О.Нямдаваагийн “Эрх чөлөө” бүтээл шалгарав

Өчигдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Grand art дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шалгаруулалт боллоо. Энэхүү тэмцээнийг Монголын урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн их сургууль, Солонгос улсын Тэжон хотын соёлын солилцооны төвөөс хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулжээ. Энэ үеэр тэмцээнд оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж олонд сонирхууллаа. Үзэсгэлэнд 18-35 насны уран бүтээлчид таван төрлөөр оролцсон юм. Ингээд Гран Пригээ тодруулж, өргөмжлөл, 1000 ам.доллараар шагнажээ. Мөн шилдэг арван бүтээлийг шалгаруулсан байна. Гран Приг О.Нямдаваа “Эрх чөлөө” бүтээлээрээ гардав. Уг бүтээл Манжийн дарлалын үеийн эрүүдэн шүүлтийг харуулснаараа бусад бүтээлээс ялгарч байсан юм. Үзэсгэлэн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжилнэ.
Д.Ундрах 24tsag.mn