
Өнөөдөр Элсэлтийн шалгалт түүхийн хичээлээр эхэлж буй. Энэ оны Элсэлтийн шалгалтадд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ.
ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ БИЕДЭЭ АВЧ ЯВАХ ЗҮЙЛС
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь /Элсэлтийн шалгалтын бүртгэл дуссаны дараа гарна. Суудлын хуваарь бэлэн болсон үед та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна.
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
ШАЛГУУЛАГЧИЙН ЗААВАЛ АНХААРАХ ЗҮЙЛС
Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын хувьд урт хугацааны турш маш сайн бэлдсэн ч зарим нэг бэлтгэлгүй байдлаас болж, үйлдлийн алдаа гаргаж урт хугацааны хөдөлмөрөө талаар болгох тохиолдол бий.
Тэгвэл төгсөгчдийн гаргадаг түгээмэл алдаа болон цар тахлын үед болж байгаа учир дараах зүйлсийг дагаж мөрдөн шалгалтын өмнөх бэлтгэлээ хангаарай.
- Амны хаалтаа зүүх
- Хүн хоорондын зайгаа барих
- Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
- Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
- Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
- Их хэмжээний шингэн уухгүй байх
- Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
- Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах
- Өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байх
- Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
АНХНЫ ОНОО, ХЭМЖЭЭСТ ОНОО, ПРОЦЕНТАЛЬ ОНОО ГЭЖ ЮУ ВЭ?
Шалгуулагчдын амжилтыг анхны оноо, хэмжээст оноо, порценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.
1. Анхны оноо гэж юу вэ? Энэ нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал, математик хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо цуглуулсан байг. Энэ нь анхны оноо болох бөгөөд хувьд шилжүүлэн тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо нь хэмжээст оноог тооцон гаргах хамгийн чухал хамаарал юм.
2. Хэмжээст оноо ба проценталь оноо гэж юу вэ? Хэмжээст оноо гэдэг нь /Элсэлтийн шалгалтын батламж хуудас хоёр жил хүчинтэй тохиолдолд/ жил жилийн даалгаврын хүнд хөнгөний харьцааг тогтвортой байлгах зорилго бүхий олон улсын үнэлгээний аргачлал юм.

























































