Их тойруу болон яармаг дахь зарим сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлэх тухай санал асуулга явагдсан. Асуулгад оролцсон иргэдийн 74.1 хувь нь дэмжсэн байна. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцууллаа. Тэрбээр “Олонх нь энэ зохицуулалтыг дэмжиж байна гэсэн. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна. Тухайлбал, ойролцоо хоёр сургууль байвал эхний сургууль 07:45-д хичээл нь эхлэх бол хажуугийн сургууль нь 08:15 цагт хичээл нь эхэлдэг байх зохицуулалт хийж байгаа юм. Зохицуулалт орсон ЕБС-д хүүхэд нь сурдаг ажилтныхаа ажилдаа ирэх, тарах цагийг зохион байгуулах зөвлөмж гарсан. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын найман цагаа бүрэн хангах ёстой. Ирэх даваа гарагаас хэрэгжиж эхлэх ба шийдвэрээ дүүргийн боловсролын хэлтсүүдэд албан бичгээ хүргүүлэх юм. Энэхүү зохицуулалтыг хийснээр өөрчлөлт гарах эсэхийг судлахад оргил 08:00 цагт авто замын ачаалал 12,5 хувь буурах тооцоололтой байна" гэв.