

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгснийхөө дараа “Би эргэж ирнэ” хэмээх алдарт үгээ дахин давтсан гэж түүний тойрон хүрээлэгчид өөр оорондоо ярилцаж байна.
Хэрэв түүнийг тойрон хүрээлэгчдийн ярьж байгаа үнэн бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх дөрвөн жилийн дараа нилээд хүчирхэг болоод эргэж ирэхээр төлөвлөсөн бололтой.
Түүний “Би эргэж ирнэ” гэсэн үгийг эргэцүүлж бодвол олон утга санаа урган гарч ирнэ. Юуны өмнө намынхаа удирдлагад дахин гарч ирнэ гэсэн бодолтой байгаа аж. Тэгээд ч одоо намдаа хамгийн их нөлөөтэй хэвээр байгаа. Түүний гарын хүн болох Г.Занданшатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладагийг бүх хүн мэднэ. Мөн хамгийн ойрын хүн болох Ж.Мөнхбат нь МАН-ын нарийн бичгийн даргаас гадна “Үнэн” сонины бодлогыг тодорхойлж байна. У.Хүрэлсүхийн улс төрд хөтөлж оруулж ирсэн Н.Оюун-Эрдэнэ нь НАМЗХ-г тэргүүлдэг. Бас түүний саналаар Д.Оюунхоролыг НАМЭХ-ны тэргүүнээр, Ж.Амарсанааг НАМОХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон. Үндсэндээ МАН-ын одоогийн удирдлага, төрийн бус байгууллагууд нь У.Хүрэлсүхийн хүмүүсээр дүүрэн байна.

У.Хүрэлсүх албан тушаалын төлөө ингэж зүтгэж чадахын зэрэгцээ бас албан тушаалаасаа татгалзаж чадна гэдэгээ нэг бус удаа нотлосон. Хамгийн сүүлд л гэхэд АН-ынхан С.Батболдын Засгийн газраас гарахад түүнийг Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлсэн. Ерөнхийлөгч Засгийн газрыг хэтэрхий нүсэр байна гэж шүүмжилсний дараа У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдад нэр дэвшихээсээ татгалзсан. Үүний дараа “нам нэрээ сольсноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би үүрнэ” гэж мэдэгдсэнийхээ дагуу Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа хүсэлтээрээ өгсөн. Харин одоо УИХ-ын гишүүний дархан эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргачихаад байна. Ийнхүү тэрээр ажил, албан тушаал, эрх ямбаас татгалзаж, үүрэг хариуцлагаа ухамсарладаг гэдэгээ харуулж иржээ.
Хамгийн сонирхолтой нь түүний нөхдийн ярьж буй “Би эргэж ирнэ” гэдэг үнэн бол У.Хүрэлсүх улс төрд өөрийгөө дахин бэлдэхээр, улс төрийг өөр өнцгөөс харахаар, улс төрийн үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар, улс төрийн арга хэлбэрээ өөрчилөхөөр, улс төрийн шинэчлэлийн бодлого боловсруулахаар завсарлага авч байгаа бололтой.
Б.Болдсүх
Сэтгэгдэл (106)