Нийслэл Улаанбаатар хотод 1.6 сая гаруй хүн амьдарч байна. Тэд уур бухимдал, сэтгэл гутралдаа дарлагдан эрүүл амьдрах эрхээ зөрчүүлэн буй. Эдгээр иргэдийн хувь заяаг Х.Нямбаатар гэх эрхэм дэнсэлхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын сандлаасаа буун, гэнэт л хотын даргын ширээнд тохой тавьсан.
Цаг хугацааны ял болчихсон өвлийн улирал Улаанбаатарчуудын тархины ХОРТ ХАВДАР гэмээр. Цаашлаад бидний дундаж наслалт богиносох шалтгаанууд нийслэлд дэндүү олон. Өчигдөрхөн "Монгол цэргийн баяр" тохиож, статистик судалгаагаар Монгол эрчүүдийн дундаж наслалт 67 гэв. Эмэгтэйчүүдийнх арай илүү байдаг. Тийм л байгаа байх. Утаа униар, тоосжилт, түгжрэлээс үүдэлтэй асуудлууд оюун санааны мухарт орон гэрээ бариад аж төрж буй мэт.
Өвлөөс өвөлд л агаарын бохирдлын ахисан түвшинг амьсгалж байгаа бидний наслалт ахархан байх нь гарцаагүй. Цас орсон л бол замын түгжрэл үүсдгийн адилаар өвөл ирэхэд утаа дэгдэх нь уйтай. Гэвч дөрвөн улирал ээлжээ сэлгэж, хавар ирэх болгонд харин бид утааг марчихаад байдаг нь эмгэнэл шүү.
Эрчим хүчний сайд "Өвөл болох нь тодорхой" гэж хэлээд сууж асан цаг саяхан. Түүний хувьд хавар утаа арилах нь бас л тодорхой байх даа. "Утаагүй зуух" гэх сүржин нэртэй ч угтаа иргэдийн тархийг шатаасан зуухнуудын хэрэг лав гарсангүй. Хавар болоход утаа арилна. Хахир өвөл эргэн ирэхэд утаа суунаглаж, бид дахиад л хордоно. Хордох тусмаа л хоргодон буй нийслэлээс одохын шалтгаан хаан байгаа вэ?
Гал түлэхэд шаталт үүсэж байгаа цагт утаа дэгдэх нь мэдээжийн явдал. Цахилгааны зардал өндөр тул иргэд цахилгаан халаагуураас татгалзах нь нар мандахын адил үнэн. Байр саванд орох гэтэл урьдчилгаагүй, хүүнээс айсан, үнийг нь дийлэхгүй гээд асуудлууд их.
Өвөлжин утаа хэмээн хашхирчихаад өнөөдөр мартчихсан, сонгуулийн ажилдаа санаа чилээн суугаа төрийн түшээдүүд, хариуцах албан тушаалтнуудын өмнөөс эмгэнье. Дараа өвөл тэд минь дахиад л шүлжтэй амаараа сүржин үгс хаялцана. Гэлээ гээд ирт үгнийх нь салхи их хотын утааг үлээчих биш дээ.
Эцэст нь хэлэхэд, Улаанбаатар хотын иргэд та нар минь хавар боллоо гээд утааг л битгий мартаарай.
Л.Сайнаа