Мөнгөний нийлүүлэлт энэ оны зургаадугаар сарын эцэст 31.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр буюу 13.8 хувь өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Мэдээлэлд, төгрөгийн харилцах 2.1 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 669.5 тэрбум төгрөг буюу 8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламж зургаадугаар сарын эцэст 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 87.3 хувийг иргэдийн хадгаламж, 12.3 хувийг ААН байгууллагын хадгаламж эзэлж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл энэ оны зургаадугаар сарын эцэст гурван их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 221.2 тэрбум төгрөг буюу 20 хувиар өссөн байна. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байна. Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 112.3 тэрбум төгрөгөөр буюу 5.3 хувиар өсжээ.