Энэтхэгийн “Эксим” банкнаас Монгол Улсын Засгийн газар нэг тэрбум ам.долларын зээл авч үүгээрээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон юм. Үйлдвэрийн ТЭЗҮ-ээр дахин 236 сая ам.доллар шаардлагатай гэж гарсан тул дахин зээл авах саналаа Энэтхэгийн тал тавьсны дагуу нэмэлтээр зээл олгохоор болсон. Тэгвэл уг зээл дээр нэмээд хамгийн багадаа 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг байнгын хороодын хуралдаанаар яригдаж байна. Тодруулбал, газрын тосны үйлдвэрт ашиглах газрын тосыг Дорнод аймгаас Дорноговь аймаг дахь үйлдвэр рүү хоолойгоор, эсвэл төмөр замаар тээвэрлэх гэдгээс шалтгаалан дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон аж. Түүнчлэн газрын тосны үйлдвэр ирэх 2021 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байсан ч энэ хугацаа хоёр жилээр хойшлоод буй. Эл асуудалтай зэрэгцэн үйлдвэр байгуулах суурь бэлэн болж, санхүүжилтийн асуудлыг нэмэлт зээл авах байдлаар шийдэж буй ч үйлдвэрт ашиглах түүхий эд хаана байна вэ гэдэг асуудал сөхөгдөөд байна. УИХ-ын зарим гишүүдийн хувьд үйлдвэрт ашиглах түүхий эд буюу газрын тосоо хэдэн төгрөгөөр, хаанаас худалдаж авахаас хамаарч үйлдвэр ашигтай ажиллах эсэх, цаашлаад импортын шатахуунаас хямд өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах эсэх нь хамаарна гэж буй.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Газрын тос дотооддоо боловсруулж, шатахуун үйлдвэрлэх зорилгоор Энэтхэгээс тэрбум ам.долларын зээл авч, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Үүн дээр нэмэлтээр 236 сая ам.долларын зээлийг авах эсэхийг байнгын хороогоор хэлэлцүүлэх үеэр дахиад 300 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн зүйл яригдлаа. Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр энэ мөнгийг төмөр зам эсвэл хоолой тавихад зарцуулах тухай холбогдох албаныхан хэлсэн. Эндээс үзвэл, ТЭЗҮ бүрэн хийгдээгүй байхад төслийн ажил эхэлсэн гэсэн үг үү. Дахиад шаардлагатай гэж байгаа 300 сая ам.долларыг яг юунд зарцуулах талаар танд мэдээлэл байна уу?
-Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан мэдээлэлтэй байна. 2017 оны хоёрдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд газрын тосны үйлдвэр болон хий дамжуулах хоолойг тэрбум ам.долларт багтаах асуудал яригдаж байсан юм. Дэлхийн аль ч улс орны хувьд газрын тосны салбар нь стратегийн салбарт тооцогддог. Монгол Улсын хувьд шатахууны импортод жилд тэрбум ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Энэ нь жилийн импортын бараа, бүтээгдэхүүний 25-40 хувийг эзэлдэг байх жишээтэй. Эндээс харвал, өргөн хэрэглээний үнийн өсөлтөд голчлон нөлөөлдөг зүйл нь яах аргагүй газрын тосын бүтээгдэхүүн. Манай улсын хувьд энэ төрлийн бүтээгдэхүүний ОХУ-аас дангаараа шахуу хамааралтай. Эндээс үзвэл, эдийн засгийн хараат бус байдлыг бий болгоё, инфляцийг бууруулъя гэвэл газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаас өөр замгүй. Үйлдвэр байгуулахаар ярьж эхэлснээс хойшхи хоёр жилийн хугацаанд алдаа, оноотой зүйл олон байж. Наандаж үйлдвэр байгуулах цаг хугацаа, үйлдвэрийн өртөг, зардлаас эхлээд үйлдвэр саадгүй ажиллахад нөлөөлөх эрсдэл зэргийг бүрэн тооцоолоогүй байна. Засгийн газраас үйлдвэрийн