Э.Бат-Үүл “Н.Энхбаяр гэдэг хүн орж ирвэл аюултай зүйл болно. Тэр ороод
ирвэл хүн болгон хууль руу салаавч өгнө. Н.Энхбаяр ямар нүүрээрээ төрийн
хүн болох юм? Түүний орсон Засгийн газар руу хүн бүр салаавч өгдөг
болно. Тэгэхээр Н.Энхбаяр орж ирэх боломжгүй” гэжээ.

“Шударга ёсны төлөөх” гэсэн тодотголтой хамтарсан Засгийн газарт хэн хэнийг оруулах вэ гэдэг асуудал ид яригдаж, зарим хүний нойрыг хулжааж байгаа. МАХН-МҮАН-ы талаас барьцаа ахиулж илүү олон сайдтай болохоор зүтгэж байна. Энэ сацуу МАХН-ын дарга Н.Энхбаярыг Засгийн газарт орж ирэх үү, үгүй юу? гэсэн асуулт маргаантай хэвээр байгаа юм. Анх хамтарсан Засгийн газар байгуулах болохдоо Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг оруулахгүй гэж АН, “Шударга ёс” эвсэлтэй тохирсон тухай албан бус мэдээлэл гарч байсан. Гэтэл “Шударга ёс” эвсэл нэр дэвшигчид гэхээсээ илүү “Н.Энхбаярын эвсэл” гэсэн нэрээр сонгуульд суудал авсан тул түүнийг засагт орох эрхтэй гэж үзэх хүмүүс маргаан дэгдээсээр байна. Харин үүнийг АН-ын зарим лидерүүд эрс эсэргүүцэж байгаа аж. Ялангуяа Э.Бат-Үүл МАХН-ын даргыг төрд оруулахгүйн тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлжээ. Э.Бат-Үүл “Н.Энхбаяр гэдэг хүн орж ирвэл аюултай зүйл болно. Тэр ороод ирвэл хүн болгон хууль руу салаавч өгнө. Н.Энхбаяр ямар нүүрээрээ төрийн хүн болох юм? Түүний орсон Засгийн газар руу хүн бүр салаавч өгдөг болно. Тэгэхээр Н.Энхбаяр орж ирэх боломжгүй” гэжээ. Мөн “Хэрэв Н.Энхбаяр ямар нэг албан тушаалд орж ирнэ гэвэл би өөрийн зүгээс шалтгаалах боломжтой бүх арга хэмжээг авна” гэв. Э.Бат-Үүлийн хэлсэн үгнээс харвал АН-ынхан анх тохиролцсон ёсоор сайдын сандал, ширээ хуваарилахдаа Н.Энхбаярт өгөхгүй гэж бат зогсож байгаа бололтой. Э.Бат-Үүл “Монгол улсынхаа нэр төрийг гадаадад ямар их гутаав аа. Үнэндээ Монголд ардчилал байгаа учраас Н.Энхбаяр галзуурч байгаа байхгүй юу. Тэгээд ч Н.Энхбаяр шүүхээр асуудлаа шийдүүл л дээ. Асуудлаа шийдүүлэхгүй байж төрд орж ирэх гээд зүтгээд байх хэрэггүй” гэж тун их ундууцаж байгаа юм.
Ийнхүү МАХН-ын дарга Засгийн газарт орох боломжгүй болж байгаа аж. Харин тэрбээр гандан буурахгүй, намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болно гэсэн горьдлого тээсээр байгаа билээ. Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзсэн СЕХ-ны шийдвэрийг тэрбээр хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс намын жагсаалтаар УИХ-д суух эрхтэй болсон О.Баасанхүү нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүй гэж чангаасаар л байна. Цэц түүний гомдлыг хэзээ хэлэлцэж, шийдвэрлэх нь тодорхойгүй байгаатай адил Н.Энхбаярын УИХ-ын гишүүн болох асуудал ч бүрхэг байсаар. Гэхдээ юм яаж ч эргэж мэдэх. Тиймээс нэгэнтээ төрийн гурван өндөрлөгт байсан хүн АН-ын Засгийн газарт оруулахгүй гэсэн саадыг тойроод УИХ-д ороод ирэхийг үгүйсгэж болохгүй гэж зарим хүн ярьж байна.
Т.Гэрэл