
Шилэн кабелийн сүлжээ байгуулснаар прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системийн тасралтгүй ажиллагааг хангах, нийт газруудыг хамарсан яриа дуу, дүрс дамжуулах харилцаа холбооны нэгдсэн системийг ашиглах, цаашлаад мэдээллийн технологийн орчин үеийн шинэлэг технологи, оновчтой шийдлүүдийг ашиглан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд байна.
Энэхүү шилэн кабелийн сүлжээнд тулгуурлан Нийслэлийн прокурорын газраас харъяа дүүргүүдийн прокурорын газруудыг, Улсын Ерөнхий прокурорын газраас аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудыг удирдан видео хурал, зайн сургалт зохион байгуулах боломжтой системийг суурилуулаад байна. Видео хурлын систем нь нэгэн зэрэг 40 газартай холбогдох боломжтой, хурлын явцыг бичиж хадгалах серверүүд болон удирдлагын төвтэй орчин үеийн тоног төхөөрөмж юм. Видео хурлын системийг суурилуулснаар орон нутгийн прокурорын газартай хурал зөвөлгөөн, сургалт семинар зохион байгуулахад цаг хугацаа, зардал хэмнэх, аймгийн прокурорын газруудын үйл ажиллагаанд ойр байж удирлага зохион байгуулалтаар хангах, нийслэл, орон нутаг дахь прокурорын газрууд харилцан туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.


“Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем”-ийг 2010 оноос эхлэн боловсруулалт, хөгжүүлэлт хийсэн бөгөөд 2012 оны турш зарим аймаг, дүүрэг, нийслэлийн прокурорын газруудад туршилт хийн 2013 оны 01 сарын 02-оос нийт газруудад бүрэн ашиглахаар төлөвлөөд байна. Дээрх системийг “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн санхүүжилтаар “MCS” ХХК-ий програм хангамжийн газартай хамтран гүйцэтгэсэн болно.
УЕПГ-ын ХМА