Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа. Төрийн хүндэтгэлийн зоогт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нарын хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх, тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэг болон энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо,
Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Юуны өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, Монголын ард түмэн намайг хатны хамт халуун дотноор хүлээн авч байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Гурван жилийн өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг Токио дахь ордондоо хүлээн авахын зэрэгцээ Монголын Морин хуурын чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхсон маань тун сайхан дурсамж болон үлдсэн.
Миний бие 2007 онд анх удаа Монгол Улсад айлчилж байсан бөгөөд тэр үед үзэж харсан бүх зүйл маань гүн сэтгэгдэл төрүүлж, одоо ч нандин эрдэнэ мэт эрхэм санагддаг.
Энэ удаа Япон Улсын Эзэн Хааны хувиар Монгол Улсад хийж буй анхны айлчлал маань хоёр орны найрамдалт харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болоосой гэж хүсэхийн сацуу Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцох боломж тохиосонд туйлын их баяртай байна.
Түүнчлэн Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчийн санаачилгаар наадмын нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжсэн нь ач холбогдолтой гэж үзэж байна.
Миний бие хоёр өдрийн өмнө Монгол оронд зочлон ирсэн бөгөөд эдийн засгийн өсөлттэй уялдан Монголын нийгэм өмнө ирж байснаас илүү эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна.
Мөн өвс, модод хөх тэнгэрийн дор бие биеэсээ уралдан тэнгэр өөд тэмүүлэн ургаж, цэцэгс дэлгэрэх хамгийн үзэсгэлэнтэй улиралд хатны хамт Монгол Улсад айлчлах завшаан тохиосонд туйлын их баяртай байна.
Япон Улс болон Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагааны гүн гүнзгий харилцааны үндэс суурь нь хүн хоорондын хэлхээ холбоо юм.
Өмнөх айлчлалын үеэр миний бие тухайн үеийн хоёр орны харилцаа оргилдоо хүрээгүй байгааг хэлж байсан. Жишээлбэл 2007 онд Япон Улсад 1,100 орчим монгол оюутан суралцаж байсан бол өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин нэмэгдсэн байна.
Айлчлалын үеэр Японд төгсөж, амжилттай ажиллаж буй хүмүүс болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай танилцахаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын ирээдүйг авч явах хойч үеийнхэн, Японд суралцаж ирээд залгамж үеэ удирдан чиглүүлж байгаа эрхмүүдтэй уулзах гэж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна.
Өмнөх айлчлалын үеэр монголчууд “хувьтай хүн хур борооноор” хэмээн бэлгэшээдэг болохыг мэдсэн бөгөөд хур тунадас багатай, хуурай уур амьсгалтай бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд “ус бол чандмань эрдэнэ” гэдгийг мэдэрсэн билээ.
Өчигдөр миний бие Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар болон Гачууртын усны эх үүсвэртэй танилцаж, амьдралыг тэтгэгч усны нөөцийг тогтвортой хамгаалах асуудлыг шийдвэрлэхийн төлөө хоёр орны хүмүүс хамтран ажиллаж байгааг хараад сэтгэл ихэд хөдөлсөн. Аз тохиож Гачууртад бороо орж байлаа.
Хэцүү бэрх цагт хоёр орны ард иргэдийн нөхөрлөл, сайхан сэтгэлийн үнэ цэнийг мэдэрдэг.
1995 оны Ханшин-Аважи, 2011, 2024 оны хүчтэй газар хөдлөлт зэрэг байгалийн томоохон гамшиг тохиолдох үед Монголын ард түмэн цаг алдалгүй Японы ард түмэнд тусламжийн гараа сунгасан билээ. Бидэнд урам зориг өгсөн монголчуудын халуун сэтгэлийг мартахын аргагүй юм.
Өнөөдрийн хоёр орны гүн гүнзгий найрамдалт харилцаа, түүнд тулгуурласан хүний нөөцийн хөгжил, бүтээх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин зэрэг олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны хөгжлийн үндэс суурь нь дипломат харилцаа тогтоохоос өмнөх хоёр орны ахмад үеийнхний олон жилийн хамтын ажиллагаа байсныг мартаж болохгүй гэж боддог юм.
Хоёр орны харилцааны хөгжилд зүрх сэтгэлээ зориулан, олон саад бэрхшээлийг даван туулж, хүч чадлаа дайчилж ирсэн бүх хүнд гүн хүндэтгэл илэрхийлж байна.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны нөөц бололцоо нь Монгол орны уудам тал нутаг мэт зах хязгааргүй билээ. Цаашид хоёр орны гүүр болох залуу үеийнхэн маань ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, уудам талд цацсан хамтын ажиллагааны үр соёолон ургаж, олон сайхан цэцэг дэлгэрэх лугаа адил амжилттай ажиллаасай гэж хүсэж байна.
Мөн залуучууд эрч хүчээ бүрэн дайчилснаар хоёр орны харилцаа Монголын хөх тэнгэр мэт өндрөөс өндөрт мөнхөд өргөжин хөгжөөсэй гэж хүсэж байна.
Өнөөдрийн гайхалтай оройн зоогийг барьж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэг нарт талархал илэрхийлэхийн ялдамд хоёр орны ард түмэнд эрүүл энх, аз жаргал, Япон Улс, Монгол Улсын харилцаа улам бүр цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөе" гэв.
Сэтгэгдэл (1)