
Тиймээс энэ удаагийн шүүх хурал дахин хойшлохгүй гэсэн ч улсын яллагч Е.Сагсай ээлжийн амралтаа авсан тул хойшлох магадлалтай хэмээн эх сурвалж мэдээлсэн билээ. Энэ талаар улсын яллагч Е.Сагсайгаас тодруулахад “Би ээлжийн амралтаа аваагүй байгаа. Тиймээс Н.Энхбаярын шүүх хуралд оролцоно” гэв.
Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын Э.Батмөнх “Шүүх хурлыг хойшлуулах эсэхийг шүүх бүрэлдэхүүн мэднэ. Улсын яллагч ээлжийн амралттай байсан ч шүүх хуралд ирэх ёстой” гэлээ.
Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Түүнтэй хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мөн шүүгдэх юм. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.
Б.Чимэг