
Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүх төрлийн амт, үнэртэй тамхин бүтээгдэхүүнийг хориглох зохицуулалт тусгагдсан. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргаснаар энэхүү асуудал бодит шийдвэр болох шатандаа ойртож байна. Хэрэв уг зохицуулалт батлагдвал Монгол Улсад өргөн хэрэглэгддэг гаатай, капсултай буюу хэрэглэгчдийн дунд “хагалдаг тамхи” гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнүүд зах зээлээс бүрэн алга болох юм.
Энэхүү саналын цаад зорилго нь хүүхэд, залуусын тамхины хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах явдал. Гэвч бодлого боловсруулахдаа зөвхөн зорилгыг бус үр дагаврыг нь давхар үнэлэх шаардлагатай байдаг. Учир нь эрэлт хэвээр байгаа бүтээгдэхүүнийг хориглох нь хэрэглээг арилгах бус, харин нийлүүлэлтийн сувгийг өөрчлөх эрсдэлтэй. Түүхээс харахад аливаа эрэлттэй бүтээгдэхүүнийг бүрэн хориглосон тохиолдолд зах зээл ихэвчлэн хууль бус хэлбэрээр нөхөгдөж ирсэн байдаг. Тамхины бүтээгдэхүүн ч үүнээс ялгаагүй.
Хэрэглэгчдийн хүсэж буй бүтээгдэхүүн албан ёсны худалдаанаас алга болсон ч хил дамнасан хууль бус худалдаа, жижиглэнгийн далд борлуулалт, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэх магадлал өндөр байдаг. Монгол Улсын хувьд энэ эрсдэл бүр ч бодитой. Учир нь өнөөдөр ч “шагийн тамхи” хэмээн нэрлэгддэг, хилээр хууль бусаар нэвтэрсэн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр оршсоор байна.
Хэрэв хэрэглэгчдийн эрэлт өндөртэй бүтээгдэхүүнийг хууль ёсны сувгаар худалдаалах боломжийг бүрэн хаавал уг эрэлт хууль бус сувгаар нөхөгдөх нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд төр татварын орлогоо алдахаас гадна хэрэглэгчид чанарын хяналтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн хэрэглэх эрсдэлтэй болно. Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт сулрах магадлалтай. Олон улсын туршлагаас харахад ийм эрсдэл онол төдий зүйл биш юм. Австрали улс сүүлийн арван жилд дэлхийн хамгийн өндөр тамхины татварын бодлогыг хэрэгжүүлсэн орнуудын нэг болсон. Гэвч татварын огцом өсөлттэй зэрэгцэн хууль бус тамхины зах зээл эрчимтэй тэлжээ. Австралийн албан ёсны болон судалгааны байгууллагуудын сүүлийн тооцоогоор тус улсын хууль бус тамхины зах зээлийн хэмжээ 5.6 тэрбум австрали долларт хүрсэн бөгөөд нийт тамхины зах зээлийн талаас илүү хувийг эзлэх хэмжээнд хүрсэн байна.
Мөн зарим тооцоогоор Австралид хэрэглэгдэж буй тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүний 80 хүртэлх хувь нь хууль бус эх үүсвэртэй болсон гэж мэдээлэгдэж байна. Үүний улмаас Австралийн Засгийн газар жил бүр хэдэн тэрбум долларын татварын орлого алдаж, хууль бус тамхины худалдаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн томоохон орлогын эх үүсвэр болсон талаар хууль сахиулах байгууллагууд анхааруулж байна. Шинэ Зеланд болон Канад зэрэг орнуудад ч тамхины бүтээгдэхүүний үнэ өсөх, зохицуулалт чангарах үед хууль бус худалдааны хэмжээ нэмэгдсэн талаар судалгаа, хэвлэл мэдээллийн эх сурвалжууд мэдээлсээр ирсэн.
Мэдээж амт, үнэртэй тамхины хэрэглээг бууруулах зорилго буруу биш. Гэвч тухайн бүтээгдэхүүний эрэлт бодитоор оршин байгаа нөхцөлд хориг нь ямар үр дагавар үүсгэхийг урьдчилан тооцох шаардлагатай. Хэрэв хууль ёсны зах зээлээс бүтээгдэхүүн алга болж, оронд нь хууль бус худалдаа цэцэглэвэл эрүүл мэндийг хамгаалах зорилго биелэхгүйгээс гадна татварын орлого буурч, далд эдийн засаг тэлэх сөрөг үр дагавар гарч болзошгүй. Тиймээс амт, үнэртэй тамхийг хориглох асуудлыг зөвхөн эрүүл мэндийн бодлогын хүрээнд бус, хууль бус худалдаа, татварын орлого, хил гаалийн хяналт, хэрэглэгчийн зан төлөв зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь авч үзэх шаардлагатай байна. Эс бөгөөс сайн зорилготой бодлого бодит амьдрал дээр эсрэг үр дүн авчрах эрсдэл үргэлж байдаг.























