туршилтын үе шатыг 2021 онд эхлүүлж, ашиглалтад оруулна гэж анх амалж байсан. Гэтэл Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр 2023 он хүртэл хойшлох тухай яригдсан. Яах вэ, стратегийн томоохон үйлдвэр байгуулах үед тодорхой цаг хугацааны өөрчлөл гарах нь байж болох асуудал. Байнгын хорооны хуралдааны үеэр би нэг асуудлыг тодруулахыг хүссэн. Энэ нь “Зардлын өсөлт 23.6 хувиар өсөж орж ирлээ. Энэ өсөлт үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлөх бэ” гэдгийг тодотгож асуусан. Бидний гол зорилго бол импортын бүтээгдэхүүнээс хямд үнэтэй шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг хэрхэн байгуулах шүү дээ. Энэ утгаараа 23.6 хувь буюу 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилт гэдэг бол бага мөнгө биш. Ийм хэмжээний өсөлт эцсийн бүтээгдэхүүний үнэд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Хоёр жилийн өмнө нэг литр АИ-95 шатахууныг 900 төгрөгөөр борлуулах боломж бий гэж албаныхан хэлсэн. Үнэхээр ийм үнээр худалдах боломжтой болбол сайн л байна. Яг энэ мэдэгдлийг хийснийх нь дараахан зардлын өсөлт нэмэгдэж, нэг тэрбум ам.доллар хүрэхгүй нь ээ. Дахиад нэмж 236 сая ам.доллар шаардлагатай байна гэсэн тооцоолол гарч ирсэн. Тэгвэл өмнө нь яагаад энэ асуудлыг яриагүй юм бэ. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол нэг тэрбум ам.долларын зардлаар 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулна гэж байсан шүү дээ. Ингэж ч мэдээлсэн. Гэтэл Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр түүхий эд тээвэрлэх хоолой нэг тэрбум ам.долларт багтаагүй гэдэг асуудал яригдсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нэмж зээлэхээр яригдсан 236 сая ам.доллар, дээр нь хоолой тавих 300 сая ам.доллар шаардлагатай юм байна гэж ойлгосон.
-Тэгэхээр газрын тосны үйлдвэр 1.2 тэрбум ам.долларт яагаад ч багтахгүй гэсэн үг байх нь ээ?
-Бидэнд өгсөн мэдээллээр тийм л болж таараад байна. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум 536 сая ам.доллараар үйлдвэр барих бодит төсөөлөл харагдаж байна. Барилгын ажил нь эхлээд хоёр жил болсон. ТЭЗҮ нь гарсан шүү дээ. Ийм байхад юунд, хэдэн төгрөг зарцуулахаа бүрэн тооцоолж чадаагүй байна. Зорилго нь зөв байж болно. Гэхдээ тооцоо, зардлаа зөв хийх ёстой. Зардлаа зөв тооцоолж байж эцсийн бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулах, импортын бүтээгдэхүүнээс хямд байж чадах эсэхийг тооцоолно биз дээ. Гэтэл зардлаа тооцоолж чадаагүй байж хямдхан үйлдвэрлэнэ гэж мянга хэлээд яах юм бэ. Тэгээд бүр газрын тосоо хоолойгоор дамжуулах уу, эсвэл төмөр замаар тээвэрлэх үү гэдгээ ч шийдээгүй. Эдгээрийг барьж байгуулна гэвэл дахиад хэдэн жил хүлээх шаардлага гарах нь ойлгомжтой.
-Барилгын ажил эхлэхээсээ өмнө бүгдийг тодорхой болгосон байх ёстой биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Газрын тосоо боловсруулах үйлдвэр хүртэл яаж тээвэрлэх бэ гэдгээс эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө. Тиймээс энэ асуудлыг яаралтай эцэслэж, шийдэх ёстой. Энэ утгаар нь Төсвийн байнгы хорооны хуралдааны үеэр хоолой юу, төмөр зам уу гэдгээ яаралтай тодорхой болгохыг хэлсэн.
-Төмөр зам барина гэвэл Тамсагаас Дорноговь руу холбоно гэсэн үг үү?
