УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "Монголын ирээдүй болсон хүүхдүүдээс төсөв харамлаж, төсвийн байнгын хороон дээр хөрөнгө оруулалтыг буцааж, УИХ-ын 62 гишүүний дэмжсэн саналыг унагаасан нь үнэхээр харамсалтай байна. Боловсролын салбар гэж аман дээрээ уянгалдаг ч уланд л байна. Та нар улныхан гээд нэрлэчихсэн юм билээ шүү дээ. Багш нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй, хүүхдүүдийн хувьсах зардал, хоолны мөнгө хаанаа ч хүрэхгүй байна. Жилд 400-хан доллар хүүхдэд зарцуулаад инээгээд суухаасаа ичээрэй, та нар. Та нарын өмнөөс ичиж байна" гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Бодлогыг нь дэмжихгй байгаа зүйл алга байна шүү дээ. 2026 онд гэж ярьж байгаа хэрнээ 2025 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ рүү хүчээр оруулах гэж дайраад байгаа байдал чинь зарчимтай нийлэхгүй байна гэж Төсвийн байнгын хорооны гишүүд тайлбарлаад байна шүү дээ. Төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг хэлэлцээд дуусчихаад байна. Юмаа гүйцэд унш л даа. Тэгэхгүй УИХ-ын гишүүдийн байдалд оруулаад сууж байдаг нь зохимжгүй байна. Хөндөж байгаа сэдвийг буруутгаагүй байна. Хэзээ, хаана хөндөх вэ гэдгээ тогтож уншицгаа гэдгийг сануулж хэлье. Парламентын танхимд дур зоргоороо аашилдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Ард түмнийг төлөөлж байгаа, ёс зүй, зарчмаар манлайлах үүрэгтэй гишүүд сууж байгаа шүү. Түүнээс биш дур зоргоороо аашилдаг танхим биш" гэлээ.