сарын эд буяны тэнгэр, Иргэн тэнгэр гээд сайн тэнгэрүүд харсан байх нь. Нэг өдөр дандаа сайн, муу тэнгэрүүд хослож харна. Сайн муугаар сав дүүрнэ гэдэг энэ. Тэгэхээр маш гайхамшигтай. Богд сэтгэлт тэнгэр, Ивээлт тэнгэр, Гэрэлт одон тэнгэр, Эм домт тэнгэр гээд л. Эм домт тэнгэрт бол өөрийн биеийг эмчид үзүүлэх, эм тан залахад сайн. Дэлгэрэх тэнгэр гэхээр оюунлаг хүмүүс, зохиолчдод ээлтэй. Гэхдээ муухан тэнгэрүүд ч бас хүнийг дагаж байдаг. Тэгвэл сайн цагаар нь зохицуулаад хэрэглэнэ. Туулай цаг оюун эрдэнэ гэдэг нэртэй. Оюунлаг, бүтээлч хүмүүсийн цаг байх жишээтэй. Ийм юмнуудыг харж яваасай гэж хүсдэг. Би хэлж шүүмжлэхээсээ гадна бас нэг гарын авлага гаргаад, тэр нь хэлсэнтэйгээ адилхан хүнд тус болж байгаасай гэж боддог. Ингэж бэлэн юмыг нь, гарын авлагыг нь хийж өгчихөөд тэгээд нүүр баатар ярьж суухад сайхан ш тээ.
Бид өөрсдийнхөө юмыг үнэгүйдүүлж, өөрийнхөө юмыг ул болгоод хүний юмыг зул болгоод явж байгаа нь харамсалтай. Санаатай гадна дотноос орж ирж байгаа үзэл суртлын дайн бол 1990 оноос хойш их гарсан. Ер нь Манжийн эрхшээлд орсон тэр цагаас хойш монголчууд үзэл суртлын дайнд дандаа ялагдсаар ирсэн. Бичиг үсэггүй болсон. Түвд үсгээр бүхнийг хийдэг болсон. Монгол бичгийг нь оросууд авч хаяад 100 жил монгол бичиггүй боллоо. Энэ чинь түүхээсээ тасарсных. Тэгээд сэргээж байгаа хүмүүс нь дандаа түүхийрүүлдэг. Цаг үедээ зохицуулж янз янзаар худал үнэн бичдэг ийм юмнуудыг засах цаг болсон. Миний санаа оноо ийм юманд эмзэглэж явдаг.
-Хадны бичгийг дэлхийн бичиг үсгийн цагаан толгой юм гэдгийг батлахын тулд хэр удаан судлав?
-Энэ бол гайхалтай. Хадны бичгийг багаасаа л сонирхож байсан. Яг эрчимтэй судалж, өөрөө явж үзэж, зураг хөргийг нь авч эхэлсэн нь арваад жилийн хөдөлмөр юм. Миний гол судалсан эх сурвалж бол Төв аймгийн Бүрэн сумын Нарийн голын хадны бичээс юм. Энэ хадны бичиг хэдэн мянган жилийн түүхтэй. Л.Түдэв гуай энэ тухай “Дал” сониндоо бичсэн. Х.Пэрлээ гуайн “Монголчуудын уг гарлыг тамгаар хайж судлах нь” эрдэм шинжилгээний номдоо оруулсан дүрс бичгүүдийг харьцуулж судлалаа. Х.Пэрлээ гуай Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байдаг Рашаан хадны бичээсийг маш сайн судалсан. Энэ хоёр хадны бичгийг дэлхийн бүх бичиг үсэгтэй тулгасан. Самгардын анги, Ассир, Вавильоны шаантаг үсэг, хятан бичгийн үсэг, Түрэг үсгүүд, Занабазарын соёмбо үсэг, дөрвөлжин үсэг, хятад үсэг, төвд үсгийн латин галиг, япон үсэг, солонгос үсэг, финик үсэг, латин үсэг, грекийн эртний үсэг, Германы рүн бичиг, эртний Египетийн бичиг үсэгтэй харьцуулсан.
Сүүлийн үед техник хэрэгсэл сайжирч байна. Юм юмны тохироо бүрдээд ирэхтэй зэрэг илүү идэвхтэй ажиллаж, судалж байгаа. Одоо би хадны зургуудыг нэгбүрчлэн зургийг нь авч англи, орос хэл дээр ном болгон хэвлэнэ гэсэн бодолтой байна. Монголын түүхийг гадаад дотоод зах зээл дээр гаргах цаг нь болжээ.
Эх сурвалж “Ардын эрх” сонин Г.Сонинбаяр