Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг болиулах өргөдлийн талаар ажлын хэсэг хуралдахгүй байгаа талаар тус өргөдлийг санаачлагч О.Батхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр: " УИХ-ын гишүүд хэзээ хамгийн идэвхтэй байдаг вэ гэхээр албан тушаал, Засгийн Газрыг огцруулах, томилох үед хонон өнжин хуралддаг. Яг иргэдийн амьдрал, татварыг бууруулах асуудлыг хэлэлцэх болохоор ерөөсөө ирэхгүй юм. Тэд хуралдаж байж л энэ асуудал шийдэгдэнэ шүү дээ. Хурал гурав дахь удаагаа хойшилж байна. Гадаад явсан, хөдөө явсан, томилолтоор явсан гэнэ. Зарим нь ажилдаа ирэхгүй байх шиг. Иймэрхүү байдалтай гацаад байна. Уг нь бол 2024 оны сонгуулиар бүх намууд татвар бууруулна гэж амласан. Хоёр жил болоход нэг ч татвар буурсан юм алга. Иргэд өөрсдийн худалдаж авсан хөрөнгөө зарахад хоёр хувийн татвар төлдөгийг больё гэхэд хуралдахгүй байна" гэлээ.





















































