Ардчилсан нам болон “Шударга ёс” эвсэлийн хэлэлцээр үргэлжилнэ

Өнөөдөр 10:00 цагаас Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өчигдрийн хийсэн хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Энэ удаагийн хэлэлцээгээрээ тус тусын боловсруулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлтэй танилцахаар тогтсон байна. Харин анхны уулзалтаараа тэд хийх ажилтайгаа танилцсан юм. Түүнчлэн, АН-ын ажлын хэсэг мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулсан ИЗНН-ын ажлын хэсэгтэй уулзахаар төлөвлөөд байна. Хамтарсан засгийн газрыг байгуулах АН-ын ажлын хэсгийг гишүүн Х.Батулга ахалж, гишүүдээр нь Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан нар ажиллаж байгаа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар ажиллаж байгаа юм.