УОК-ын Шуурхай штаб зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдав.
Дорнод аймгийн хэмжээнд цагаан зудтай, цагаанаар зудархуу байгаа орон нутгийн малчдад УОК-ын шийдвэрээр 60 тн, аймгийн аюулгүй нөөцөөс 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан суманд тус бүр 5000 боодол өвс олгоод байна.
Сүхбаатар аймгийн нийт нутагт буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр болон шилэн зудын нөхцөл бүрджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу арга хэмжээ авч, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн үйлчилгээ болоод цасанд боогдсон зам, даваа гаргах, өвс тэжээл, түлш түлээг байнга хүргэж байгааг аймгийн Онцгой комиссын гишүүд тэмдэглэснийг УОК мэдээллээ.