
Хүүхэд бүрийн хувьд хичээлийн шинэ жилийн эхний өдөр догдлол, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Харин зарим сурагчийн хувьд шинэ хичээлийн жил тийм ч таатай байсангүй.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Офицеруудын ордны замын урд, төв зам дагуу байрлах Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн хуучин дөрвөн давхар цагаан барилгад сургалт явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байсан.
Иймээс сурагчид болон багш нарыг тус дүүргийнхээ 44, 53, 92 дугаар сургуулиудад хуваарилан дөрвөн жилийн турш сургалт хүмүүжлийн ажлаа үргэлжлүүлж байв.

Энэ асуудлыг Засгийн газрын 2015 оны 317 дугаар тогтоолоор тус сургуулийн шинэ барилгыг концессын гэрээгээр барьж байгуулах шийдвэр гарч байсан.
Улмаар барилгын ажил 2016 оны долдугаар сард эхэлж, 2017 онд 10.7 тэрбум төгрөгийн өртгөөр, 1500 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийн барилга ашиглалтад оржээ.
Ингэснээр олон жил өөр сургуулийн байранд хичээллэж байсан сурагчид шинэ сургуультай болж, сургалтын орчин нөхцөл нь сайжирсан юм.
Харин өнөөдөр тус сургуулийн өмнө өөр нэг асуудал тулгараад байна. Сургуулийн сурагчдын тоо нэмэгдсэнээр одоогийн барилгын хүчин чадал хүрэлцэхгүй болжээ.
Тодруулбал, Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ. Энэ талаар тухайн сургуулийн аравдугаар ангийн сурагчийн ээж цахим хуудаснаа пост оруулсан байна.

Ийнхүү өмнө нь сургуулийн байрны асуудлаас шалтгаалан дөрвөн жил өөр сургуулиудад хуваарилагдан хичээллэж байсан 14 дүгээр сургуулийн сурагчид шинэ байртай болсон ч өнөөдөр сурагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор багтаамжийн асуудалтай дахин нүүр тулж байна.

Т.Золзаяа























































