
Монголчууд бид сүүг хүнсэндээ хэрэглэх баялаг туршлагатай, өөрийн гэсэн соёлтой, өвөрмөц технологитой ард түмэн. Таван хошуу малынхаа сүүгээр тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүр уламжлалт мал аж ахуй эрхлэх явцдаа ямар малын сүү ямар эрхтэнд, ямар өвчинд тустайг хүртэл тогтоочихсон байдаг. Үнээний сүү ужиг ханиад, хижиг, шижин өвчинд, ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг. Тэгвэл хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчин эмчлэхэд хэрэглэдэг байна. Ер нь бол монгол малын сүү бүхэлдээ амин дэм, эмчилгээний бүтээгдэхүүн гэдгийг эрдэмтэн зохиолч Бямбын Ренчин гуайн хэлсэн хэдхэн үгээс ойлгож болохоор юм билээ. Францын нэгэн эрдэмтэн түүнээс "Монголчууд хүнсэндээ мах, гурил хоёр л хэрэглэх юм. Жимс, ногоо төдийлөн идэхгүй юм аа" гэхэд тэрээр "Францууд та нар өөрсдийгөө жимс, ногоо их хэрэглэдэг улс гэж боддог байх. Гэтэл сайндаа л арваад төрлийн ногоо хэрэглэж байгаа шүү дээ. Харин монголчууд бид тэр өвс, ногооноос 500 гаруй төрлийг нь мах сүүгээрээ дамжуулан хүнсэндээ хэрэглэдэг. Гэхдээ та бүхэнтэй адил химийн бодисоор бордсон ургамал бус байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдэг юм шүү. Бас та нар жимс, ногоогоо огт боловсруулалтгүй хэрэглэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг" гэсэн байдаг юм. Энэ бол мал хэмээх байгалийн амьд боловсруулах үйлдвэрээр дамжуулан мах, сүүгээ хэрэглэдэг уламжлалт ёсныхоо давуу талыг товчхон, ойлгомжтой тодорхойлсон хэлбэр болов уу. Харамсалтай нь бид байгалийн эм болсон цэвэр монгол сүүгээ хүнсэндээ хэрэглэж чадаж байна уу гэдэгт л асуудал байна.
40,4 сая толгой малтай Монголд мах, сүү нь магнаг торго шиг болсон гэвэл та итгэх үү. Үндэсний статистикийн хорооны гаргасан тооллогын дүнгээр нэг монгол хүнд 13 толгой мал ногдож байна. Дэлхийд бол энэ их том үзүүлэлтэд орно. Гэтэл ийм их малтай хөдөө аж ахуйн орон байж сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ нийт хэрэгцээний дөнгөж 27-хон хувийг дотоодоосоо хангаж байна шүү дээ. Үлдсэнийг нь бид гаднаас өндөр үнээр авч байна гэсэн үг. Бөмбөрцөгийн нөгөө талаас зөөж авчирсан, бүр тодруулбал тээврийн зардал шингэчихсэн үнэтэй сүүг бид хүнсэндээ хэрэглэж байна. Цайны сүүгээ БНХАУ, ОХУ, Герман, Франц, Украйн, Польш, БНСУ, Дани, Автсрали, Шинэ Зеландаас зөөж хэрэглэдэг гэхээр л харамсалтай дүр биш гэж үү. Хамгийн гол нь дотоодоосоо хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой байхад бид жилдээ 30 сая ам.долларыг гаднаас сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулж байна. Үнэхээр их мөнгө шүү. Бид 30 сая ам.доллараар хуурай сүү л худалдаж авч байна шүү дээ.