-Тийм. Сая барьж дууслаа гээд байгаа төмөр зам нь Дорноговиос Алтан ширээ хүртэлх 23.5 км төмөр зам. Нэг ёсондоо төв магистрал шугамтай холбосон замаа барьчихсан. Гэтэл Тамсагаас авах газрын тосыг 600 км төмөр зам татаж тээвэрлэх үү, эсвэл хоолой татаж дамжуулах уу гэдгээ одоог болтол тодорхой болгоогүй байна. Үйлдвэр барилаа гэхэд 24 цаг тасралтгүй ажиллах ёстой биз дээ. Үүний тулд түүхий эдээр 24 цаг хангах ёстой.
-Үйлдвэр барих тэрбум 236 сая ам.долларыг Энэтхэгээс авч байгаа. Гэтэл Энэтхэгийн компаниар ТЭЗҮ-ийг хийлгэх нь ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу гэж ярих нэгэн байна. Магадгүй зардал өсөж орж ирсэн нь үүнтэй холбоотой байх гэсэн хардлага байгаа?
-Энэ асуудлыг тодруулж “Яагаад хөндлөнгийн компаниар ТЭЗҮ-г хийлгээгүй юм бэ. Сонирхолын зөрчлийн асуудал үүсэхгүй юү” гэдгийг асуухад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга “Тухайн зээлийн нийт 65 хувиар Энэтхэгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авах ёстой” гэсэн шаардлагыг Энэтхэгийн Засгийн газраас тавьсан гэж тайлбарласан.
-Энэ нь байж болох шаардлага уу?
-Урт хугацаатай, бага хүүтэй зээл олгож байгаа зээлд тавигддаг ерөнхий шаардлагын нэг нь. Гэхдээ зөвлөх үйлчилгээ буюу ТЭЗҮ-ээ хөндлөнгийн компаниар хийлгэх боломж бололцоог хайх ёстой байсан болов уу. Зарчмын асуудал шүү дээ. Яахав, тоног төхөөрөмжөө Энэтхэгээс худалдаж авч бололгүй яах вэ. Гэхдээ ТЭЗҮ-г Энэтхэгийн компаниар хийлгэснээр ТЭЗҮ-ийг өндрөөр тавих, эсвэл өөрийн улс орны эрх ашигт нийцүүлсэн бодлогыг гаргахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс ийм асуудлыг анхаарах ёстой.
-Үйлдвэр барих зардал өсөж, бид нэмж зээл авахаас өөр аргагүй болсон шалтгаан үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй биз дээ?
-Үнэхээр хэлж мэдэхгүй байна. Арай ч тэгэхгүй байлгүй дээ гэж найдаж байна. Хөндлөнгийн хяналтынхан шалгах зүйлээ шалгаж байгаа байх.
-Зээл авснаас эхний таван жилд зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөллөгдөх ёстой. Тэгэхээр зээлийн эргэн төлөлт үйлдвэр ашиглалтад орсны дараа эхлэх үү?
-2017 онд зээл авсан гэхээр 2022 оноос үндсэн зээлээ төлж эхэлнэ.
-Үйлдвэр ашиглалтад ороогүй байхад зээлээ төлж эхлэх нь. Уг нь Засгийн газраас 2021 онд ашиглалтад оруулна гэж амалж байсан. Гэтэл ашиглалтад ороод эдийн засгийн өгөөжөө өгч эхлэхээс өмнө зээлээ төлж эхэлнэ гэхээр эдийн засагт дарамт учруулах болов уу. 2022 оноос бондууд төлж эхэлнэ шүү дээ?
-Урт хугацаатай, бага хүүтэй зээл учир эдийн засагт учруулах дарамт бага. Самурай, Чингис зэрэг гоё нэртэй бондуудын дэргэд маш бага хүүтэй, урт хугацааны зээл. Энэ бондуудын хувьд богино хугацаатай, өндөр хүүтэй.
-Үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр борлуулах нь түүхий эдээ хэдэн төгрөгөөр худалдаж авах бэ гэдэгтэй шууд холбогдоно. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тэгэлгүй яах вэ.
