
Японы баруун нутгийн Киото мужийн Явата хотын дарга, 35 настай Шоко Кавата энэ зун жирэмсний амралт авах болсноо зарлажээ. Ингэснээр тэр албан тушаалдаа ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авсан Японы анхны хотын дарга болж байгаа аж. Кавата өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрлэсэн бөгөөд есдүгээр сард анхны хүүхдээ төрүүлэхээр хүлээж байна.
Тэрбээр төрөхөөсөө өмнө зургаан долоо хоног, төрсний дараа найман долоо хоногийн амралт авахаар төлөвлөжээ. Амралтын хугацаанд орлогч дарга нь хотын захиргааны ажлыг түр орлон гүйцэтгэх боловч Кавата цахимаар хуралд оролцож, ажлын мэдээллээ тогтмол авч байх аж.
Шоко Кавата “Удирдах түвшний хүмүүс ч жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг хэвийн авч болдгийг харуулснаар эмэгтэйчүүдийг манлайллын албан тушаалд зоригтой өрсөлдөхөд дэмжлэг болно гэж найдаж байна” хэмээн орон нутгийн хэвлэлд ярьжээ. Энэ үйл явдал Японд өргөн хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Учир нь тус улсын хөдөлмөрийн хууль тогтоомжоор сонгогдсон улс төрчид болон хотын дарга нарт жирэмсний болон эцэг эхийн чөлөө авах эрхийг тодорхой зааж өгөөгүй байдаг. Тэднийг ажилтан бус, төрийн албан тушаалтан гэж үздэг тул жирийн ажилтнуудад олгодог 14 долоо хоногийн жирэмсний амралтыг авах хууль эрх зүйн орчин хомс байдаг гэнэ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Каватагийн шийдвэр нь зөвхөн орон нутгийн захиргаанд бус Японы нийгэмд ажил, гэр бүлийн амьдралыг зохицуулах талаарх ойлголтыг өөрчлөхөд чухал дохио болж магадгүй юм. Гэвч ийм шийдвэрийг дэмжих институцийн тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай хэвээр байгааг онцолжээ.
Япон улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоороо хөгжингүй орнуудын дунд харьцангуй доогуур үзүүлэлттэй хэвээр байгаа бөгөөд 2025 оны байдлаар үндэсний парламентын гишүүдийн ердөө 15 хүрэхгүй хувь, орон нутгийн сонгуульт албан тушаалтнуудын 18 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Каватагийн энэхүү алхмыг зарим ажиглагчид 2018 онд Жасинда Ардерн Шинэ Зеландын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа жирэмсний амралт авч байсан үйл явдалтай адилтгаж байна.
Л.Баяр























































