
НҮБ-аас энэ өдрийг “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн зарласан байдаг. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталсан байдаг. Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.
Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж байна.
Монгол орон цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан. Үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан 5 жил тутамд цөлжилтийн судалгааг хийж байна.
Эдгээр судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72.0 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгдсэн. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагджээ.
Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.
Мөн Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан үзүүлэлт бий.