Хүн амын дийлэнх хэсэг нь төвлөрөн амьдарч буй Улаанбаатар хотыг экологийн цэвэр монгол сүүгээр хангахын тулд мэдээж фермерүүдийг дэмжих ёстой. Асгасан шагай шиг тарсан нүүдлийн мал аж ахуйгаас илүүтэй фермерийн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих цаг болжээ. Цөлжилт, бэлчээрийн хомсдол гээд олон эерэг үр дүнг тоочихоос илүүтэй хүн амын талаас илүү хувь нь төвлөрөн амьдарч буй Улаанбаатар хотынхон шингэлсэн хуурай сүү бус цэвэр монгол сүүгээ ууя л даа. Зөвхөн энэ л зорилго сүү, сүүн бүтээгдэхүүний салбарыг төрөөс дэмжих хангалттай шалтаг, шалтгаан.
Улсын хэмжээнд 10-аас дээш саалийн үнээтэй 523 аж ахуйн нэгж бий. Эдгээр нь 19298 саалийн үнээтэй бөгөөд ихэнх нь Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн төвийн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээр фермерүүдийн сүүний үнэ зундаа навс унаж, өвөлдөө ялимгүй өсдөг ч борлуулалт нь 10 дахин буурдаг байна. Тиймээс үнийг нь тогтвортой байлгаж, фермерүүдээ сүүний үйлдвэрүүдтэй холбоход төр дэмжлэх үзүүлэхэд болохгүй юмгүй.
Жилийн дөрвөн улирлын туршид сүүгээ яаж борлуулах вэ, тэжээл хаанаас авах вэ, малын үүлдэр угсаагаа хэрхэн сайжруулах вэ гэсэн олон асуудалтай тулгарч байгаа малчдаа, фермерүүдээ урамшуулаад үзье л дээ. "Атрын 3" аянаар бид тариаланчдаа дэмжээд ямар үр дүнд хүрлээ. Ноос, ноолуурын салбарынхандаа бид ямар дэмжлэг үзүүлж, өнөөдөр ямар амжилтад хүрээд байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд арьс, ширний салбарыг төрөөс дэмжих бодлого гарлаа. Одоо тэгвэл сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжье, тэдэндээ тусалъя. Хүн амын хүнсний аюулгүй байдал гэдэг юунаас ч чухал болов уу. Тэгвэл энэ асуудлаа шийдэх гарц нь байна. Ерөөсөө л сүүний литр тутамд урамшуулал олгоод, суурь үнийг нь тогтоочихъё. Тэгвэл зун литр тутам нь 200 төгрөг болтлоо хямдарч, өвөлдөө 2000 төгрөг болж үнэ нь өсдөг сүүний үнийн савалгаа ч арилна. Хэрэглэгчдэд ч хэрэгтэй биш гэж үү. Иймэрхүү зохицуулалтыг зөвхөн бид сэтгээд байгаа ч юм биш. Олон улс оронд хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд, үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд суурь үнийг тогтоодог хэлбэрийг ашиглаж байна. Тухайн жилийн шатахуун, тэжээлийн үнэд тулгуурлаад л сүүний суурь үнийг тогтоочихдог. Тэгээд нийлүүлэгчдээ бодлогоор, урамшууллаар дэмжчихдэг тогтолцоо л доо. АНУ-д фермерүүддээ нэг литр сүү тутамд нь манайхаар 400 төгрөгтэй тэнцэх урамшуулал олгодог юм байна. Урд хөршүүд маань охин тугал тутамдаа 500 юанийн урамшуулал авдаг гэсэн. Үүн шиг л бид сүү нийлүүлэгч нартаа, бүр тодруулбал малчиддаа, фермерүүддээ сүүнд нь урамшуулал өгье. Сүүний үйлдвэрүүдээ хөнгөлттэй зээлээр дэмжье. Тэгвэл монголчууд бид хот, хөдөө гэж ялгалгүй монгол сүүгээ уух боломж бүрдэнэ шүү дээ. Ядаж л Ерөнхийлөгч шинэ жилээр оргилуун дарсны оронд өргөж буй аягатай сүү нь "МОНГОЛ СҮҮ" байг л дээ. Импортын сүү бус, монгол сүүгээ бүгдээрээ ууя л даа.
Сэтгэгдэл (7)