Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ үеэр хүнсний технологич, сур харвааны аймгийн мэргэн, спортын мастер Борын Зоригтбаатартай цөөн хором ярилцлаа.
-Сур харвааг сонгох болсон шалтгаан?
-Монгол хүн болж төрсний учир эрийн гурван наадмынхаа эд эс нь болоод оролцож байна.
Сурын спортоор хичээллэхээсээ өмнө наадмаар хуушуур идвэл иднэ, Хүй долоон худагт очиж соёолонгийн тоосонд орвол орно. Ийм л байлаа.
-Гэхдээ үүнийг “сонирхолтой” гэж хардаггүй байх аа?
-Өв уламжлалаа тээж явна шүү дээ. Хүн өөрөө дурлаж, сонирхвол ямар ч сул тал, хэцүү зүйл нь харагдаж мэдрэгдэхээ больчихдог юм шиг ээ. Сур харваанд дурлуулж, донтуулдаг өөрийн гэсэн увидас бий. Нэг харваад л гоё сайханд нь татагдана. Энэ спортын амтанд орсон хүн орхиод байдаггүй. Амархан байсан бол бүгдээрээ л мэргэн болох байсан байх.
-Харваач хүнд байх ёстой онцгой чадвар юу вэ?
-Амьтны эвэр, шөрмөсөөр хийсэн нумаар харвадаг. Энэ бол байгалийн цаг агаараас хамаараад сумны хүч чадал суларч эсхүл чангардаг. Үүнийг мэдрэхгүй бол болохгүй. Ингэж харваач хүн нум сумтайгаа харьцдаг.
-“Үзэгчгүй” л гээд байдаг. Энэ тал дээр та ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Аваргуудыг таньдаг шиг манай мэргэчүүдийг хүн бүр танихгүй шүү дээ. Гудамжинд явж байсан арван хүний нэг нь таньвал их юм.
Яваандаа сурын спорт улам хөгжиж, эгнээгээ өргөтгөх байх аа. Гаднаас харахад ойлгомжгүй л дээ. Бай руу харваад байдаг, хаана нь онох ёстой, хэддүгээр байрт явж байгаа нь ч тодорхойгүй. Тийм болохоор хүний сонирхол буурдаг байх.
-Энэ жилийн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Нар, хур тэгширсэн сайхан наадам болж байна. Миний хувьд одоогоор шигшээ 16-д шалгараад байна.
Сур харвааг сонирхож, энэ өв соёлыг тээж, утга учрыг нь ойлгохыг хүсэж байгаа хүн олон болж байгаад баяртай байна.
М.Дэвээжаргал