-Гэтэл бидэнд өөрсдийн гэх газрын тос олборлодог нэг ч компани байхгүй. Газрын тосны олборлолт хийж байгаа хоёр компани бий. Харамсалтай нь нь хоёулаа хятадынх. Энэ цаг үед газрын тосоо хэдэн төгрөгөөр худалдаж авна гэсэн төсөөлөл та бүхэнд бий юу. Импортын бүтээгдэхүүнээс бага ханштай шатахуун нийлүүлэхэд энэ хамгийн чухал байх?
-Энэ бол үнэн. Гол асуудал нь монголчууд дотооддоо газрын тос боловсруулж, хямд өртөгтэй шатахуун хэрэглэх зорилго. Үйлдвэрийг хэдэн төгрөгөөр барьж, хэдэн төгрөгийн зардалтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнээсээ хэдэн төгрөгийн ашиг олж, үйлдвэр тогтвортой ажиллах юм бэ гэдэг нь түүхий эдтэй шууд холбоотой. Нэг үгээр хэлбэл, хэдэн ч гоё сайхан үйлдвэр барьж болно. Гэхдээ эдийн засгийн нарийн тооцоололтой байх ёстой. Үйлдвэрийг 24 цаг тогтвортой ажиллуулахад түүхий эдийн хангамж маш чухал. Энэ эх үүсвэрийг бид олж тогтоох ёстой. Энэ утгаараа эх үүсвэр нь дотоодынх байвал бидэнд давуу талтай. Монгол Улс 1992 оноос хойш газрын тосны нөөцтэй байж болох 30 гаруй талбайг ялгасан байдаг. Эндээс гурван талбайд нөөц нь тогтоогдсоноос “Петрочайна дачин тамсаг”, “Доншен газрын тос Монгол” ХХК гэсэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд олборлолт хийж байна. Эдгээрийн ашиглалтын баталгаат нөөц нь 43.3 сая тонн. Энэ бол их хэмжээ биш. Одоо барьж байгаа газрын тосны үйлдвэрт жилд 1.5-2 сая тонн газрын тос шаардлагатай. Эдгээрийн ашиглалтын гэрээг 1990-ээд оны үед байгуулахдаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр энэ нь зохицуулагддаг байдаг. Хөрөнгө оруулагч компани нь энэ тосыг эрж, хайж олохын тулд маш их хөрөнгө оруулсан. Энэ утгаараа олборлолт хийж байгаа компанид хамгийн үнэ цэнтэй зүйл нь. Гэтэл газрын тосны үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдээ эдгээр компаниудаас хэдэн төгрөгөөр авах тухай яриа хэлэлцээрээ хийсэн үү, үгүй юу. Хэрвээ худалдаж авахаар тохирсон бол олборлосон үнээр нь юм уу, эсвэл арилжааны биржийн үнээр худалдаж авах юм уу. Арилжааны биржийн үнээр худалдаж авах бол аль биржийн үнээр юм бэ гэдгээс эхлээд асуудлуудаа тохирсон уу. Энэ мэтчилэн олон асуудал тодорхойгүй байна.
Нөгөөтэйгүүр, “Петрочайна дачин тамсаг”, “Доншен газрын тос Монгол” ХХК компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээг анх байгуулахдаа олборлож байгаа газрын тосны 30 орчим хувийг Монгол Улсын Засгийн газар авах эрхтэй гэж гэрээнд зааж өгсөн байдаг. Хятадын компаниуд дээрх хоёр талбайгаас жилд нэг сая тонн газрын тос олборлодог. Ингэхээр нэг сая тонн газрын тосны 300 мянган орчмыг нь Монгол Улс авах эрхтэй болж таарах нь ээ. Цаана нь 70 орчим хувь буюу 700 мянга орчим газрын тос олборлолт хийж байгаа компаниудад үлдэхээр байгаа биз. Гэтэл олон улсын практикаар өртөг тосны хэмжээг 40 орчим хувьд тооцдог. Нэг үгээр хэлбэл, газрын тосны олборлолт, эрэлт хайгуул хийхэд асар их хөрөнгө зарцуулдаг учир нийт олборлосон газрын тосны 40 орчим хувь нь өмнөх болон одоо гаргаж байгаа зардалд явна гэсэн үг. Ингэхээр олборлолт хийж байгаа компанидад 30 орчим хувийн газрын тос үлдэж байгаа биз. Энэ газрын тосоор тэд ашиг хийх ёстой. Гэтэл үүнийгээ бидэнд хямд үнээр өгөх үү.
