
2024 оны Парисын олимпын мөнгөн медальт, NCAA-ийн нэгдүгээр Дивизоны гурван удаагийн аварга Спенсер Ли 2026 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -57 кг жинд түрүүллээ. Спенсер Ли эхний тойрогтоо Гватемал улсын Эдвин Сегура Гуэрраг 11:0, хоёрдугаар тойрогт Ази тивийн аварга Иран улсын Милад Вализадег 12-2, шөвгийн наймд энэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОХУ-ын Абубакар Муталиевийг 11:0, шөвгийн дөрөвт Европын аварга Азербайжаны Ислам Базаргановыг даралтаар, алтан медалийн төлөө Мексикийн Роман Браво Яангийг 25 секундийн дотор 10:0 харьцаатай илт давуу ялсан.
Өдгөө 28 настай тэрбээр өвдөгний чагтан холбоос (ACL) нь тасарсан бэртэлтэй байсан ч учраа бүрээ илт илүүрхэн Дэлхийн аварга болсон тул түүнийг спорт сонирхогчид ихэд сайшааж байна. Тэрбээр дэлхийн аварга болсныхоо дараа уг гэмтлийнхээ тухай хэвлэлд “Би гурван сарын өмнө өвдөгний чагтан шөрмөсөө дөрөв дэх удаагаа тасалчихсан. Нуулгүй хэлэхэд 28 настай надад тамирчны замнал маань өндөрлөж буй мэт санагдсан. ДАШТ-д оролцох боломжийг өөр нэгэн тамирчинд олгох тухай ч удаан хугацааны турш бодсон шүү.
Гэхдээ багш дасгалжуулагч нартайгаа сайтар ярилцсаны эцэст өөрийн сүүлийн байж болох ДАШТ-д оролцож дэлхийн аварга болохын төлөө хичээхээр шийдсэн. Одоо нэгэнт зорилгодоо хүрсэн тул өвдөгний хагалгаанд орно. 2027 онд, мөн цаашлаад Лос Анжелесийн Олимпыг өвдөгний гэмтлээсээ болж өнжих магадлалтай нь үнэн. Гэхдээ юу ч болсон хүн болгон намайг аварга гэж дуудахаар боллоо” хэмээжээ.
















































