
Харин У.Хүрэлсүх МАХН гэдэг нам МАН, МАХН гэж хоёр хуваагдаж байх үед “Сонгуульд нам ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн утгатай мэдэгдэл хийж эр зоригоо баталж байсан. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ хүрч, нам нь сонгуульд ялагдсан хариуцлагыг хүлээн ажлаа өгөхөөр шийдсэн байна. Энэ тухайгаа МАН-ын дарга С.Батболдод өгсөн өргөдөлдөө ч дурдсан байгаа аж.
Түүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тун нухацтай хэлэлцэж байгаа бөгөд намынхан нь түүний хүсэлтийг хүлээж авах хандлагатай байгаа гэв. Тиймээс У.Хүрэлсүхийг өргөдлөө өгсөн даруйд түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал босч иржээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд очих хүслтэй хүмүүсийн хүсэлт, лобби МАН-ын удирдлагуудыг амраагаагүй гэнэ. Ямартаа ч одоогоор У.Хүрэлсүхийн ажлаас гарах асуудлыг давж оронд нь хэнийг томилох вэ гэдэг олон хүний нэр яригдаж эхлээд байна. Эхний хувилбар нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нэр яригдаж байна. Мөн ХХААХҮ-ийн сайд Д.Бадамжунай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар мөн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэр дуулдаж байна. Гэхдээ өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар зөвхөн У.Хүрэлсүхийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг ярилцаж байгаа. Хэрэв өргөдлийг нь хүлээж авбал намын бага хурлаар дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдгийг дээрх нэр дэвшигчдээс тодруулна гэж эх сурвалж мэдээллээ. Харин У.Хүрэлсүхийн оронд хүн томилтол МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болоод байна.
Б.Баяр