-Хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн түг түмэн явдлыг хүүрнэх “ХУВИРАЛ” булан-
Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцах болно. Энэ удаад зоогийн ширээний ард өрнөдөг “ДОГЬ СОЁЛ”-ын тухай хуваалцъя.
Таны эргэн тойронд “Алив гараа тат, наадахаа далд хий”, “Толгойгоо ав” гэсээр яаран босдог хүмүүс байдаг уу? Зүгээр ч босохгүй, хоёр гартаа өнөөх утсаа хичээнгүйлэн бариастай. Хааяа бас гар нь үл мэдэгхэн чичрээстэй.
Өлсөж яваа хүн ч зоогийн ширээний ард очоод зураглаачийг ажлаа хийж дуустал хүлээнэ дээ. Яг л итгэгчид хоол идэхийн өмнө залбирал үйлддэг шиг “өлсөгч” бээр чимээгүй, томоотой суух ёстой.
Ажиглаад байхад хүдэр эрчүүд ч хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт биеэ эвхэж суугаа харагдана. Зарим нь сандалтайгаа тээр тэнд очоод хүлээж байна. Үнэндээ одоо дассан биз дээ. Гар хөлөө татаж өгнө, халбага сэрээ тэгшхэн тавьж өгнө, гай болохгүйхэн зай гаргаж өгнө гээд л хүн хүндээ тус дэм болдог “Догь соёл”-д олуулаа суралцаж байна.
Тэр бүү хэл, олон хоол захиалахад уван цуван ирдэг цаг нэгэнт өнгөрч, эрхэм зураглаачийн ая тухтай байдлыг дээд зэргээр харгалзан үзэх болжээ.
Найздаа (ер хэнд ч бай) шинэхэн бэлэн болсон хоолоо хөрөхөөс нь өмнө зураг юугаа дарж авахыг сануулж байх хэрэгтэй шүү. Үгүй бол түүний сэтгэл санаа “Наадмын хуушуурын мах шиг өм цөм болох вий”.
М.ДЭВЭЭЖАРГАЛ