Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч асан Н.Гэрэлт-Од "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д баригдах гэж буй "KFCLAND - Аз жаргалын хотхон" төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Монгол улс түүхэндээ хоёрхон үндэсний хэмжээний ногоон байгууламж байгуулсны нэг юм. "Таван богд" группын ерөнхийлөгч "Алтан загасны эмгэн" Ц.Баатарсайхан гуай, Улаанбаатарын уушгинаас савраа тат. Үндэснийцэцэрлэгт хүрээлэн нийслэл хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг.
Би өнөөдөр энд аав хүний хувиар сууж байна. Энэ бол бидний хүүхдүүдээ өвөл, зунгүй агаарлуулж, уушгийг нь хооллодог газар. Ийм газар бетон цутгаж, "KFCLAND - Аз жаргалын хотхон" нэрийдлээр худалдаа наймаа хийх гэж байгаа юм байна. Үнэхээр 10 жилийн ойдоо зориулаад нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залууст соёл түгээсэн бүтээн байгууллалт хийж байгаа юм бол хотын захын гэр хороолол руу хийгээч.
1,1 га газар бол ойролцоогоор 20 айлын газар юм билээ. Тэгэхээр 20 нүхэн жорлон, 20 янданг байхгүй болгох боломж байна шүү дээ. Харин "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гээ ногоо байгууламж, явган хүний зам, дугуйн замтай ийм л байгууламж хэвээр нь үлдээмээр байна. Тухайн хотхоных нь газар шорооны ажил эхлэх л юм бол бид майхнаа барьж очоод эсэргүүцлээ илэрхийлэх болно" гэв.
М.ДЭВЭЭЖАРГАЛ