Сум, аймаг, хот хөдөөгийн наадам тэр бүр адилгүй. Их хотын цэнгэлдэх хүрээлэнд болж буй наадам үргэлжид олон хүний хөлд дараастай байдаг билээ. Энэ завшаанаар худалдаа наймаа, тоглоом наадаанаар хүмүүст үйлчилдэг хэсэг ч цэнгэлдэхийн гадна талбайг нэлэнхүйд нь эзэлнэ. Эдний дунд хүмүүст морь унуулж байгаа хэсэг хүн байсны нэг нь Ууганбаярын Баттуул хэмээх сэргэлэн төрх, хэвлүүхэн яриатай хүүг онцлон цөөн хором ярилцлаа.
Тэрбээр, "Энэ жил Налайхын наадмаар морь унасан. Морь маань айрагдаж чадаагүй. Гурван насанд уралдаад азарга аравдугаар байрт орсон.
Наадам их гоё болж байгаа ч хүмүүс морь их унахгүй байгаа тул сэтгэл дундуур байна. Налайхын наадам дуусгаад ахтайгаа хамт ирж хүмүүст морь унуулж байгаа юм л даа. Морь унаад нэг тойроод ирэхэд 5000 төгрөг. Энд хоёр морио ачиж ирсэн. Нэг нь даага, нөгөөх нь их насны морь. Даагаа хүүхдүүдэд унуулж байна.
Морь унах их сайхан байдаг. Ялангуяа уралдаад түрүүлчихвэл бүр ч сайхан.
Би одоо 14 настай. Том болохоороо хурдны морь унаж чадахгүй. Тиймээс туслах уяач болно" гэж наадмын сэтгэгдэл, хүсэл зорилгоо хуваалцаж, "Монгол түмэн минь сайхан наадаарай" хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)