
Амьжиргааны өртөг нэмэгдэж, боловсролын салбарын санхүүжилт буурч, цэргийн албыг дахин нэвтрүүлэх асуудлыг эсэргүүцсэн Германы залуусын жагсаалын үеэр хэд хэдэн хотод үймээн самуун дэгдэж, цагдаа нар усан буу ашиглан жагсагчдыг тараажээ. Германд аравдугаар сарын 31-нд Gen Z үеийн залуусын санаачилсан өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал болж, улсын хэмжээнд 34 хотод зохион байгуулагдсан арга хэмжээнд 120 мянга орчим хүн оролцсон байна. Жагсаалыг “Gen Z regelt” буюу “Gen Z өөрсдөө зохицуулна” нэртэй залуусын хөдөлгөөн санаачилжээ.
Жагсагчид амьдралын өртөг нэмэгдэж, орон сууцны үнэ өсөж байгааг эсэргүүцэхийн зэрэгцээ сургууль, их дээд сургуулийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, залуусын ирээдүйд нөлөөлөх шийдвэрийг тэдний оролцоотой гаргахыг шаардав. Түүнчлэн цэргийн албыг заавал хаах тогтолцоог дахин нэвтрүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Хөдөлгөөний зохион байгуулагчид жагсаалыг тайван замаар явуулахыг уриалж, “Бид өөрсдийн ирээдүйн талаар бидний оролцоогүйгээр шийдвэр гаргахыг цаашид хараад суухыг хүсэхгүй байна” хэмээн мэдэгдсэн байна. Гэвч оройн цагаас эхлэн Франкфурт, Кёльн, Хамбург, Берлин хотод нөхцөл байдал хурцаджээ. Зарим этгээд дэлгүүрийн цонх хагалж, худалдааны төвүүдийг тонон дээрэмдэж, гудамжинд гал тавьсан байна. Цагдаа нар үймээнийг зогсоохын тулд усан буу ашиглаж, хэд хэдэн хотод олон хүн баривчилжээ.

Франкфурт хотод цагдаагийн ажилтнууд руу шатамхай шингэнтэй бөмбөг болон бусад зүйл шидсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тус хотод 54 хүнийг баривчилсан бөгөөд 100 гаруй цагдаагийн ажилтан гэмтэж бэртсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Тэдний нэг нь хүнд гэмтэл авсан байна.
Харин Берлин хотод 27 цагдаа хөнгөн гэмтэж, 60 орчим хүнийг янз бүрийн зөрчил, гэмт хэрэгт холбогдуулан саатуулжээ.
Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт жагсаалын үеэр гарсан хүчирхийллийг хэт даврагч бүлэглэлүүд ашигласан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр тайван жагсаалыг хүчирхийлэлд уриалдаг бүлэглэлүүд байгаа тухай онцолсон юм.

Харин “Gen Z regelt” хөдөлгөөний зохион байгуулагчид хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүдээс эрс татгалзаж, жагсаал албан ёсоор дууссаны дараа болсон үйл явдалд хяналт тавих боломжгүй байсан гэж мэдэгдсэн байна. Германы залуусын эсэргүүцэл нь Европ даяар өрнөж буй амьжиргааны өртөг, орон сууцны үнэ, нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой жагсаал цуглааны нэг хэсэг болж байна. Үүнтэй зэрэгцэн Францад гурав дахь долоо хоногтоо үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр 320 мянган хүн оролцжээ.
Л.Баяр

















































