
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад баримт бичигт баталгаажсан хүний эрх, үндсэн эрх чөлөөг даян дэлхийн хүн бүр тэгш, шударга эдлэх боломж бололцоог бүрдүүлэх эрхэм зорилтоо хангах чиглэлээр ажилладаг. Зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс сайшаан талархал илэрхийлэв.
Монгол Улс 23 жилийн өмнө тайван замаар эхлүүлсэн ардчилал, эрх зүйт ёсыг бэхжүүлэх болон хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүрэг хариуцлагаа олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг боомилдог үл үзэгдэгч гар болох авлига, хүнд суртал, хариуцлагагүй байх явдлыг халах зорилт тавин тодорхой алхмуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг дурдан цаашид энэ чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ тутам ардчилсан орнуудтай туршлага солилцох, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг нотлов.
Тэрээр Сири болон бусад зарим улс оронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч, эрх нь ноцтой зөрчигдөж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэн тэдгээр орнуудыг НҮБ-ын ХЭЗ-ийн тусгай мандат эзэмшигч болон бусад төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж, асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхийг уриалав.
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан цаазаар авах ялыг хориглон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколыг соёрхон баталж, 2011–2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай удирдаж, Хүний эрхийн тусгай мандат эзэмшигчдэд нээлттэй байж, хамтран ажиллах зэргээр багагүй ололт амжилттай байгааг тэмдэглэв.
Монгол Улс дэлхий дахинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж, 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон хувь нэмрээ оруулах бүрэн эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, тодорхой зорилт, үүрэг амлалтуудыг дэвшүүлж байгаа тухай сайд Л.Болд хэлсэн үгэндээ онцлов.
Сэтгэгдэл (2)