ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар мэдээлж байна. Энэ үеэр Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 9.6 хувь нь томуу төст өвчнөөр оношлогдож байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн дотор 16.2 хувьтай байна.
Одоогийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 68 орчим хувь нь амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч эмнэлэгт хэвтжээ.
Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэсэн" гэдгийг хэлэв.
Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 18 орчим хувьтай байгаа аж. Тус дуудлага мэдээллийн 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна" гэв.
Д.Батчулуун