-Олборлосон үнээрээ өгөх ямар ч боломжгүй гэсэн үг байх нь?
-Хайгуул хийхэд эдгээр компаниуд олон тэрбум ам.доллар зарцуулсан. Дээр нь хэдий хэр цаг хугацаа зарцуулсан билээ. Ямар ч хүн энэ бүхнээ тооцоолж байж аль ашигтай хувилбараа сонгоно биз дээ. Хэрвээ зах зээлийн ханшаар газрын тосоо худалдаж аваад одоо байгуулах үйлдвэрт боловсруулбал эдийн засгийн хувьд бидэнд ашигтай байж чадах уу. Энэ бол хамгийн том асуудал. Хэрвээ эцсийн бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнтэй адил үнэтэй байвал бидэнд ямар ашиг байх юм бэ. Энэтхэг Улсаас олон тэрбум төгрөгийн зээл авч барьсан үйлдвэр үхмэл хөрөнгө болж хувирна биз дээ. Энэ асуудалд УУХҮЯ-наас тодорхой хариулт өгсөнгүй. Энэ талаар чуулганаар дахин асууна.
-Засгийн газар дотоодын компаниудын газрын тосны хайгуулын ажлыг дэмжиж байж хятадын компаниудын аманд орохгүй байх боломжтой гэсэн дүр зураг харагдаж байна?
-Нэг талаасаа тийм. “Магнай трэйд”, “МАК”, “Шунхлай” зэрэг дотоодын компаниуд хайгуул хийж байна. Гэхдээ хангалттай төвшинд биш. Тиймээс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих замаар дотоодын эх үүсвэрээ баталгаатай болгох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал асуудал. Уул уурхайн салбарынхан үүнийг анхаараасай. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг бидэнд үйлдвэр бэлэн болж байна. Тэгвэл газрын тос нь хаана байна вэ. Түүхий эд нь байхгүй бол үйлдвэр яаж ажиллах юм бэ. Магадгүй үйлдвэр ашиглалтад орохоос өмнө ядаж 10, 20 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол үйлдвэр байгуулагдлаа ч эцсийн бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс хямд байх нь эргэлзээтэй болчихоод байна шүү дээ. Үүнийг ярихгүй бол үйлдвэр ашиглалтад орчихдог, гэтэл газрын тос нь хаана байна вэ гэдэг зүйл яригдана. Эцэстээ хилийн чанадаас авах уу гэвэл яах вэ. Ер нь газрын тос байгуулах асуудал хоёрхон жилийн өмнөөс яригдаагүй шүү дээ. Аль 20 жилийн өмнө л яригдаж байсан асуудал. Энэ хугацаанд 20 гаруй төсөл яригдсан. Хамгийн сүүлд гэхэд н.Намжин гээд мундаг хүн Дарханд газрын тосны үйлдвэр байгуулах тухай ярьж байсан. Өмнө нь яригдсан 20 гаруй төслийн хүрээнд газрын тосоо хаанаас авах вэ гэхэд Казахстан, Күвэйтээс авъя гэдэг асуудал яригдаж байсан. Бидэнд ийм байдалд хүрэх шаардлага байгаа гэж үү. Хаа байсан Казахстан, Орос, хятадаас түүхий эдээ авчирч шатахуун үйлдвэрлэх юм бол өр тавин байж үйлдвэр байгуулах ямар хэрэг байна аа. Импортын бүтээгдэхүүнээс хямд байх эсэх нь ч эргэлзээтэй болно.
Үүнээс гадна газрын тосны үйлдвэрийн технологи нь импортын тосонд уу, эсвэл Дорнодоос олборлож байгаа газрын тосонд тохируулах уу гэдэг хэцүү. Үүнийг одооноос ярих хэрэгтэй байна.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (38)