Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Тухайн үед 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол одоо 3 тэрбум 438 сая долларын нөөцтэй болоод байна.
Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна.
Мөн нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Энэ нь өрсөлдөөн оруулж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. Биржийн арилжаанууд амжилттай болоод явж байна. Гурван ААН 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай байгаа.
Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Эхний 3 сарын байдлаар инфляц 10.6 хувь болж бууж байна. 2022 оны эцсээр 13.2 хувь байсан бол инфляц аажмаар ч гэсэн буугаад явж байна. Олон улсад инфляц өндөр, инфляц импортолж байгаа хэдий ч бодлого зөв авч байгаа учраас буурч байна" гэв.